Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00014

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч О.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очирбатын Батхуягт холбогдох эрүүгийн 1715002230069 дугаартай, 163/2018/0014/э индэкстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981  оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал суманд оршин суух, 1 удаагийн ял шийлтгэлтэй, А овогт О. Б

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар гэх газраас ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б ийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Атар” гэдэг газар айлд очсон. Тэгээд усанд тор тавихад маргааш нь загас ороод үхсэн байсан. Хангалын байцаагчид 2017 оны 11 дүгээр сард баригдсан. Хохирол төлбөр болох 422000 төгрөгийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг,                                                                                   

1715002230069 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан дараахь баримтуудаас шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Батдоржийн өгсөн: Би О.Батхуягыг загас агнасныг мэдээгүй. Байгаль экологид учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээний дагуу нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 15-16 тал/,

Гэрч Г.Батсайханы өгсөн: 11 дүгээр сарын эхээр би Б д очиход надад нэг тул загас байна чи ав. Би портер мод хийгээд чамаар ачуулье гээд надад өгсөн. Тэгээд би гэртээ авч очоод толгойг нь чанаж идэхэд манай хүүхдүүд муухай үнэртэй юм байна гаргаж хая гээд байхаар нь Б н хүүхдийг дуудаад загасны биеийн хэсгийг нь өгөөд явуулсан гэх мэдүүлэг /хх 18 тал/,

Гэрч Х.Мөнхмандахын өгсөн: Манай багийн нутгаар Сэлэнгэ мөрөн урсдаг бөгөөд Бгэдэг хүн манай сумын нутгаас тул загас агнасан талаар сонссон. Хэзээ, хаанаас барьсан гэдгийг нь мэдэхгүй байна. Манай сумаас барьсан гэдэг яриа байсан. Атар багийн нутаг Хялганат тосгоноос 30 км яваад хил залгадаг гэх мэдүүлэг /хх 50 тал/,

Эд мөрийн баримт хурааж авсан тогтоол /хх 6/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/,  загасны үнэлгээний тэмдэглэл /хх 22/, иргэний нэхэмжлэгч  Ганшагайгийн мэдүүлэг /хх 46/, гэрч Мөнхмандахын мэдүүлэг /хх 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч О.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар гэх газраас ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль, экологид 422000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ж.Батдорж, гэрч Г.Батсайхан нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Б ийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч О.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Харин О. Бнь хөнгөн гэмт хэрэг анх үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал , хувийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О. Бнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч А овогт О.Б ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй  агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр  шүүгдэгч О.Б ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж түүнд оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Бнь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 см урттай тус загасны бие хэсэг 1 ширхэг, загас бари хэрэгсэл болох 3-5 метр урттай хоёр хэсэг сатуркан тор, 10 мер урттай ногоон өнгийн хуванцар уяа, 5 метр урттай ногоон өнгийн мяндсан уяаг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ