Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/229

 

 

 

 

 

 

  2023             02            28                                       2023/ДШМ/229

 

 

         Б.Г-д холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Б,

шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч З.Б,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/848 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ............................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О худалдааны төвийн гадна талын зогсоол дээр 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд “Т” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолооны үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д шийтгэсэн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Г.Г нь хохирогч Ё.Ц-т 800.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-ийн нэхэмжилсэн 606.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ё.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Г.Г-ээс жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн ......................... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ............................. дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг ухамсарлаж байна. Өөрийн ажлын шаардлагаас болоод хөдөө орон нутаг руу олон удаа явах шаардлага гардаг тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаагийн хувьд тайлбарлахад Б.Г-ыг буруутгаж байгаа гол үндэслэл нь мөрдөгчийн магадлагаа байдаг. Мөрдөгчийн магадлагааг техникийн тусгай мэргэжилгүй, эрх зүйч мэргэжилтэй хүн гаргасан байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад Замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөнд аюул саад учруулахгүй, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэж заасан байдаг. Энэ ерөнхий заалт нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх хүмүүс буюу явган зорчигч, жолоочид хамааралтай байдаг. Нарийвчилсан заалтууд нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэгт байдаг. Гэтэл Б.Г Замын хөдөлгөөний дүрмийн яг ямар заалтыг зөрчиж, осол гаргасан бэ гэдэг асуудал мөрдөгчийн магадлагаанд байдаггүй. Харин хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэлээр О” худалдааны төв рүү чиглэлтэй гар утсаа оролдож, баруун тийшээ харахгүйгээр доошоо харсан байдалтай явган хүний гарцгүй замаар явж байх бөгөөд явган зорчигчийн баруун талд явган хүний гарц байгаа нь хяналтын камерт харагдаж байнагэдэг. Үүнээс үзэхэд осол гарах шалтгаан нь явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан гэж харагдахаар байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. ...” гэв.

Прокурор Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгчийн магадлагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-д танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ямар нэгэн тайлбар гаргадаггүй. Анхан шатны шүүх хуралдаанаар Б.Г өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Б.Г нь зам тээврийн осол гаргасан. Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг зөрчсөн. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхээс Б.Г-д оногдуулсан ял шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” худалдааны төвийн гадна талын зогсоол дээр 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд “Т” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолооны үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ё.Ц-ийн “...2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би Яармагийн О худалдааны төвийн орчим түгээлтийн машинтайгаа очоод зогсоол дээр нь машинаас буугаад дэлгүүр рүү орох гээд алхаж явсан. Би тухайн үед утасныхаа цагийг харчихаад дээшээ харсан чинь миний баруун гар талаас машин орж ирээд зүүн урд талын дугуйгаараа миний баруун хөлийн тавхайн дээгүүр гарчихсан. Тэгэхээр нь би хөлөө хойшоо татаад унасан бөгөөд би машин руу нь харсан чинь уг машинаас хүн бууж ирэлгүй цонхоо онгойлгоод жолооч ах надад хандан “ах нь машинаа байрлуулчихаад буцаад хүрээд ирье” гэж хэлээд хөдлөөд явчихсан. Тэгээд буцаж ирээгүй алга болчихоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Миний баруун хөлийн долоовор, дунд хуруу хугаралтай, эрхий хуруу бяцралттай гэж гарсан. Би одоо хүртэл гипстэй явж байгаа. ...Би гомдолтой байгаа. Эдгээр хүмүүс нь осол болсноос хойш огт холбогдож яриагүй, хохирол төлбөр нэг ч төлөөгүй байгаа. Миний хувьд ослоос үүдэн ажлаа хийж чадахгүй байгаа. Би сарын 820.000 төгрөгийн цалингаар ажилладаг байсан. Одоо өвчний чөлөөтэй байгаад байна. Тиймээс хэзээ ажилдаа орно, тэр хүртэлх цалингаа нэхэмжилнэ. Мөн эмчилгээний зардалд одоогоор 300.000 төгрөг гарсан. ...” /хх 18/,

иргэний хариуцагч Г.Г-ийн “...сүүлд ослын талаарх камерын бичлэгийг харахад явган зорчигч нь утсаа оролдож явж байгаад машины хажуу талаас орж ирээд шүргүүлж байгаа нь харагдаж байна. Тиймээс би уг осолд аав маань ямар нэгэн буруугүй гэж бодож байна. Тухайн үед зогсоолын газарт байсан учраас аав маань их удаан явж байсан юм. ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...” /хх 21, 24/,

гэрч Ө.Ц-ийн “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн дүү Г, Н нарын хамтаар Д аймгийн Э сум руу ажил явдалд явсан юм. Тухайн үед би машиных нь жолоочийн хажуу талын суудал дээр суугаад, Г машинаа жолоодоод, арын суудалд Н суугаад явсан. Бид нар тухайн үед буюу 16 цагийн үед “О” худалдааны төвөөс ойр зуурын хүнс авчихаад машиндаа сууцгаагаад яг дэлгүүрийн үүдээр нь дөнгөж хөдлөөд явж байтал машины зүүн гар талаас утсаараа оролдоод доошоо хараад явж байсан залуу машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Тухайн үед машины цонх онгорхой байсан учраас Г тэр залууд хандан “зүгээр үү” гэсэн чинь тэр залуу юм дуугараагүй, “яая” гээд цаашаа хөлөө өргөөд явсан. Тэгтэл Г хөдлөөд явсан бөгөөд бид нар хамт явах байсан машинуудаа хүлээлгэсэн байсан учраас яараад чигээрээ явцгаасан. Ингээд бид нар хотоос гараад явж байхад цагдаагаас залгахад нь “одоо яаж буцах вэ гээд буцаж ирээд уулзъя” гэж хэлээд чигээрээ явцгаасан...” /хх 30/,

гэрч Ц.Н-ийн “...Тухайн өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нөхөр Г, авга эгч Ц нарын хамтаар Д аймгийн Э сум руу явах гэж байсан юм. Ингээд манай нөхөр Г нь охин Г-ийн эзэмшлийн L маркийн автомашиныг жолоодоод би арын суудалд нь суугаад, жолоочийн хажуу талын суудалд Ц эгч суугаад явсан. Бид нар хотоос гарахаасаа өмнө 16 цагийн үед .......... дүүргийн О худалдааны төв орж замдаа хэрэглэх ойр зуурын хүнс аваад зогсоол дээрээс нь хөдлөөд явж байхад нэг залуу машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Тэр залуугийн хувьд гар утсаа оролдоод доошоо хараад явж байгаад машины зүүн урд хэсэг рүү ирж мөргөсөн. Тэгэхээр нь манай нөхөр Г машиныхаа цонхыг онгойлгоод “яасан” гэсэн чинь “зүгээр ээ” гэх шиг болсон. Тэгэхээр нь манай нөхөр Г тэр хүнд хандан “машинаа зогсоолд байрлуулчихаад буцаад ирье” гэж хэлээд цаашаа явсан. Тэгээд зогсоолд тавих гээд явж байхад Ц эгч манай нөхөрт хандан “энэ хүн өөрөө гарцгүй газраар гарсан, мөн бие нь гайгүй юм шиг байна, тиймээс хэдүүлээ хурдхан шиг явъя, хамт явах машинуудаа алдлаа” гэж хэлэхээр нь толиндоо харсан чинь нөгөө хүн маань гайгүй юм шиг болохоор явцгаачихсан. Тэгээд бид нар явж байсан чинь цагдаагийн байгууллагаас залгаад “хүн мөргөсөн байна, ирж уулз” гэж хэлэхээр нь “уучлаарай бид нар ажил явдал гарчихаад хөдөө гарч байна, бид нарт одоо очих ямар ч боломж алга” гэж хэлсэн...” /хх 32/,

иргэний нэхэмжлэгч С.С-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Ц нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 606.000 /зургаан зуун зургаан мянга/ төгрөгийн зардал гарсныг яллагдагч Б.Г-оос гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ....................... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх 35/,

яллагдагч Б.Г-ын “...Би тухайн үедээ машиндаа гурвуулаа явж байсан. Би өөрөө машинаа жолоодоод хажуу талын суудалд хадам эгч Эндээ суугаад арын суудалд манай эхнэр Н суугаад явж байсан. Машинд зорчиж явсан хүмүүсээс гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тухайн үед би ойролцоогоор 5 орчим километр цагийн хурдтай л явсан байх ...“Гайгүй юу” гэсэн чинь шилбээ илээд байхаар нь “машинаа тавьчихаад ирье” гэж хэлээд цаашаа явсан. Би тухайн үедээ “яав л гэж” гэж бодоод цаашаа тэр чигтээ яваад өгсөн юм. Энэ асуудал дээр бол миний буруу гэж бодож байна ...Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би 2022 оны 5 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст эрхээ хасуулсан. Уг нь бол ВС ангиллын үнэмлэхтэй байсан юм ...Би хохиролд 300.000 төгрөг өгсөн байгаа. Өөрөөр төлж барагдуулсан зүйл одоогоор байхгүй. Цаашид төлж барагдуулна гэсэн бодолтой байгаа, 300.000 төгрөгийг Г-ийн данснаас шилжүүлсэн...” /хх 69/ гэсэн мэдүүлгүүд,

“...Ё.Ц-ийн биед баруун өлмийн 2 дугаар ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12058 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 38-39/,

“...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, урд дугуйн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд зүүн гар талын урд крыло бага зэрэг хонхойсон /шинэ/, /дагалдах хэрэгсэл иж бүрдэл /галын унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй/ зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Зүүн гар талын урд крыло бага зэрэг хонхойсон /шинэ/ эвдрэл гэмтэлтэй байна. Энэ эвдрэл нь шинэ гэмтэл учир осол гарахад нөлөөлөхгүй байна. Тухайн осолд нөлөөлсөн гэх гэмтэлгүй болно. Осол гарсан цаг хугацаанд зүүн гар талын урд крыло бага зэрэг хонхойсон /шинэ/ гэмтэл үүссэн байна...” гэсэн Автотээврийн үндэсний төвийн .................... дугаартай шинжээчийн дүгнэлт “/хх 48-51/,

 “...”Т” маркийн ................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл, жолоодох, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хунийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, үл мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч  Ё.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; в/ зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин зэрэг зүйл унших; гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Дээрх осол нь “Т” маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтуудыг зөрчсөнөөс гарсан гэх үндэслэлтэй байна...” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1127 дугаартай Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /хх 55-56/,

дуудлагын лавлагааны хуудас /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /13-14/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7 дахь заалтын /а/ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Ц-ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

мөн тус дүрмийн 3.5 дахь заалтын /а, б, г/-г зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.Г “...Өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг ухамсарлаж байна. Ажлын шаардлагаас болоод хөдөө орон нутаг руу олон удаа явах шаардлага гардаг тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байна.

Харин шүүхээс шүүгдэгч Б.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн зорилго, зорилтод нийцээгүй байна.

Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа ял шийтгэлийн төрөл төдийгүй шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 1 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/848 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 1 /нэг/ жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ