Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 111/ШШ2024/0046

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч ******* би 2024 оны 07 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******гийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 43 тоот прокурорын дүгнэлттэй танилцан тайлбар гаргах нь:

Тус дүгнэлтэд Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутагт байрлах байрлах “*******” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж “Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдөөгүй” гэх ******* бүртгэлийн дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагааг явуулж 2024 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн*******од Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 (нэг зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалд эрх бүхий албан тушаалтан ******* миний бие зөрчлийн материалд зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримт цуглуулсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулаагүй, нотлох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй гэж үзсэн бөгөөд уг зөрчлийн хэрэгт холбогдогч*******оос хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх талаар хангаагүй, эрх зүйн бүрэн чадамжтай эсэх талаар тордуулаагүй, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх явцад холбогдогч хуулийн этгээд, хувь хүн болохыг хангалттай нотлон тогтоогоогүйн улмаас хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах боломжтой байхад, тухайн зөрчлийг хувь хүн гаргасан мэтээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар дурдсан байна.

 Эрх бүхий албан тушаалтан ******* би хяналт шалгалтын явцад хувь хүн үйл ажиллагаа явуулдгийг нотлох тохирлын гэрчилгээ нь иргэн*******ын нэр дээр хувь хүнээр бүртгэлтэй байсан мөн үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт хийх журмыг баталж мөрдөөгүй байсныг хяналт шалгалтын явцад нүдээр үзсэн боловч хуулбарлан авч зөрчлийн хэргийн материалд хавсаргаагүй, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэлд бүртгүүлэх талаар ойлголтгүй бөгөөд зөвхөн хүний амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан болон иргэн, хуулийн этгээдийн гомдол мэдээлэл ирсэн дариуд Прокурорын байгууллагын нэгдсэн цахим системд бүртгүүлж зөрчлийн хэргийн материалтай ажилладаг гэсэн буруу ташаа ойлголттой байсан. Мөн хууль зүйн болон хууль хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг мэргэжилтэн, албан тушаалтан байхгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа муу байгаатай холбоотойгоор зөрчлийн хэргийн материалыг хуулийн хугацаанд буюу ажлын 5 өдрийн дотор багтааж бүрдүүлж амжихгүй байна.

Иймд ******* дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал нь зөрчлийг нотлох баримтыг бүрэн шалгаж, хангалттай бүрдүүлээгүй, зөрчлийн материалд цуглуулсан баримтуудад холбогдогчид оногдуулах боломжгүй тул Прокурорын гаргасан гомдол, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ. 

Хариуцагч ******* өөрийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.САЙНБИЛЭГ