Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

 

 

 2023            1               18                                                 2023/ДШМ/03

 

 

Л.Э холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Н.Цэнгэлбаяр

Хохирогч З.А, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

            Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/424 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Э-д холбогдох эрүүгийн 2234003900349 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э, Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 18-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг “Хөшиг” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

 

Л.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн В2-7 тоотод иргэн И.Мэндбаярын гэрт хохирогч З.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн бөөр тус газар нь хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас: Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-оос 6.046.600 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгож, шүүгдэгч Л.Э хохирогч З.А-д 3.800.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч З.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалингийн зээл гэх 10.000.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн хромон гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Э-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж, Л.Э-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Э давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр архи хэрэглэсэн үедээ найз З.А-ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсандаа туйлын их гэмшиж байна. Одоо ч дахин уучлалт гуйж байна. Мөн өөрийн үйлдсэн гэмт  хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас гарсан хохирлын мөнгө болох 3.800.000 төгрөгийг хохирогч З.А-ын хаан банкны дансанд шилжүүлэн төлсөн. Мөн  цаашид гарах эмчилгээний төлбөрийг хууль журмын дагуу цаг хугацаанд нь нөхөн төлөхөө илэрхийлж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний төлбөр 6.046.600 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын 100900020080 дугаартай дансанд шилжүүлсэн байгаа.

Би өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял эдэлж байгаагүй. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт гэх газарт өндөр настай аав, ээжийн хамтаар мал маллаж амьдардаг. Би хорих ял аваад явбал хохирогч талын хохирол төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болж, ар гэрт мал дээр минь байгаа өндөр настай аав, ээж хоёрын минь асуудал хүндрэх болно. Иймд миний хувийн нөхцөл байдал, хохирогч талын нөхцөл байдал, эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Э-ын өмгөөлөгч М.Мэндсүрэн давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э нь хэргийн зүйлчлэл, гэмт буруугийн асуудал дээр маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн санаанаасаа гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Энэ талаарх баримтаа сая шүүхэд өгсөн. Мөн анх удаа тохиолдолдын чанартай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой байхад хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна. Иймд торгох ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Цэнгэлбаяр гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Хохирогч З.А-ын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч З.А-ын хувьд уг гэмт хэргийн улмаас өрөөсөн бөөргүй болж, эрхтнээсээ хагацсан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлын 3.000.000 төгрөгийг төлсөн, хохирол бүрэн төлөгдсөн гэж яриад байна. Хохирогч  З.А эрүүл мэндийн улмаас Төв чандмань дулааны станцад ажилладаг байсан ажлаасаа гарсан тул цалингийн зээл 10.000.000 төгрөгийг төлөх боломжгүй болсон. Иймд шүүгдэгч Л.Э-ын үйлдлийн улмаас хохирогчид учирсан хор уршиг арилсан гэж хэлж болохгүй тул хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулах боломжгүй гэж үзэж байна гэв.  

 

Хохирогч З.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажил хийх боломжгүй болж ажлаасаа гарсан, гомдолтой байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

 

Л.Э-од холбогдох хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан байх ба хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц үйл баримт тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж бүхэлд нь үнэлэх боломжтой байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж үзвэл, Л.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн В2-7 тоотод иргэн И.Мэндбаярын гэрт хохирогч З.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн бөөр тус газар нь өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдлоо.

 

 Хохирогч З.Аын “...би тэр үед сууж байсан чинь миний араас зүүн бөөр хэсэгт Л.Э хөлөөрөө маш хүчтэй өшиглөсөн. Би тэр үед босоод эргэж хараад Л.Э-ыг тэврээд авах гэхэд бөөр хэсэгт маш их өвдөлт өгөөд буцаад биеэ удирдах чадваргүй болоод сөхрөөд суусан. Л.Э намайг түлхээд газар унагаасан. Би газар унаад эргээд босож чадаагүй. Зүүн бөөр маш хүчтэй өвдөөд би И.Мэндбаяраас эмнэлэг дуудаад өгөөч үхлээ гэж олон удаа хэлээд газар хэвтэж байсан. Тэгээд түргэн удахгүй ирсэн. Би архи огт уугаагүй байсан. Л.Э миний зүүн бөөр хэсэгт хөлөөрөө цохиж, өшиглөсөн. Бид хоёр танилцаад 5-6 жил болж байгаа. Миний зүүн бөөр бяцарсан. Тэгээд хагалгаанд ороод зүүн бөөрөө авхуулсан байгаа. Одоо биеийн эрүүл мэндийн улмаас ажлаа эрхэлж чадахгүй байгаа. Шүүгдэгчээс эмчилгээний зардалд 3.800.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн ажил эрхэлж байхдаа 10.000.000 төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Үүнийг шүүгдэгчээр төлүүлэх саналтай байна” гэх, /хх-18, 20-р тал/

 

Гэрч И.Мэндбаярын “...тэгсэн Болдоо дахин гэрт орж ирээд надтай муудах гээд байхаар нь би дахин цагдаа дуудаж өгсөн. Тэр үед З.А гаднаас орж ирээд надтай нэг шил архи ууна гээд бид хоёр хамт дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад гэрт орсон чинь Л.Э чи ямар шалтгаанаар хүн цагдаад өгөөд байгаа юм бэ гээд над руу дайраад цохих гэхэд З.А голоор ороод салгах гэсэн чинь Л.Э З.Аын бөөр рүү нь өшиглөсөн. Тэгээд З.А миний бөөр гээд орилоод газар хэвтээд өгсөн..., ...З.Аын гэдэс болон бөөр хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх, /хх-26-р тал/,

 

Гэрч Ш.Ганцэцэгийн “...би 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Л.Э, И.Мэндбаяр, Б.Майцэцэг, Болдоо бид тав гурван том пиво уусан. Эхлээд нэг пиво ууж байхад З.А гэрт орж ирээд ажлын зав чөлөөгөөр явж байна аавын дээлийг нь аваачиж өгөөд ирнэ гэж хэлж явсан. Тэгээд бид үргэлжлүүлээд ууж байсан би тэгээд тасарсан юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх, /хх-28-р тал/,

 

Гэрч Б.Майцэцэгийн “...Ганаа, Цогоо нарын хамт пиво ууж байхад З.А орж ирээд хүнд дээл аваачиж өгнө гээд буцаад гарсан. Орж ирээд архи болон пиво уугаагүй. Би маргалдаж байхад нь унтаж байсан яг юу болсныг сайн мэдэхгүй...” гэх, /хх-30-р тал/,

 

Гэрч О.Болдбаатарын “...И.Мэндбаяр, Л.Э нар хоорондоо маргалдаад байхаар би Л.Мэндбаярт чи согтуу хүнтэй маргалдаж яах гээд байгаа юм эрүүл байгаа надтай маргалд гэж хэлэхэд И.Мэндбаяр чи манай хашаанд байгаа шүү яв гэхээр нь явахгүй би найзындаа байна гэсэн чинь цагдаа дуудаад удалгүй цагдаа ирж намайг аваад явсан...” гэх /хх-34-р тал/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 301 дугаар шинжээчийн дүгнэлт “...З.Аын биед 2022 оны 5 дугаар сарын 14-ны мэс заслаар зүүн бөөр авах мэс засал, хэвлийн хөндийд 1200 мл цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.12.58.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 60 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх /хх-38-39-р тал/ хэрэгт авагдсан хамаарал бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Төв аймгийн прокурорын газар Л.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаархохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож, өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн үйлдэл нь хүнд хохирол, хор уршиг учирсантай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэмээн дүгнэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, дээрх болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Л.Эын гэм буруугийн асуудлуудыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, энэ хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах нь шүүх, шүүгчийн бүрэн эрхийн асуудал.

 

Шүүх, шүүгч ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон зарчмыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон энэ хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний алийг нь сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал юм.

 

Анхан шатны шүүх хуулиар олгогдсон дээрх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.Э-ын хувийн байдал, хохирогчид 3.800.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд 2 жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Мөн шүүгдэгч Л.Э шийтгэх тогтоолд заасан 6.064.600 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлсөн нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Харин шүүгдэгч Л.Э иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг нотлох тул дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын “...анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Э-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүгдэгч Л.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд тооцогдохгүй.

Гэтэл анхан шатны шүүх Л.Эын согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасантай нийцээгүй.

Мөн шүүхээс Л.Эод 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад хуульчлагдаагүй “бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ” гэж бичсэн байгааг буруутган тэмдэглэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийтгэх тогтоолыг тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Л.Э иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд 6.064.600 /зургаан сая жаран дөрвөн мянга/ төгрөг төлснийг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

 

                                                                                                З.ТҮВШИНТӨГС