| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2002002020007 |
| Дугаар | 2023/ДШМ/07 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 22.4.5., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/07
| 20 2023 02 01 | 2023/ДШМ/07 |
Л.Г, Ө.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Ганхөлөг
Шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Э.Баттулга, О.Батсүх, Н.Тэрбиш
Шүүгдэг Ө.Б, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, Т.Отгонсүрэн
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г-ын өмгөөлөгч Д.Баттулга, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Л.Г, Ө.Б нарт холбогдох эрүүгийн 2002002020007 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л, 1973 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, 3 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Б, 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Батжин-Ундрах” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, Баянцагаан хуучин хороо 7 дугаар гудамж, 15а тоотод оршин суух хаягтай, урьд
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
Л.Г нь Улс төрд нөлөө бүхий этгээд буюу Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байсан Л.Атой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Авлигын эсрэг хуулийн 7.1-д “...Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно...” 7.1.3-д “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.5-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах...”, 7.1.6-д “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...”
Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” 6.4-т “...албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс гэрээний нийт дүн болох 1.125.563.867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулж, улмаар “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Аоор дамжуулан 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан буюу зохион байгуулагчаар оролцсон,
“Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б нь өөртөө давуу байдал бий болгож, Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Гын Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө гэрээний нийт дүн болох 1.125.563.867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулсны улмаас буюу түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Л.Аоор дамжуулан 10.000.000 төгрөгийг хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нийслэлийн прокурорын газраас Л.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт,
Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л-ыг улс төрийн нөлөө бүхий этгээд, хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг,
шүүгдэгч Б-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Лыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая / төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг торгох ялын 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний торгох ялыг 39.940 /гучин есөн мянга есөн зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 39.940.000 /гучин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Год 39.940 /гучин есөн мянга есөн зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 39.940.000 /гучин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ө.Бд оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч Л.Г, Ө.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон орлого болох 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Ө.Б-ээс гаргуулж улсын орлого болгож,
Эрүүгийн 2002002020007 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, ярианы бичлэг бүхий 2 ширхэг СиДи, №КО0062, КО0064 дугаартай кассын орлогын баримтуудыг хэрэг хадгалах хугацаа дуустал тус тус хадгалахыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1233 дугаартай прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Л.Г-ын “Хаан банк” дахь .............. дугаартай төгрөгийн, хугацаагүй хадгаламжийн дансны зарлагын гүйлгээний “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” хязгаарлалт”-ыг цуцлахыг, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Л.Г нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсмогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ө.Б, Л.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,
Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Г-ын өмгөөлөгч Д.Баттулга гаргасан давж заалдах гомдолдоо:
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Баттулга, О.Батсүх бид эрүүгийн 2002002020007 дугаартай хэргийн шүүгдэгч Л.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор бидний үйлчлүүлэгч Л.Гыг “...улс төрийн нөлөө бүхий этгээд, хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” тооцсоныг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай
1.1.Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тухайд
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт "...шүүгдэгч Л.Г нь Улс төрд нөлөө бүхий этгээд буюу Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байсан Л.Атой үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж ... албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс гэрээний нийт дүн болох 1,125,563,867 төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна’’ гэж хясан боогдуулж, улмаар “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Аоор дамжуулан 10,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг ...үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ... тодруулбал 10,000,000 төгрөгийг авсан өгсөн талаар хэн нэгэн маргадаггүй...” гэж нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, болоогүй үйл баримтыг болсон гэж, маргаж буй үйл баримтыг маргаагүй гэж дүгнэлт хийжээ.
Л.Г нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулах процесс буюу тендерийг үнэлэх, сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гэрээг дүгнэх зэрэг ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Зөвхөн гэрээний оролцогч талууд бүгд гарын үсэг зурсны дараа гэрээний батлах хэсэгт гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний батлах хэсэгт гарын үсэг зурж буй байдал нь уг гэрээнд нөлөөлөх, хүчингүй болгох эрх мэдэл байхгүй, зөвхөн хэлбэрийн ёсчилсон төдий зүйл юм.
Өөрөөр хэлбэл тендерт оролцогч нарын тендерийн материалыг үнэлэх, зохион байгуулах бүхий л ажиллагаа нь хуулийн дагуу байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлт, Засгийн газраас үүрэг, чиглэл авдаг бие даасан Орон нутгийн өмчийн газар зэрэг байгууллагуудаар дамжин хийгдсэн бөгөөд үүнд Л.Г ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, бусдад үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй.
Нөгөө талаар, “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт шүүх бүрэлдэхүүн, өмгөөлөгч нарын асуултад хариулахдаа Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Гтой Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилгын ажилтай холбоотой асуудлаар биш, өөр барилгын ажилтай холбоотой асуудлаар уулзсан болохоо тодорхой ярьдаг.
Мөн “...хахуульд өгөхийг шаардсан гэх гэрээний үнийн дүнгийн 10 хувь гэдэг нөхцөлийг хэрхэн яаж тодорхойлж танаас нэхсэн бэ, таныг яаж хясан боогдуулсан бэ” гэх даргалагч шүүгчийн асуултад Ө.Б хариулахдаа “...бүх Засаг дарга нар л тэгдэг, угаасаа л тогтсон ойлголт ш дээ....миний ажиллаж байсан тендерийг цуцалж намайг хясан боогдуулсан” гэж буй нь тухайн үйл явдал бодитой болоогүй, нийтлэг байдаг гэх ойлголтынхоо улмаас Ө.Бийн санаанаас зохиосон худал зүйл гэдэг нь илэрхий байна.
Бидний үйлчлүүлэгч Л.Гын тухайд “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг батлахаас өмнө гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, хясан боогдуулж 10,000,000 төгрөгийн хахууль авсан үйл баримт огт болоогүй байхад анхан шатны шүүхээс нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийж Л.Гыг гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т "Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1-т “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэгт хамтран оролцсон байхын тулд гэмт хэрэг үйлдэх арга, хэлбэр хэрхэн яаж гүйцэтгэх талаар хэлэлцсэн, тохиролцсон зэрэг объектив болон субъектив шинжийн нийлбэр байхыг зайлшгүй шаарддаг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцсон байх нь обьектив шинжийн хувьд эрүүгийн хуульд заасан гэмт үйлдлийг хамтдаа үйлдсэн, эсхүл нэг этгээдийн үйлдэл нөгөө этгээдийн үйлдэл хийх боломж бололцоог олгосон байх шаардлагатай байдаг бол субьектив шинжийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцож буй этгээд бүр гэмт- хэрэг үйлдэгдэж байгааг ухамсарлан ойлгосон байхыг заавал шаардана.
Гэтэл бидний үйлчлүүлэгч Л.Гын хувьд Ө.Бээс хахууль авах талаар Л.Атой уулзсан, ярилцсан, хэлэлцэн тохирсон зүйл огт болоогүй, Ө.Бээс өгсөн 10,000,000 төгрөгийн хандиваас нэг ч төгрөгийг хувьдаа аваагүй байхад анхан шатны шүүхээс Л.Атой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж гэж дүгнэж байгаа нь шүүх нотлох баримтад үндэслээгүй, нотлогдон тогтоогдоогүй нөхцөл байдлыг болсон мэтээр дүгнэлт хийж, таамаглалаар хүнийг гэм буруутайд тооцож байна.
Мөн Л.Г, түүний өмгөөлөгчдийн хувьд Ө.Бийн өгсөн гэх 10,000,000 төгрөгийг Л.Г аваагүй Ө.Бээс Л.Год өгөөгүй, Хөвсгөл аймгийн МАН-д зориулан хандив гэж Ө.Бээс өгсөн гэж маргасаар байхад шүүх юуг үндэслэж 10,000,000 төгрөгийг өгсөн, авсан гэдэгт хэн ч маргаагүй гэж гуйвуулан дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна.
1.2.Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан тухайд
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...хуульд заасны дагуу мэдүүлгүүд авсан, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүх үнэн зөвд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болголоо... 10,000,000 төгрөгийг өгсөн болох нь шүүгдэгч Ө.Бийн удаа өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог тул хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Г, Ө.Б нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар болон эргэлзээ бүхий баримт тогтоогдоогүй болно...” гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийжээ.
Л.Гыг буруутгасан Нийслэлийн Прокурорын газрын яллах дүгнэлтэд дурдсан 20 нотлох баримтаас зөвхөн Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 4 удаагийн мэдүүлэг л Л.Гыг түүнээс хахууль авсан гэж дурдагддаг боловч бусад нотлох баримтууд уг 10,000,000 төгрөгийг намд зориулж өгсөн хандив болохыг нотолдог.
Гэтэл Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд хоорондоо зөрүүтэй, хахуульд өгсөн гэх 10,000,000 төгрөгийг өгсөн цаг хугацааны хувьд болон ямар зорилгоор өгсөн болох, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлыг хэзээ эхлүүлсэн талаарх нөхцөл байдлыг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай зөрүүтэй байхад шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байна.
Тухайлбал, Ө.Б нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр АТГ-д гэрчээр өгсөн “ ... ингээд би Хөвсгөл аймагт орон сууцны барилгын газрыг хөөцөлдөж яваад аймгийн Засаг дарга Лтой уулзсан чинь танай компани Ханх сумын Засаг даргын барилгын тендерт шалгарсан байна гэж хэлснээ надад цаасан дээр “10% өгвөл тухайн тендерийг танай дээр шалгаруулаад явъя харин өгөхгүй бол тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж бичсэн байсан. Ингээд би уг өдрийн маргааш нь Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ган-Очироос ирж гэрээ хийнэ үү, мөн 5%-ийн баталгаа байршуулна уу гэж бичсэн байсан. Тэгээд би баталгаа болон 56,279,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр 19-ний өдөр Голомт банканд байршуулчхаад орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Эрдэнэбаатарт баталгаа байршуулсан баримтаа өгсөн. Түүнээс хойш 2 хоногийн дараа гэрээ хэвлэгдээд бэлэн болсон байсан тэгээд гэрээн дээр компанийн инженер Нямсүрэн бид 2 гарын үсгээ зурж гэрээг буцаан өгсөн. Үүнээс хойш 2 хоногийн дараа гэрээ баталгаажсан эсэхийг асуухад аймгийн Засаг даргаас бусад албан тушаалтнууд гарын үсгээ зурчихсан байсан. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шиг санаж байна Засаг дарга Лын албан өрөөнд нь орж уулзахад “чи баталгаагаа өгчихвөл чиний цаашдын ажил зам чинь дурайгаад л явчихна ш дээ гээд байсан” түүний хэлээд байгаа баталгаа нь нөгөө өмнө нь нэхсэн 10%-ийн мөнгө юм. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн захиргаан дээр явж байгаад Л засаг даргатай таарсан чинь бас л мөнгөө нэхэхээр нь надад цөөхөн хэдэн төгрөг байна одоогийн байдлаар 10,000,000 төгрөг байна гэсэн чинь тэрийгээ аваад ир гэж хэлэхээр нь Голомт банкан дээр очиж баталгаа болох 56,279,000 төгрөгийг чөлөөлж тэрнээсээ 35 сая төгрөгөөр хүнээс Хово машин авсан..." гэх мэдүүлэг, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт “...ярианы мэдээллээр 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэсэн бол тэр өдөр л өгсөн байгаа. Өмнөх мэдүүлэг дээрээ он, сараа андуурч хэлсэн байна...” гэх мэдүүлгүүд цаг хугацааны хувьд зөрүүтэйгээс гадна Батжин-Ундрах ХХК-аас тендерийн баталгаа байршуулахаас нэг хоногийн өмнө Лтой уулзсан, мөн 10,000,000 төгрөг өгөхөөс 2 хоногийн өмнө Л.Гтой уулзсан гэдэг нь худал, бодит байдлын хувьд боломжгүй юм.
Учир нь Xил хамгаалах Ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 246/712 тоот албан бичиг /13-р хавтаст хэргийн 233-р тал/ болон Хилээр гарсан, орсон талаарх лавлагаа мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр /7-р хавтаст хэргийн 234-р тал/ Л.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр Бүгд найрамдах Солонгос улс руу Дипломат гадаад паспортоор 9 хоногийн хугацаатай албан томилолтоор ажиллахаар гарч 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Буянт-Ухаа боомтоор Улаанбаатар руу орж ирсэн мэдээлэл байна.
Уг мэдээллээс дүгнэвэл Л.Г нь 1200 километр замыг туулах тул 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БНСУ руу зорчихын тулд уг өдрөөс хамгийн багадаа 1 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирсэн байх, Монгол улсад ирснээс хойш хамгийн багадаа 1 хоногийн дараа Хөвсгөл аймагт очих цаг хугацаа, орон зайн бодит боломжтой тул Ө.Бийн мэдүүлэгт дурдсан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 1 хоногийн өмнө уулзсан байх, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2 хоногийн өмнө Ө.Бтэй уулзсан байх ямар ч боломжгүй юм.
Мөн Ө Бийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд "...Голомт банкан дээр очиж баталгаа болох 56.279,000 төгрөгийг чөлөөлж тэрнээсээ 35 сая төгрөгөөр хүнээс Хово машин авсан” гэх бөгөөд уг машиныг ямар зорилгоор авсан талаар шүүх хуралдаанд асуусан өмгөөлөгчийн асуултад хариулахдаа Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГ-ын барилгын ажилд зориулж авсан гэж хариулж буйгаас үзэхэд Ө.Б нь 10,000,000 төгрөгийн хахууль өгч байж барилгын ажлаа гүйцэтгэх боломжтой болсон гэж үзэх үндэслэлгүй.
Уг 10.000.000 төгрөгийг Хөвсгөл аймгийн МАН-д хандивлахаас өмнө “Батжин Ундрах” ХХК барилгын ажил гүйцэтгэж эхэлсэн нь Ханх сумын Засаг даргын орлогч Э.Амарсанаагийн “...2019 оны 4 дүгээр сарын 17-нд гэрээ хийгдсэн, ажлын явц хугацаа хохиролтой байна” гэх Ханх сумын ЗДТГ-ын барилгын ажлын явцын санал дүгнэлт /7-р хавтаст хэргийн 148-р тал/, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/652 дугаартай Хяналт шалгалт хийсэн тухай албан бичигт "...гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын сүүлчээр Ханх суманд очиж ажлаа эхлүүлсэн боловч өдийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй, барилгын угсралтын ажил гэрээнд заасан хугацаанд эрчимтэй үргэлжлэн явагдаагүй” /7-р хавтаст хэргийн 196-197-р тал/, Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГ-ын барилга угсралтын ажилд хяналт тавих төслийн менежерийн багийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлд “...Д.Эрдэнэбаатар: Гүйцэтгэгч компани 4 сарын 20-н гэхэд манай суманд очсон 20 хоногийн дараа бүх ажилчид нь хаяж явсан...” /7-р хавтаст хэргийн 202-206-р тал/, Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГ-ын барилга угсралтын ажилд хяналт тавих төслийн менежерийн багийн хурлын 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн тэмдэглэлд “...Э.Амарсанаа: Гүйцэтгэгч компани 4-р сараас хойш хамтарч ажиллаж байгаа” /11-р хавтаст хэргийн 126-127-р тал/ зэрэг нотлох баримтуудаар “Батжин Ундрах” ХХК Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГ-ын барилгын ажил гүйцэтгэх бүрэн боломжтой болсон нь уг барилгын ажил гүйцэтгэх инженертэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, барилгын ажил гүйцэтгэхэд зориулж техник хэрэгсэл худалдан авсан, барилгын талбай дээр очиж тэнхлэг татсан зэрэг нотлогдсон буюу хясан боогдсон ямар ч зүйл зүйл болоогүй нь байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчиж Ө.Бийн эх сурвалж нь тодорхойгүй, удаа дараагийн зөрүүтэй байдлаар мэдүүлж буйг үндэслэн бидний үйлчлүүлэгч Л.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож буйд гомдолтой байна.
1.3.Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тухайд
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11-р сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...түүнчлэн Авлига хээл хахуулын гэмт хэрэг нь төрийн албан хаагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явцдаа тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь хахууль өгөгчийн буюу хахууль авагч нь тухайн хахуулийг өгсөн буюу авснаар тухайн гэмт хэргийг үйлдсэн төгссөнөөр тооцдог. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “... Л.Г нь өөртөө хэрэглээгүй. Намд хандив болгон өгсөн учраас намын үйл ажиллагаанд хэрэглэсэн гэж” байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт “Батжин Ундрах” ХХК-аас бэлнээр болон дансаар хандив өгсөн бүртгэл, мэдээлэл авагдаагүй, хахууль авсан 10,000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь шаардлагагүй, ач холбогдолгүй гэж үзсэн” гэж хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, хандив байсан гэх гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, 10,000,000 төгрөгийн хандив байсан гэх нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, нэг талыг барьсан дүгнэлт хийлээ.
Гэтэл хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар “Батжин Ундрах” ХХК-аас өгсөн 10,000,000 төгрөг нь Хөвсгөл аймгийн МАН-д өгсөн хандив болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн МАН-ын дэд дарга Л.Аын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн тухайн өдөр үдээс хойш би ажлынхаа байран дээр байж байхад Л.Г над руу утсаар холбогдоод “Батжин Ундрах" ХХК-ийн захирал Ө.Б гэж хүн хандив өгнө, ном журмын дагуу аваарай, өөртэй чинь ярина гэсэн. Түүний дараагаар Ө.Б над руу утсаар холбогдоод “Ажил дээрээ байна уу, хандив өгөх гэсэн юм" гэхээр нь би ажил дээрээ байна, хүрээд ир гэсэн. Ө.Бийн 2 дахь дуудлага нь манай ажлын гадаа ирчихсэн байна гэхээр нь ороод ир гэсэн. Тэгэхэд Ө.Б та өөрөө гараад ир гэхээр нь гарч намын байрны гадаа авсан. Нөтбүүкний цүнхэнд хийчихсэн байсан ба цүнхийг онгойлгоход 20,10, 5-тын дэвсгэртээр 10,000,000 төгрөг байсан шиг санаад байна" гэх мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 201-204-р тал/,
Хөвсгөл аймгийн МАН-ын нягтлан бодогч Д.Гэрэлчулууны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өгсөн Л.А дарга хүн 10,000,000 төгрөг намд хандив өглөө, та энэ мөнгийг зохих журмынх нь дагуу зарцуул гэсэн. Тэгэхээр нь би Улс төрийн намын тухай хууль, МАН-ын санхүүжилтийн журамд иргэн 1,000,000, аж ахуйн нэгж 10,000,000 төгрөг шүү дээ. Энэ мөнгийг чинь яах юм бэ гэсэн чинь та өөрөө утсаар нь холбогдоод тэр хүнээс дансанд тушаах журамтай юм байна гэж хэлээд журмаар нь ав гээд надад утасны дугаар өгсөн. Би тэр дугаар руу нь 2, 3 өдөр залгасан боловч, дуудахгүй байсан, тэгж байгаад 2, 3 өдөр утас pyy нь залгаж байгаад больсон. Тэгээд тэртээ тэргүй зарцуул гээд өгсөн юм чинь өглөг үүсгээд авчихъя гэж бодоод Л.А даргаас компанийнх нь нэрийг асуугаад өглөг үүсгэж зээл маягаар орлогод авсан. Маргааш нь би 2 сая гаруй төгрөгөөр нь цалингаа тавьсан. Бас МАН-ын хорооны байрны халаалтыг төлсөн. Үлдсэн 5 сая гаруй төгрөг нь надад байсан бөгөөд тэрийг нь У.Хүрэлсүх даргын нэрэмжит тэмцээн болох үеэр улс төрийн ажилтан М.Лянхуад өгөөд дууссан. Тэгээд чимээгүй байж байгаад жилийн эцэс болсон чинь 10 гаруй сая төгрөгийн өглөгтэй болсон ба тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан. Тэргүүлэгчдийн зүгээс өргүй тайлан гарга гэсэн үүрэг өгсөн" гэх мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 209-212-р тал/ Хөвсгөл аймгийн МАН-ын Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 60-61-р тал/ Үзлэгийн хавсралт буюу Хөвсгөл аймгийн МАН-ын кассын баримт, санхүүгийн анхан шатны баримтууд/1-р хавтаст хэргийн 62-69-р тал/ зэрэг юм.
Дээрх нотлох баримтуудаар “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн МАН-д зориулан 10,000,000 төгрөгийг бэлнээр өгөх үед намын нягтлан бодогч байгаагүй тул намын дэд дарга Л.А шууд хүлээн авсан, дараа өдөр нь нягтлан бодогч Ө.Бтэй холбогдож зохих журмын дагуу дансаар авах гэсэн боловч холбогдож чадаагүй, хандивыг дансаар авах журам зөрчигдсөн тул кассад бүртгэхдээ өглөг хэлбэрээр бүртгэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогддог.
Мөн МАН-ын Сан хөрөнгийн газрын нягтлан бодогч Ц.Норовжамцын гэрчээр 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өгсөн сүүлийн 2020, 2021 онд бүх шатны намын байгууллагууд хандивыг дансаар аваад хэвшиж байна. 2019 онд зарим анхан шатны намын байгууллагууд дансаар болон бэлнээр хандив авсан байдлаар тайлагнасан. Тус тайлантай холбоотойгоор Үндэсний аудитын газраас хандивыг зөвхөн дансаар авна гэсэн шаардлага тавьсан учраас энэ ажил хэвшээд явж байна" /13-р хавтаст хэргийн 176-177-р тал/ гэх мэдүүлгээс МАН-ын анхан шатны байгууллагууд хандивыг бэлнээр авсан тайланг 2019 онд ирүүлж байсан буюу дансаар аваагүй л бол хандив биш гэж үзэх болох нь харагдаж байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрч нарын хандив байсан гэж мэдүүлсэн нөхцөл байдлыг үгүйсгэсэн буюу гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүй байгаа үндэслэлээ тогтоолдоо огт дурдаагүй.
Анхан шатны шүүх 10,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэж буй нь хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн мөн чанарыг үгүйсгэсэн, шүүх хараат бус, хөндлөнгийн байх, баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг зөрчиж байна. Учир нь “Батжин Ундрах” XXК-аас Хөвсгөл аймгийн МАН-д өгсөн 10,000,000 төгрөгийг намд хандив гэж өгөөгүй бол намын үйл ажиллагаандаа зарцуулахгүй, харин Л.Год хахууль гэж өгсөн бол Л.Г хувьдаа авч зарцуулах ёстой байсан юм. Уг 10,000,000 төгрөг нь анхнаасаа намд зориулан өгсөн хандивын мөнгө учраас хүлээн авсан өдрийн маргааш өдрөөс нь эхлэн шууд намын үйл ажиллагаанд зарцуулж байгаагаас тодорхой байна.
Товчхон дүгнэвэл, "Батжин Ундрах" ХХК-ийн захирал Ө.Бийн өгсөн хандивын 10,000,000 төгрөгийг Л.Г хувьдаа аваагүй, уг мөнгийг Хөвсгөл аймгийн МАН хүлээн авч, санхүүгийн тайландаа тусгаж, намын үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд Хөвсгөл аймгийн МАН-ын санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1XX-ийн 60-69/, Хөвсгөл аймгийн МАН-ын дэд дарга Л.Аын гэрчийн мэдүүлэг /1.ХХ-ийн 45-48, 13XX-ийн 201-204/, Гэрч Хөвсгөл аймгийн МАН-ын нягтлан бодогч Д.Гэрэлчулууны өгсөн мэдүүлэг /1XX-ийн 49-51, 13ХХ-ийн 209-212/, Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 19 тоот албан бичигт, дээрх албан бичигт хавсралтаар ирүүлсэн Хөвсгөл Аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13-р хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон
1.4. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн ноцтой зөрүүтэй байгаа тухайд
1.4.1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт Харин шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Аоор дамжуулан 10,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан буюу зохион байгуулагчаар оролцсон гэснийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Атой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн гэж үзсэн" гэж, ТОГТООХ нь хэсэгтээ "Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв хэрэглэхэд нөлөөлсөн ноцтой зөрүүтэй дүгнэлт хийлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бүлэглэн гүйцэтгэх" гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг журамлахаар шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан хамтран оролцох төрлийн хувьд буюу Л.Г, Л.А нарыг үйлдлээ хэрхэн гүйцэтгэсэн, хамжигч хэн болох талаар огт дүгнэлт хийгээгүй.
Тэгсэн атлаа прокурорын яллах дүгнэлтэд Л.Аыг хамжигчаар зүйлчилж оруулж ирснийг хүлээн авч, Л Аыг 2022 оны 12-р сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар гэмт хэргийн хамжигч гэж буруутган гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. Хэрэв шүүх Л.Аыг гэмт хэргийн хамжигч гэж үзэж байгаа тохиолдолд түүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан Л.Гыг хамтран оролцогчийн төрлийн хувьд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг журамлах нь хуулийг зөв хэрэглэх наад захын шаардлага байлтай.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Л.Гыг гэм буруутай тооцож буй байдал нь Л.Аыг гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлттэй илтэд зөрүүтэй байна. Өмнө дурдсанчлан Л.Г болон Л.А нар “Батжин Ундрах” ХХК-аас 10,000,000 төгрөгийн хахууль авах талаар хэлэлцсэн, тохиролцсон үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад санаатай нэгдсэн гэж дүгнэж буй нь анхан шатны шүүх энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж хардахаас аргагүйд хүргэлээ.
1.4.2. Tөв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт мөн шүүгдэгч Л.Гыг "хясан боогдуулах аргаар" гэх гэмт хэргийн шинжийн хувьд цаг хугацааны хувьд хамааралгүй, хясан боогдуулах гэдэг нь "хээл хахууль өгөгч нь тулгамдсан шаардлага, хэрэгцээг үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг ойлгох" бөгөөд шүүгдэгч Л.Г нь хахууль өгөгчөөс гэрээний үнийн дүн болох 10 хувийг өгөхийг шууд тулган шаардаж байгаа үйл баримт нь хахууль аван бичиг баримтад /Аймгийн Засаг дарга батламжлан гарын үсэг зурахгүй байх, улмаар санхүүжилт удаашрах, нөхцөл үүссэнээр хээл хахууль өгөхийг тулган шаардсан болоод хахууль авч, өгснөөр тухайн гэмт хэрэг мөн төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгээс үзэхэд "хясан боогдуулах аргаар үйлдсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж гагцхүү нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэгт хамааралтайгаар зохицуулагдсан болно" гэж дүгнэсэн атлаа ТОГТООХ нь хэсгийн 1-т Л.Гыг улс төрийн нөлөө бүхий этгээд, хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай" гэж шийдвэрлэсэнтэй зөрчилдсөн, утга агуулгын хувьд ойлгомжгүй. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн ноцтой зөрүүтэй дүгнэлт хийлээ.
Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт бичигдсэн үг, өгүүлбэр утга найруулга, хэллэгийн хувьд ойлгомжгүйгээс гадна шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт бичигдсэнтэй эрс зөрүүтэй байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-т хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана" гэж заасныг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг тус тус зөрчиж байна
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт Л.Гыг “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Э.Бийг хясан боогдуулаагүй гэж дүгнэсэн атлаа, ТОГТООХ нь хэсэгт хясан боогдуулсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож буйг энгийн ухамсрын түвшинд ойлгох аргагүй байгаа тул хэлэх үг үнэхээр олдсонгүй.
Хоёр: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд
2.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд
2.1.1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ НЬ хэсэг. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл агсан, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хангалттай үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм" гэж Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр 5 дахь хэсэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо дурдсан зүйл огт бичигдээгүй байх ба Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх төрийн мэдээлэлд нийтлэгдсэнээс өөр хуулийг иш үндэс болгон, хэрэг маргааныг шийдвэрлэж байж болзошгүй байна.
Хуульч мэргэжлийн хамгийн эрхэм албан тушаал хашиж, хүний эрх, эрх чөлөө, хувь заяаг шийдвэрлэж буй шүүхээс хуульд бичигдээгүй зүйлээр дүгнэлт хийж хүнийг гэм буруутайд тооцож буйд эрх зүйч хүний хувьд туйлын эмгэнэлтэй байна Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгтээ дурдсан 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн уг агуулга Эрүүгийн хуульд тусгагдаагүй тул шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж дүгнэлт хийжээ.
2.1.2. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1-т " Л.Гыг улс төрийн нөлөө бүхий этгээд, хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг ... үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж, 2-т "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Гыг нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй" гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно. 2-т Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэж хууль ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно", 3-т "Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй" гэж гэмт хэргийн ойлголтыг тус тус хуульчилсан.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол..." гэж Хахууль авах гэмт хэргийн шинжийг заасан бөгөөд миний үйлчлүүлэгч Л.Гын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй буюу "Батжин Ундрах" ХХК-ийн захирал Ө.Бийн өгсөн хандивын 10,000,000 төгрөгийг Л.Г хувьдаа аваагүй, уг мөнгийг Хөвсгөл аймгийн МАН хүлээн авч, санхүүгийн тайландаа тусгаж, намын үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь Мөрдөн байцаалтын шатанд Хөвсгөл аймгийн МАН-ын санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1XX-ийн 60-69/, Хөвсгөл аймгийн МАН-ын дэд дарга Л.А гэрчийн мэдүүлэг/1XX-ийн 45-48, 13XX-ийн 201-204/, Гэрч Хөвсгөл аймгийн МАН-ын нягтлан бодогч Д.Гэрэлчулууны өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 49-51, 13X-ийн 209-212/, Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 19 тоот албан бичигт, Дээрх албан бичигт хавсралтаар ирүүлсэн Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13-р хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон тул Л.Гыг хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.
2.2. Анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11-р сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь хахууль өгөгчийн буюу хахууль авагч нь тухайн хахуулийг өгсөн буюу авснаар тухайн гэмт хэргийг үйлдсэн төгссөнөөр тооцдог. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ... Л.Г нь өөртөө хэрэглээгүй. Намд хандив болгон өгсөн учраас намын үйл ажиллагаанд хэрэглэсэн гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт “Батжин Ундрах” ХХК-аас бэлнээр болон дансаар хандив өгсөн бүртгэл, мэдээлэл авагдаагүй, хахууль авсан 10,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь шаардлагагүй, ач холбогдолгүй гэж үзсэн" гэж хуулийг буруу тайлбарласан байна.
Хүн, хуулийн этгээдээс өгсөн мөнгөний зарцуулалт нь тухайн мөнгийг юу гэж ойлгуулж өгсөн, юу гэж ойлгож авсан болохоос шууд хамааралтай юм. “Батжин Ундрах” ХХК-ийн Хөвсгөл аймгийн МАН-д өгсөн 10,000,000 төгрөгийг хахууль гэж авсан бол Л.Г Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дэд дарга Л.Атой холбож өгөх, намын санхүүгийн тайланд тусгаж, намын үйл ажиллагаанд зарцуулах шаардлагагүй байсан.
Уг мөнгө нь намд өгсөн, намын үйл ажиллагаанд зориулсан хандив байсан учраас Хөвсгөл аймгийн МАН-ын санхүүгийн тайланд тусгагдаж, намын үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан нь нотлох баримтаар тогтоогддог.
Бусдаас шилжүүлж буй мөнгөний зориулалт, ямар зорилгоор шилжүүлж буйгаас хамаарч гэмт хэргийн субьектив шинж тодорхойлогддог учраас уг мөнгийг юу гэж ойлгож авсан, юу гэж ойлгож зарцуулж буй нь хэрэгт хамгийн чухал ач холбогдолтой нөхцөл байдал юм Гэтэл миний үйлчлүүлэгч Л.Год холбогдох хэргийн хувьд тэрээр “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө. Бийн Хөвсгөл аймгийн МАН-д өгсөн 10,000,000 төгрөгнөөс хувьдаа нэг ч төгрөг аваагүй. уг мөнгийг бүгдийг нь Хөвсгөл аймгийн МАН үйл ажиллагаандаа зарцуулсан тул хувьдаа ашиг хичээж хахууль авсан гэж үзэх боломжгүй.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар тогтоолд “Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьд хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж юм. Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай болно. Учир нь энэхүү хэрэг хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэл, шууд санаатай үйлдэгддэг ба эдгээр нь үгүйсгэгдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй юм" гэж шийдвэрлэсэн
Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ" гэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсэгт Улсын Дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ", мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт "Улсын Дээд Шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Дээд Шүүхийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг хэрхэн зөв хэрэглэж, тайлбарлаж буй байдлыг анхан, давж заалдах шатны шүүхүүд хэрэг шийдвэрлэхдээ анхаарч Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх буюу шүүх бүр өөр өөр байдлаар тайлбарлаж, хэрэглэхээс сэргийлэх зорилгоор дээд шатны шүүхийн шийдвэрийг тодорхой чиг болгож байгаа нь практикт нэгэнт тогтоод байгаа билээ Иймд Л.Гын хувьд "Батжин Ундрах" ХХК, Ө.Бийн Хөвсгөл аймгийн МАН-д хандивласан 10,000,000 төгрөгөөс өөрийн хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд аваагүй, хувьдаа ашиглаагүй, хэрэглээгүй нь УДШ-ын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаартай тогтоолд дурдсан хууль хэрэглээний үндэслэлтэй яг ижилхэн нөхцөл байдал тул Л.Гыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэн цагаатгах бүрэн үндэслэлтэй байна
Дээрх байдлаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор хэрэглэх есгүй хуулийг хэрэглэж миний үйлчлүүлэгч Л.Гыг гэм буруутай тооцсон байна.
ГУРАВ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд
3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мөн чанар, зарчмын хувьд мөрдөх чиг үүргийг мөрдөх байгууллага, яллах чиг үүргийг прокурорт оноосон бөгөөд шүүхэд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж яллахаар прокурорын байгууллагад зөвлөмж, зааварчилгаа өгөх чиг үүрэг байхгүй.
Гэтэл Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар захирамж гарган Л.Год холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ прокуророос шилжүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдаагүй Л.Аыг яллагдагчаар татахыг прокурорт даалгасан тогтоол гаргасан.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана", 2-т "Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно" гэж заасныг зөрчиж, өөрт байхгүй бүрэн эрхийг эдэлж, яллах чиг үүргийг баримталсан.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т "Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр"-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах шаардлагатай бөгөөд энэ хэлбэрийг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 39,8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 36.6, 36.7, 36.8, 38.9 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үздэг. Төв сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт шүүгдэгч Л.Г нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байсан Л.Атой үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж үйлдсэн гэж үзсэн гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлөө.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Л.Аыг оролцуулаагүй, түүний гэм бурууг огт хэлэлцээгүй байхад шүүхээс Л.Атой үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж байгаа нь ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫН 11 дүгээр зүйлийн 1-т "Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй" гэх ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН 14 дүгээр зүйлийн 2-т "Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй", 3 (d) -д хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т өөрийгөө өмгөөлөх, хууль хуйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэж заасан Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн, соёлт хүн төрөлхтөн нийтээр хүлээн зөвшөөрсөн, эрх зүйт төрийн иргэндээ баталгаатай эдлүүлдэг эрхийг нь Л.Аод эдлүүлээгүй, түүнийг шүүх хуралд оролцоогүй байхад гэм буруутайд тооцож, хүнийг эрхийг бүдүүлгээр, ноцтой зөрчлөө
Өөрөөр хэлбэл, Л. Аод холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч түүнийг гэм буруутайд тооцсон шийдвэр аль хэдийн буюу нэг сарын өмнө 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарчихсан байсан юм.
Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Л.Гыг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ө.Ганхөлөг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргаж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч О.Батсүх гаргасан саналдаа: Шүүгдэгч Л.Гын үйлдсэн хэрэг нотлогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүнийг цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Д.Баттулга гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Л.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Н.Тэрбиш гаргасан саналдаа: Бусад өмгөөлөгч нартай санал нэг байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ө.Бийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил гаргасан саналдаа: Ө.Б худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүсэж байна. Иймд Ө.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ө.Бийн өмгөөлөгч Т.Отгонсүрэн гаргасан саналдаа: Х.Ундрах-Оргил өмгөөлөгчтэй санал нэг байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Г гаргасан тайлбартаа: Би хахууль аваагүй. Хэн нэгэнд хохирол учруулаагүй. Энэ мөнгийг Ө.Б Монгол ардын намд хандивласан. Дараа нь надтай уулзаж, уучлал гуйж байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ө.Б гаргасан тайлбартаа: Ардын намд энэ мөнгийг хандивласан. Бусдыг гэмт хэрэгт гүтгэсэндээ харамсаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.Г, Ө.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Д.Баттулга, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Л.Г нь Улс төрд нөлөө бүхий этгээд буюу Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байсан Л.Атой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Авлигын эсрэг хуулийн 7.1-д “...Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно...” 7.1.3-д “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.5-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах...”, 7.1.6-д “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...”
Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” 6.4-т “...албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс гэрээний нийт дүн болох 1,125,563,867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулж, улмаар “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Аоор дамжуулан 10,000,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б нь өөртөө давуу байдал бий болгож, Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Гын Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө гэрээний нийт дүн болох 1,125,563,867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулсны улмаас буюу түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Л.Аоор дамжуулан 10,000,000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:
-Гэрч Н.Бэх-Очирын “... Миний 5090403331 дугаартай данс руу 10 сая төгрөг орсон талаар Хаан банкны дансны мэдээлэл авах үйлчилгээтэй холбосон 99851272 дугаартай утсанд мессеж ирсэн. Ямар учиртай 10 сая төгрөг орж ирсэн талаар мэдээгүй байна. Миний 5090403331 дугаартай дансны картыг Ө.Б заримдаа авч ашигладаг юм. Тухайн 10 сая төгрөг дансанд ордог өдөр миний картыг Ө.Б ашиглах гээд авсан байсан. ...Энэ талаар Ө.Б л мэдэх байх. Миний дансанд ийм их хэмжээний мөнгө орох ёсгүй, надад ийм их хэмжээний мөнгө өгөх хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1хх 43/,
-Гэрч Л.Аын “...2019 оны хавар сар өдрийг нь сайн санахгүй байна аймгийн Засаг дарга Л.Г миний 89209041 дугаарын утас руу 2 дугаарынхаа аль нэг дугаараас ярьснаа 10,000,000 төгрөг аваачиж өгнө аваарай гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө нэг залуу ярьснаа мөнгө өгье, хаана байгаа юм бэ гэхээр нь би намын байран дээр байна гэж хэлсэн чинь удалгүй махлагдуу залуу жижиг машинтай ирснээ надтай уулзаад Л.А гэж хүн мөн үү гэхээр нь мөн байна гэсэн чинь энд 10,000,000 төгрөг байгаа шүү гэж хэлээд өгсөн. Би тэр мөнгийг нь аваад өөрийнхөө өрөөнд оруулж тавьсан. ...Маргааш нь байх намын хорооны нягтлан бодогч Д.Гэрэлчулуунд дээрх 10,000,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг аймгийн намын хорооны нягтланд өгөөд намын холбогдох зардлуудаа төлөөрэй гэж хэлсэн. ...” гэх /1хх 46-48/,
-Гэрч Д.Гэрэлчулууны “...2019 оны 4 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай Монгол Ардын намын дэд дарга Л.А надад 10,000,000 төгрөгийг бэлнээр аваад ирснээ та өр шир, зээлээ төлж бай гэхээр нь би энэ мөнгийг “Өглөг” гэдгээр нь тооцоо үүсгэж орлогод авсан учир нь дээрх мөнгө хаанаас, хэнээс ирсэн нь тодорхойгүй байсан юм. Би Л.А даргын өгсөн 10,000,000 төгрөгөөс эхний ээлжид 2,109,000 төгрөгийг цалиндаа авсан. 7,890,000 төгрөг үлдэхээр нь үүнээс халаалтын мөнгө төлж 2,240,000 төгрөгийг дулааны цахилгаан станцын дансанд би өөрийн биеэр очиж төлсөн. 5,000,000 орчим төгрөг надад үлдсэн байсныг бэлнээр сейфэндээ байлгаж байсан чинь 2019 оны 5 дугаар сарын эхээр Ерөнхий сайдын нэрэмжит спортын тэмцээн болохоор нь түүнд зарцуулаарай гээд улс төрийн ажилтан М.Лянхуад үлдсэн мөнгийг бүгдийг өгсөн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 20-доор байх яг өдрийг нь сайн санахгүй байна Улаанбаатар хотын “Лидер компекс коннект” ХХК-аас манай намд 10,000,000 төгрөгийн хандив гэж өгөхөөр нь цалин тавих уу яах уу гэж Л.А даргаас асуусан чинь би Л.Г даргаас асууя гэж хэлсэн. Тэгснээ удалгүй Л.А дарга надтай уулзаад 10,000,000 төгрөгийн өглөгөө өгчих гэж хэлэхээр нь танаас авсан юм чинь та өөрөө өг гэж хэлээд бэлнээр 10,000,000 төгрөгийг Л.Аод өөрт нь өгсөн. Тэгээд би тайландаа өглөгөө хаачихсан...” гэх /1хх 49-51/,
-Гэрч З.Эрдэнэцацралын “...Компанийхаа татварын дараах цэвэр ашгаас хувь нийлүүлэгч Л.Г нь... Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд 10,000,000 төгрөгийн хандив өргөж кассын баримт авсан. Компанийн хувь нийлүүлэгч Л.Г өөрөө хүсэж Монгол Ардын намдаа 10,000,000 төгрөгийн хандив өргөсөн. ...Би 2019 оны 12 дугаар сарын 20-доор өдрийг нь сайн санахгүй байна Хаан банкны байгууллагын харилцах 5174002898 дугаарын данснаас 20,000,000 төгрөгийг бэлнээр авч энэ мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг Л.Год бэлнээр өгсөн. Тэр өдрөө Л.Гоор дамжуулан нягтлан бодогчоос нь кассын орлогын баримт авсан...” гэх /1хх 115-116/,
Гэрч Ц.Норовжамцын “...Үндэсний Аудитын газраас Улс төрийн намын тухай хуулийн заалтын дагуу иргэн, хуулийн этгээдээс хандив өгч байгаа бол заавал дансаар авах ёстой гэдэг хуулийн шаардлага тавьдаг. Мөн МАН-ын санхүүгийн дээд шатны байгууллага буюу Сан хөрөнгийн газраас дүүрэг, аймгуудын МАН-ын хорооны нягтлан бодогч нарт хандивыг зөвхөн дансаар ав гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр хандивын мөнгийг дансаар аваагүй тохиолдолд хандив гэж үзэх үндэслэл байхгүй... Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны өөрсдийн гаргаж өгсөн 2019 оны хандивын тайлангаас харахад “Батжин Ундрах” ХХК-аас бэлнээр болон дансаар хандив өгсөн бүртгэл, мэдээлэл байхгүй ...бусад иргэн, аж ахуй нэгжээс дансаар болон бэлнээр хандив авснаа тусгасан байна...” гэх мэдүүлэг /13хх 176-177/,
-Шүүгдэгч Ө.Бийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргасан өргөдөл /1хх 22-25/,
-2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Жаргалан” эмнэлгийн эмчлүүлэгчдийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 71-74 тал/,
-2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Эд мөр”-ийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 94-101 тал/,
-2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Ө.Бийн 99106286, 99781850 дугаарын яриа /мессеж/-ийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 155-156 тал/,
-2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Батжин Ундрах” ХХК-ийн болон Ө.Б нарын Голомт банк дахь дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 180-191 тал/,
-2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5890546264 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 190 тал/,
-2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5090403531 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 206-207 тал/,
-2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Л.Г, Ө.Б, Л.А нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 213-214 тал/,
-Монгол Ардын Намын удирдах зөвлөл-Хөвсгөл “Кассын дэлгэрэнгүй, орлого зарлагын баримтууд /11хх 198-205/,
-“Батжин Ундрах” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 466010256 дугаартай төгрөгийн дансны хуулга /14хх 7-11/,
-Монгол Ардын намын хяналтын ерөнхий хорооны 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, дансны дэлгэрэнгүй /14хх 35-37/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулан бэхжүүлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгч Л.Г, Ө.Б нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан цуглуулж, бэхжүүлснийг анхан шатны шүүх мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.
Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар төгсдөг.
“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг ойлгоно.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар төрийн албан хаагчийг төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Л.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд уг албан тушаал нь Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасан төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байна.
Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга нь “улс төрд нөлөө бүхий этгээд” болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон байдаг бөгөөд хэргийн үйл баримтаар нь шүүгдэгч Л.Г, Ө.Б нарын үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Л.Г нь өөрийн хамаарал бүхий хүн болох Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Аоор дамжуулан 10,000,000 төгрөгний хахууль авсан болох нь нотлогдож байх тул анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаар тогтоолоор яллагдагч Л.Аод холбогдох хэргийг тусгаарласан, түүнд холбогдох өөр хэргийн ажиллагаа, шийдвэрийн талаар энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Шүүгдэгч Л.Г, Ө.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Гыг хахууль өгөгчөөс гэрээний үнийн дүн болох 10 хувийг өгөхийг шууд тулган шаардаж, байгаа үйл баримт нь хахууль өгөгчийн тендерийн бичиг баримтад /Аймгийн засаг дарга батламжлан гарын үсэг зурахгүй байх улмаар санхүүжилт удаашрах, орох байх, нөхцөл/-д үүссэнээр хээл хахууль өгөхийг тулган шаардсан бөгөөд хахууль авч, өгснөөр тухайн гэмт хэрэг нь төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Учир нь “Батжин Ундрах” ХХК нь “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт оролцон шалгарч, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай” №ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулжээ.
Уг гэрээний нэг тал болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г нь уг гэрээнд хэдэн сарын хэдний өдөр гарын үсэг зурсан нь тодорхойгүй ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Бээс түүнд 10,000,000 төгрөгийг хээл хахуулд өгсөн өдөр болох 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөртэй ойролцоо хугацаанд уг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээс дүгнэхэд “шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Г нь 10,000,000 төгрөгийн хахуулийг өөрөө аваагүй, Ө.Бээс Хөвсгөл аймгийн Монгол ардын намд хандив өгсөн гэж тайлбарлаж байх боловч уг мөнгийг хээл хахуульд авснаар гэмт хэрэг төгссөн, түүнчлэн өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Хөвсгөл аймгийн Монгол ардын намд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон байна.
Энэ хэргийн гол гэрч Ө.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсон байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна Тухайлбал Ө.Бийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн гэрчээр өгсөн “... Хөвсгөл аймгийн худалдан авах ажиллагаанаас зарласан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилгын тендерт оролцож манай компани шалгарсан. Хөвсгөл аймагт орон сууцны барилгын газрыг хөөцөлдөж яваад аймгийн Засаг дарга Л.Гтой уулзахад танай компани Ханх сумын Засаг даргын барилгын тендерт шалгарсан гэж хэлээд надад цаасан дээр “10 хувь өгвөл тухайн тендерийг танай дээр шалгаруулаад явна, харин өгөхгүй бол тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж бичсэн байсан. Тус саналыг арга буюу зөвшөөрсөн. Гэрээ хэвлэгдээд бэлэн болж компанийн менежер н.Нямсүрэн бид 2 гарын үсэг зурж гэрээг буцаан өгөөд 2 хоногийн дараа гэрээ баталгаажсан эсэхийг асуухад аймгийн Засаг даргаас бусад албан тушаалтнууд гарын үсэг зурсан байсан. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шиг санаж байна Засаг дарга Л.Гын албан өрөөнд нь орж уулзахад “чи баталгаагаа өгчихвөл чиний цаашдын ажил зам чинь дурайгаад л явчихна ш дээ гээд” байсан түүний хэлээд байсан баталгаа нь өмнө нэхсэн 10 хувийн мөнгө юм. Өдөр бүр аймгийн захиргаагаар ордог ажилтай байсан тэр хугацаанд байнга мөнгө нэхэж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр аймгийн захиргаан дээр явж байгаад засаг дарга Л.Гтой таарахад мөнгө нэхсэн учраас мөнгийг өгөхөөр болж Голомт банканд баталгаанд байршуулсан мөнгөө чөлөөлж түүнээс 10.000.000 төгрөгийг аваад аймгийн захиргаан дээр очиход Л.Г энд ингэж мөнгө өгч болохгүй явж бай гэсэн. Удахгүй өөрийн дугаараас залгаад Жаргалан эмнэлэг дээр байна тэнд ир гэсэн. Л.Г надтай тэнд уулзахад энэ хүнд мөнгөө өгчих гээд утасны дугаар өгсний дагуу тэр хүнтэй холбогдож Монгол ардын намын байран дээр очиж тэр залууд машин дотор орж ирж цүнхтэй мөнгө авсан. Тэр үеэс хойш гэрээн дээр Л.Г гарын үсэг зурж ажил эхлэх зөвшөөрөл гарсан ...” гэх утга бүхий мэдүүлгийг /1-р хх-ийн 33-39 тал/ шүүх үнэлсэн болно.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Л.Г/ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба шүүгдэгч Л.Г-ын өмгөөлөгч Д.Баттулга, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Л.Г-ын өмгөөлөгч Д.Баттулга, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 461 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Л.Г-ын өмгөөлөгч Д.Баттулга, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ