Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2016/00119

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******т холбогдох

Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны төлбөр 424000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд 2015 онд 10 дугаар сарын 12-ны өдөр захиргааны зөрчил гаргасны улмаас ******* маркийн ******* бнх автомашин түр саатуулагдсан. ******* маркийн ******* бнх тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчилд захиргааны хариуцлага хүлээхээс зайлсхийж, мөн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийг төлөөгүй болно. Монгол улсын Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 5.3-т Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаан /байр/-нд байсан хугацааны төлбөрийг бурүутай этгээдээр төлүүлнэ, мөн 5.2-т Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үед иргэн, байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцана. Хохирлын асуудлыг гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 10 дугаар тогтоол Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны төлбөр тогтоох тухай-д Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хоногийн хураамжийг бүх тээврийн хэрэгсэлд 4000 /дөрвөн мянган/ төгрөг, мотоцикльд 2000 /хоёр мянган/ төгрөгөөр тогтоосныг тус тус үндэслэн нийт 424000 /Дөрвөн зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг нэр бүхий жолоочоор төлүүлэх шийдвэрийг гаргаж барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Би истана маркын машинаа журамлуулсан. Одоо Цагдаагийн газраас нэхэмжилж байгаа 424000 төгрөгийг 2016 оны 02 сарын 26-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч А.******* нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд өөрийн *******БНХ улсын дугаартай, истана маркын машиныг журамлуулсан, зохигч талууд энэ талаар маргаангүй байна.

Хариуцагч А.******* нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны төлбөр 424000 төгрөгийг 2016 оны 02 сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт төлөхийг зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн

8.2.1-д заасныг баримтлан хариуцагч А.******* нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны төлбөр 424000 төгрөгийг 2016 оны 02 сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт төлөхийг зөвшөөрсөн хариуцагч А.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 6685 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газар нь уг захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ