| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Гэлэгпилийн*******д холбогдох * тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12-р сарын 14-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, “*” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, * хот, * дүүрэг, * дугаар хороо, *-*тоотод оршин суух хаягтай, *овогт * РД/*-/ гэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр * аймгийн * сумын 2-р багийн нутаг “*” гэх газарт * * улсын дугаартай * маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн *ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хx-ийн 3-4-рт/
2.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлт
3.2017 он 10 дугаар сарын 30-ны өдрийн N999 дугаартай шинжээчийн дүгнэлт /хx-ийн 58-р хуудас/
4.Хохирогч *ын мэдүүлэг
5.Гэрч *ийн мэдүүлэг
6.Гэрч *ийн мэдүүлэг
7.Иргэний нэхэмжлэгч *ын мэдүүлэг
8.Шүүгдэгч *ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг сонсож шинэчлэн хэлэлцэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал: Шүүгдэгч * нь 20* оны 09 дүгээр сарын 16-ны өдөр * аймгийн * сумын 2-р багийн нутаг “*” гэх газарт * улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож чоно хөөж яваад машин онхолдон осол гаргасны улмаас иргэн *ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
1.Хохирогч *ын өгсөн:* манай газар дээр хүмүүс зөвшөөрөлгүй хадлан хадаад байна. Тэрийг очиж үзэх үү гээд өөрийнхөө ланд-100 машиныг унаад би хажууд нь сууж, *ард суугаад *т явсан. Бид 3 зөвшөөрөлгүй хадлан хийгээд байна гэсэн газар очиж үзэхэд ямар ч хүн байгаагүй ба гэр байсан. Тэгэхээр нь за за буцъя гээд замдаа явж байтал машины гэрэлд хар, саарал өнгийн 3 чоно харагдаж * дайраад алчихъя гэхээр нь би болохгүй гэж хэлсэн. Тухайн үед * машинаа бариад чононы араас явах үед нэг жалга руу яваад орчихсон. Эхний удаад жижиг жалгаар гараад дараа нь арай гүнзгий жалгаар гарах үед өгсөхдөө хүч алдаад өнхөрчихсөн...гэх мэдүүлэг,
Миний бие шүүх хуралд оролцох боломжгүй байна. Намайг оролцуулахгүйгээр шүүх хурал хийхэд татгалзах зүйлгүй,******* нь миний эмчилгээний зардал төлсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,*******д оногдох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт /хx-ийн 15-17, 61-62, 63-р хуудас/
2.Гэрч *гийн өгсөн ...2017 оны 9 сарын 15 ны өдөр би ажлаа тарчихаад Мангиртад өөрийнхөө бригад дээр очоод байж байгаад Мангиртын урд аманд гадны хүмүүс хадлан хийгээд байна гэхээр нь очиж үзэх санаатай *ын Ланд-100 маркийн * УНИ машинтай, * ах жолоочийн хажууд би ард суугаад бид 3 мангиртын аманд очиход ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд буцаж явах замдаа ганц нэг дорго таарч магадгүй гээд гэрэл тусгаад явсан. Гэтэл гөлгөн чонотой таараад араас нь хөөж байгаад жалга руу уруудаж ороод дээшээ өгсөхөд бидний сууж явсан машин маань өнхөрчихсөн. Би буугаад бригад руу явж машин аваад буцаж очиж *ах 2-г аваад Дархан-Уул аймгийн эмнэлэгийг сайн гэж бодоод шууд явсан... гэх мэдүүлэг /хx-ийн 18-19-р хуудас/
3.Гэрч *ийн өгсөн... 2017 оны 9 сарын 15 ны орой бид нар вагончикт хоол идэх үеэр * ирсэн ба бид хоолоо идчихээд * бид нар муушиг тоглосон. Биднийг тоглож байхад * ирсэн. Бид 1 цаг гаруй тоглоод би унтсан. Тэгээд намайг унтаж байхад үүрээр *н ирээд ахаа машин уначихлаа Энхбат ах бие нь муу байна хамт яваад өгөөч гэсэн. Тэгээд машин унасан газар очиход Энхбат ёолсон хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хx-ийн 10-11-р хуудас/
4.Иргэний нэхэмжлэгч *ын өгсөн:...* тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэр байгаа боловч 2017 оны хавар би машинаа Сэлэнгэ аймгийн орхон сумын иргэн * гэдэг залууд 38,0 сая төгрөгөөр зарсан. Одоо тухайн тээврийн хэрэгсэл *н эзэмшлийнх юм. Надад гомдол санал нэхэмжлэx зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хx-ийн 64-66-р хуудас/
5.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.*н биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, гэмтлийн дараах элэгний хавдарын задрал, хэвлийн хөндий дэхь цус алдалт, хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт,
6. 2017 он 10 дугаар сарын 30-ны өдрийн N999 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Тоёото-Ланд Круйзер маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан * нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж дүгнэв гэсэн дүгнэлт
Шүүгдэгч *ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр цаг нилээн орой болсон байсан. Манай хуваарьтай хадлангийн газар октябрын иргэдээс зөвшөөрөлгүй хадлангийн гэр орж ирээд буучихсан байсан. Хоёр, гурван өдрийн өмнө бид нар иргэдтэй тааралдаад хадлан хийж байгаа хэсэгтээ хяналт тавьж байсан. Оройн цагаар иргэд орж ирж хадлан хийгээд байна гэж байсан учраас бид нар орой очиж үзсэн. Бид нарыг очиж үзэхэд юмнуудаа аваад явчихсан эзэнгүй гэрүүд нь байсан. Бид буцаж явах замдаа чонотой таараад араас нь хоёр гурван жалга дамжуулж хөөж байгаад жалга руу орохдоо жалгын цаад тал огцом налуу ихтэй цаашаа гарах боломжгүй байсныг сайн ажиглаж чадахгүй жалга руу ороод машин хүч алдаад онхолдсон гэж ойлгож байгаа. Тэр үед * ахын биед гэмтэл учирсан.* бригад руу гүйж машин авчирч Дархан-Уул аймгийн эмнэлэг руу яаралтайгаар явсан. * ахын амь нас, эрүүл мэндэд нь хүндрэл учруулсандаа миний зүгээс гэмшиж байгаа. *ыг эмчлэх асуудал дээр анхаарал тавьж “Сонгодо” эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Би эмчилгээтэй холбоотой зардлуудыг бүгдийг нь хариуцсан. Эмчилгээний зардал нийлбэр дүнгээрээ 22 сая орчим төгрөг болсон. Одоо * ахын биеийн байдал сайжирсан босч явж байгаа. Хэргээс өмнө болон хэргийн дараа хохирогч бид хоёрын харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Өмнө нь ах дүүсийн хэмжээнд сайн харилцаатай байсан одоо ч тийм харилцаатай байгаа гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.
Прокуророос *ын үйлдсэн гэмт хэргийг авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлснийг мөн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн N999 дугаартай шинжээчийн “Тоёото-Ланд Круйзер маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан *нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж дүгнэв” гэсэн дүгнэлт тус тус хуулийн үндэслэлгүй, *ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж шүүх үзлээ. Үндэслэл нь:
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д болон Замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.4-д “Зам гэж тээврийн хэрэгсэлээр зорчиход зориулсан зурвас газрыг, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” гэж Зам тээврийн осол гэж “Зам дээр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд * нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн үр тарианы бригадаас буцаж явах замдаа чонотой таараад хоёр гурван жалга дамжуулж хөөж байгаад жалга руу орохдоо жалгын цаад тал огцом налуу ихтэй цаашаа гарах боломжгүй байсныг сайн ажиглаж чадахгүй жалга руу ороод машин хүч алдаад онхолдсоны улмаас машинд хамт зорчиж явсан *ын биед хүнд гэмтэл учирчээ. Дээрх автомашин онхолдсон газар нь хуульд “зам” гэж тодорхойлсон заасан зурвас газар биш уулын жалга байх ба “зам” дээр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөс үүдэн гарсан зам тээврийн осолд хамаарахгүй байна гэж дүгнэлээ.
Харин * нь автомашинаар чоно хөөж уул жалгаар замгүй газраар давхиж өөрийн үйлдлийн аюултай байдлыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэж байсан боловч энэ хохирол хор уршигыг гаргахгүй гэж тооцон хөнгөмсөгөөр найдаж болгоомжгүй хандсанаас автомашин жалга мөргөн онхолдож автомашинд зорчиж явсан иргэн *ын биед хүнд хохирол учирчээ.
Иймд *ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгч *ын үйлдлийг зүйлчлэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно”гэж заасныг баримтлан Прокурорын яллах дүгнэлтэд *ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар зүйлчилсэнийг хөнгөрүүлэн өөрчилж / эрх хасах ялын хугацаа хөнгөрсөн/ Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, энэ зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.Энхбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 21 сая төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *ад хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн №* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******д буцаан олгож, *ын * дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Прокуророос*ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 гэж зүйлчлэн ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч *ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар *ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, энэ зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн № 00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг *д буцаан олгож, *ын 00000 мдугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА