Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

 

 

2023            2                01                                                 2023/ДШМ/08                       

 

 

 

                                         Н.Э-д холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Ц.Сонинмөнх

            Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1245 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот эсэргүүцэл, шүүгдэгч Н.Э-н өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Э-д холбогдох эрүүгийн 2234005450478 дугаар хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 27-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 21-17 тоотод оршин суух хаягтай, одоо Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Э,

 

Н.Э нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хуучин клонк” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 8832 УВА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/А, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргаж зорчигч Э.Х-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Н.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Г.Чинзоригийн 8832 УВА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож замын хажуу руу онхолдож зорчигч Э.Х-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хуульчилсан.

 

Бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг оролцогч нарын амаар таамаглах тогтоох боломжгүй бөгөөд ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн зохицуулалт алдагдах тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хуульд заасан журмын дагуу тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзнэ.

 

Гэтэл шүүгдэгч Н.Э-гийн унаж явсан иргэн Г.Чинзоригийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргаагүй нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоогоогүй, мөрдөгч, хяналтын прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй гэж үзнэ.

 

Мөн шүүгдэгч Н.Э урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд уг ял биелсэн эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичсэн 01 тоот эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамж үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 

Үүнд: Анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэснийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад зам тээврийн ослын улмаас эвдэрсэн гэх Портер маркийн 8832 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг гаргуулахаар шинжээч томилж тогтоолыг танилцуулсан боловч, иргэний нэхэмжлэгч Г.Чинзориг нь “...тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй үнэлгээ гаргуулахгүй...” гэх агуулга бүхий хүсэлтийг тогтоолд дурдсанаар дүгнэлт гаргаагүй нөхцөл байдал тогтоогдсон.

 

Мөн гэмт хэргийн улмаас тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь Эрүүгиин хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байх тул дээрх ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.Э Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар хуульчлагдсан байх бөгөөд шүүгдэгчийн өмнөх ялаа эдэлж дууссан эсэх талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй нь шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гарахад сөрөгөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэхээргүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч Н.Э-гийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн байдлыг хүндрүүлж байна.

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Лхагвабаяр нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х.Портер маркийн 8832 УВА улсын дугаар тээврийн хэрэгсэлд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг иргэний нэхэмжлэгч Д.Ширнэнд танилцуулахад “...тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй, санал гомдолгүй, үнэлгээ хийлгэхээс татгалзаж байна...” гэж өөрийн гараар уг тогтоолын ард бичсэн байна. Уг тээврийн хэрэгсэл иргэн Г.Чинзоригийн эзэмшилд байдаггүй.

 

Осол болсноос хойш иргэн Г.Чинзориг, Д.Ширнэн нар нь өөрийн эзэмшлийн Х.Портер маркийн 8832 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг засаж янзлаад одоо өөрсдийн хэрэгцээндээ унаж, ашиглаж байгаа болно.

 

Н.Э урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байгаа, энэ үйлдэл нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамрагдах боломжтой боловч Н.Э нь тухайн үедээ Увс аймагтаа нийтэд тустай ажил хийх ялаа эдлэж дуусгасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдварлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзвэл шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж заасан байдаг бөгөөд хуульд заасан 5 нөхцөл өмгөөлөгчийн зүгээс бүгд хангагдсан гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу Н.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Уг зам тээврийн осол болох үед Н.Э-гийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн эзэн нь машинаа үнэлүүлэхгүй хэмээн бичсэн байгааг анхаарч үзнэ үү. Мөн түүний өмнө нь шүүхээр шийтгүүлсэн ялаа эдэлж дууссан эсэх нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Э-гийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Н.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлүүд хангагдсан учир шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Н.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог ба, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох үүрэгтэй.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг тухайн хэрэгт “Иргэний нэхэмжлэгчээр” тогтоогдсон 8832 УВА Porter маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Ширнэнд танилцуулахад тэрээр “...тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргах шаардлага байхгүй, санал гомдолгүй, үнэлгээ хийлгэхээс татгалзаж байна...” хэмээн хүсэлт гаргасан байх ба мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...тээврийн хэрэгслийн кабин, тэвш, аравч нь хэлбэр дүрсээ алдсан, хойд талын давхар дугуй салсан. Би тээврийн хэрэгсэлдээ эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэхгүй...” хэмээн мэдүүлсэн байна.

 

Дээрхээс дүгнэн үзвэл Н.Эгийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөрийн авто машиныг үнэлүүлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, энэ нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байхад шүүхээс заавал үнэлгээ хийлгэх нь зүйтэй гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор[1] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн нь тогтоогдсон.

 

Шүүхээс дээрх шийтгэх тогтоол биелэгдсэн эсэх нь тодорхой бус гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл уг ял биелэгдсэн эсэхээс үл хамааран шүүхээс шүүгдэгч Н.Э-гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахад нөлөөлөхөөргүй байна.

 

Мөн шүүгдэгч Н.Э нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй бол уг ялыг нь нөхөн эдлүүлэх эсэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудал ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайн хэсгүүдийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлага үүссэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх, эсхүл прокурорт буцаах хууль зүйн боломжгүй тул дээрх зөрчлийг нь дурдан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Харин шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах...” гэж заасны дагуу прокурорт буцаах эрхтэй бөгөөд үүнийг мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1245 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       З.ТҮВШИНТӨГС

 

                       ШҮҮГЧИД                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ     

 

                                                                                    М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 106-112-р тал