Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/05720

 

2024 11 19 184/ШШ2024/05720

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК хаягт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тахилт 6 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

84,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч буй иргэнд cap бүр олгох асаргааны мөнгөн тэтгэмж авч байсан иргэн нь Засгийн газрын 2021 оны 362 дугаар тогтоолын хавсралт "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам"-ын 8 дугаар зүйлийн 8.8 дах заалт Тэтгэвэр, тэтгэмж авагч нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн, асруулагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан иргэн энэ тухай аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ гэж заасны дагуу байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байсан иргэн ******* ******* /РД:*******/ нь асруулагч иргэн Вандангийн Мядагмаагийн нас барсан тухай тэмдэглэлийг хийлгүүлээгүйн улмаас илүү орсон 84,500 төгрөгийг эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 84,500 төгрөгийг 2024.12.01-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Ц.*******ад холбогдуулан 84,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 84,500 төгрөгийг 2024.12.01-ний өдөр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024.10.28-ны өдрийн 1724 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь төлөөлүүлэх эрхээ Б.Байгалмаад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул зохигчдын эвлэрсэн 84,500 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тал хувь 2,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 751-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Ц.*******ад холбогдох 84,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 84,500 төгрөгийг 2024.12.01-ний өдөр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул зохигчдын эвлэрсэн 84,500 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 2,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН