Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 000038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л холбогдох эрүүгийн 1725000000129 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, эцгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Г Л

Шүүгдэгч Г.Л нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт Т.Б Самсунг галакси С-3 маркийн гар утсыг хүнтэй утсаар ярьчихаад өгнө гэж хуурч залилсан, Мөн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шинэ тосгоны 2 27-01тоот хашааны гадаа Н.Э-ын гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө гэж хуурч залилан авсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Г.Л нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Т.Бэс “ах нь утсаар ярвчихаад өгье, чи ороод хүүхэд дуудаад ир” гэж явуулаад Самсунг галакси С-3 маркийн гар утсыг нь авч үлдээд гарч ирэхэд нь явсан байсан, мөн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шинэ тосгоны 2 27-01тоот хашааны гадаа Н.Эын гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө” гэж хэлж аваад өгөөгүй байна.

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн нотлох баримтаар:

       -Насанд хүрээгүй хохирогч Д.Б....... “ Энэ хэрэг болсон өдөр намайг сургууль дээрээ байхад Миний танил Л ах над руу утсаар яриад миний дүү сургуулийнхаа гадаа гараад ирээч гэсэн. Гараад иртэл сургуулийн гадаа О Л ах хоёр байсан. Тэгээд намайг яваад очсон чинь О ах явлаа гээд явсан. Тэгээд Л ах надад миний дүү ахдаа “Систем” компьютер тоглоомын газраас нэг хүүхэд дуудаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тус тоглоомын газар руу Л ахтай цуг явсан. Тийшээ ойртож явахдаа Л ах миний дүү гар утсаа өгч байгаач ах нь хүнтэй устаар яриад өгье гэсэн. Тэгээд намайг тоглоомын газар ороод П гэдэг хүүхдийг дуудаад ир гэсэн. Би танихгүй ш дээ гэсэн чинь 28 эсвэл 29 дүгээр компьютер дээр сууж байгаа гэсэн. Би тэгээд нөгөө П гэдэг хүүхдийг дуудахаар явсан. Л ах тоглоомын газрын гадаа үлдсэн. Намайг ороход 28, 29 дүгээр компьютер дээр хүн байхгүй байсан. Гадаар ирсэн чинь Л ах байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад гомдол гаргаж Л ахыг зааж өгч бариулсан. Миний утас улаан өнгийн гэртэй шар өнгийн Самсунг Галакси С3 маркийн утас байсан. Би 2017 оны 08 сард “Тэди” дээрээс худалдан авч байсан. ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/

-Гэрч П.Ш ... “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байхад 14 цагийн орчим үл таних хоёр залуу орж ирээд гар утас барьцаанд авах уу гэхээр нь ямар утас юм бэ гэсэн Самсунг Галакси С3 маркийн гар утас гэсэн. Тэгэхээр нь авна гэсэн чинь аваад ирье гээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө хоёр залуу ирээд гадна талаараа хар өнгийн гэртэй  Самсунг Галакси С3 маркийн гар утас 7 хоногийн хугацаатай 60 000 төгрөгөнд тавиад явсан. Гэтэл тухайн гар утас нь гэмт хэргийн замаар олдсон эд байсан юм байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ мөн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Г овогтой Л миний хохирлыг барагдууллаа миний зүгээс санал гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/

-Гэрч Ц.Оын ...Энэ хэрэг болсон өдөр Л бид 2 уулзаж дэмий байж байхаар Улаанбаатар хот явж ажил хийх гэж ярьж байсан юм. Би манай хуурай дүү нараас зарим нь надад утсаа өгнө, би тэгээд мөнгөтэй болно гэж ярьсан чинь Л би ч гэсэн хуурай дүүгээсээ гар утсыг нь авна гэсэн. Тэгээд бид хоёр тосгоноос хотын төв рүү орсон. Урт цагааны орчим буугаад Л намайг байж бай гээд салаад явсан. Би урт цагаанд Лыг хүлээгээд байж байсан чинь Л удаагүй иргээд ирсэн. Ирэхдээ Самсунг Галакси С3 маркийн гар утас авч ирээд ломбарданд тавьж мөнгө болгох гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь хэний утас юм бэ гэсэн чинь хуурай дүүгээсээ авсан юм гэсэн. Тэгээд бид хоёр урт цагааны ломбард руу ороод би өөрөө бичиг баримтгүй байсан учир гуйж байгаад найзынхаа нэрийг хэлээд нөгөө гар утсаа 60 000 төгрөгөнд тавьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

-Далайван аудит ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн утас 150 000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/

          -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29-31, 87-91-р хуудас/

-2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/18 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 59-р хуудас /

-Хохирогч Н.Эын ....”2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Дэнжийн 27-01 тоот гэртээ байж байхад зүс таних Л нь надаас “агаа утсаа өгч байгаач ганц ярьчихаад өгье” гэж хэлээд надаас хар өнгийн Нөт-1 маркийн  гар утсыг аваад тэр чигээрэй явсан. Би араас нь хайсан боловч Л нь олдоогүй. Тэгээд маргааш нь гэрт нь очсон боловч гэртээ байхгүй байсан. Эмээ нь өчигдөр орой гараад гэртээ ирээгүй байна гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/ ...хохирол болох 100 000 төгрөгөө авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 105 хуудас/ 

-Бан Хас” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн утас 100 000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 75-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

          Шүүгдэгч Г.Л нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Миний буруу. Үйлдлийнхээ үр дагаварыг ойлгож байгаа. Хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан” гэв.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Г.Л нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт Т.Б Самсунг галакси С-3 маркийн гар утсыг, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шинэ тосгоны 2 27-01 тоот хашааны гадаа Н.Эын гар утсыг “хүнтэй ярьчихаад өгнө” гэж хуурч залилан авсан үйл баримт нотлогдож байна.

            Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд ял сонсгож яллагдагчаар татаж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Г.Лын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Г.Л 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 18 насанд хүрээгүй байхдаа Н.Эын гар утсыг залилж авсан ба дараагийн гэмт үйлдлээ үйлдэхдээ 18 нас хүрсэн байсан ч, насанд хүрээгүй байхдаа эхэлсэн үргэлжилсэн санаа зорилгоор энэ хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг баримтлах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

             Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд оногдох эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй.

          Шүүх түүний хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С овгийн Г-ын Л-ыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Л оногдуулсан ялыг өдөрт 3 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

 

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ын цагдан хоригдсон 52 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн тооцож эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ