Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

 

2023             2             01                                                      2023/ДШМ/09  

 

Ө.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор М.Хэрлэнчимэг

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1292 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот эсэргүүцлээр Ө.М-д холбогдох эрүүгийн 2234000000535 дугаар хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Борнуур сумын “Бичигт” 3 дугаар баг, 400-13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй, М,

 

Ө.М нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Буурлын өвөр” гэх газраас 2021 оны 8 дугаар сарын сүүлчээр С.А-ын эзэмшлийн эвэртэй зуузай тамгатай, хээр буурал зүсмийн шүдлэн байдсыг бэлчээрээс нь хулгайлж бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Ө.М нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чаддаггүй талаар тайлбарласан бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т заасан “Монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй...” гэж заасныг зөрчсөн.

 

2. Улсын яллагч шүүгдэгч Ө.М-г 2021 оны 8 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Буурлын өвөр гэх газраас бэлчээрт байсан С.А-ын эзэмшлийн нэг тооны адууг хууль бусаар авсан гэх үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн баримтаар шүүгдэгч Ө.М нь бусдын малыг авахдаа Портер маркийн тээврийн хэрэгслээр авсан болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

 

Тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоогоогүй ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байх тул бусдын эд хөрөнгийг ачиж тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, үнэлгээг гаргуулах шаардлагатай гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Хэрлэнчимэг 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн 03 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокуророос Ө.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

Анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэснийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ө.Мгийн мэдүүлэгт мөрдөгч “...та уншиж бичиж чадах уу, хэддүгээр анги төгссөн эсэх...” гэсэн асуултад Ө.М би уншиж, бичиж чадна. Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар анги төгссөн” гэж мэдүүлсэн. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад Ө.М өөрийн гарын үсгийг зурсан зэргээс дүгнэхэд Ө.М нь Монгол хэл, бичиг мэддэг болох нь нотлогдож байна.

 

Түүнчлэн гэрч Г.Цэрэнчунтын “...Ө.М гэх залуу хүрэн азаргатай 10 гаран тооны адуу туучихсан явж байсан. Би Ө.М гэх залуу дээр очоод юу хийж яваа талаар асуутал энэ адуун дотор байгаа хазаартай хээр буурал зүсмийн бага адууг барих гээд барьж чадахгүй байна, чи цуг хашилцаад өгчих гэж хэлсэн. Тэгээд манай өвсний хашаан дээр очиж тухайн хүрэн азаргатай адууг хашаад тэр дотроос хазаартай хээр буурал зүсмийн бага адууг барьж аваад худгийн хажуу талын шонгоос уячхаад мотоциклио унаад яваад өгсөн. Шөнө 22 цагийн үед Ө.М цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирээд тухайн буурал зүсмийн бага адууг нядлаад аваад явсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ө.М нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэх нөхцөл тогтоогдоогүй байна. Мөн яллагдагч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь давхар нотолж байна.

 

Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Ө.М нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа адууны махыг өөр газар руу тээвэрлэхдээ Бонго маркийн тээврийн хэрэгслээр авч явж гэмт хэрэг үйлдсэний дараа машин, механизм ашигласан нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулж битүүмжлэх ажиллагаа хийлгүүлэхээр шүүхийн шийдвэрт заасныг хүлээн авч хангах боломжгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн үндэслэл тус бүрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэн үзэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

 

Учир нь: Ө.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...3 дугаар анги төгссөн...” хэмээн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг[1], прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан гэх хүсэлт[2], анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаан даргалагчаас “...шүүгдэгч бичиг, үсэг мэддэг үү...” хэмээн асуухад улсын яллагч “...уншиж чаддаг, бичихдээ тааруу гэсэн...” гэх хариулт зэргээс үзвэл мөрдөн шалгах болон прокурорын шатанд түүний хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх үндэслэлд дурдагдсан Монгол хэл, бичиг мэдэхгүй хүнийг өмгөөлөгчгүйгээр яллагдагчаар татан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн гэх хэсэг нь үндэслэл бүхий зөв болсон байна.

 

Мөн бага, дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Бага боловсрлыг 5 жилд эзэмшүүлнэ” гэж заасан байдгийг анхаарвал зохино.

 

Харин шүүгчийн захирамжид Ө.М нь хохирогч С.А-ын эзэмшлийн хээр буурал зүсмийн шүдлэн байдсыг хулгайлан авсны дараа нядлан махыг нь зөөвөрлөх зорилгоор унаж ирсэн гэх авто машиныг битүүмжлэн, үнэлүүлэхээр дурдсан үндэслэл муутай болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээдийн бусдын эзэмшлийн малыг хууль бус аргаар бэлчээрээс болон бусад газраас хулгайлан авч өөрийн эзэмшилдээ бүрэн шилжүүлэн захиран зарцуулахаар авсан үеэс уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Гэрч Г.Цэрэнчунтын мэдүүлгээс[3] үзвэл Ө.М нь мотоциклоор хохирогчийн 10 гаран тооны адууг тууж бусдын өвсний хашаанд хашиж хээр буурал зүсмийн адууг барьж шонгоос уясан үеэс уг гэмт хэрэг төгссөн байна.   

 

Дээрхээс дүгнэн үзвэл Ө.М нь уг гэмт хэргийг үйлдэхдээ мотоцикл ашиглан үйлдсэн байж болзошгүй байх бөгөөд энэ нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн байгааг прокуророос анхаарч үзэхгүйгээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж үзэхээр байх тул шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр өөрчилж, холбогдох ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэргийн 32-33-р талд авагдсан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/320 тоот “Үнэлгээний тайлан”-г нотлох баримтаар тооцон үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх хэсэг болон магадлалд дурдсан үндэслэлүүдээр Ө.М-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.   

 

Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ч шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах эрхтэй бөгөөд үүнийг нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1292 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ТҮВШИНТӨГС

 

                       ШҮҮГЧИД                                                        Ц.ОТГОНЦЭЦЭГ     

 

                                                                                                М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 42-р тал

[2] хх-ийн 66-р тал

[3] хх-ийн 19-р тал