Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/05874

 

2024 11 25 184/ШШ2024/05874

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК хаягт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Өнөр хороолол ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: 84,500 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч А.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Балжинням нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч А.*******ад холбогдуулан 84,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Засгийн газрын 2021 оны дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам-ын 8.8-д Тэтгэвэр, тэтгэмж авагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан байсан иргэн энэ тухай аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ гэж зааснаар асаргаанд байсан иргэнийг нас барсан тухай тэмдэглэл хийлгээгүйн улмаас халамжийн сангаас олгосон 84,500 төгрөгийг буцаан төлүүлнэ гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Түүний асаргаанд байсан эцэг Ч. 2022.08.24-ний өдөр нас барсан, тухайн өдрөө нас барсны гэрчилгээ авч, 2022.08.29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нартай уулзан хасалт, бүртгэл хийлгэх тухай лавлахад . . . иргэний бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгдсэн тохиолдолд бусад газруудад бүртгэл хийлгэх шаардлагагүй, хүсвэл нас барсны дараагийн сард тэтгэвэр, тэтгэмж олгогдоно. . . гэсний дагуу хүсэлт гаргаж, дараагийн сарын тэтгэвэр, тэтгэмжийг авсан гэжээ

3. Талууд талийгаач Ч.******* нас барсны бүртгэл 2022.08.24-ний өдөр хийгдсэн, хариуцагч А.*******ад 2022.09.15-ны өдөр асаргааны тэтгэмжид 84,500 төгрөг олгогдсон, талуудын хооронд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд нас барсны бүртгэлийн гэрчилгээ, тэтгэмжийн цахим бүртгэл, гэрээ, банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 10-11, 21, 25 дугаар тал/

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан Засгийн газрын 2021 оны дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам-ын 8.8-т . . . асруулагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан иргэн энэ тухай аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ. гэснийг хэрэгжүүлээгүй хэмээн хариуцагчийг буруутгасан нь учир дутагдалтай.

Нийгмийн халамжийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан дээрх журам нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан нийгмийн халамжийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой хэм хэмжээ юм.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам-ын 8.4, 8.5-д улсын бүртгэлийн байгууллага иргэний бүртгэл шинэчлэгдсэн мэдээллийг тухай бүр, нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн эсэх мэдээллийг сар бүрийн 8-ны өдрийн дотор тус тус нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж байхаар заасан байх тул асаргааны тэтгэмж авах эрх дуусгавар болсон эсэхийг хянах бүрэн боломжтой байжээ.

5. Хэдийгээр тэтгэмжийг илүү олгосон явдалд хариуцагчийн үйлдлээс шалтгаалаагүй ч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон ч хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

6. Иймд хариуцагч А.*******аас 84,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч А.*******аас 84,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН