Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Х.Нарангуа,

Хохирогч Я.Б, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал ҮД:0236

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг ҮД:0446 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цийн Бд холбогдох 1708021540363 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар  сарын 01-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоогийн ...тоотод оршин суух,

2012 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 02 жилий хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Цийн Б /РД: .../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд. /Улсын яллагчийн саналаар/

            1.1.Хохирогч Я.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б гэгчтэй танилцсан. Б хөдөө хамт явж өвс тээвэрлэх жолооч хэрэгтэй байна гэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Бтай ярьж тохиролцоод Сүхбаатар аймаг хуу 1 рейс нь 200,000 төгрөгөөр тохиролцоод шууд өвс тээвэрлэн хөдөө явсан. 11-12 хоног явсан ба 2 рейс хийсэн гэж ойлгоод 400,000 төгрөг авахыг хүссэн. Тэгтэл Б эхлээд 100,000 төгрөг өгсөн. Мөн замдаа хэрэглэсэн хоол унданд 60,000 төгрөг хэрэглэснээр тооцно гэсэн. Б одоо 40,000 төгрөг л өгнө гээд байсан. Би Бгаас 100,000 төгрөг өгчих тэгээд хэрүүл маргаанаа больё гэж хэлэхэд үгүй гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хэсэг хугацаанд чимээгүй болсон. Тэгсэн 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед ээжийндээ иртэл Бг онгирч байгаад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бтай уулзах гээд түүний гэрт очиход Б, түүний эхнэр, хүүхдүүд мөн 1 танихгүй залуу байсан. Би Бд хандаж яах гээд эхнэр хэл амаар доромжлоод байгаа юм гэхэд Бгийн эхнэр гэрээс гар гар гэхээр нь гарсан. Бтай хашаанд уулзаад зогсож байтал гэнэт ухаан алдсан. Б над руу ална тална гээд дайраад байсныг санаж байна. Нэг ухаан ороход гудамжинд хашаа налаад явж байсан. Б намайг цохиж унагаад хашаанаас гаргачихсан юм шиг байна лээ. Би сайн санахгүй байна. ...би гомдолтой байна. Миний бие одоогийн байдлаар 400,000 төгрөг эмчилгээнд зарцуулсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. хавдар буугаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,

 

1.2.Хохирогч Я.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирэхэд ээж Б найзтайгаа манайд ирээд танай хүүхэд хаана байна, овоо бацаан, алаад өгнө гэж хэлээд гараад явсан гэсэн. Улаанбаатар хотоос Сүхбаатар орно гээд 200,000 төгрөгөөр тохироод цаашаа Дорнод аймаг хүртэл явсан. Өвс байхгүй гээд хэд хоносон. Өвсөө арай гэж ачаад 8 хоноод хотод ирсэн, надад хөлсийг дараа нь өгнө гэж хэлсэн. Дараа нь Төв аймгийн Эрдэнэсантад өвсийг нь хүргэж өгсөн. Нийт 2 удаа явсан боловч 1 удаа явсан гээд маргаан гарсан. Тухайн өдөр би гэрт нь орилж чарлаад орсон зүйл байхгүй. Б 1 найзтайгаа архи уугаад сууж байсан, хоол хийсэн зүйл байгаагүй. Би Б ахаа та адилхан эхнэр хүүхэдтэй байж хүний эхнэрийг доромжилж болохгүй гэж хэлсэн. Сүүлдээ маргалдаж эхлэхэд эхнэр нь намайг Г гэдэг хүнтэй хамт гэрээсээ гаргасан. Би гадаа Гтай юм яриад зогсож байхад намайг нэг юмаар цохиод унагасан. Би ухаан алдаж, ой санамжгүй болж эхнэрийнхээ утсыг нь мэдэхгүй байсан. Эхнэр дээрээ ирээд хачин хачин зүйл ярьж байсан гэсэн. Намайг гараараа цохиогүй, би хоол асгаагүй, намайг эмнэлэгт эргэж ирээгүй. Миний нүднээс цус гарсан, хоёр нүд хавдаад нүүр тэгширсэн. Энэ байдлаас болж ажил хийж чадаагүй. Нийт 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. тархины зураг 150,000 төгрөгөөр авахуулсан, эмчид 15,000 төгрөгөөр үзүүлсэн, эм тарианд 40,000 төгрөг, унааны зардал 100,000 төгрөг болсон, эмчилгээний зардал 600,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

1.3.Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны орчим Б гэх залуутай танилцсан. Би хажуу айлынхаа Б гэх залууд хөдөө ачаа ачиж явах жолооч байна уу гэхэд энэ Б гэж залуутай танилцсан. Бт хөдөө өвс тээвэрлэх ажил байна, 1 рейс нь 200,000 төгрөгний хөлстэй гэхэд Б зөвшөөрсөн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны орчим Дорнод аймаг руу ойролцоогоор 10 хоног явсан. Тэгээд Улаанбаатарт ирэхэд Б архи уугаад алга болсон. Би Бтай утсаар яриад архи уугаад яваад байх юм бол би чамтай хамт ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг удсаны дараа 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед Б манай гэрт согтуу ирсэн. Б манай гэрт ирээд надтай эр хүн шиг ярилцъя гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. Би Бтай хөдөө явж ирээд өгөх ёстой байсан 200,000 төгрөгнөөс 160,000 төгрөгийг нь өгсөн. Өгөх ёстой 40,000 төгрөг үлдсэн байсан. Тэгсэн Б олон хоног хөдөө авч явсан 40,000 төгрөг биш 100,000 төгрөг нэхсэн. Тэгээд бид 2 гэрт муудалцаад Б хийж байсан тогоотой хоолыг өшиглөсөн. Б намайг буйдан орон дээр заамдаж дараад унасан. Тэгэхээр нь би уурлаж босоод Бын нүүрэн тус газар нь 1 удаа баруун гараараа цохьсон. Намайг цохисны дараа зүүн хөмсөг орчим нь шалбарч цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 45-46 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  

1.4.Гэрч Ж.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Б ахын хамт түүний гэрт машиныхаа эд ангийг засаад байж байтал өмнө нь зүс таних Б гэх залуу гаднаас орилж чарлаад Б ахын гэрт орсон. Тэгтэл байшин дотор Б гэх залуугийн орилох чимээ гараад байсан. Байшин дотор пижигнэх чимээ гараад Б ах “...хүүхэд дээр гишгэчихлээ, бага дээрэлхээрэй ...” гээд байсан. Би үүдний амбаарт машины эд ангиа янзлаад сууж байхад байшин дотроос Б гэх залуу орилоод гарч ирээд ална, тална гээд орилсоор хашаанаас гараад явсан. Байшингийн гадаа болон хашаанд ямар нэгэн зодоон маргаан болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 х/,

 

1.5.Гэрч Г.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны  өдөр гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал Б согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд “...чи яасан том юм...” гээд Бгийн хувцаснаас заамдаад цээж рүү нь цохисон, Б Быг зөрүүлээд гараараа цохих шиг болсон, хаашаа нь цохисныг хараагүй. Тэгтэл манай гэрт ирсэн танихгүй залуу тэр 2-ын голоор орж салгасан. Би тэр үед хоол хийх гээд бэлдэж байсан. Тэгсэн Б хажуудаа байсан ширээг өргөж авч шидсэн. Ширээн дээр байсан зүйлс шалаар нэг асгарч эмх замбараагүй болсон. Тэгэхээр нь Быг гэрээс гар гээд хөөгөөд гаргасан. Быг гарахад Б гэртээ байсан. Б гараад хаашаа явсныг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 х/,

 

1.6.Шинжээчийн 13260 тоот дүгнэлт

1.Я.Бын биед тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, баруун хацрыг хамарсан цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны цус харвалт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг учирал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүрний баруун хэсгийн цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, тархи доргилт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун өгзөгний цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 37 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Хорооны засаг даргын тодорхойлолт /хх 47 х/,

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50 х/

2.3. Ц.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56 х/

2.4.Шүүгдэгчийн банкны зээлийн баримтууд /хх 70-76 х/

2.5.Шүүгдэгч Ц.Бгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 102 х/,

2.6.Шүүгдэгч Ц.Бгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 103-104 х/,

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирлын баримтууд /хх 21-24 х/,

3.2.Хохирлын баримтууд /хх 106-120 х/,

3.3.Хохирлын төлбөрт 158,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 105 х/,

3.4.Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 98 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Гэм буруугийн талаар.

Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн ...тоот гэртээ хохирогч Я.Бтай ажлын хөлснөөс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “нүүрний баруун хэсгийн цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, тархи доргилт бүхий” хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Я.Бын “... Бтай уулзах гээд түүний гэрт очиход Б, түүний эхнэр, хүүхдүүд мөн 1 танихгүй залуу байсан. Би Бд хандаж яах гээд эхнэр хэл амаар доромжлоод байгаа юм гэхэд Бгийн эхнэр гэрээс гар гар гэхээр нь гарсан. Бтай хашаанд уулзаад зогсож байтал гэнэт ухаан алдсан. Б над руу ална тална гээд дайраад байсныг санаж байна. Нэг ухаан ороход гудамжинд хашаа налаад явж байсан. Б намайг цохиж унагаад хашаанаас гаргачихсан юм шиг байна лээ. Би сайн санахгүй байна. ...би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/, 

 

Шүүгдэгч Ц.Бгийн “... би уурлаж босоод Бын нүүрэн тус газар нь 1 удаа баруун гараараа цохьсон. Намайг цохисны дараа зүүн хөмсөг орчим нь шалбарч цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 45-46 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Гэрч Г.Нандинцэцэгийн“...2017 оны 10 дугаар сарын 15-ны  өдөр гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал Б согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд “...чи яасан том юм...” гээд Бгийн хувцаснаас заамдаад цээж рүү нь цохисон, Б Быг зөрүүлээд гараараа цохих шиг болсон, хаашаа нь цохисныг хараагүй. Тэгтэл манай гэрт ирсэн танихгүй залуу тэр 2-ын голоор орж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 х/

 

Шинжээчийн 13260 тоот дүгнэлт

1.Я.Бын биед тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, баруун хацрыг хамарсан цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны цус харвалт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг учирал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүрний баруун хэсгийн цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, тархи доргилт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун өгзөгний цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 37 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Ж.Батгэрэл /хамт ажилладаг хүн/-ээс гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан журмуудад нийцэж байгаа боловч гэрч Ж.Батгэрэл /хх-ийн 34-36 х/ нь хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өөрийн харсан зүйл байхгүй, гаднаас сонссон зүйлийнхээ талаар мэдүүлсэн гэдэг бөгөөд хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байгаа, гэрчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэрч Ж.Батгэрэлийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй.

 

Харин шүүгдэгчийн “... би нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон, Намайг цохисны дараа зүүн хөмсөг орчим нь шалбарч цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг нь гэрч Г.Нандинцэцэг, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байгаа, шүүгдэгч цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас түүний дээрх мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирлын баримтууд /хх 21-24, 106-120 х/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 98 х/ зэргээр нийт 1,080,460 төгрөгийн зардлын баримтууд хэрэгт авагдсан. Үүнд:

  • Өмгөөлөгчийн хөлс 600,000 т
  • Бензиний зардал 76,000 т
  • Тархины зураг 150,000 т
  • Эмчид үзүүлсний төлбөр 15,000 т
  • Тархи доргилт гэмтлийн улмаас бариачид бариулсны төлбөр 30,000 т
  • Шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөр 8,000 т
  • Эм тарианы үнэ 25,000 т
  • Монос эмийн сангаас авсан эм тарианы зардал 176,460 т нийт 1,080,460

төгрөгийн зардал гарсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа эдгээр зардлууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой үүссэн зардлууд болно.

 

-72,800 төгрөгийн бензиний зардал нь хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө хэрэглэсэн бензиний баримтууд байгаа учраас хэрэгт хамааралгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Баримтаар тогтоогдсон зардал 1,080,460 төгрөгнөөс төлөгдсөн зардал болох 158,000 төгрөгийг хасч үлдэх 922,460 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож хохирогч Я.Б нь бусад зардлын болон цаашид хийгдэх шинжилгээ, эмчилгээтэй холбоотой зардлуудын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

             Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Ц.Бд холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

 

             Ял шийтгэлийн талаар.

             Ц.Бгийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

             Ц.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оноож, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн.

              Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Цийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц.Бд үүрэг  болгосугай.

 

   4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Бгаас 922,460 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 43-1б тоотод оршин суух Боль овогт Ядамсүрэнгийн Б /РД:ЦЕ81110615/-т олгож, уг хохирлыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгож, иргэний нэхэмжлэлээс 72,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч бусад зардлын болон цаашид хийгдэх шинжилгээ, эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Ц.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ