Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

 

 

  2023             02          13                                                    2023/ДШМ/12

 

О.Л-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Одгэрэл

                        Хохирогч Ж.С /цахим сүлжээгээр/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Лт холбогдох эрүүгийн 2234002490345 дугаар хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Монгол улсын иргэн, Л, 1991 оны 9 дүгээр сарын 04-нд Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, том тээврийн хэрэгслийн жолооч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баянхангай сум Найрамдал 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй,

 

  О.Л нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан хөтөл” гэх газар Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай замд 3337 УНИ улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3 “эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж 0544 СЭА, 0942 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, 0544 СЭА улсын дугаартай “Алион” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.О, зорчигч Ж.С, О.И нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Г, О.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Э.О-гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас О.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч О.Л-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Л-оос 8.594.163 төгрөг гаргуулж хохирогч Ж.Сд, 3.498.548 төгрөгийг хохирогч Ч.А-д,  40.779.035 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од тус тус олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Л-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа үеэс хугацааг тоолж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Л гаргасан давж заалдах гомдолдоо: Гэм буруугийн болон ял шийтгэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхээс хохирол төлбөрт Ж.Сд 8.594.163 төгрөг, Ч.Анандад 3.498.548 төгрөг, Х.Од 40.779.035 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаж байна.

Би Х.Од 29.600.000 төгрөг, Ж.Сд 6.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.А-д 18.000.000 төгрөг, нийт 54.100.000 төгрөг төлсөн. Гэтэл хохирогч нарын гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй,  нийгмийн даатгалаас төлөгдчихсөн төлбөрийг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит биш хэт өндөр төлбөр төлөх, эрх зүйн байдлын хувьд хугацаанаас өмнө магадланд орох зэрэг асуудалд нөлөөлөх үр дагавартай байна.

Жишээ нь: хохирогч Ж.С-гийн хагалгаа нь Эрүүл мэндийн даатгалаас төлөгддөг. Мөн гэмтлийн өрөөний төлбөр болон зарим эмчилгээ баримтгүй, Ч.Анандын хувьд гэмтэл гараагүй байхад цаг хугацааны хувьд сүүлд гарсан хамааралгүй үзлэг, эм тарианы төлбөр гаргуулсан. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтын шаардлага хангасан, нотлогдон тогтоогдсон гаргавал зохих хохирол төлбөрүүдийг төлөх байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднаанямбуу /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч О.Л нь гэм буруугийн талаар болон шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн талаар гомдол гаргаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Харин шүүх хохирогч Ж.Сд 6.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөрийг оруулан тооцсон. Гэтэл уг мөнгийг Эрүүл мэндийн даатгалын газар О.Лоос хуулийн дагуу дахин шаардах болно. Мөн шинжээчийн дүгнэлтээр Ч.Анандын эрүүл мэндэд ямар ч хохирол учраагүй гэсэн байхад эмчилгээний зардалд 3.498.548 төгрөг гаргуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд хохирлоос хасч тооцож өгнө үү. Мөн О.Л Ч.Анандад машины хохирол гэж 18,000,000 төгрөгийг хууль зүйн зөвлөгөө авахгүйгээр өгсөн байсан. Харин О.Л талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Х.Од 40.779.035 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийн хувьд маргахгүй гэснийг уламжилж байна гэв.

 

Хохирогч Ж.С /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Лын үйлдлийн улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учирч олон сар хэвтэрт хүний асаргаанд байна. О.Л бусдын эд материалд учруулсан хохирлыг барагдуулсан атлаа хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоо барагдуулах сэтгэлгүй байна. Би дахин хагалгаанд орох ёстой учир хохирлыг хурдан барагдуулж өгнө үү. Миний хувьд эмчилгээ болон бусад зардалд нийт 14.068.277 төгрөг шаардсан. Үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөр орсон байсан. Анхан шатны шүүх дээрх зардлаас хасаж тооцон 8.594.163 төгрөг гаргуулсан. Маш их гомдолтой, цаашид гаргах зардлаа нэхэмжлэх болно гэв.

  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Л-т оногдуулсан ял, шийтгэл тохирсон. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэмжээнд хохирол төлбөрийг тооцон шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгохооор шийдвэрлэсэн байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлт гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч О.Л-т холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

1.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгсөн ба шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн зохих заалтуудын утга найруулагыг хуульд нийцүүлэх, эрүүгийн хэргийн улмаас хохирсон хохирогч нар цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зэрэг нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэхээс гадна прокурор болон анхан шатны шүүхийн ажиллагаанд гарсан зөрчлийг дурдаж залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2.Хэрэгт авагдсан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

 

О.Л нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 24-01 цагийн орчимд 3337 УНИ улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан хөтөл” гэх газар зорчин явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин М.Одонбаатарын жолоодон явсан 0942 УНЯ улсын дугаар бүхий “Lexus HS-250” маркийн авто машиныг зүүн урд талаас нь мөргөн, улмаар цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн Х.Он жолоодон явсан 0544 СЭА улсын дугаар бүхий “Алион” маркийн тээврийн хэрэгслийг зүүн урд талаас нь мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Х.О, зорчигч О.И, Ж.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Э.Огийн амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

3.Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Он “...Миний эхнэр буюу амь хохирогч нь манай гэрийг авч явдаг, хүүхдүүдээ хардаг гол хүн маань байсан. Түүний маань ар гэр нь маш их харамсаж байгаа. Би уг ослыг гаргасан тэр согтуу жолоочид маш их уурлаж, гомдож байна. Олон хүн гэмтээж, бага насны 4 хүүхэд өнчирлөө. Мөн нэг хүний буюу миний эхнэр нас барсан. ...Амь хохирогч Э.О нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, 4 хүүхдийн ээж хүн, эрүүл саруул хүн байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү....” гэх[1],

 

М.Одонбаатарын хохирогчоор өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр бол 2022 оны 4 дүгээр сарын 01-02-нд өдөр шилжих шөнө би жолоо бариад танил болох Ч.Ананд, Г.Г нарын хамтаар манай найз болох П.Нямдаваагийн эзэмшлийн 0942 УНЯ улсын дугаартай Lexus HS 250 маркийн тээврийн хэрэгсэлтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот руу явж байсан. Бид нар Архангайн төвд ажил яриад явж байсан. Тухайн осол болсон газар Улаанбаатар хоттой ойр Төв аймгийн Аргалант гэх сумын нутагт явж байсан. Тухайн зам нь засмал хоёр эгнээтэй зам байсан. Гэтэл гэнэт Starex маркийн тээврийн хэрэгсэл шууд урсгал сөрж орж ирээд манай тээврийн хэрэгслийг мөргөөд манай машин замын урд талын шороон хөвөөн дээр зогссон. Бид нар машинаасаа буугаад хартал бас өөр машин тухайн Starex маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн зогсож байсан. Тухайн үед бид хоёр урд сууж явсан Ч.Анандыг машинаас буулгаж авсан. Дараа нь араас явж байсан улаан өнгийн Алион маркийн тээврийн хэрэгслээс туслаарай гэж орилоод байсан. Бид нар очоод хартал урд талын жолоочийн хажуу талын хэсэгт зорчиж явсан эмэгтэй хүн тухайн тээврийн хэрэгсэлдээ хавчуулагдсан байдалтай байсан. Бид нар хаалганаас нь татаж гаргах гэсэн боловч чадаагүй. Удалгүй онцгой байдлын алба хаагч нар ирж гаргаж авсан байсан. Миний мэдэж байгаагаар тухайн хаалганд хавчуулагдсан байсан эмэгтэй нас барсан байсан. Мөн тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хоёр хүүхэд, мөн нэг эмэгтэй байсан. ...Уг 0942 УНЯ улсын дугаартай Lexus HS 250 маркийн тээврийн хэрэгсэл нь манай хамт ажилладаг П.Нямдаваа гэх хүний эзэмшилд байдаг...” гэх[2],

 

Ч.А хохирогчоор өгсөн: “...Гэнэт урд талаас урсгал сөрөөд манай явж байсан эгнээнд Starex маркийн 3337 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирээд манай машиныг мөргөж замаас гаргасан. Мөн жолоочийн эсрэг талын шил хагарч, бид нар гэмтэн шоконд орсон. Дараа нь бид нар машинаасаа буугаад хартал улаан өнгийн Алион маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу талд хэвтэж байсан. Уг машин дотор хүүхдүүд уйлаад хүмүүс орилолдоод байсан. Мөн замын хажуугаар явж байсан машин зогсож, тусламж үзүүлэх гэж байсан. Бид нар туслах гээд очиход Starex маркийн 3337 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор ард талын хэсэгт нь нэг согтуу хүн хэвтэж байсан ба жолооч нь хэргийн газраа хаяад зугтаасан байсан. ...Манай машиныг мөргөсний дараа ард талд явж байсан улаан өнгийн Алион маркийн тээврийн хэрэгслийг уг Starex маркийн 3337 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан....” гэх[3],

 

Г.Гын хохирогчоор өгсөн: “...Starex маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд манай явж байсан эгнээ рүү орж ирээд мөргөж замаас гаргасан. Би тухайн үед шоконд ороод босож чадахгүй байсан. Арай гэж бүсээ салгаад Ч.Анандыг гаргаж аваад гайгүй юу гээд эргэн тойрноо хартал ард талд явж байсан улаан өнгийн Алион маркийн тээврийн хэрэгсэл мөн осолдсон байсан туслаарай энд хүн хавчуулагдсан байна гэж орилж байсан...” гэх[4],

 

Хохирогч Ж.Сгийн: “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоноос Х.О, түүний эхнэр талийгаач Э.О, мөн тэд нарын 2 хүүхэд О.А, О.И нарын хамт явж байсан. Яг осол болох үед би унтаад явж байсан ба осол болсны дараа сэртэл амь хохирогч нь хавчуулагдсан байдалтай орилоод байсан. Тухайн үед 2 хүүхэд байхгүй байсан ба хүмүүс гаргасан юм шиг байсан. Тэгээд тэр дороо буцаад ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлгийн хүмүүс ирчихсэн намайг машинаас гаргаж байсан...” гэх[5],

 

Иргэний нэхэмжлэгч П.Нямдаваагийн: “...0942 УНЯ улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд манай найз Ч.Ананд нь 20 сая төгрөгийн өртэй бөгөөд уг өрөндөө миний нэр дээр шилжүүлж өгч байсан юм. Бид хоёр найзууд бөгөөд нэг нэгэндээ итгэлцэж Ч.Ананд мөнгөө өгтлөө тээврийн хэрэгслийг унаж байхаар тохиролцсон юм...” гэх[6],

 

Гэрч Б.Ганболдын: О.Л өөрийн эзэмшлийн Старекс маркийн 3337 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явсан. ...сэргэтэл осолд орчихсон цагдаа нар ирсэн намайг татаж гаргаж байсан, тухайн үед хамт явж байсан О.Лхагва- Очир байхгүй байсан би хаашаа явсан талаар мэдэхгүй байсан...” гэх[7] мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2177 дугаар “ ...О.Л, 32н эр IV/2 7.40 гэсэн хаягтай цуснаас 1,0 промилли спиртийн агууламж илэрч байна. ...1,0 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх[8],

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 228 дугаар “...1.Х.Он биед зүүн 3, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн алганд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, үрэх  үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх[9],

 

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 232 дугаар  “...О.Иын биед баруун дунд чөмгөний далд хугарал, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх[10],

 

2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаар  “Ж.Сгийн биед умдаг ясны хугарал, зүүн сүүжний тогооны хугарал, эрүүний хугарал, ахар сүүл S4, S5 дугаар нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх[11],

 

2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 74 дугаар “...талийгаач Э.Огийн биед дотуур цус алдалт /800гр/ элэгний няцралт, үнхэлцэг хальсны урагдал, дотор эрхтний холбоост цус харвалт баруун 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, баруун дунд чөмгөний хугарал, биед шарх, зулгаралт цус хуралт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаач Э.О нь дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус /800гр/  алдалтын улмаас нас баржээ. Талийгаач Э.О нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач цуснаас спиртийн агууламж илрээгүй, талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх[12],

 

“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/37 дугаар “...Тоёота Алион маркийн 0544 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Ог Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна, ...энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан гэж үзэж байна. ...Hyundai starex маркийн 3337 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3. “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна..., ...Toyota lexus маркийн 0942 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Одонбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна..., ...хавтас хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлох боломжгүй байна...” гэх[13] шинжээчийн дүгнэлтүүд,

 

Хэргийн газарт болон тухайн осолд орсон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч[14] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, хэргийн зарим оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан байхад уг байдлыг нь анхаарч үзэхгүйгээр прокуророос яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

 

Тухайлбал, 1 дүгээр хавтаст хэргийн 86-87, 100-101, 106-107, 112-114 дүгээр талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр Х.О, бага насны хүүхэд О.И нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Г, бага насны хүүхэд О.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байхад Х.Ог хохирогчоор, бага насны хохирогч О.Иын хууль ёсны төлөөлөгч болон Г.Гыг иргэний нэхэмжлэгчээр, бага насны хүүхэд болох О.Аын иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг томилоогүй орхигдуулсан атлаа Toyota lexus HS-250 маркийн 0942 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Од зорчигч Ч.А, Г.Г нарыг хохирогчоор тогтоон хуулийн ноцтой зөрчил гаргасан.

 

Мөн О.Л нь тухайн хэрэг учрал болсны дараагаар хэргийн газрыг орхин өөр газарт явж байхад нь цагдаагийн алба хаагч баривчилсан талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан байхад энэ талаар мөрдөн байцаалтын шатанд холбогдох ямар ч ажиллагаа хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг шалган тодруулалгүй орхигдуулсан гэж буруутгах үндэслэл болж байна.

 

5.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан дээрх алдаа зөрчлүүдийг засуулах шаардлага үүссэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх, эсхүл прокурорт буцаах хууль зүйн боломжгүй болсон тул дээрх зөрчлүүдийг нь дурдан анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчлүүдийг нь зөвтгөн доорх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээс хамааран мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Болгоомжгүй” гэмт хэрэгт тооцогддог ба прокуророос О.Л-ын үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгдэгч О.Л-ын гэм буруутай үйлдлийн улмаас “...Э.Огийн амь нас хохирч, Х.О, О.И, хохирогч Ж.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Г, О.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь шүүгдэгчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй шалтгаант холбоотой, жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэгтэй этгээд юм...” гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мөн шүүх хэрэгт цугларсан дээр дурдагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, О.Л-ын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюул зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд О.Л-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахуйц, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирчээ.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Л-оос 49.373.198 төгрөг гаргуулан хохирогч Ж.Сд 8.594.163 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-д 40.779.035 төгрөгийг олгон шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанартай нийцсэн, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөрчөөгүй байна.

 

6.Харин шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч О.Л нь согтуугаар уг гэмт хэргийг үйлдсэн байхад үйлдсэн гэмт хэргийн шинжид тохируулан гэм буруутайд тооцолгүйгээр хуульд байхгүй үг, хэллэг хэрэглэн эрх зүйн байдлыг нь хүндрүүлэн гэм буруутайд тооцсон, түүнд оногдуулсан нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолох үеийг буруу тогтоон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,

 

Хохирогч нар нь эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар мэдүүлсээр байхад цаашид гарч болзошгүй зардлыг хэрхэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан,

 

“Toyota lexus HS-250” маркийн 0942 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ч.А эрүүл мэндэд ямар гэмтэл учирсан эсэх нь нотлогдон тогтоогдоогүй байхад шүүгдэгч О.Лоос Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 3.498.548 төгрөг гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Лын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т зааснаар “Оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийг ойлгоно хэмээн заасан байхад шүүгдэгч О.Л нь тухайн хэргийн оролцогч, тээврийн хэрэгслийн өмчлөгч биш этгээд болох Ч.А 18.000.000 төгрөг төлсөн байхад шүүх дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна. 

Мөн тухайн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй эрүүл мэндэд нь хохирол учирсан Х.О, О.И, О.А, Г.Г нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэхэд энэ магадлал саад болохгүй.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Лыг “согтуурсан” үедээ уг гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөхөөр байх тул түүнийг гэм буруутайд тооцсон хэсгийн хуулийн хэллэгийг зөвтгөн өөрчилсөн болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Л нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Лыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг” зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг

 

“...Шүүгдэгч Лыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар шүүгдэгч Лоос 8.594.163 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Сд, 3.498.548 төгрөгийг хохирогч Ч.Анандад, 40.779.035 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од тус тус олгосугай...” гэснийг

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар шүүгдэгч Лоос 8.594.163 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Сд, 40.779.035 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од тус тус олгосугай...” гэж,

 

5 дахь заалтад “...Шүүгдэгч О.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай...” гэснийг

  “...Шүүгдэгч О.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт ирээгүй, Х.О, О.И, О.А, Г.Г нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, хохирогч Ж.С нар цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж,

 

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчинтөгөлдөр болсны дараа үеэс хугацааг тоолсугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч О.Лын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧИД                                                       М.МӨНХДАВАА      

 

 

З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                 

 

 

 

 

[1] 1-р хх-ийн 24-р тал

[2] 1-р хх-ийн 27-28-р тал

 

[3] 1-р хх-ийн 31-32-р тал

[4] 1-р хх-ийн 35-36-р тал

[5] 1-р хх-ийн 38-39-р тал 

[6] 1-р хх-ийн 42-р тал

[7] 1-р хх-ийн 43-р тал

[8]1-р хх-ийн 54-55-р тал

[9]1-р хх-ийн 100-101-р тал

[10] 1-р хх-ийн 106-107-р тал

[11] 1-р хх-ийн 119-120-р тал

[12] 1-р хх-ийн 126-138-р тал

[13] 1-р хх-ийн 176-178-р тал

[14] 1-р хх-ийн 7-21-р тал27