Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
Хэргийн индекс | 111/2024/0033/З |
Дугаар | 111/ШШ2024/0052 |
Огноо | 2024-07-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 111/ШШ2024/0052
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч *******д холбогдох “2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуй газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч ******* би 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор *******гийн гаргасан шийтгэл оногдуулах шийдвэрийг хүчингүй болгуулахаар 33 дугаар бүхий прокурорын дүгнэлт, гомдолтой 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдөр танилцсан.
Тус дүгнэлтэд “Баянхонгор аймгийн Өлзийт сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг шалгахад дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэх зөрчлийн талаарх бүртгэлийн ******* дугаартай гомдол мэдээллийг шалгаж холбогдогч ******* дугаартай шийтгэлийн хуудсаар *******д холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгахад хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, үйлчилсэн болох нь тогтоогдсон байна.
Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийн буюу эрх бүхий албан тушаалтан ******* нь дээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийдвэрлэхдээ *******д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй, эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг бодит байдалд нийцүүлэн бүрэн гүйцэт, хүрэлцээтэй цуглуулсны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргах зохицуулалттай байдаг.
Эрх бүхий албан тушаалтан ******* нь бүртгэлийн ******* дугаартай зөрчлийн материалд зөрчлийн шинжтэй үйлдэл, эх үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг, шалгалтаар илэрсэн зөрчилтэй барааны нэрс гэсэн баримтыг цуглуулснаас өөр зөрчил шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, нотлох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй гэж үзэж, “*******” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, хуулийн этгээд, эсхүл хувь хүний нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг баримт бичгийг материалд хавсаргаагүй, шийтгэл оногдуулахдаа хураан авсан хүнсний бүтээгдэхүүнийг гэрэл зургаар баталгаажуулсан, хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж, бүтээгдэхүүнийг орон тооны бус зөвлөлд шилжүүлэн холбогдох арга хэмжээ авсан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт материалд авагдаагүй, тухайн ажиллагааг хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, мөн зөрчлийг илрүүлсэн тухайгаа прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүйгээр прокурорын хяналтгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсны дараа Прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн буюу хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй, нотлох баримтуудыг хууль ёсны гэж үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд холбогдогчийг хэзээ, хаана, хэрхэн, ямар зөрчил үйлдсэн болохыг албан бичигт тодорхой бүрэн гүйцэт оруулсан боловч, маш богино хугацаанд хэргийг шийдвэрлэж, прокурорт хянуулж, бичиг баримт нотлох баримтыг зургаар газар дээр нь өөрийн гар утсаар авсан боловч хэргийн материалд бүрэн угаалгах нөхцөл боломж бүрдээгүй, аймгийн хураан авах хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг үнэлэх хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах шийдвэр гаргах орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлэсэн тухай албан бичгийг хүргүүлсэн боловч хариу тайлбар ирээгүй, хэрэгт бүрэн хавсаргаагүй, хуулийн этгээд, хувь хүн болохыг нотлох тусгай зөвшөөрөл иргэний нэр дээр гарсан нь шалгалтаар илэрсэн боловч хэргийн материалд тусгаагүй, хяналт шалгалтын хэлбэр төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэл гэсэн байдлаар хийгддэг боловч тэр бүр хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийг Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэлд бүртгүүлэх талаар ойлголтгүй байсан, зөвхөн хүний амь нас эрсдэлд орсон хоол, хүнсний хордлогын шинжтэй иргэд болон хуулийн этгээдээс өргөдөл, гомдол ирсэн даруйд Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэлд бүртгүүлж зөрчлийн хэргийн материалтай ажилладаг гэсэн ойлголттой байсан болно. Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийн бүртгэлийн материал бүрэн хийгдэхгүй, бусад төрийн байгууллагатай хамтарч ажиллаж хоорондын уялдаа холбоо муу байгаатай холбоотойгоор ажлын 5 хоногт зөрчлийн хэргийн материал бүрэн бүрдэх нөхцөл бүрдэхгүй байна.
Дээрх ******* дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал нь зөрчил үйлдсэн болохыг бүрэн шалгаж тогтоосон боловч, энэ талаар нотлох баримт болон зураг, тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээний хуулбарыг оруулаагүй, хангалттай явуулаагүй, зөрчлийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоон, нотлох баримт цуглуулаагүй, зөрчлийн материалд авагдсан баримтуудаар холбогдогчид шийтгэл оногдуулах боломжгүй тул шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй бөгөөд прокурорын гаргасан дүгнэлт, гомдлыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
Хариуцагч ******* өөрийн үйлдсэн “2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч *******д холбогдох “2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ