| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/00275/И |
| Дугаар | 137/ШШ2024/00267 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 137/ШШ2024/00267
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг ... хороо Чингисийн өргөн чөлөө ... тоотод байрлах, Б и ХХК /ХХД:..., РД:..., утас:.../
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б и ХХК-ийн хуульч ажилтай, С-ын Г /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... баг ... гудамж ... тоотод оршин суух, Э д ХХК /РД:..., утас: .../-д холбогдох
Төлбөр барагдуулах гэрээний үүрэг 5,642,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э-ийг оролцуулан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
"Э д" ХХК нь Дорноговь аймгийн Замын-үүд суманд "..." бөөний төв ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. "Э д" ХХК-ийн "...” бөөний төв нь манай байгууллагаас 2024 оны 05 сарын 18-ны өдөр 4,514,000 төгрөгийн үнийн дүнтэй Nexpod загварын электрон тамхи худалдан авсан боловч худалдан авсан барааны төлбөрийг өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 09 сарын 10- ны өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан бөгөөд 2024 оны 07 сарын 18-ны өдөр "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулан төлөхөөр болсон. Гэвч гэрээгээр тохирсон хугацаа болоход төлөх ёстой төлбөрийг төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг үндэслэн шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж байна. "Э д" ХХК нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг Төлбөр барагдуулах гэрээний дагуу 2024 оны 07 сарын 20-ны өдөр төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 50 хоног төлбөр төлөлт хийгээгүй байна. 50 хоног хугацаа хэтэрсний алданги хоногийн 0,5 хувиар бодоход 25 хувь болж байгаа ба 4,514,000 төгрөгийн 50 хоногийн алданги нь 1,128,500 төгрөг болж байгааг үндсэн төлбөр дээр нэмж нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 4,514,000 төгрөг, алданги 1,128,500 төгрөг, нийт 5,642,500 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэгч талаас гаргасан 4,987,100 төгрөгийг төлөх саналыг хүлээн зөвшөөрч, эвлэрэх саналыг хүлээн авсан тул хэргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э д ХХК-ийн захирал Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б и ХХК-ны гаргасан эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэрээний үүрэг 3,710,000 төгрөг, алданги 677,100 төрөг нийт 4,387,100 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал төлж барагдуулж дуусгах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас:
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Б и ХХК-ийн улсын бүртгэлтийн гэрчилгээ
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэл
Төлбөр барагдуулах 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 24/18 дугаартай гэрээ
Зарлагын баримт бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах 2024 оны 05 сарын 18-ны өдрийн гэрээ зэргийг хэрэгт гаргаж өгсөн.
Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно
Шүүх хавтас хэрэгт авагдсан дээрх баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б и ХХК-иас хариуцагч Э д ХХК-нд холбогдуулан 5,642,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага багасгаж 4,387,100 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч нь 4,387,100 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлж барагдуулах тайлбараа шүүхэд 2024 оны 11 сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Г нь шүүх хуралдаанд оролцохгүй түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд оролцохгүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зохигчдын эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б и ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э д ХХК-нд холбогдох төлбөр барагдуулах гэрээний үүрэг 4,387,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э д ХХК нь 4,387,100 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,230 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 52,615 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э д ХХК-иас 4,387,100 төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 85,144 төгрөгийн 50 хувь болох 42,572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б и ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Э д ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б