Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

  2023          2            13                                                     2023/ДШМ/11                       

 

 

 

Б.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Д.Нэргүй

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, А.Мөнхтулга

            Шүүгдэгч Б.А

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ариунзулын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 тоот эсэргүүцлээр шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн 2234002990297 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 26-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, ээж, дүүгийн 2 хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын Тасагт багийн Номгоны 130 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй, А,

 

Б.А нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн төвийн нийтийн байрны 2 давхрын шатны хажууд байрлах өрөөнөөс 2022 оны 4 дүгээр сарын 04-05-ны өдөр иргэн Х.Энхтуулын хадгалж байсан 62 ширхэг хурганы элдсэн арьс, 7 метр дээлийн даавууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан бусдад 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

 

Шүүгдэгч А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ялыг Төв аймаг болон Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 6 сарын хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж,

 

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхийн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ариунзул 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бичсэн 37 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 

Үүнд: Шүүгдэгч нь Х.Э-н хадгалж байсан 62 ширхэг хурганы элдсэн арьс, 7 метр дээлийн даавууг Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн төвийн нийтийн байрны 2 давхрын шатны хажууд байрлах өрөөнөөс буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан бусдад 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Тодруулбал, хуульд заасан хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, хориглосон орон зай байх бөгөөд энэ хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болно гэж ойлгохоор хуульчилсан байх ба Б.Аын үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Мөн шүүгдэгч Б.А “…шатны хажуугийн өрөөний цоож зүүгээд орхичихсон байхаар нь цоожийг аваад өрөө рүү шагайсан чинь өрөөний голд байсан санагдаж байна. Том дөрвөлжин саарал өнгийн зурагт цонхны тавцан дээр тавиатай, ногоон өнгийн шуудайтай хурганы арьс хөргөгч дээр байсан. Ам нь онгорхой байсан, дотор нь хуйлаатай улаан хүрэн, хүрэн өнгийн хоёр даавуу байхаар нь би авч гараад байрны гадаа байсан өөрийн эзэмшлийн Тоёото Приус-11 маркийн 7902 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудал дээр тавиад сумын төвийн зүүн хонхрын гэр хороололд байдаг Шинээгийнд очсон. Гэр нь цоожтой байсан. Маргааш нь би Шинээ рүү өөрийнхөө утсаар “хаана байна” гэсэн чинь Өмнөговьд байна гэхээр нь өрөөнд байсан хурганы арьс чинийх мөн үү гэж хэлсэн чинь Шинээ минийх биш ээ  гэж байсан...” гэж мэдүүлснийг магадлан шалгахад Б.А-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу түүний мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон нь яллах үндэслэл болсон. Гэтэл тус шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Б.Аын дээрх үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагааг явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна. ...Тухайн гэмт хэрэг гарсан орон байр нь хохирогч Х.Энхтуулын өмчлөлийнх болох нь хэрэгт ямар нэг нотлох баримт авагдаагүй, хохирогчийн энэ байранд өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэх мэдүүлгээр тухайн байрыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй.

 

Учир нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байх, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно гэж хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн байр нь цоожтой байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн. Мөн шүүгч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон байдаг. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч С.Сувдмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг эргэлзээгүй зөв тогтоож чадаагүй. Б.А нь орон нутагтаа нэр хүндтэй, тусархуу хүн байгаа. Ийм хүнд хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго огт байхгүй. Хэрэв тэрээр эд зүйлийг хулгайлан ашиг хонжоо олох зорилготой байсан уг хурганы арьсыг худалдан борлуулах боломж их байсан гэдгийг болон гэрч С.Шинэбаяр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тус байрыг харж, хандаж байгаарай гэж захисан гэж мэдүүлснийг анхаарч үзнэ үү. Мөн Б.Атай яг ижил үйлдэлтэй буюу тус байранд байсан оёдлын машиныг авч гэртээ оруулсан С.Даариймаад ямар ч хариуцлага тооцоогүй. Иймд Б.Аыг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл уг байр хэнийх вэ гэдгийг тогтоож чадаагүй. С.Шинэбаяр тус байрыг харж байхыг Б.А захисан байдаг ба тухайн байранд хохирогч Х.Энхтуул юмаа тавих эрхтэй байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй буюу хохирогч нь хэн бэ гэдгийг нотлох ёстой байсан. Анхан шатны шүүх энэ эргэлзээтэй байдалд бодитой дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзвэл Б.А нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Шинэбаяр надад тус байрыг харж байгаарай гэж захисан учир тухайн элдсэн хурганы арьс болон дээлийн торгыг алга болчих байх гэж бодоод машиндаа хийж хадгалсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Г.Ариунзулын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын эхэн буюу 4, 5-ны өдрийн үед, 15-16 цагийн орчим Төв аймгийн Угтаалцайдам сумын “Асгат” 2 дугаар багийн төвийн нийтийн байрны 2 дугаар давхрын шатны хажууд байрлах өрөөнөөс хохирогч Х.Э-ын хадгалж байсан 62 ширхэг хурганы элдсэн арьс, 7 метр дээлийн даавууг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлан авч бусдад 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Э-н “...сумын төвийн хуучин эмнэлгийн байр байсан нийтийн байрны 2 дугаар давхарт, зүүн жигүүрийн 4 дэх хаалганд төвийн гэр байдаг юм. Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, тэр байрны шатны хажуу талд байдаг жижиг өрөөний эзэн гэх Хуанган гэдэг казак залуутай утсаар ярьсан чинь та тэгвэл наад өрөөгөө цоожлоод эзэмшээд байж бай гэхээр нь би хөргөгч, зурагт, оёдлын машин зэргийг хийж хадгалж байсан. 2022 оны 3 дугаар сарын 10-ны үеэр хөдөө гэрээсээ өнгөрсөн жилийн цуглуулсан, өөрөө элдсэн 70 гаран ширхэг хурганы арьс, 2022 оны цагаан сарын өмнөхөн Нарантуул захаас нөхөртөө дээл хийх гэж авсан 1 метрийг нь 10.000 төгрөгөөр худалдаж авсан бор хүрэн өнгийн 4 метр даавуу, би өөртөө дээл хийх гэж авсан 3 метр цэцгэн хээтэй хүрэн бор өнгийн даавуу 1 метрийг нь 25.000 төгрөгөөр худалдаж аваад сумын төв орохдоо манай төвийн байрны үүдэнд байрлалтай өрөөнд хийгээд хадгалсан. ...2022 оны 3 дугаар сарын 20-ны үеэр ирээд угаалгын машинаа авахад өрөөнд байсан хөргөгч дээр байсан ногоон өнгийн шуудаатай хурганы арьс, хөргөгчийн дээд талын хөлдөөгчийн хэсэгт дээлийн өнгө намайг үзэхэд байж байсан, тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирээд юмаа хадгалсан өрөөг үзтэл тэр өрөөний ягаан өнгөтэй цоожийг юмаар мулт цохисон байхаар нь ороод үзтэл хөргөгчийн дээд талд тавьсан зурагтын дээр байсан ногоон шуудайнд хийсэн элдсэн хурганы арьснууд, мөн хөргөгчийн дээд тасалгаанд байсан 2 ширхэг дээлийн өнгө болох 7 метр даавуу алга болсон байсан...”[1] гэх,

 

Гэрч С.Шинэбаярын “...орцны шатны дээд талын үүдний жижиг өрөөг 2021 оны намар, 9 дүгээр сарын сүүлээр нутгийн иргэн М.Хуанган гэдэг хүнээс мөнгөний авлагад авсан байсан юм. Тэгээд би оны сүүлээр өрөөндөө орж үзье гэж бодоод очсон чинь ямар өнгийн цоожтой байсныг санахгүй байна. Онгойлгох гээд цоожийг таттал цоож нь онгойчихсон, тэгэхээр нь ороод харахад баруун гар талын буланд хөргөгч байх шиг байсан, нэг хуучин хивс байх шиг байсан, өөр юу байсныг сайн анзаараагүй, тэгээд би гараад буцаагаад нөгөө цоожоор нь цоожилчхоод явсан...”[2] гэх,

 

Гэрч С.Даариймаагийн “...үдээс хойш коридорт хүн юм балбаад байгаа чимээ гарахаар нь гараад хартал шатны хажуугийн үүдний өрөөний хаалгыг онгойлгочихсон байж байсан. Тэгэхээр нь би наана чинь айл юмаа хийчихсэн байгаа, яагаад цоожийг эвдэж байгаа юм бэ гэсэн чинь хэнийх байгаа юм гэхээр нь н.Атардээж ахынх юмаа хийчихсэн байгаа гэсэн. Тэгсэн хажуу хаалганы өндөр настан н.Бадамсүрэн гуай гарч ирээд наад хүүхэд чинь ингэж явах айлын хүүхэд биш гээд яриад зогсож байтал нөгөө залуу энэ өрөө манай өрөө байгаа юм гэсэн..., ...тэгээд 4 дүгээр сарын 15-ны өдөр н.Атардээж ахын эхнэр Х.Энхтуул эгч ирээд үүдний өрөөнд орж үзээд хурганы арьс алга болсон байна гэхээр нь би оёдлын машиныг чинь гэртээ хадгалж байгаа, үүдний хаалганы цоожийг нь Шинээ гэдэг залуу эвдсэн талаар хэлсэн...”[3] гэх,

 

Гэрч Н.Алтангэрэлийн “...Шинээ ганцаараа ирчихсэн ягаан өнгийн цоожийг эвдээд зогсож байсан. Тэгэхээр нь чи яагаад хүний өрөөний цоож эвдээд байгаа юм бэ, наан чинь н.Атардээж ахынх юмаа хийчихсэн байгаа шүү дээ гэсэн чинь манайх энэ өрөөг хүнээс өрөндөө авсан юм аа... гэсэн..., ...бид хоёр буцаж гараад цоожийг нь буцааж хийгээд гараараа дарахад цоож нь цоожлогдсон.  ...Өрөөний баруун гар талын буланд хөргөгч, зурагт хоёр, цонхны тавцан дээр оёдлын машин байх шиг байсан...”[4] гэх мэдүүлгүүд,

 

Хөрөнгийн үнэлгээний “DAMNO” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Т22-17 тоот “...хурганы арьс 70 ширхэг, нэгж үнэ 25.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөг, эрэгтэй хүний хүрэн бор өнгийн 4 метр даавуу нэгж үнэ 45.000 төгрөг, нийт 180.000 төгрөг, эмэгтэй хүний цэцгэн хээтэй даавуу 4 метр нэгж үнэ 45.000 төгрөг нийт 135.000 төгрөг, нийт үнэлгээ 2.065.000 төгрөг...”гэх үнэлгээний тайлан[5],

 

Уг хэрэг учрал гарсан гэх орон байр, Б.А-ын эзэмшлийн 7902 ТӨВ улсын дугаар бүхий Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, Б.Ааас гаргаж өгсөн 62 ширхэг хурганы арьс болон 7 метр даавууг хохирогчид хүлээлгэн өгсөн  тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд[6], Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокуророос Б.А-ыг дээрх гэмт үйлдэл холбогдлыг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэж болон мөн зүйлийн 2.4-т заасан машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ прокуророос шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн аль шинжээр нь яллаж байгаа, түүнийг тээврийн хэрэгсэл ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа яагаад мөн зүйлийн 2.4-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдээгүй гэдгийг асууж тодруулалгүй орхигдуулсан.

             

            Улмаар тухайн гэмт хэрэг гарсан орон байр нь хохирогч Х.Э-н өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн “энэ байранд өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй” гэх мэдүүлгээр дээрх байрыг хүн байнга амьдрах, эзэмшигч, өмчлөгчийн орон байр гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэв хэмээн дүгнэж, Б.Аын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй, буруу ойлгон тайлбарлан хэрэглэж хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг гэм буруутайд тооцон, хуулийн уг зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар хуульд заасан журмыг зөрчиж, нотлох баримт цуглуулсан гэх үндэслэлгүй, шүүх мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтуудыг үнэлж чадаагүй, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд болон түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал үүсэхээргүй байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

            Дээрх дүгнэн үзвэл Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзулын бичсэн 2022 оны 37 тоот эсэргүүцэл үндэслэлтэй тус шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан зөрчлийг засуулах шаардлага тогтоогдсон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх, эсхүл прокурорт буцаах хууль зүйн боломжгүй тул дээрх зөрчлийг нь дурдан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзулын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.ТҮВШИНТӨГС

 

                       ШҮҮГЧИД                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ     

 

                                                                                    М.МӨНХДАВАА

                                   

 

 

 

 

[1] хх-ийн 28-29-р тал

[2] хх-ийн 33-р тал

[3] хх-ийн 35-р тал

[4] хх-ийн 37-р тал

[5] хх-ийн 48-51-р тал

[6] хх-ийн 6-20-р тал