| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/02339/и |
| Дугаар | 184/ШШ2024/05430 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2024/05430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо, үйлдвэрчний эвлэл гудамж, өөрийн байр Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ /6980244/-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингаас үндэслэлгүйгээр суутгасан гэх 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... миний бие хүчин төгөлдөр болсон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн захирамжаар Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-тай харилцан тохиролцон дотоод аудитор албан тушаалд 2023 оны 11 сарын 16-ны өдөр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хариуцагч байгууллага нь ажилтан надад илтэд зүй бус хандан шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлэн анхнаасаа халах зорилготойгоор ажилд томилогдоод бүтэн 2 сар ч ажиллаж амжаагүй намайг дахин үндэслэлгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөнд үнэхээрийн гомдолтой байна.
Мөн ажилд ороод нэг сар болоогүй надаас хөдөлмөрийн хуулийг зөрчин миний цалингаас 2 удаагийн татан авалтаар 1 удаа 400,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг надад мэдэгдэж, танилцуулалгүй суутгаж авсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг цалин дээрээс суутгах болсон бөгөөд 800,000 төгрөг суутгах болсон үндэслэлийн талаар маргахгүй, гагцхүү энэ талаар урьдчилан мэдэгдэх, эсхүл суутгал хийх талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарах байсан ... иймд дотоод аудитор албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, цалингаас үндэслэлгүй суутгасан 800,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна ... гэв.
2. Хариуцагч Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.5.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгууллага, нэгжийн шууд удирдлагад мэдэгдэлгүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаанд ажлын байрыг орхин ажилдаа ирээгүй, эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Нэхэмжлэгч Т.******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хуанлийн 1 сарын хугацаанд дахь тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдрөөс дээг гарсан. ... манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 8,441,860 төгрөг шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцох байсан боловч тухайн үед суутгаагүй учир 2023 оны 11 сарын цалингаас 400,000 төгрөг, 12 дугаар сарын цалингаас 400,000 төгрөг нийт 800,000 төгрөг суутгасан. Энэ талаар шүүхийн шийдвэрт заасан учир нь ийнхүү суутган авсан нь хууль зөрчөөгүй болно ... гэв.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн №01 дугаар хуралдааны тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.08-ны өдрийн 184/ШШ2023/01859 дугаар шийдвэр, Худалдаа хөгжлийн банк дахь Т.*******ийн ******* тоот дансны хуулга, Хаан банкны тодорхойлолт,
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, цаг бүртгэлийн системээс гаргасан баримт, Геологийн судалгаа шинжилгээний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2023.12.28-ны өдрийн №Б/508 дугаар Т.*******д сахилгын шийтгэл ноогдуулах тухай, 2023.11.07-ны өдрийн №Б/480 дугаар Т.*******ийг албан тушаалд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хувийн чөлөө олгох хуудасны загвар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023.10.12-ны өдрийн №486 дугаар Геологийн судалгаа шинжилгээний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол, мөн газрын 2024.10.25-ны өдрийн №511, 2024.07.31-ний өдрийн №383 дугаар тогтоол, хавсралт, банкны гүйлгээ хийсэн тухай баримт, 2023.12.01-2023.12.31-ний өдрийн цаг бүртгэлийн баримт, хариуцагч байгууллагын 2024.08.28-ны №489 дугаар албан бичиг, хавсралт Ажлын цаг ашиглалтын бүртгэл, даатгуулагчийн 2023 он нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын лавлагаа, тайлан, нэхэмжлэгч Т.*******ийн 2023 оны 11, 12 дугаар сарын цалингийн задаргаа.
5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: гэрч Б.гийн мэдүүлэг,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-т холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах болон цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 800,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Т.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс хариуцагч Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-ын дотоод аудитор албан тушаалд томилогдож, ажил олгогчтой гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж ажиллаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа, талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, хариуцагч байгууллагын захирлын 2023.11.07-ны өдрийн №Б/480 дугаар Т.*******ийг албан тушаалд томилох тухай тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
4. Хариуцагч Геологийн судалгаа шинжилгээний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2023.12.28-ны өдрийн №Б/508 дугаар Т.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дугаар зүйл, Хөдөлмөрийн гэрээний 7.5.7 дахь заалтыг үндэслэн Т.*******ийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын цагийг баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
5. Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ ... анх ажилд томилогдохдоо сургуульд сурч байгаа гэдгээ захиралдаа хэлсэн, зөвхөн 2 дахь өдрийн үдээс өмнө хичээлтэй байдаг учир үдээс хойш нь ирээд ажлаа нөхөж хийдэг ... ажил тасалсан цаг нь 3 өдөр хүрэхгүй ... гэжээ.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д ажилтан, ажил олгогчийн аль нэг санаачилга гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл болохыг тусгаж, мөн хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг зааж, аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон.
7. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бөгөөд нэхэмжлэгч Т.*******ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ажил тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдрөөс дээш гарсан нь хөдөлмөрийн гэрээний 7.5.7-д заасан ноцтой зөрчилд хамаарна гэж тайлбарласан.
8. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.5-д дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон ... ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Үүнд: ... 7.5.7 Хүндэтгэх шалтгаангүйгээр байгууллага, нэгжийн шууд удирдлагад мэдэгдэлгүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаанд ажлын байрыг орхин ажилдаа ирээгүй, эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж, харин хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13.2-т Дор дурдсан зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд: ... 13.2.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөг 3 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн гэж тусгажээ.
Тодруулбал хариуцагч байгууллагын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцохоор заасан боловч хөдөлмөрийн дотоод журамдаа тасалсан цагийг нэгтгэн бодохгүй, харин сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор өөр өөр байдлаар тодорхойлсон боловч хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлан ноцтой зөрчлийг тооцон, тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.
9. Хариуцагч талын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд ажилтны ажилласан цагийн цахим бүртгэлийн баримтаар нэхэмжлэгч Т.******* нь 2023 оны 12 дугаар сард 6, 19, 27, 28, 29-ний өдрүүдэд ажлын цаг бүртгэгдээгүй, харин 2023 оны 12 дугаар сарын ирцийн бүртгэл буюу ажлын цаг ашиглалтын бүртгэлд нэхэмжлэгчийг тухайн сард ажиллавал зохих хоног, цаг /20 хоног, 160 цаг/-таа бүрэн ажилласан гэж тэмдэглэсэн байх ба энэхүү цагийн бүртгэлийн талаар гэрч Б. мэдүүлэгтээ ... цалин бүтэн олгосон учир гараар засвар оруулсан ... хуруу уншдаг машин системийн алдаанаас болоод гарч ирэхгүй тохиолдол байдаг ... *******ийн ирцийг харах гэсэн боловч системд алдаа гараад болохгүй, хүмүүсийн цалин бодогдохгүй болоод байсан тул ажилчдын цагийн ирцийг бүтнээр бодсон ... гэжээ.
10. Үүнээс үзэхэд ажил олгогч нь нэхэмжлэгчийг 2023 оны 12 дугаар сард ажиллавал зохих хоног, цагтаа бүрэн ажилласан гэж цалин хөлсийг бүрэн олгосон атлаа тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцсэн буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын арга хэмжээ авсан нь ойлгомжгүй байна. Учир нь ажилтны гаргасан зөрчил нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, цагийн бүртгэл, холбогдох бусад баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон тохиолдолд сая сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Гэтэл хариуцагчийн гаргасан цаг бүртгэлийн баримтууд нь хоорондоо зөрүүтэй байх ба хариуцагч байгууллага ажилтны гаргасан үйлдэл ноцтой зөрчил мөн эсэхийг эргэлзээгүйгээр нотолж, тогтоолгүйгээр тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3. Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан.
12. Хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдсэн, сахилгын зөрчилтэй нь холбогдуулж тайлбар авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
13. Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгч Т.*******ийг ажил тасалсан гэх үйл баримтыг шалгаж тогтоох ажиллагааг хангалттай хийгээгүй, сахилгын арга хэмжээ авахаас өмнө ажилтнаас тайлбар аваагүй, шалтгаан нөхцөлийг бүрэн тодруулах ажиллагааг хийхгүйгээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан хуульд нийцээгүй байна.
Тодруулбал ажил олгогчоос хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд өөрт нь мэдэгдэж тайлбар авснаар ажилтан өөрийгөө хамгаалах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, ажил олгогчийн хувьд зөрчлийн шинж, хэр хэмжээг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож, гаргасан зөрчилд нь тохирсон хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх боломж бүрдэх юм. Гэтэл хариуцагч нь хуульд заасан журмыг зөрчиж, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалсан нь хууль зөрчжээ.
14. Тиймээс хариуцагчийг ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хууль зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.*******ийг урьд эрхэлж байсан Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-ын дотоод аудитор албан тушаалд нь эгүүлэн тогтооно.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно: ... 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, албан тушаалд томилох тухай ажил олгогчийн тушаал, цалингийн задаргаа зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг 2,200,000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны 12 сарын цалин 26,400,000 төгрөгийг хариуцагч Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгов.
16. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
17. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар маргалдагч тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.
Хариуцагч байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, талууд маргаанаа шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч харилцан тохиролцож, шийдвэрлэж чадаагүй болох нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.
18. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 184/ШШ2023/01859 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 8,441,860 төгрөгийг хариуцагч Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 8,441,860 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, улмаар олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл 800,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 2023 оны 11, 12 дугаар сарын цалингаас 2 хувааж суутган тооцсон байна.
Нэхэмжлэгч суутгалын хэмжээний талаар маргаагүй боловч, цалингаас суутгал хийхдээ урьдчилж мэдэгдээгүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр суутгасан гэж маргажээ.
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1. Ажил олгогч ажилтны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нь олгох бөгөөд дараах тохиолдолд суутгал хийж болно: ... 119.1.2. шүүхийн, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан.
Нэгэнт шүүхийн шийдвэрээр олгосон цалин олговроос суутгал хийхийг хариуцагчид даалгасан тул дахин энэ талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргахыг шаардахгүй тул нэхэмжлэгчийн цалингаас суутгал хийсэн хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй. Нөгөө талаар ажил олгогч эхний суутгалыг 2023 оны 11 дүгээр сарын цалингаас суутгал хийж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан хугацаанд сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 289,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ийг Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-ын дотоод аудитор албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 48,400,000 төгрөгийг хариуцагч Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-аас 289,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН