Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/05454

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод байрлах ******* ХХК /*******/

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* //

 

Хариуцагч: УБ, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, бага тойруу 13/1 хаягт байрлах Нийгмийн даатгалын ерөнхий газар /9081739/ нарт холбогдох

 

нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөр болон компанид учруулсан хохирол нийт 103,751,929 төгрөг гаргуулах тухай, нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай, нэхэмжлэгч Н.*******ас хариуцагч С.*******ад холбогдуулж 19,384,000 төгрөг гаргуулах тухай үндсэн

ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Н. өмгөөлөгч Л., хариуцагч С.*******, хариуцагч С.*******ын өмгөөлөгч Л., Ц., хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч С.*******аас хохирол 103,751,929 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... С.******* нь ******* ХХК-ийн удирдлагад өөрийн амьдрал ахуйгаа танилцуулан, хүссэний дагуу түүний өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу байсан 3 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлсөн. Түүний 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас сар бүр төлж тухайн төлөлтөд 10,031,262 төгрөг зарцуулсан. Энэхүү компаниас төлөгдсөн мөнгийг тэтгэвэр тогтоолгосны дараа компанид буцаан төлөхөөр тохирсон. Гэтэл 2019 онд тэтгэврээ тогтоолгож, компаниас шаардлагатай тодорхойлолт бичиг баримтыг гаргуулж авсан боловч компаниар төлүүлсэн шимтгэлийг өнөөдөр хүртэл төлж барагдуулахгүй байна. Мөн С.******* нь ******* ХХК-ийг төлөөлөх эрх олгоогүй байхад хувийн журмаар компанийн нэрээр бусадтай гэрээ байгуулан компаниас нийт 88,532,533 төгрөгийг санхүүгээс гаргуулан авч, буцаан ямар ч тооцоо хийхгүй, компанийг хохироож, алдагдалд оруулсан ... Хариуцагч С.******* нь ******* ХХК-аас барилгын засал, засвар тохижилтын ажил авч цаашид хэн нэгэн хувь хүнтэй өртөг зардлыг нэмэн, гэрээтэй, гэрээгүй ямар нэгэн хэлбэрээр засварын ажил хийлгэж дундаас нь ашиг авдаг байсан болохоос тус компанид үндсэн ажилчнаар ажиллаж байгаагүй. С.*******ын хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгүйгээр 3 жилийн нийгмийн даатгалын шитгэлийг сарын 1,200,000 төгрөгөөс тооцон компаниас төлж, С.******* нь тэтгэврээ тогтоолгосны дараа нийгмийн даатгалын шимтгэлд төлүүлсэн 13,228,396 төгрөгийг ******* ХХК-д буцаан төлөхөөр өөрийн гарын үсэг бүхий баталгааны бичиг хийж өгчхөөд, буцааж өгөөгүй. Гэтэл энэхүү бичгийг Нийгмийн даатгалын болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн болохыг С.******* мэдсээр байж хууль бусаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн. Иймд тухайн бичгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавар болох нь 3 жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 13,228,396 төгрөгийг ******* ХХК нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн хариуцагч С.******* нь манай компаниас эрх олгоогүй байхад өөрийн дансаар болон бэлнээр 88,532,533 төгрөгийг авч, хувьдаа ашиглан, компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Иймд ******* ХХК нь хариуцагч С.*******аас нийт 101,751,929 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон С.*******ын тэтгэврийг хүчингүй болгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шаардлага гаргасан ... гэв.

 

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч С.*******ад холбогдуулж 19,384,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... миний бие ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, тухайн компанийн захирал бөгөөд ******* ХХК-аас тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа компанийн болон хувийн дансаар, бэлнээр С.******* их хэмжээний мөнгө авсан талаар хамтатган нэхэмжлэл гаргаж холбогдох баримт, тайлбарыг шүүхэд гаргасан. Иргэний хувьд хариуцагч С.*******аас авах авлагын асуудлыг тусад нь нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж С.*******ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт зааснаар хамтран нэхэмжлэгчээр оролцож, нэхэмжлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлж байна. Хариуцагч С.******* нь манай компаниас барилгын дотор заслын ажил авч, тухайн ажлынхаа төсөв зардлаас цалинжин ажиллаж байх үедээ надаас дансаар болон бэлнээр 17,384,000 төгрөгийг авсан. Миний бие С.*******ад ямар нэгэн өр төлбөр байхгүй ба надаас авсан мөнгөө өгөхгүй, улмаар компаниас эрх олгоогүй байхад гэрээ байгуулан компанийг болон намайг хохироосон. Мөн надтай өглөг, авлагын тооцоо хийхгүйгээр алга болсон тул аргагүйн эрхэнд шүүхийн журмаар эрэн сурвалжилж цагдаагийн байгууллага олж шүүхэд хандах болсон.

... Хариуцагч С.******* нь ******* ХХК-аас шилжүүлсэн мөнгөнөөс хамтарч ажилласан Д. гэх эмэгтэйд цалин хөлсийг нь олгоогүй хохироосон гэсэн гомдлыг удаа дараа тавьсан тул аргагүйн эрхэнд тухайн үед компанийн кассын нярваас 1,500,000 төгрөгийг гаргуулан авсан бөгөөд санхүүгийн баримт өөрийнх нь бичиж өгсөн баталгаа зэрэг нь санхүүгийн баримтаас гарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 1,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна ... нэхэмжлэгч Н.******* миний бие С.*******ын нэрийн өмнөөс Ц.т 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед манай компанийн данснаас биш би өөрөө хувиасаа түүний хүсэлтийн дагуу *******аас материалын үнэ гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна ... гэв.

 

3. Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн захирлын 24/2015 дугаар тушаалаар хариуцагч талбайн инженерээр ажилд орж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43/2018 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын тодорхойлолт, тушаал зэрэг баримтуудаар тогтоогддог. Мөн 2017 оны 7 дугаар сард ******* ХХК-аас Голомт банканд манай компанид С.******* гэх хүн тодорхой хэмжээний цалинтайгаар талбайн инженерээр ажилладаг гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Хэрвээ хариуцагч гуйж байгаад 3 жилийн нийгмийн даатгал төлүүлсэн бол нэхэмжлэгчийн зүгээс Голомт банканд хуурамч тодорхойлолт хийж өгөхгүй байсан. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн ажлын газрын тодорхойлолт хэрэгт авагдсан. Хариуцагчаас тухайн байгууллагаас 3 удаа цалин авч байсан баримтуудаа хэрэгт өгсөн ... ******* ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Өвөрхангай аймгийн төв суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих барилгын ажил, Дорноговь аймгийн төв суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг хийхээр болоход хариуцагч нь эдгээр 2 барилгын ажлын талбайн инженерээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ 2 ажлын хөлсийг төлөөгүйгээс улбаалан Ш.гийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл ******* ХХК нь Ш.д төлөх мөнгөө С.******* манай компани ийм хэмжээний хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй ... учир нь ******* ХХК-ийн зүгээс нэхэмжилсэн мөнгө нь дээрх 2 барилгын ажлыг хийхэд зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоно. Тухайлбал 34,433,880 төгрөгийг 2 барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн 30 гаруй хүмүүсийн ажлын хөлсөнд өгсөн. 34,546,653 төгрөгийг бараа материал болон тээврийн бусад зардлуудад зарцуулсан. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн нэхэмжлээд байгаа 88,532,533 төгрөгийг С.******* аваагүй, ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч компанид хохирол учруулаагүй байна. Хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс үүссэн эдийн болон эдийн бус хохирол буюу сөрөг үр дагаврыг ойлгодог. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанид хохирол учруулаагүй, хохирол учруулсан гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй байж Ш.д төлөх мөнгөө С.*******аас нэхэмжилсэн байна. Нөгөө талаар энэ үйл баримттай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш. гэх хүн нь ******* ХХК болон С.******* нарыг хариуцагчаар татан 89 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчээс гаргасан С.*******ын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК-д баталгаа гаргах нь гэж бичсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тэтгэвэр тогтоолгоход нийгмийн даатгал төлсөн 13,228,396 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь мөн адил үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ хариуцагч өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу байсан нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч компани төлөөд, С.******* нь буцаан төлөхөөр тохиролцсон гэсэн байна. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК-нд баталгаа гаргах бичгийг хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй. С.******* нь 2015 оны 12 дугаар сард ******* ХХК-нд талбайн инженерээр ажилд орсон. Хариуцагч нь энэ баталгааг гаргаж өгсөн байсан бол ажилд орохдоо л гаргах байсан. 2018 онд хариуцагчийг дарамталж байгаад тухайн баталгааг бичүүлсэн. С.******* 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тэтгэврийн насанд хүрсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажлаас гарсан тушаал, ажилд орсон тушаал зэрэг тэтгэвэрт гаргахад зайлшгүй шаардлагатай баримтууд байхгүй байсан бөгөөд тухайн баримтуудыг ******* ХХК-аас нэхэхэд гаргаж өгөөгүй. Ингээд тэтгэвэрт гарч чадахгүй байсаар байгаад 2018 оны 12 дугаар сард чи баримтуудаа авмаар байгаа бол баталгаа хийж өг гэхээр нь бичиг баримтуудаа авахын тулд аргагүйн эрхэнд бас уурандаа тухайн баталгааг бичиж өгсөн. Нэхэмжлэгч тал тухайн баталгааг хэлцэл гэж үзээд байгаа боловч хууль зүйн үүднээс харахад Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан хэлцэл гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй байна ... Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу ... гэв.

 

4. Хариуцагч С.******* нэхэмжлэгч Н. гаргасан нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлд дурдсан 20,884,000 төгрөг нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 89 сая төгрөгт багтсан. Учир нь 2 барилгын ажил хийхэд зарцуулсан мөнгийг дахин иргэний хувиар давхардуулан нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн 11 сая төгрөг болон 4,584,000 төгрөг нь хэрхэн зарцуулагдсан нь нотлох баримт шинжлэн судлах үед тогтоогдоно. Тиймээс нэхэмжлэгч Н. гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна ... гэв.

 

5. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн зүгээс С.******* нь манай ажилтан биш, тэтгэвэрт гартал нийгмийн даатгалын шимтгэл төлж өгөөд тэтгэвэрт гарсны дараа буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Тийм учраас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг байхгүй болгож, тэтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэх шаардлагыг манай байгууллагад холбогдуулан гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу хамгийн эхэнд тухайн тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл өгсөн хүн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдал зэргийг шалгаж үздэг. С.*******ын хувьд анх 2018 оны 12 дугаар сард тэтгэвэр тогтоолгох өргөдлөө өгсөн. С.*******ын материалыг шалгаж үзэхэд 55 нас хүрсэн ба нийт 16 жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан учраас хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэр тогтоож өгсөн. ******* ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал 3 жилийн хугацаанд 1,200,00 төгрөг буюу үндсэн ажилтнаар тооцон С.*******ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө байгууллагаас М178 гэх тайлан өгдөг ба энэ нь тухайн байгууллагын ажилтан нэг бүрээр тооцон гаргаж өгсөн тайланг хэлдэг ба төлсөн шимтгэлийг нь хардаг. Ингээд С.*******ын тэтгэврийг тогтоолгох үндэслэлийг шалгаж үзэхэд нийгмийн даатгалын хуульд заасан шаардлага хангаж байсан учраас тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн. Тэтгэвэр тогтоолгосон тал нь ажил олгогч талтай маргаан үүсгэсэн. Үүнээс харахад манай нийгмийн даатгалын байгууллага С.*******ын тэтгэврийг тогтоож өгсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна. Хэрэв С.******* нь тухайн байгууллагад ажиллаагүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол нийгмийн даатгалын шимтгэлд 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн төлөлтийг 0 болгож, С.*******ын тухайн үед авч байсан тэтгэврийг одоо авч байгаа тэтгэврээсээ буцаан төлөх эсхүл шинээр тэтгэвэр тогтоох асуудал үүснэ. Тиймээс хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байгаагүй гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй учраас манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ... гэв.

6. Хариуцагч С.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ******* ХХК-нд ажилласан 37 сарын хугацааны цалин болох 44,400,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Учир нь С.******* нь ******* ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд талбайн инженерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Өвөрхангай аймгийн төв суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих барилгын ажил, Дорноговь аймгийн төв суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг хийгээд Улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. С.******* нь талбайн инженерээр ажиллаж байх хугацаандаа ямар ч цалин аваагүй. Цалингаа авах гэхээр нэхэмжлэгч талын зүгээс чи бид 2 хоорондоо тохирно, чамд автомашин өгнө, хашаа байшин авч өгнө гэх мэтээр хууран мэхэлж өнөөдрийг хүрсэн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс С.******* нь тушаалуудыг бичээд өөрөө гарын үсэг зурсан гэх тайлбарыг гаргасан. Гэхдээ хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад тодорхой болно. Хэрэгт авагдсан тушаал нь ******* ХХК-аас гарсан бөгөөд захирлын гарын үсэг болон тамга тэмдэгтэй байна. Иймэрхүү байдлаар гүтгэж болохгүй. Мөн Н. зүгээс хариуцагч нь 1,200,000 төгрөгийн цалинтай ******* ХХК-нд ажилладаг гэсэн тодорхойлолтыг хийж өгч байсан. Мөн манай зүгээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* ХХК-нд ажилласан байдлаа тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчийг ажиллаж байх хугацаан 3-4 удаа цалин өгсөн, ээлжийн амралтын мөнгө нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Ийм нөхцөл байдалд С.******* манайд ажиллаагүй гэсэн тайлбар гаргах нь үндэслэлгүй юм ... иймд нэхэмжлэгч ******* ХХК-нд ажиллаж байсан болохыг тогтоож, цалин 44,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгч ******* ХХК, Н.******* нараас сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ... Нэгдүгээрт тухайн асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна. Мөн С.******* нэхэмжлэгч компанид ажиллаж байгаагүй учраас цалин хөлс олгоогүй. Хариуцагч тал нэхэмжлэгч талаас шилжүүлсэн мөнгийг ажилчдын цалин хөлс, бусад зүйлд зарцуулсан гэж байгаа боловч Ш. болон С.******* нарын хоорондыг асуудал нь бусдын хооронд байгуулагдсан гэрээний асуудал юм. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/0773 дугаар шийдвэрээр 79,873,570 төгрөг, алданги 39,936,785 төгрөг, нийт 119,815,355 төгрөгийг ******* ХХК-аас гарган Ш.д олгохоор шийдвэрлэж байсан боловч шийдвэр хүчингүй болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хэрвээ хариуцагч Ш.д мөнгө өгч байсан бол ******* ХХК нь С.*******ад 100 гаруй сая төгрөг өгчхөөд дахин Ш.д мөнгө өгөх шаардлага үүсэхгүй. Үнэхээр С.******* Ш.д мөнгө өгсөн бол Баянзүрх дүүргийн шүүх дээр хэлэх ёстой байсан. Мөн анх Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч компани нь хөдөлмөрийн гэрээгүйгээр хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэсэн тайлбар өгсөн боловч өнөөдөр компанийн эрх ашгийг зөрчөөгүй, хөндөөгүй гэж тайлбараа гуйвуулж, хэргийн материалтай танилцахгүйгээр асуудалд хандсан гэж харагдаж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэл хангагдах ямар ч боломжгүй байна ... гэв.

 

8. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2016-2018 онд С.*******ад өгсөн мөнгөний тооцоо, Хас банкны дансны хуулга, ******* ХХК-ийн 2018.12.28-ны өдрийн №43/2018 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, 2016.06.13-ны өдрийн БУ-ОНХС-07/2016 Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Хот байгуулалт, хөгжлийн газрын акт, Барилгын талбайд орсон гарсан огноо цаг, ЦЭСБ-АУДИТ ХХК-ийн 2023.08.01-ний өдрийн ******* ХХК-ийн удирдлагад хүргүүлсэн Аудиторын дүгнэлт, Г.Бархасжавын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ХХК-ийн 2024.03.19-ний өдрийн тодорхойлолт, С.*******ын нийгмийн даатгал төлсөнтэй холбогдон гарсан зардлууд гэсэн бичгийн баримт, ******* ХХК-нд баталгаа гаргах нь гэсэн С.*******ын гарын үсэг бүхий бичгийн баримт.

 

9. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: С.*******, Ш. нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2017.09.17-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2018.12.21-ний өдрийн Тооцоо нийлэх гэрээ, зорчих эрхийн тасалбар, хот хоорондын зорчих тасалбар.

 

10. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022.07.05-ны өдрийн 01/1279 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газар Архивын мэдээлэл, тэтгэвэр тогтоолтын хуудас, С.*******ын хүсэлт, ******* ХХК-ийн 2018.12.28-ны өдрийн №43/2018 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, Сонгинохайрхан дүүргийн Улсын байцаагчийн 2018.12.25-ны өдрийн Шимтгэл, алдангийг төлүүлэх тухай, Хяналт шалгалтаар дутуу тооцсон ндш болон илэрсэн зөрчлийн жагсаалт, Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2021.03.31-ний өдрийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* ХХК-ийн 2022.07.18-ны өдрийн №07/57 тоот тодорхойлолт, 2015, 2016, 2017, 2018 оны Санхүү байдлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022.07.08-ны өдрийн 502 тоот албан бичиг, ХААН банк ХК-ийн 2022.08.03-ны өдрийн 29/5332 дугаар албан бичиг, С.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.12-ны өдрийн 546 тоот албан бичиг, хавсралт баримт: 2017.05.08, 2017.09.17-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, Дорноговь, Иргэдийн хөгжлийн барилгын объём, 2018.12.21-ний өдрийн Тооцоо нийлэх гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* ХХК-ийн 2018.11.16-ны өдрийн №159 дугаар Ажлын газрын тодорхойлолт, ******* ХХК-ийн 2018.12.28-ны өдрийн №43/2018 тоот Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, 2017.06.08-ны өдрийн ОНХО-НШТ-01/2017 дугаар Дорноговь аймгийн сумын 6-р багт иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ, ажлын зураг, 2017.11.13-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, зарлагын баримт, үйлчилгээний тасалбар, мөнгөн шилжүүлэг, нэхэмжлэх, Тоноглолын газардуулгын эсэргүүцэл, орлогын ордер, зарлагын падаан, Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2022.08.26-ны өдрийн 05/3455 тоот албан бичиг, гэрч Ш.гийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.05.04-ний өдрийн 338 тоот албан бичиг, Шүүхийн тусгай архивын 2023.05.10-ны өдрийн 1/1443 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.24-ний өдрийн 1704 дугаар магадлал, Голомт банкны дансны хуулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023.12.28-ны өдрийн 4/44 тоот Хариу мэдэгдэх хуудас албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024.01.10-ны өдрийн 04 тоот албан бичиг, ******* ХХК-ийн шимтгэл төлөлтийн талаар тайлан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч С.*******ад холбогдуулж нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөр болон компанид учруулсан хохирол нийт 103,751,929 төгрөг гаргуулах, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулж нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон С.*******ын тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах, нэхэмжлэгч Н.*******ас хариуцагч С.*******ад холбогдуулж 19,384,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба хариуцагч С.******* нь нэхэмжлэгч компанид ажиллаж байсан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн талаар

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд компаниас эрх олгоогүй байхад өөрийн дансаар болон бэлнээр мөнгө авч хувьдаа ашигласан үндэслэлээр 88,532,533 төгрөг ... хариуцагчийн нийгмийн даатгалд төлсөн 13,228,396 төгрөг ... ажилтан Д.д өгсөн гэх 1,500,000 төгрөг ... гэх үндэслэлээр нийт 103,751,929 төгрөгийг хариуцагч С.*******аас шаардсан.

 

6. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1. Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Ийнхүү өмчлөгчийн эрхийг хамгаалах иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хуульд заасан бөгөөд хэн нэгэн этгээд эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар захиран зарцуулснаас тухайн хөрөнгө биетээр байхгүй болсон тохиолдолд учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэг үүсдэг. Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулж өөрийн өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч түүний эрхийг хуульд заасан дээрх аргаар хамгаалах урьдчилсан нөхцөл хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.

 

7. Өөрөөр хэлбэл хэрэгт нотлох баримтаар цугларсан бичгийн баримт болох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* ХХК-ийн 2018.11.16-ны өдрийн №159 дугаар Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргаж өгсөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл, тэтгэвэр тогтоолтын хуудас, ******* ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №43/2018 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******* ХХК-нд баталгаа гаргах нь гэсэн С.*******ын гаргасан бичмэл баримт, Хаан банк дахь С.*******ын тоот дансны хуулга, Хас банк дахь Н. тоот дансны хуулга, ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, тооцоо нийлэх гэрээ, гэрч Ш.гийн ... ******* захирал С.******* инженер төлөөлж байгаа гэж хэлсэн учраас гэрээ байгуулсан ... инженер бүх ажлаа мэднэ гэж хэлсэн ... гэх мэдүүлэг, хариуцагч С.*******ын ... 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр талбайн инженерээр ажилд орж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн ... ******* ХХК Өвөрхангай аймгийн төв суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Дорноговь аймгийн төв суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг хийхээр болоход эдгээр 2 барилгын ажлын талбайн инженерээр ажиллаж байсан ... гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч С.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-нд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл ажиллахдаа ажил олгогчоос тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч буюу ******* ХХК нь түүний хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны үндсэн дээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

8. Цэсб-аудит ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн аудиторын тайланд С.******* 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд ******* ХХК-аар нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж байсан боловч тухайн компанийн үндсэн ажилтны нэгэн адил хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс авч байгаагүй гэж дурдсан байх боловч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

9. Нэхэмжлэгч нараас ... С.******* компанид үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй ... ******* ХХК-аас барилгын засал тохижилтын ажил авч цааш хувь хүнтэй өртөг зардлыг нэмээд гэрээтэй, гэрээгүй ямар нэгэн хэлбэрээр ажил хийлгэж дундаас нь ашиг авдаг ... гэх тайлбарыг гаргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн тэтгэврийн хувийн хэрэг материал, Техник туслалцааны үйлдвэр барилга трестээс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, №301449 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, лавлагаа, ******* ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №159 дугаар Ажлын газрын тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар хариуцагч С.******* нь барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, энэ мэргэжлийнхээ дагуу ******* ХХК-нд барилгын талбайн инженер буюу байнгын ажлын байранд ажил олгогчийн удирдлага, өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд, тогтсон цалин хөлс авч ажиллаж, ажил олгогч нь түүнийг нийгмийн даатгалд хамруулан, шимтэл төлж байсныг нотлох ба энэ нөхцөл байдал нь талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

10. Түүнчлэн хариуцагч С.******* нь нэхэмжлэгч компанид ажиллаж байх хугацаандаа ******* ХХК-аас Дорноговь аймгийн засаг даргын тамгын газартай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн №ОНХО-НШТ-01/2017 дугаар Дорноговь аймгийн сумын 6-р багт иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №БУ-ОНХС-07/2016 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу тус тус Дорноговь аймгийн сумын 6-р багт Иргэдийн хөгжлийн төвийн барилга, Өвөрхангай аймгийн хотын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын талбайн инженерээр ажиллаж, компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу мөнгөн хөрөнгийг зарцуулж, барилгын ажилд шаардлагатай худалдан авалтыг хийж байсан нь С.*******, Ш. нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 8, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт Өвөрхангай, 150 хүүхдийн цэцэрлэгийн ажлын объём, Дорноговь, Иргэдийн хөгжлийн барилгын объём, тооцоо нийлэх гэрээ, мөнгөн зарлагын баримт, нэхэмжлэх, мөнгөн шилжүүлгийн баримт, үйлчилгээний тасалбар, Хас банк дахь нэхэмжлэгч Н. тоот, Хаан банк дахь хариуцагч С.*******ын тоот, Голомт банк дахь тоот дансны хуулга, гэрч Ш.гийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1. Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно, мөн зүйлийн 136.2. Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно гэж тус тус заасан.

 

12. Хариуцагч С.*******ын хувьд компанийн мөнгийг өөрийн дансаар хүлээн авч зарцуулж байсан үйл баримтын талаар маргаагүй боловч түүний тухайн мөнгийг хувьдаа ашиглаагүй, нэхэмжлэгчийн барилгын ажилд зарцуулсан, мөнгөн зарлагын баримтад нэхэмжлэгч компанийг төлөөлж гарын үсэг зурж байсан гэх тайлбар нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд түүнийг компанийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, өөрийнх нь зөвшөөрөлгүй, хувьдаа ашигласан гэх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй.

 

13. Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд хариуцагчид шилжүүлсэн барилгын материал, үйлчилгээ авахтай холбоотой мөнгөн хөрөнгийн зарцуулалтад зөрчил үүссэн, хариуцагч хувьдаа ашиглаж, шамшигдуулсан гэж үзсэн тохиолдолд энэ талаар зөрчлийг тухайн хугацаанд мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь ажил олгогчийн хувьд ажилтны гаргасан зөрчил, эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй, ийнхүү хугацаа хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэх шалтгаангүй байна.

 

14. Хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02145 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ХХК нь Д.д ажлын хөлс 1,500,000 төгрөг төлөхөөр талууд эвлэрснийг баталж шийдвэрлэжээ. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй тул Д.д шүүхийн шийдвэрээр төлсөн мөнгийг хариуцагч С.******* төлөх үүрэгтэй байсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

15. Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-ийн 4 дүгээр зүйлийн 1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно, мөн зүйлийн 5-д Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасан.

Нийгмийн даатгалын байгууллагаас С.*******ын өргөдлийг хүлээн авч хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрдсэн гэж үзэж хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон байх бөгөөд уг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хариуцагчид өндөр насны тэтгэвэр тогтоосон Нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр, үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

16. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор ******* ХХК-нд баталгаа гаргах нь гэсэн С.*******ын гарын үсэг бүхий бичгийн баримтыг нотлох баримтаар гаргасан боловч энэ нь тухайн агуулгаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй болохгүй тул хэлцлийг хүчингүй тооцох үндэслэлгүй ба Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зохих хэсгийг төлсөн шимтгэлийг буцаан гаргуулах боломжгүй болно.

 

17. Нэхэмжлэгч Н. нэхэмжлэлийн талаар

 

18. Нэхэмжлэгч Н.*******ас ... С.******* нь манай компаниас барилгын дотор заслын ажил авч тухайн ажлынхаа төсөв зардлаас цалинжин ажиллаж байх үедээ надаас мөнгө төгрөгийн шаардлагаар дансаар болон бэлнээр 17,384,000 төгрөг авсан ... С.*******ын нэрийн өмнөөс Ц.т 2,000,000 төгрөг төлсөн ... үндэслэлээр нийт 19,384,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

19. Тодруулбал ******* ХХК-ийн Өвөрхангай, Дорноговь аймагт хийж гүйцэтгэсэн барилгын ажилтай холбогдуулж С.*******ад шилжүүлсэн гэх 2016.9.22-ны өдрийн 300,000 төгрөг, 2017.5.20-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2017.6.23-ны өдрийн 1,672,000 төгрөг, 2017.10.20-ны өдрийн 100,000 төгрөг, 2017.10.29-ний өдрийн 11,000,000 төгрөг, 2018.5.10-ны өдрийн 1,512,000 төгрөг болон бэлнээр өгсөн 1,800,333 төгрөг нийт 17,384,333 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дээрх мөнгөн шаардлага нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай давхацсан, тус компаниас хариуцагчид үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэх 89,011,795 төгрөгийн шаардлагад орсон ба энэ мөнгөн хөрөнгийг хариуцагч С.*******аас буцаан гаргуулах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.

Мөн нэхэмжлэгч Н. ажилтан Ц.т шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны орлогын баримтаар 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр т 2,000,000 төгрөгийг С.*******аас шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч тухайн мөнгөний гүйлгээний утгад *******аас материалын үнэ гэж тэмдэглэгдсэнээс гадна уг мөнгө нэхэмжлэгчийн хөрөнгө болох нь цаашлаад хариуцагч нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн хохирол болох нь нотлогдож, тогтоогдсонгүй.

 

20. Хариуцагч С.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар

 

21. Хариуцагч нь нэхэмжлэгч компанид ажиллаж байсан болохыг тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 37 сарын цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлага нь бие даасан шаардлага болж чадахгүй, харин ажилласан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагынхаа үндэслэл болсон байна.

 

22. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 47 дугаар зүйлийн 47.1. Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, 60 дугаар зүйлийн 60.1. Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэжээ.

 

23. Хэргийн баримтаар хариуцагч С.******* нь ******* ХХК-нд талбайн инженер ажил, албан тушаалд ажиллаж байсан, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь тогтоогдсон. Түүнчлэн нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор ажилтан, ажил олгогч хэн аль нь нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж байснаас үзэхэд цалин хөлс аваагүй, ажил олгогчийг хуулиар хүлээсэн цалин хөлс олгох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

24. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар хариуцагч С.******* нь ажил олгогчоос цалин хөлс олгоогүй үйлдэлтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаагүй байна.

 

25. Иймд шүүх үндсэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 942,204 төгрөг, нэхэмжлэгч Н. төлсөн 46,950 төгрөг хариуцагч С.*******ын төлсөн 450,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох нэхэмжлэгч ******* ХХК-ийн хохирол 103,751,929 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон С.*******ын тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай, нэхэмжлэгч Н. гаргасан 19,384,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч С.*******ын гаргасан цалин хөлс 44,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 942,204 төгрөг, нэхэмжлэгч Н. төлсөн 46,950 төгрөг, хариуцагч С.*******ын төлсөн 450,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үдээсүгэй.

 

  1. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН