| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0147/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,
улсын яллагч Б.Энхбат,
иргэдийн төлөөлөгч Б.Батбаяр,
хохирогч Д.Б,
шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0-938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Эын Нт холбогдох 201626012749 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баян дөхөм 14-07 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ...тоотод түр оршин суух,
-2005 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 80 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар засарч хүмүүжихийг 1 жилийн хугацаагаар даалгаж, эцэг, эхийн хяналтад өгсөн,
-2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 234 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Сум дундын 23 дугаар шүүхийн 10 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт тус тус зааснаар өмнөх 2013 оны 234 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсэн, Сартуул овогт Эын Н /РД:.../
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Энхболд түүний найз охин Д, А, Г бид нар Баянхошуунд байж байгаад 19 цагийн орчим Г-н гэрт очихоор болоод Г найз Н, А нар луу залгаад 3,4-р хорооллын Өргөөгийн ард байдаг нийтийн байранд (Г-н) ирсэн. Г-н эхнэр нь гэртээ байхгүй байсан, бид хэд ороод архи ууж байтал гаднаас Н, А хоёр 1 шил архи барьж орж ирээд хамт архи уугаад байж байтал эхнэр нь 22 цагийн орчим орж ирээд юун олон танихгүй хүмүүс гэрт архи ууж байна гээд уурлахаар нь бид нар гэрээс нь гарсан, Г гэртээ эхнэртэйгээ үлдсэн. Бид нар шууд Баянхошуу руу Эын машинд сууж явцгаагаад Зүүн салаанд Нын гэрт очсон. Замдаа авсан архиа ууцгаагаад нилээн согтоцгоосон, юунаас маргалдсан юм бүү мэд миний санаж байгаагаар би Нтай ерөөсөө маргалдаагүй, тэгэхэд Н шүүгээнээсээ хутга аваад миний гэдэс рүү 1 удаа хутгалсан, би гэдсээ бариад доошоо эвхрээд унасан. А хутгалчихлаа шүү дээ гээд орилж, А Э нар аваад гадагшаа гарч байх шиг байсан. Би зарим зүйлийг санахгүй байна, би ухаан алдчихаад байсан. Нэг мэдэхэд 103-н машинд явж байсан, А миний хажууд байсан, би Ад Н намайг хутгалчихлаа гэж хэлж байсан. Өглөө 07 цагт цэргийн госпталд ирээд хагалгаанд орсон. …Ямар ч байсан Н намайг хутгалсан би сайн мэдэж байна. …Ямар ч зодоон нүдээний асуудал болоогүй, Ныг хэн ч цохиж зодоогүй. …Намайг хутгалсны дараа А 2 гартаа хутга бариад ална хядна гээд орилоод байх шиг байсан, А намайг хутгалаагүй. …Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна. …Би шүүх хуралд оролцоно, Наас эмчилгээний зардлаа гаргуулаад авчихвал гомдол санал байхгүй байна. ...Цэргийн госпитал дээр очиход надад эмчилгээ хийж байсан Б эмч ажлаасаа гарчихсан одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлж байсан. ...Намайг тухайн үед цэргийн эмнэлэгт хэвтэж байхад манай ах Г эхлээд Б эмчид бэлнээр өөрт нь 300,000 төгрөг өгсөн, дараа нь Б эмчийн данс руу нь өөрийн бэр эгч Хгийн данснаас эхлээд 390,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн ахин сувилагч гэх хүн дансруугаа 30,000 төгрөг шилжүүл гэсний дагуу мөн шилжүүлсэн, энэ баримтыг би гаргаж өгсөн, харин эмнэлгээс гараад гадуур эмчилгээ хийсний 100,000 төгрөгийн баримт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-32 х, 2хх-ийн 1, 26 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.2.Шүүгдэгч Э.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би найз Аын хамт 3,4-р хороололд байдаг найз Г-н гэрт нийтийн байранд очтол Г, Б, Э, түүний найз охин гэх хоёр эмэгтэй (нэрийг нь мэдэхгүй) зэрэг хүмүүс байсан, ингээд бид нар архи ууцгаасан, тэгэхэд гаднаас Гийн эхнэр орж ирээд Б, А, Э, нөгөө хоёр эмэгтэйн хамт бид нар зүүн салаанд манай гэрт ирж архи ууцгаасан, тэгээд би юу болсныг санахгүй байна, би ер нь архи, пиво их уусан, их согтолттой байсан. Б, Э хоёр согтчихоод дэмий зүйл яриад агсамнаад байх шиг байсан, ингээд цаашаа юу ч санахгүй байна, би хамгийн сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирээд л ухаан орсон, ухаан ороход миний толгой боолттой дагз хэсэгтээ хагарсан шархтай байх шиг байсан. …Би ямар нэг хүнтэй маргалдсан эсэхээ санахгүй байна, би Бг хутгалсанаа мэдэхгүй байна, би их уусан, тасарсан байсан. …Манай гэрт Б, А, Э, нөгөө хоёр эмэгтэй надтай нийлээд 6 хүн байсан өөр хүн байгаагүй. …Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. …Б өөрөө намайг хутгалсан гэж хэлж байгаа би юу болсон талаар санахгүй байна. …Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. …Миний толгой хагарсанд ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.
…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цагийг нь санахгүй байна А бид хоёрыг хамт явж байхад Аын гар утас руу нь түүний найз Г залгаад Б, Э нар ирсэн байна, эхнэр ажилтай гэртээ хонохгүй хүрээд ир гэсэн, тэгэхээр нь А бид хоёр 3,4 дүгээр хорооллын Өргөөгийн ар талд байх нийтийн байранд очиход Б, Э, түүний найз охин, Г нар байсан. Тэд нар 0.75 литрийн архи задлаад ууж байсныг бид нар хувааж уусан, гаднаас Гий эхнэр орж ирэхээр нь бид нар зөрөөд гараад явцгаасан. Бид нар машинд суугаад Зүүн салаанд гудамжинд Эын машинд Б, Э, түүний найз хүүхэн, бас өндөр хүүхэн, А бид нар архи ууцгаасан. Э гар утсаар хүнтэй маргалдаад хэрэлдээд байсан, бид нар нилээн архи уусан би их согтсон байсан, манай гэрт очиж архи ууцгаасан, би орон дээрээ хэвтэж байх шиг байсан, нэг сэрэхэд цагдаагийн хэлтэс дээр сэрсэн. …Би толгойгоо ямар байдлаар гэмтээснээ мэдэхгүй байна, миний толгой гэмтсэн асуудалд ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 100-101 х, 107 х,109-110 х, 2хх-ийн 129-130 х/
1.3.Шүүгдэгч Э.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой Зүүн салаанд байрлах нэгэн караокед сууж байгаад шөнө Э.Нын гэрт очсон. Үүрээр бид нар юм яриад зогсож байхад гэнт Э.Н намайг зүүн гараараа цээж рүү цохих шиг болсон. Би гараараа цээжээ дараад үзэхэд цус гарч байсан. Тэгээд би Ад хутгалуулчихлаа гэж хэлэхэд эмч дуудсан. Тэгээд би эмнэлэгт очисон. Одоо эмчилгээний зардал буюу 700.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр хэлэх зүйлгүй. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.4.Гэрч О.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим Баянхошууны эцсийн автобусны буудал дээр интернетэд сууж байтал Б гар утсаар залгаад уулзья гээд намайг интернетийн гаднаас Э, түүний найз хүүхэн Д, Б нар ирж аваад Э ахын гэрийн гадаа машинд пиво ууцгаагаад байж байтал манай найз Г ирээд бид нар Баянхошуунд байж байгаад 19 цагийн орчим 3,4-р хороололд нийтийн байранд байдаг Г-н гэрт очоод байж байтал Г найз А, Н нарыг дуудсан, ингээд Г-н гэрт бид нар 2 шил архи уугаад сууж байтал Г-н эхнэр ирээд дургүйцээд байсан болохоор бид нар гэрээс гараад Г эхнэрийн хамт гэртээ үлдсэн, Б, А, Н, Э түүний найз охин Д нарын хамтаар зүүн салаанд Нын гэрт очсон. Замаараа А 2 шил архи авсан, тэгэхэд цаг 3 өнгөрч байсан. Нынд очоод эхний нэг шил архиа хувааж уугаад сууж байтал Н Э ахад агсам тавиад чи манай гэрт байгаа шүү миний гэр орон шүү хүндлээрэй гээд баруун орон дээр унтаж байсан Э ахын найз Дын хажууд очоод суутал Э ах уурлаад манай найз охиноос холд гээд байх шиг байсан, Н босоод эсрэг талын орон дээр суусан, хойд хойморын сандал дээр Э ах суусан байсан, хажуу талд нь Б зогсож байсан, би гэрийн баруун талд Дын унтаж байсан орны хажуу талд зурагт үзээд сандал дээр сууж байтал Н гэнэт цулгуй цагаан /никл/ иштэй хутгаар шууд Бгийн гэдэс рүү хутгалчихсан, Б гэдсээ дараад намайг хутгалчихлаа гээд хоймрын орчим шалан дээр гэдсээ дараад хэвтсэн, би айсандаа хутгалчихлаа шүү дээ гээд орилтол унтаж байсан Д сэртэл А Бг чи битгий худлаа жүжиглээд бай гэхээр нь би хутгалчихлаа шүү дээ гэтэл А хоёр гартаа цэнхэр цагаан иштэй хутга, улаан өнгийн цэцэгтэй цагаан өнгийн хутгыг хоёр гартаа бариад хаалганы орчим зогсоод Б үхвэл бүгд үхнэ шүү, цаашаа та нарыг гэрээс гаргахгүй гэсэн. Н миний эсрэг талд буюу гэрийн зүүн талд зогсож байсан, тэгээд А, Н хоёрыг бага зэрэг тайвширхаар нь Бг Э ах бид хоёр 2 талаас нь сугадаад мөн Дын хамт гэрээс 4-үүлээ гараад би шууд 102 болон 103 луу өөрийн 80606031 дугаарын утсаар дуудлага өгчихөөд бид 3 Бг өргөөд зам руу гараад иртэл цагдаагийн машин ирсэн, удалгүй 103 ирээд Бг аваад явсан. Бид нарыг Нын гэрт байхад Нын толгой зүв зүгээр байсан. Б, Э, Д бид 4-ийг гэрээс нь гараад дараа нь цагдаа дуудаад ирэхэд л Нын духны хэсгээр шархтай байсан. Бид 4-ийг гэрээс гарахад А Н хоёр л үлдсэн. Ныг зодсон хүн байхгүй. …Би 103-н машинд Бтэй хамт явсан тэгэхэд Б хэлэхдээ Н намайг хутгалчихна гэж бодоогүй гээд уйлаад байсан. …Н Бг хутгалахад 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 05 цаг өнгөрч байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 х/
1.5.Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бид нар шууд зүүн салаанд байдаг Нын гэрт очсон, тэнд гал түлээд би орон дээр хэвтэж байгаад унтчихсан байсан, тэгтэл нэг хүн орилхоор нь сэртэл хутгалчихлаа шүү дээ гэхээр нь босоод хартал хоймрын шалан дээр Б гэдсээ дараад эвхрээд унасан байсан, А хаалганы орчим хоёр гартаа хутга барьсан та нарыг гаргахгүй гээд байсан, хажуу талд нь Н гартаа цагаан төмөр хутга барьсан байсан, Н орилоод эндээс гарах юм бол бүгдийг чинь ална шүү гээд байсан, А нь овоо тайвширхаар нь Э, А хоёр Бг сугадаад би туслаад бид 4 гэрээс гараад зам руу явсан, гэрт А, Н нар үлдсэн, цагдаа эмнэлэг рүү А дуудлага өгөөд удалгүй цагдаа, 103 ирсэн. Би цагдаатай хамт гэрийг нь зааж өгөөд гэрт ортол А Н хоёр орон дээр хэвтэж байсан, Нын нүүр толгой нь нил цус болсон байдалтай байсан. Бид нарыг гарахад Н зүв зүгээр байсан, гараад цагдаатай буцаад ирэхэд нүүр толгой нь цус болсон байсан, хэн ингэснийг мэдэхгүй байна. …Анх бид нар уулзахад ямар ч хүмүүс хоорондоо маргалдсан муудалцсан асуудал болоогүй харин Нын гэрт ирээд сэрэхэд л бөөн асуудал болсон байсан. Бг Н хутгалсан гэж яригдаад байсан, А Бг хутгалаагүй гэсэн, харин зүгээр л Ныг хөөргөөд хоёр гартаа хутга бариад гэрээс хүн гаргахгүй байсан. …Н, А, Б, Э, А бид нар байсан, өөр хүн байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 х/
1.6.Гэрч С.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бид нар тэндээс гараад шууд зүүн салаанд Нын гэрт Д, А, Б, Н, А бид нар очсон, бид нар тэнд архи уусан, нэг мэдэхэд Бг Н хутгалчихлаа гээд орилсон, тэгэхээр нь би гэнэт ухаан ороод хартал Б гэрийн шалан дээр гэдэснээс нь цус гараад хувцсанд нь нэвтэрсэн байдалтай хэвтэж байсан, А бид хоёр Бг аваад гэрээс зам руу гараад явсан. Зам дээр 103-т Бг аваачиж өгсөн, А хамт явсан байх, намайг цагдаа нар аваад явсан. …Би архи уугаад тасарсан байсан болохоор сайн мэдэхгүй байна, сүүлд Ааас сонсоход Н Бг хутгалчихсан гэж байсан, яг юунаас болж хутгалсан талаар надад хэлээгүй, би асуугаагүй. …Бид нар Нын гэрт очиход Нын биед ямар нэгэн гэмтэл шарх болсон зүйл байгаагүй, Ныг хэн ч зодоогүй, сүүлд А надад хэлэхдээ Н Бг хутгалчихаад дараа нь өөрийнхөө толгойг гэмтээсэн гэж хэлж байсан. …Сүүлд хүмүүсээс сонсоход Н Бг хутгалсаны дараа А хоёр гартаа хутга бариад Б үхэх юм бол энэ гэрээс хүн гарахгүй шүү, бүгдийг нь ална гээд байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 х/
1.7.Гэрч Б.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 05 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо зүүн салааны улаан худаг дээр хутгалуулсан хүн байна гэх дуудлагыг хүлээн аваад 05 цаг 42 минутад дуудлагын жолооч Оюунбатын хамт зүүн салааны зам дагуу аюулхай ходоод орчимдоо 2 см өргөнтэй хутгалуулсан шархтай 25-30 орчим насны эрэгтэй бас түүнтэй хамт 30 орчим насны эрэгтэй, өндөр эмэгтэй, намхан эмэгтэй нар байсан, ингээд хутгалуулсан залууг үзэж байхад биеийн байдал хүндэвтэр, ходоод, аюулхай орчмоос цус урссан байсан тэгэхээр нь би тэр хүмүүсээс хаана хутгалагдсан бэ гэж асуухад айлд нэг хүнд хутгалуулсан, хутгалсан хүн тэнд байгаа гэхээр нь тэр хүмүүсийг машиндаа суулгаад хэрэг болсон зүүн тийш гудамжаар өгсөөд очиход нэг хашааны үүдэн дээр эргүүлийн цагдаагийн алаг машин ирсэн байсан. …Хутгалуулсан гэх залуугийн биеийн байдал муудаж артерийн даралт унасан тул шингэн сэлбэж анхны тусламж үзүүлсэн. Тэгээд байж байтал манай машины хаалгаар нэг цагдаа шагайгаад цагдаагийн алаг машинд байгаа хоёр хүний нэгийг нь үзээд өгөөч гэхээр нь би бууж очоод уг машины ар талын суудал дээр суусан жижиг биетэй залуугийн биеийн байдлыг үнэлж гаднах биед үзлэг хийхэд толгойн ар дагз хэсэгт өнгөц шархтай байсан тул ариутгаж ариун боолт хийж анхны тусламж үзүүлсэн. Ингээд нөгөө хоёр хүнийг бидэнтэй хамт анх хутгалуулсан залууг түшиж ирсэн 30 орчим насны залуу, намхан биетэй эмэгтэйг цагдаа нар аваад явсан. …Дээрх хүмүүс бүгд архи уусан согтуу байсан, цагдаагийн алаг машинд сууж байсан хоёр залуу агсам тавиад байсан толгой хагарсан жижиг биетэй залуу ална шүү гэх зэргээр заналхийлээд байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 х/
1.8.Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ачит 116 чиглэлийн машинд цагдаа жолооч цагдаагийн ахлагч Ргийн хамтаар үүрэг гүйцэтгэж байхад 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 05 цаг 18 минутад Ачит-10-с Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны улаан худаг дээр хүлээж байя хутгалуулсан хүн байна гэх дуудлагыг хүлээн аваад 05 цаг 25 минутад очиж шалгахад зүүн салааны зам дагуу 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн тосч авсан, ингээд уулзахад 2 эрэгтэйн нэг болох Б гэгч нь гэдсэндээ хутгалуулсан байдалтай байсан. Тэгэхээр нь Б хаана хутгалуулсан юм бэ хаягийг нь мэдэх үү гэж асуугаад тухайн хамт байсан хоёр эмэгтэйн нэг эмэгтэйгээр хаягийг нь заалгасан, үлдсэн хүмүүсийг 103 ирвэл үзүүлээрэй гэж хэлээд явсан. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын ...тоотод байрлах ногоон өнгийн төмөр хаалга, хашаа байсан, ингээд онгорхой хашааны хаалгаар хашаан дотор ороход хоёр гэр байсан түүний хойд талын хүнтэй гэх гэр лүү нь орох гэтэл хаалга нь түгжээтэй байсан, нүдэхэд онгойлгосон. Би Ргийн хамтаар ороход өндөр залуу зүүн талын орон дээр намхан залуугийн толгойноос нь цус гарсан байдалтай баруун гартаа цагаан иштэй никл төмөр хутгыг орны араар унагаасан, би аюулгүй байдлаа хангаад тухайн Н гэх залууг гавлаад дараа нь хутгыг нь хураан авсан. Удалгүй ирсэн жижүүрийн бүрэлдэхүүнд хутга болон хэргийн газрыг хүлээлгэн өгөөд явуулсан. Нын дагзандаа хагарсан шархыг 103-н эмчид үзүүлж толгойг нь боолгож анхны тусламж үзүүлээд А, Н, Э, Д нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд, Н Д нарыг эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ад хүлээлгэж өгөөд Э Аыг албадан саатуулсан. Дээрх хүмүүс бүгд архи уусан согтуу байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 х/
1.9.Гэрч Б.Р-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ачит 116 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн машинд цагдаагийн дэслэгч Ц.Бын хамт үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 05 цаг 18 минутад Ачит-10-с Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны улаан худаг дээр хүлээж байя хутгалуулсан хүн байна гэх дуудлагыг хүлээн аваад 05 цаг 25 минутад очиж шалгахад зүүн салааны зам дагуу 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн тосч авсан, ингээд уулзахад 2 эрэгтэйн нэг болох Б гэгч нь гэдсэндээ хутгалуулсан байдалтай байсан. Тэгэхээр нь Бг хаана хутгалуулсан талаар асууж тодруулан хамт байсан хоёр эмэгтэйн нэг эмэгтэйгээр хаягийг нь заалгаж хутгалуулсан Бг хамт явсан хүмүүстэй орхиод 103 ирвэл үзүүлээрэй гэж хэлээд явсан. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын ...тоотод байрлах ногоон өнгийн төмөр хаалга, хашаа байсан, ингээд онгорхой хашааны хаалгаар хашаан дотор ороход хоёр гэр байсан түүний хойд талын хүнтэй гэх гэр лүү нь орох гэтэл хаалга нь түгжээтэй байсан, нүдэхэд нэг хүн онгойлгохоор нь Бын хамтаар ороход хоёр залуу гэрийн зүүн баруун орон дээр хэвтэж байсан. Би зүүн талын орон дээр өндөр залуу байхаар нь очиж босгоод гавласан, харин нөгөө орон дээр байсан намхан толгойноос нь цус гарсан залууг Б ах гавласан. Ингээд бид хоёр уг хоёр залууг гэрээс авч гараад машиндаа суулгасан. Удалгүй ирсэн жижүүрийн бүрэлдэхүүнд хутга болон хэргийн газрыг хүлээлгэн өгөөд явуулсан. Нын дагзандаа хагарсан шархыг 103-н эмчид үзүүлж толгойг нь боолгож анхны тусламж үзүүлээд А, Н, Э, Д нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд, Н Д нарыг эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ад хүлээлгэж өгөөд Э Аыг албадан саатуулсан. Дээрх хүмүүс бүгд архи уусан согтуу байсан. …Тухайн үед хоорондоо хэрүүл маргаан хийснээс болж Н нь Бг хутгалсан гэж яриад байх шиг байсан. Яг ямар шалтгаанаар хутгалсан талаар мэдэхгүй байна. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49-50 х/,
1.10.Шинжээчийн 16454 тоот дүгнэлт
-Бн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний баруун дэлбэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ. /1хх-ийн 78 х/
Хоёр.Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.Гэрч Ч.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Н миний төрсөн хүү байгаа юм. …Би нөхөрийн хамт 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим Төв аймаг руу хувийн асуудлаар явсан, тэндээ хоночихоод 2016 оны 12 дугаар сарын 03-ны 13 цагийн орчим хотод иртэл миний гар утас руу А залгаад та хоёрын хэрэг байна Н Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр байна хурдан хүрээд ир батлан даалтад авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхрийн хамт Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр ирээд Атай уулзахад Н хүн хутгалчихлаа одоо яанаа гэж надад хэлсэн. …Миний ганц хүү Н 1988 оны 05-р сарын 10-нд Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд төрсөн, миний хүү бага насаа гэрээр хүмүүжсэн, Сонгинохайрхан дүүргийн 76, 105 дугаар сургуульд суралцаж байгаад 8 дугаар анги төгсөөд хувиараа барилгын ажил хийдэг байсан. Манай хүү ааш зангийн хувьд дөлгөөн, хүнтэй маргалдаж хэрэлдээд байдаггүй, үгэнд сайн ордог, ээж аавынхаа үгнээс гардаггүй, найз нөхөдтэйгөө эв найрамдалтай, нэг их уурлаж уцаарлаад байдаггүй, айлын ганц болохоороо жаахан ганцаарддаг юм шиг надад санагддаг, эхнэр хүүхэдтэй, эхнэр нь Солонгос улс руу 3 жилийн хугацаагаар ажилд явсан, ирээгүй байгаа, хүү нь манай худын гэрээр байгаа. …Манайх 2001-2002 оны хавьцаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ЗБУ-ын 12-49 тоотод байхад гал гарч шатаад манай хамаг эд зүйл шатсан, энэ дунд бид нарын бичиг баримт, Нын бүх эд зүйл бичиг баримт шатсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 х/
2.2.Шүүх сэтгэц, эмгэг судлалын 564 тоот дүгнэлт
1.2.3.Э.Н нь сэтгэцийн өвчингүй байна.
4.Э.Н нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үед болон үйлдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй байна.
5.Э.Н нь болсон хэргийн талаар үнэн зөв ярих чадвартай байна. Э.Н нь хэрэг болох үед ойгүйтэх хэлбэрийн энгийн согтолттой байсан байна. Ойгүйтэх хэлбэрийн согтолттой байх үедээ болсон үйл явдлыг эргэн санахгүй байх боломжтой.
6.Э.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Дэжидмаа, Ц.Цэрэнмөнх, Б.Ерөөлт /2хх-ийн 44 х/,
2.3.Э.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 137 х/,
2.4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 140 х/,
Гурав.Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүнд хутгалуулаад цэргийн төв эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж эмчлүүлсэн, анх сувилагч 30,000 төгрөгөө дансаар өг гуурсны мөнгө байгаа юм гэж хэлэхээр нь шилжүүлсэн, дараа нь Б эмч хагалгааны төлбөр 300,000 төгрөг өг гэсний дагуу бэлнээр 300,000 төгрөгийг өгсөн, дараа нь ахин Б эмч эмчилгээний мөнгө 390,000 төгрөг болно мөн данс руу хий гэсний дагуу Б эмчийн данс руу шилжүүлсэн. Эдгээр мөнгийг шилжүүлэхдээ өөрийн эхнэр Хгийн дансаар шилжүүлсэн, би дансны хуулгыг гаргаж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 31 х/,
3.2.Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 03-ны 06 цагийн орчим хэвлий урд аюулхай дээр нэвтэрсэн шархтай Б гэх залуу манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. ... цус тогтоогч оёдлын утаснууд нэмэлт төлбөртэйгөөр нийт 390,000 төгрөг орчим болсон. Энэ төрлийн хагалгааны өртөг ийм байдаг юм. Би тухайн үед уг 390,000 төгрөгийг эмийн сангийн данс руу хийлгээд эмчилгээний материал авсан байж магадгүй би өөрийн дансны хуулга зэргийг шалгаж үзээд хэрэв мөнгө шилжиж орж байсан бол дансны хуулгыг гаргаж өгье, харин хагалгаанд орохын өмнө буюу ор хоногийн төлбөр нь 330,000 төгрөг байдаг уг мөнгийг Б төлсөн бол Цэргийн төв эмнэлгийн дүн бүртгэлээс тодруулахад лавлагаа нь гараад ирэх болно. ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 36-37 х/,
3.3.Хохирогч Д.Бгийн “...Намайг тухайн үед цэргийн эмнэлэгт хэвтэж байхад манай ах Г эхлээд Б эмчид бэлнээр өөрт нь 300,000 төгрөг өгсөн, дараа нь Б эмчийн данс руу нь өөрийн бэр эгч Хгийн данснаас эхлээд 390,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн ахин сувилагч гэх хүн дансруугаа 30,000 төгрөг шилжүүл гэсний дагуу мөн шилжүүлсэн, энэ баримтыг би гаргаж өгсөн, харин эмнэлгээс гараад гадуур эмчилгээ хийсний 100,000 төгрөгийн баримт байхгүй. ...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-32 х, 2хх-ийн 1 х, 26 х/,
3.4.Д.Бн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 159-169 х/,
3.5.С.Хгийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 197-199 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.
Хэргийн зүйлчлэлийн талаар.
Прокуророос хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хууль буруу хэрэглэсэн мөн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа болно.
Э.Нт холбогдох гэмт хэрэг нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 05 цагийн үед гарсан, 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн, уг хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг хэрэглэсэн...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж шинээр хуульчлагдсан учраас уг хуулийг мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.
Э.Нт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги нь долоогоос дээш арван жил хүртэл хорих ялтай.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хоёр жилээс найман жил хүртэл хорих ялтай, хорих ялын дээд, доод хэмжээний аль аль 2002 оны Эрүүгийн хуулиас багассан учраас оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хууль гэж үзэх тул Э.Нт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй.
Гэм буруугийн талаар.
Э.Номчбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ...тоот гэртээ архидан согтуурч улмаар хамт архидсан найз Б.Бгийн хэвлий тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлий хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний баруун дэлбэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Бн “... Зүүн салаанд Нын гэрт очсон. Замдаа авсан архиа ууцгаагаад нилээн согтоцгоосон, юунаас маргалдсан юм бүү мэд миний санаж байгаагаар би Нтай ерөөсөө маргалдаагүй, тэгэхэд Н шүүгээнээсээ хутга аваад миний гэдэс рүү 1 удаа хутгалсан, би гэдсээ бариад доошоо эвхрээд унасан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-32 х, 2хх-ийн 1 х, 26 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Э.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хэрэг болох үед хамт байсан хүмүүс бүгд архи уусан, согтоцгоосон байсан. Би караокед ороод тэрнээс хойш болсон зүйлийг санахгүй байгаа. Үүрийн 05 цагийн үед миний толгой хагарсан байдалтай цагдаагийн газар ухаан орсон. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч О.Аын “…Зүүн салаанд Нын гэрт очсон. Замаараа А 2 шил архи авсан, тэгэхэд цаг 3 өнгөрч байсан. Нынд очоод эхний нэг шил архиа хувааж уугаад сууж байтал Н Э ахад агсам тавиад чи манай гэрт байгаа шүү миний гэр орон шүү хүндлээрэй гээд баруун орон дээр унтаж байсан Э ахын найз Дын хажууд очоод суутал Э ах уурлаад манай найз охиноос холд гээд байх шиг байсан, Н босоод эсрэг талын орон дээр суусан, хойд хойморын сандал дээр Э ах суусан байсан, хажуу талд нь Б зогсож байсан, би гэрийн баруун талд Дын унтаж байсан орны хажуу талд зурагт үзээд сандал дээр сууж байтал Н гэнэт цулгуй цагаан /никл/ иштэй хутгаар шууд Бгийн гэдэс рүү хутгалчихсан, Б гэдсээ дараад намайг хутгалчихлаа гээд хоймрын орчим шалан дээр гэдсээ дараад хэвтсэн, ... шөнө 05 цаг өнгөрч байсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 х/,
Гэрч Б.Дын “…Бид нар шууд зүүн салаанд байдаг Нын гэрт очсон, тэнд гал түлээд би орон дээр хэвтэж байгаад унтчихсан байсан, тэгтэл нэг хүн орилхоор нь сэртэл хутгалчихлаа шүү дээ гэхээр нь босоод хартал хоймрын шалан дээр Б гэдсээ дараад эврхээд унасан байсан, ... Н гартаа цагаан төмөр хутга барьсан байсан, Н орилоод эндээс гарах юм бол бүгдийг чинь ална шүү гээд байсан, …” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 х/
Гэрч С.Эын “… бид нар тэнд архи уусан, нэг мэдэхэд Бг Н хутгалчихлаа гээд орилсон, тэгэхээр нь би гэнэт ухаан ороод хартал Б гэрийн шалан дээр гэдэснээс нь цус гараад хувцсанд нь нэвтэрсэн байдалтай хэвтэж байсан, …” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 х/,
Гэрч Б.Түмэнбаярын “…2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 05 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо зүүн салааны улаан худаг дээр хутгалуулсан хүн байна гэх дуудлагыг хүлээн аваад 05 цаг 42 минутад дуудлагын жолооч Оюунбатын хамт зүүн салааны зам дагуу аюулхай ходоод орчимдоо 2 см өргөнтэй хутгалуулсан шархтай 25-30 орчим насны эрэгтэй байсан … Дээрх хүмүүс бүгд архи уусан согтуу байсан, цагдаагийн алаг машинд сууж байсан хоёр залуу агсам тавиад байсан толгой хагарсан жижиг биетэй залуу ална шүү гэх зэргээр заналхийлээд байсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 45 х/
Гэрч Ц.Бын “… Б гэгч нь гэдсэндээ хутгалуулсан байдалтай байсан. ... Би Ргийн хамтаар ороход өндөр залуу зүүн талын орон дээр намхан залуугийн толгойноос нь цус гарсан байдалтай баруун гартаа цагаан иштэй никл төмөр хутгыг орны араар унагаасан, би аюулгүй байдлаа хангаад тухайн Н гэх залууг гавлаад дараа нь хутгыг нь хураан авсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х/,
Гэрч Б.Ргийн “… Б гэгч нь гэдсэндээ хутгалуулсан байдалтай байсан. ... Би зүүн талын орон дээр өндөр залуу байхаар нь очиж босгоод гавласан, харин нөгөө орон дээр байсан намхан толгойноос нь цус гарсан залууг Б ах гавласан. …Тухайн үед хоорондоо хэрүүл маргаан хийснээс болж Н нь Бг хутгалсан гэж яриад байх шиг байсан. Яг ямар шалтгаанаар хутгалсан талаар мэдэхгүй байна. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50 х/,
Шинжээчийн 16454 тоот дүгнэлт
-Б-н биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний баруун дэлбэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. /1хх-ийн 78 х/ гэсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Д.Б мэс заслын төлбөрт нийт 720,000 төгрөг зарцуулсан болох нь: гэрч Д.Гийн “...Манай дүү 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүнд хутгалуулаад цэргийн төв эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж эмчлүүлсэн, анх сувилагч 30,000 төгрөгөө дансаар өг гуурсны мөнгө байгаа юм гэж хэлэхээр нь шилжүүлсэн, дараа нь Б эмч хагалгааны төлбөр 300,000 төгрөг өг гэсний дагуу бэлнээр 300,000 төгрөгийг өгсөн, дараа нь ахин Б эмч эмчилгээний мөнгө 390,000 төгрөг болно мөн данс руу хий гэсний дагуу Б эмчийн данс руу шилжүүлсэн. Эдгээр мөнгийг шилжүүлэхдээ өөрийн эхнэр Хгийн дансаар шилжүүлсэн, би дансны хуулгыг гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 31 х/,
Гэрч Б.Бгийн “...2016 оны 12 дугаар сарын 03-ны 06 цагийн орчим хэвлийн урд аюулхай дээр нэвтэрсэн шархтай Б гэх залуу манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. ... цус тогтоогч оёдлын утаснууд нэмэлт төлбөртэйгөөр нийт 390,000 төгрөг орчим болсон. Энэ төрлийн хагалгааны өртөг ийм байдаг юм. Би тухайн үед уг 390,000 төгрөгийг эмийн сангийн данс руу хийлгээд эмчилгээний материал авсан байж магадгүй. ... харин хагалгаанд орохын өмнө буюу ор хоногийн төлбөр нь 330,000 төгрөг байдаг ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 36-37 х/,
Хохирогч Д.Бн “...Намайг тухайн үед цэргийн эмнэлэгт хэвтэж байхад манай ах Г эхлээд Б эмчид бэлнээр өөрт нь 300,000 төгрөг өгсөн, дараа нь Б эмчийн данс руу нь өөрийн бэр эгч Хгийн данснаас эхлээд 390,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн ахин сувилагч гэх хүн дансруугаа 30,000 төгрөг шилжүүл гэсний дагуу мөн шилжүүлсэн, энэ баримтыг би гаргаж өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-32 х, 2хх-ийн 1 х, 26 х/,
С.Хгийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 197-199 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа, уг зардлууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул шүүгдэгч Э.Наас 720,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгож, уг хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгосон болно.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:
Э.Нт холбогдох гэмт хэрэгт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Э.Нын хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй учраас түүнд 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг гарахад хохирогч мөн архидан согтуурсан байсан, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ч түүний эрүүл мэндийн байдал сайжирсан зэргийг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Д.Б-н хэрэг гарах үед өмсч байсан хар өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, шаргал өнгийн тэлээ, хар өнгийн судалтай майк, бор алаг өнгийн цамц, юүдэнтэй хар өнгийн куртик, Ц.Аын 2 гартаа барьсан гэх 10 см цагаан, цэнхэр алаг өнгийн хуванцар иштэй 22 см урттай хутга, 11 см улаан цагаан алаг өнгийн цэцэгний зурган иштэй 23 см урттай хутга, Э.Нын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх 10 см никл иштэй 20 см урттай хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерийн бичлэг 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд мөн дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Цагдан хоригдсон хугацааны талаар.
Э.Н нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 212 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 9 хоног, нийт 221 хоног урьдчилан цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Э.Нт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Сартуул овогт Эын Ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ныг 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Нын эдлэх 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Э.Нын цагдан хоригдсон 221 /хоёр зуун хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Э.Наас 720,000 төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 27-14 тоотод оршин суух Д.Б /РД:ЖК85072751/-д олгож, уг хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгосугай.
7.Э.Нын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэхийг тус тус дурдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Д.Б-н хэрэг гарах үед өмсч байсан хар өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, шаргал өнгийн тэлээ, хар өнгийн судалтай майк, бор алаг өнгийн цамц, юүдэнтэй хар өнгийн куртик, Ц.Аын 2 гартаа барьсан гэх 10 см цагаан, цэнхэр алаг өнгийн хуванцар иштэй 22 см урттай хутга, 11 см улаан цагаан алаг өнгийн цэцэгний зурган иштэй 23 см урттай хутга, Э.Нын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх 10 см никл иштэй 20 см урттай хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерийн бичлэг 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
Л.БААТАР