Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

 

 

 

 

 

  2023            2            13                                                    2023/ДШМ/13                       

 

                                            З.Б-д холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ц.Сонинмөнх,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, М.Машбат 

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч З.Б-д холбогдох эрүүгийн 2134000000211 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б, 1980 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 3-70 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч З.Б нь иргэн Ч.Эын эзэмшлийн Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг “Бага элсний өвөр” гэх газарт хадаж, нуруулдсан өвснөөс 542 боодлыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан 2020 оны 9 дүгээр сарын сүүл 10 сарын эхээр иргэн Д.Ц-д 30 боодлыг, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Бт 512 боодлыг тус тус зарж борлуулан бусдад 5,420,000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас З.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Шүүгдэгч З.Б-ыг Төв аймаг болон Цээл сумын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-аас 5,420,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э-д олгож,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... Миний бие Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэлээ. Хохирогч гэх Ч.Этай бид нэг нутаг усны хүмүүс, нэг компанид ажиллаж байсан бөгөөд өөрөө надад хамтран хадлан бэлтгэж хувааж авах санал тавьсан байсныг зөвшөөрч компанийн захирал Ш.Төгсбаатар нь бидний нийгмийн асуудлыг шийдэх үүднээс хадлан хийх трактор, түлшээр тусалж хадлан хийсэн юм. Ингээд хувааж авах тохиролцооны дагуу 500 боодол өвсийг Ч.Э болон эхнэр Гурвантамир нарын хамтаар бэлтгэж нутгийн танил хүний машиныг хөлслөн зарж борлуулаад мөнгийг нь авсан. Талбай дээр 2000 гаруй боодол өвс Ч.Эын эзэмшилд үлдсэн. Биднийг хамтран ажиллаж өвс хадлан бэлтгэсэн гэдгийг компанийн захирал Ш.Төгсбаатар маш тодорхой гэрчлэн мэдүүлэг өгсөн. Мөн бусад баримтуудаар тодорхой харагдаж байхад Ч.Эын хоорондоо зөрүүтэй намайг гүтгэсэн мэдүүлгээр яллаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүгч Ч.Эын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдлоо гэж яллаж байгаа нь үнэнд нийцэхгүй. Учир нь Ч.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй байсан тул шүүгч өөрөө цаг гаруй асуулт асуугаад ч мэдүүлгийн зөрүүг арилгаж чадалгүй эхний шүүх хуралдаанаар намайг цагаатгасан мөртлөө давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасны дараа шууд шийдвэрээ өөрчлөн яллаж илт шударга биш шийдвэр гаргалаа. Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож иргэн миний биеийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: З.Бд холбогдох хэргийг хэрэсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  М.Машбат өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн үйл баримтаар Шүүгдэгч З.Б нь иргэн Ч.Э-ын эзэмшлийн Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг “Бага элсний өвөр” гэх газарт хадаж, нуруулдсан өвснөөс 542 боодлыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан 2020 оны 9 дүгээр сарын сүүл 10 сарын эхээр иргэн Д.Цд 30 боодлыг, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Б-т 512 боодлыг тус тус зарж борлуулан бусдад 5,420,000 төгрөгийн хохирол учруулан болох нь

 

Хохирогч Ч.Э-ын: “Би 2020 оны 8 дугаар сарын 13-ны үед “Хүүлэйхааны хишиг” ХХК-ийн захирал Төгсбаатар гэх залуутай өөрийн биеэр ганцаараа очиж уулзаад түүний хадланг хийж өгөөд оронд нь 2 хадууртай тракторыг нь авч ажил хийе гэхэд надад зөвшөөрсөн юм. Ингээд би нэг трактороо унаад нөгөө тракторыг нь Б унаад Төгсбаатарын хадланг хадаж өгч дууссан. Бы Төгсбаатарын хадлан дээр ажилласан тооцоо болох 4 сая гаран төгрөгийг Төгсбаатар өөрөө Бы эхнэр Гурвантамирын данс руу хийсэн байсан. Б бол Төгсбаатарын хадланг хадахад өөрөө тусдаа Төгсбаатартай үнэ хөлсөө тохироод ажилласан байсан. Ингээд би өөрийнхөө ажлыг хийх гэтэл нэг тракторыг жолоодох хүн байхгүй болохоор нь би Бд танд цалинг өгье та миний өвсийг хадалцаад өгөөч гэж гуйгаад зөвшөөрөөд нэг тракторыг жолоодож өвс хадалцаж өгсөн. Ингээд би өвсөө хадаж дуусаад Бд ажлын хөлс 800,000 төгрөг эхнэр Гурвантамирын дансаар нь өгсөн. Тэгтэл 2020 оны 10 дугаар сарын дунд үеэр Б манай талбай дээр очоод яваа сураг надад сонсогдсон. Тэгээд түүний дараа очоод өвсөө бүртгэтэл 950 боодол өвс дутсан байсныг мэдээд ирж уулзахад байхгүй гээд хэсэг хугацаа өгч харсан боловч ирэхгүй тоохгүй болохоор нь би цагдаад хандсан.” гэх /1хх 15/,

Гэрч Д.Даваадоржийн: “2020 оны 10 дугаар сард манай энэ компаний ажилчин байсан Б, Гурвантамир гэх хоёр хүн Цээл сумын төвд явж байсан чинь өвс ачих уу гээд тэгье гээд тэгсэн чинь тэр хоёр дээр жолооч Зоригоо, Аюурзана бид тав Төв аймгийн Цээл сумын Сүүлбуга 4-р багийн Бага элсний өвөр гэх газарт очоод Зоригоогийн машинд өвс ачиж өгсөн. Би тухайн үед энэ компанид ажилд ороогүй байсан. Нийт хэдэн тооны өвс ачсаныг мэдэхгүй, машин толгой дээр дүүртэл ачаад чиргүүлийн талд нь өвс ачсан. Өвсийг нь ачиж өгөөд Аюурзана ах бид 2 хадлан руугаа явсан. Тухайн үед ачиж өгсөн мөнгө аваагүй.” гэх /1хх 23-24/,

Гэрч Ш.Төгсбаатарын: “2020 оны 9 дүгээр сарын сүүлээр надаас Эрдэнэбат техникээ өгч байгаач өөрийнхөө хадланг хийе гэж хэлсэн. Тэгээд 2 хадууртай трактор өгч явуулсан. Нэг тракторыг нь Б нөгөөхийг нь Эрдэнэбат унадаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний хавьцаа трактороо буцааж авсан.” гэх /1хх 27-28/,

Гэрч Б.Бийн: “2020 оны намар орой байсан яг хэдэн сарыг нь санахгүй байна. Би өвс авна гээд зар тавьчихсан байсан. Б, Гурвантамир гээд хоёр хүн над руу залгаад Сүүлбуга 4-р багийн Бага элсний чанх урд газраас 410 орчим боодол авч ачуулсан. Б гэдэг хүн нь банкны мөнгөтэй, энэ газраас хадлан хийгээд өөрөө боосон гээд надад зарсан. Тухайн үед яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байснаа санахгүй байна. Тухайн үед мөнгийг нь 5 билүү, 6 хоногийн дараа зарж дуусаад мөнгийг нь шилжүүлсэн. Шилжүүлдэг өдөр ярихад ах нь самранд явчаад ирж байна гэж байсан. Гурвантамир гэдэг хүний данс руу мөнгийг шилжүүлсэн.” гэх /1хх 31-32/,

Гэрч Д.Цын: “2020 оны намар манай дэлгүүрт 200 гаруй мянган төгрөгийн өртэй байсан Б гэх залуу, сүүлд өрөндөө 40 боодол өвс өгөөд өрөө даруулаад явсан. ...Би тухайн үед андуурч хэлсэн байна лээ. Баас авах мөнгөө тооцоолж тухайн үед худалдаж авсан өвсний үнээ тооцоолж үзэхэд 210.000 төгрөгт 1 боодлыг 7000 төгрөгөөр тооцоход 30 боодол өвс болж байгаа юм.” гэх /1хх 35-36, 2хх 17/,

Гэрч Ж.Аюурзаны: “2020 оны намар эрт, сар өдрийг нь мэдэхгүй байна. Цээл сумын төв дээр Б гээд ах таараад өвс ачилцаад өг гэхээр нь маргааш өглөө нь Бага элсний урд Зоригоо гээд жолооч, Даваадорж, Б ах эхнэр Гурвантамиртай хамт явж ачсан. Зоригоогийн машин дээр ачаад тэгээд Даваадорж бид 2 хадлан руугаа явсан. Явах үед Зоригоо, Б ах эхнэртэйгээ одоо ингээд хөдөллөө гээд үлдсэн.” гэх /1хх 39-40/,

Гэрч Ө.Гурвантамирын: “Би нөхөр Бтай цуг Төв аймгийн Цээл сумын нутагт Төгсөө гэх хүнээс цалин авч ажилладаг, би тогоочийг нь хийгээд манай нөхөр Б трактор унадаг байсан. Би өдрийн 40,000 төгрөгөөр бодож ажилладаг, манай нөхөр хийснээрээ цалингаа тохироод авдаг. Манай хүүхдийн хурим болоод Төгсөө 4,000,000 төгрөг өгсөн. Тус 4,000,000 төгрөг нь Б бид хоёрын цугтаа ажилласан хөлс байсан. ...Манай нөхөр Б, Эрдэнэбат хоёр нийлж өвс хадахаасаа өмнө хадсан өвсөө тэнцүү хувааж авна гэж миний хажууд аман тохиролцоо хийж байсан юм. Тэгээд Эрдэнэбат нөхөр бид хоёрыг Улаанбаатар хотод хүүхдийн хуримд оролцоод явж байхад над руу утсаар залгаад зарсан өвсний мөнгө ороод ирлээ та хоёрын данс руу талыг нь хийнэ гэж хэлээд миний ХААН банкны данс руу 800,000 төгрөгийг цалин гэсэн утгатай хийхээр нь нөхөр бид хоёр яагаад цалин гэсэн утгатай хийж байгаа юм бол доо гээд инээж байсан. ...4,096,000 төгрөг байгаа энэ мөнгө Батзоригт зарсан 512 боодол өвсний мөнгө байгаа юм.” гэх /1хх 48-49, 2хх 20/,

Гэрч Ч.Лхагвахишигийн: “Би 2020 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Б манай ээж Цэрэнлхамын дэлгүүрт 210,000 төгрөгийн өртэй байгаад тухайн үед мөнгөнийхөө оронд өвс өгөхөөр болоод ээж намайг очоод өвс ачаад аваадах гэж хэлээд би портер машинаар очиж Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх поолины хажууд хураалттай байсан өвснөөс 30 боодол өвс ачиж авсан. 1 боодол өвсийг 700 төгрөгөөр бодож 210,000 төгрөгийнхөө оронд авсан.” гэх /2хх 16/ мэдүүлгүүд,

Хохирогч Ч.Эын Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /1хх 2/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-11/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх 75/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “ Ч.Эын өмчлөлийн 542 боодол өвсний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 9 дүгээр сарын 28-ны байдлаар 5,420,000/таван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг болно” гэх үнэлгээний тайлан /шинжээчийн дүгнэлт /2хх 24-30/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч З.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж шүүгдэгч З.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Мөн шүүгдэгч З.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч З.Б “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож иргэн миний биеийг цагаатгаж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хулгайлах гэмт хэргийн шинжид бусдын эд хөрөнгийг нууцаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч З.Б үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Мөн хохирогч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь зөрүүгүй, хохирогч анх 950 боодол өвс алдсан гэж гомдол гаргаж байсан боловч мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч З.Быг 542 боодол өвс авсан болохыг тогтоосон тул “542 боодол өвсөө л нэхэмжилнэ гэсэн” гэж хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын мэдүүлсэн /2хх 83/ байх тул “хохирогч Ч.Э-ын өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгээр ялласан” гэх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч З.Бд хязгаарлалт тогтоосон бүсийг тогтоохдоо “Төв аймаг болон Цээл сумын нутаг дэвсгэрээс” гэж буруу тогтоосныг “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс” гэж зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч З.Б үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй байна.

 

Өмнө нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/52 дугаар магадлалд/2-р хавтас хх-01-7 тал/ заасан хэргийн зүйлчлэлтэй холбоотой нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж, зүйлчлэлийг зөв тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байх боловч давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй байна.

 

Мөн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 483 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн талаарх шийдвэр гаргасан хэсэгт /2хх 83/ “шүүгдэгч М.Гаригмааг гэм буруутайд тооцсон” тухай бичигдэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурьдах нь зүйтэй.

 

 Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “...Шүүгдэгч З.Б-ыг Төв аймаг болон Цээл сумын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэснийг “...Шүүгдэгч З.Б-ыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гадагш зорчихгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                М.МӨНХДАВАА

 

                               ШҮҮГЧИД                         З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ