Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 28

 

         Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

         Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн иргэн Гансүхийн Ганганаагийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорнод аймгийн Чулуунхороот сумын Сонгуулийн хороонд холбогдох, 

         Нэхэмжлэлийн шаардлага: Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын Г.Ганганаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Чулуунхороот сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга Б.Золгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.    

 ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Г.Ганганаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигчээр бүртгүүлэхээр болсон. Сумын намын хороо нэр дэвшигчийн материалыг бүрдүүлээд сонгуулийн хороонд бүртгүүлэхээр хуульд заасан хугацаанд хүргүүлсэн. Гэтэл сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргахад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар албан бичгээр Г.Ганганааг бүртгэх нь зүйтэй гэсэн хариуг хүргүүлсэн. Сумын Сонгуулийн хороо нь үүнийг хүлээж авахгүй тухайгаа надад амаар мэдэгдсэн. Намайг цэргийн алба хаагаагүй гэсэн үндэслэлээр сумын Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.  Харин би  1996-1997 онд  цэргийн албыг 0198 дугаар ангид  алба  хаасан бөгөөд алба хаасан тухай зохих байгууллагын шийдвэр байсаар байтал бүртгэхээс татгалзаад байгаа нь миний эрхийг зөрчсөн үйлдэл юм. Иймд Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ганганаа нь МАН-аас нэр дэвшихээр болсон. Намаас нь хуулийн хугацаанд баримтаа хүргүүлсэн байдаг. Гэтэл Чулуунхороот сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасныг үндэслэж, 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсан.

       Үүний өмнө нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзах тухай албан тоотыг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сумын МАН-д хүргүүлсэн байдаг. Тухайн өдөр сумын МАН-ын  хорооноос Ганганааг 1996-1997 онд хугацаат цэргийн албан хаасан талаарх тодорхойлолтыг  сонгуулийн хороонд хүргүүлсэн. Уг баримтыг Чулуунхороот сумын Сонгуулийн хороо хүлээж авсан боловч 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалсан. Ганганаа нь аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан. Аймгийн Сонгуулийн хороо түүнийг цэргийн алба хаасан байна. Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэхийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот албан бичгээр даалгасан байдаг. Гэтэл Чулуунхороот сумын Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан. Ганганаа нь 1996-1997 онд цэргийн алба хаасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг. Мөн Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т зааснаар нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу гэж үзсэн байна. Энэ хүний баримт дутуу байгаа бол зохих шатны байгууллага болон намд нь хандаж шийдвэр гаргахаас өмнө лавлаж, тодруулж болох байсан. Иргэн хүний сонгох сонгогдох эрхийг дээдлэх ёстой гэж үзэж байна. Чулуунхороот сумын Сонгуулийн хороо 02 дугаар тогтоолдоо хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан байдлыг нь харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

     Хариуцагч Дорнод аймгийн Чулуунхороот сумын Сонгуулийн хороог төлөөлж, дарга Б.Золгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Тус сумын Сонгуулийн хороо нь Дорнод аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрээр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Сонгуулийн хуулинд заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө сумын ИТХ-ын сонгуульд намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авсан. Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17.00 цагт хуралдаж, намаас нэр дэвшигчдийн материалыг хянах үйл ажиллагаа явуулсан. МАН-аас Г.Ганганааг нэр дэвшүүлэхээр материал ирүүлсэн ба Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасны дагуу материалаа дутуу ирүүлсэн тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д цэргийн жинхэнэ хугацаат албыг ... хаах үүргээ биелүүлсэн байх гэсэн заалтын дагуу цэргийн алба хаасан тухай тодорхойлолт ирүүлээгүй тул сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус намын хороонд нэр дэвшигч Г.Ганганааг бүртгэх боломжгүй байгааг мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн. Гэтэл МАН-аас 2016.09.03-ны өдөр ирүүлсэн 10 тоот албан бичгээр Г.Ганганаагийн цэргийн алба хаасан тухай лавлагааг ирүүлсэн. Үүнийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан хугацаанд материалаа ирүүлээгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Ганганаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

     Чулуунхороот сумын Монгол Ардын намаас Г.Ганганааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлж, түүний товч мэдээлэл, нэр дэвшүүлэх зөвшөөрөл, хөрөнгө орлогын мэдүүлэг, өр төлбөрийн талаарх мэдүүлэг, өр төлбөргүй тухай Татварын хэлтсийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, нэр дэвшигчийн намтар, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан бүх бичиг баримтуудыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цаг буюу хуульд заасан хугацаанаас өмнө Чулуунхороот сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт[1]аар тогтоогдож байна. Харин сумын Сонгуулийн хороо нь Г.Ганганаагийн цэргийн алба хаасан тухай тодорхойлолтыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу...” гэж заасанд хамаарна гэж үзэж, Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6-д зааснаар түүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.[2]

     Чулуунхороот сумын МАН-ын хорооноос Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 203 дугаартай, Г.Ганганааг хугацаат цэргийн алба хаасан тухай тодорхойлолтыг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн байна[3].

      Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ:

157.2.1. нэр дэвшүүлсэн тухай шийдвэр;

157.2.2. нэр дэвшигчдийн жагсаалт;

157.2.3. нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;

157.2.4. нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;

157.2.5. энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;

157.2.6. нэр дэвшигчийн намтар;

157.2.7. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар гэж 7 төрлийн бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэхээр заажээ. Үүнээс үзвэл цэргийн алба хаасан тухай тодорхойлолт, лавлагааг хуульд заасан хугацаанаас өмнө ирүүлсэн байхыг Сонгуулийн тухай хуульд заагаагүй байна. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахаар заасан бөгөөд “... энэ хуульд заасан” гэдгийг зөвхөн Сонгуулийн тухай хуульд заасан буюу энэ хуулийн 157 дугаар зүйлийн 157.2  дахь хэсэгт заасан бичиг баримтуудыг дутуу бүрдүүлсэн байхыг ойлгох учиртай. Гэтэл Сонгуулийн тухай хуульд заагаагүй “Цэргийн алба хаасан тухай тодорхойлолт”-ыг хугацаа хожимдуулж ирүүлсэн шалтгаанаар Г.Ганганааг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна.

      Нөгөө талаас Г.Ганганаа нь цэргийн алба хаасан, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-т заасан “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн ... цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх” хуулийн шаардлагыг хангасан болох нь Чулуунхороот сумын МАН-ын хорооны 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 тоот албан бичиг[4], Дорнод аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын тодорхойлолт[5], Дорнод аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1543 тоот албан бичиг[6], Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн а12732 тоот лавлагаа[7] зэрэг баримтаар тогтоогдож байна. 

       Иймд “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын Г.Ганганаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг Чулуунхороот сумын Сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 157 дугаар зүйлийн 157.2, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Чулуунхороот сумын Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч Г.Ганганаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын Г.Ганганаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг Чулуунхороот сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Чулуунхороот сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ганганаад олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ОЮУНТУНГАЛАГ

 


[1] Хавтаст хэргийн 1-2, 20, 23-24, 37-56 дугаар хуудас.

[2] Хавтаст хэргийн 8-10, 20, 23-26 дугаар хуудас.

[3] Хавтаст хэргийн 6-7, 20, 25-26, 35-36  дугаар хуудас.

[4] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас.

[5] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас.

[6] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас.

[7] Хавтаст хэргийн 62 дугаар хуудас.