Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01111

 

С.Мэргэний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00304 дүгээр шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00058 дугаар магадлалтай,

С.Мэргэний нэхэмжлэлтэй,

            Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох         

            Хохирол 63.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн төлөөлөгч Ө.Баянмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн     

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Мэргэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “2014 оны эхнээс Гурвантэс сумаас олборлож байсан улаан чулууг 63.000.000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус сумын цагдаагийн тасгийн дарга Н.Төрбат нь иргэдээс мэдээлэл ирсэн гэж хэлэн 865,8 кг-тай 23 шуудай улаан өнгийн чулууг “Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл” гэгчийг үйлдэн хураан авч, уг чулууг шийдвэрлэх хүртэл Цагдаагийн тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хийсэн. Миний өөрийн болгон авсан чулууг ямар нэг тушаал, шийдвэргүйгээр хураан аваад аймгийн төвд авчирсан. Ингээд би хууль зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгчид хандсан бөгөөд өмгөөлөгч Ш.Энхмаа Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Амартөгс худалдан борлуулах шийдвэр гарсан гэж хариуг өгсөн. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ надад ямар нэг хариу өгөөгүй. 2014 оны 05 дугаар сард миний чулууг хурааж авсан юм. Ц.Амартөгс дарга өгнө гэсэн байсан юм. Очиж уулзаад чулуугаа авъя гэхээр удаахгүй өгнө та хэд хоногоос хүрээд ир гэж хэд хэдэн удаа хэлж явуулсаар байгаад боломж гараагүй. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нутгийн хүнтэй таарсан юм. Тэр хүн чулуу ухаж байгаад мотороо хураалгасан байсан юм билээ. Тэгээд мотороо авна гээд явж байхаар нь дагаад чулуун дээрээ очиж үзэхэд миний чулуу холилдчихсон байсан. Тэгээд удалгүй худалдан борлуулах шийдвэр гарлаа гэж надад хариу өгсөн. Чулууг хураалгахаас 2 хоногийн өмнө н.Намхайдагва, н.Бямбаа гэдэг хоёр цагдаа миний машиныг аваад чулуу руу явсан байсан. Чулуу руу явах гэтэл унаа олдоггүй гээд машин аваад чулуу руу явсан. Би чулууг худалдаж л авсан болохоос хил гааль руу авч яваагүй, тухайн үед үйлдвэрлэлд ашиглах бэлдэц бэлдэх зорилготой байсан юм. Тэр үед хүмүүс тийм бэлдэц бэлддэг зүйл оруулж ирцгээж байсан юм. Хэрвээ би хүмүүс шиг өдөрт нь аваад өдөрт нь зараад байсан бол энэ чулуу ийм ихээр хураагдах ёсгүй байсан, Тэнд би бизнес эрхэлдэг хүн. Бизнесийнхээ мөнгийг энэ чулуунд оруулсан байсан. Тийм учраас л хуулийн дагуу ингэж шүүхэд хандаж байгаа юм. Би ямар ч иргэний үүргээ биелүүлэлгүй хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Би иргэнийхээ үүргийг биелүүлсэн. Би машин тэргээ өгч явуулсан, хүмүүсийг ажлын байраар хангасан. Хамгийн гол нь зарж үрж ашиг олох сонирхол байгаагүй. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж ганц 2 хүн ажлын байртай болох юм болов уу гэсэн бодолтой байсан. Иймд дээрх мөнгийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү.” гэжээ.            

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгсийн гаргасан хариу тайлбарт: “2014 оны 05 дугаар сараас эхлэн Гурвантэс сумын Гүн хэмээх газарт иргэд улаан чулууг хууль бусаар гар аргаар олборлож газар нутгийг сүйтгэж, байгаль экологийн тэнцэл алдагдахад хүргэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу газар, түүний хэвлий дэх байгалийн баялаг нь төрийн өмч байна гэж хуульчилсан төдийгүй байгаль, газар нутгаа хамгаалах нь иргэн бүрийн үүрэг билээ. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан хууль бус үйлдлийг мэдсэн тэр даруй сумын Засаг дарга болон байгаль хамгаалагч, холбогдох байгууллагад мэдэгдэж таслан зогсоох үүрэгтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмал эрэх, хайх, борлуулах, ашиг олохыг хориглож, хүлээх хариуцлагыг зааж өгсөн. Гэтэл С.Мэргэн нь дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоохын оронд хууль бусаар олборлосон чулууг их хэмжээгээр худалдан авч гэртээ хадгалж байсныг тус сумын Цагдаагийн албан хаагчид илрүүлэн захиргааны хариуцлага хүлээлгэн, хууль бусаар худалдан авсан чулууг хураан авч аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд хүргүүлсэн. Захиргааны зөвлөл нь үйл ажиллагаандаа Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай журмыг баримтлан хураагдсан 870 кг улаан чулууг улсын орлого болгож, худалдан борлуулах шийдвэр гаргасан. Дээрх журамд зааснаар нэгэнт захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг буцаан олгох эрх зүйн үндэслэлгүй байсан. Мөн С.Мэргэнээс хураасан дээрх чулууг одоог хүртэл худалдан борлуулаагүй байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасны дагуу иргэн аливаа эд хөрөнгийг шударгаар олж авч өмчлөх ёстой. Үндсэн хуулиас авахуулаад маш олон хуульд газрын баялаг нь төрийн өмч гээд заасан байгаа. Төр үүнийг хамгаалах үүрэгтэй. Би олборлоогүй гэж хэлээд байна. Түүнийг олборлохгүй бол худалдан борлогдох ажиллагаа хийгдэхгүй. Зөвхөн тусгай зөвшөөрлийн хүрээнд л ашигт малтмалыг эрж, хайх ёстой. Хувь хүн очоод ухах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Хувь хүн ухах олборлох хууль бус учраас цаашлаад худалдаж борлуулах нь хууль бус зүйл юм. Энэ байгалийг унаган төрхөөр нь хадгалах гэж хичээсэн, маш их хөрөнгө зарсан. Гэтэл ганц нэг хүний ашиг хонжооноос болж байгаль орчин сүйдэх магадлалтай байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээр тогтсон үнэ байхгүй байгаа нь хавтаст хэргээс хангалттай харагдаж байна. Эрх бүхий албан тушаалтнуудаас тогтсон үнэ байна уу гэдгийг лавласан байдаг. Энэ нь хууль бус учраас тогтоосон үнэ байхгүй гэдгийг албан ёсоор ирүүлсэн. Хавтаст хэрэгт 865 кг чулуу гэдэг нь нотлогдохгүй байгаа. Энэ хүн нэхэмжлэлд дурдсан зүйлээ нотлох нь энэ хүний өөрийнх нь үүрэг. Цагдаагийн тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэрчүүд байцаалт өгсөн байгаа. Би ганц 2, 3, 4 том чулуу өгсөн гээд байж байна, н.Хүрэлбаатар 70-80 кг чулуу, н.Алтансүх нь хэдийг өгсөн гэдгээ мэдэхгүй, н.Батжаргал гэдэг хүн хариулахдаа хүн 4-5 кг чулуу өгч байхыг л би харсан гэдэг, н.Шинэхүү бол хэдэн чулуу өгснөө хэлдэггүй. Хавтаст хэрэгт хэдэн чулуу худалдан авсан нь харагдахгүй байна. Засаг даргын Тамгын газар яагаад 63.000.000 төгрөгийг төлөх ёстой нь нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхойгүй байна. Хууль бусаар тэмдэглэл үйлдээд хураагаад авчихсан юм шиг яриад байна. Үнэхээр хууль бусаар хураагаад авсан бол дээд шатны байгууллагад хандсан зүйл байхгүй байна. Эрх бүхий албан тушаалтнаас амаар болон бичгээр гарч буй хэлбэр бол захиргааны акт гэж үзнэ. Захиргааны шүүхэд хандах ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Гэтэл иргэний журмаар оруулж ирээд ингэж байгаа нь ойлгомжгүй, агуулгагүй нэхэмжлэл байна. Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засаг даргын Тамгын газар яаж 63.000.000 төгрөгийн хохирол учруулсан бэ гэдэг нь нотлогдохгүй байна. Тиймээс С.Мэргэний шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00304 дүгээр шийдвэрээр С.Мэргэний нэхэмжлэлтэй хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 63.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Мэргэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00304 дүгээр магадлалаар Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн төлөөлөгч Ө.Баянмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Анхан шатны шүүх хуралдаан 2016 оны 05 сарын 16-ны өдөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Мэргэний гомдлоор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 203/МА2016/00058 дугаар магадлал гарч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: 2014 оны 05 сараас Гурвантэс сумын Гүн хэмээх газарт “Хас” буюу улаан чулууг иргэд их хэмжээгээр гар аргаар олборлож тухайн газар, ойр орчны байгаль экологид үнэлж баршгүй хохирол учруулахын зэрэгцээ хүн амын төвлөрөл үүсч гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдэгдэх болсон. Энэхүү улаан чулуу нь эрдэнийн чулуу биш түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд хамаарах болохыг эрх бүхий Геологийн төв лаборатори болон эрдэмтдийн дүгнэлтээр тогтоож аймгийн Засаг даргаас дээрх хууль бус аргаар байгалийн баялаг олборлох асуудлыг таслан зогсоохын тулд хуулийн хүрээнд бүхий л арга хэмжээг авч ажилласан. Зөвхөн энэ үйл ажиллагааг зогсоохын тулд 2 жилийн хугацаанд 20 гаруй сая төгрөгийн түр хяналтын пост ажиллуулсан бөгөөд иргэдийн гэр, гражид үзлэг нэгжлэг хийж эд зүйл, улаан чулуу хурааж авах талаар нэг удаа ч бодлого шийдвэр өгч байгаагүй. С.Мэргэн гэдэг хүний гражид байсан улаан чулууг хураахад Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар ямар ч хамааралгүй болохыг тогтоож нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхисон, анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд гаргасан алдааны улмаас хэргийг ахин хэлэлцүүлэх шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 203/МА2016/00058 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.”

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч С.Мэргэн нь хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж өөрт учирсан хохирол 63.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарсан нотлох баримтууд хэрэгт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.  ...” гэснийг зөрчжээ. /хх-ийн 17-20, 110-115, 131-133/

Зохигчдын хоорондох маргаан нь эрх зүйн ямар харилцаанаас үүссэн, шаардах эрхийн үндэслэлийг хэрхэн шалгасан талаар дүгнэлт хийгээгүй, тогтоох хэсэгтээ маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх тул шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцсэн байна.

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 109 дүгээр зүйлийн 109.4, 108 дугаар зүйлийн 108.2 дахь заалтыг зөрчсөн” гэж дүгнээд, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн байна.

           Харин магадлалын удиртгал хэсгийн “Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ... даргалж, шүүгч ..., Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ...” гэж буруу бичсэнийг “Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ...” гэж залруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ө.Баянмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00058 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ө.Баянмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.          

2. Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН