| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/05105/И |
| Дугаар | 184/ШШ2024/05211 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/05211
2024 10 18 184/ШШ2024/05211
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч Д.Уранзул, Э.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Паркплэйс оффис, 3 давхарт байрлах “Мандал даатгал” ХК /регистрийн дугаар:5473489/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, хаягт оршин суух, Л.П******* холбогдох
“Гэм хорын хохиролд 2,309,277.33 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Л.Пүрэвцэнд, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Мандал даатгал ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн Орон сууцны даатгалын №24056280 тоот гэрээний даатгуулагч Ц.Б******* нь Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, орон сууцанд 2024 оны 02 дугаар 20-ны өдөр дээд айл болох 9 тоот Л.П******* орон сууцны хүйтэн усны уян холбоос цоорч улмаар ус алдаж, даатгуулагчийн орон сууцны ванны өрөө, гал тогоо, коридорын өрөө, жижиг өрөөний цахилгааны утас шатсан, тухайн өрөөнүүдийн замаск, эмульс, обой шарлан ховхорсон зэрэг нийт 2,309,277.33 төгрөгийн хохирол учруулсан байна. Даатгуулагч Ц.Б*******ын эд хөрөнгөд учирсан 2,309,277.33 төгрөгийн хохирлыг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7-т “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...", Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхтэй. Л.Пүрэвцэнд нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.8-д “ Хэрэглэгч өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй...” гэж заасны дагуу тус хохирлыг барагдуулах үүрэгтэй юм. Иймд Иргэний хуулийн 499.1, 510.1-т заасны дагуу гэм хорын хохирол болох 2,309,277.33 төгрөгийг Л.Пүрэвцэндээс гаргуулж, “Мандал Даатгал” ХК-д олгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч “Мандал Даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгалын байгууллага нь хөрөнгийг даатгах, хөрөнгийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авч ажилдаг. Гуравдагч этгээд буруутай тул хариуцагч талаас нэхэмжлээд байгаа юм. Нэхэмжлэгчийн гал тогооны өрөөний уян шланк задарсан хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тул нэхэмжлээд байгаа гэв. / хх 46/
3.Хариуцагч Л.Пүрэвцэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Пүрэвцэнд миний бие Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо амьдардаг. Ус алдсан шалтгаан нь 10 сараас хойш манайх эзэнгүй байсан. Цагаан сарын дараа буюу 02 сарын 20 өдөр СӨХ-ийн дарга танайхаас ус алдаад байна гэж залгасан. Манай хүү ойролцоо явж байсан тул очиж үзэж усыг хаасан. Доод айлын хаалгыг тогшиход хүнгүй байсан. Доод айлын хүн рүү утсаар залгаж манайхаас ус алдсан талаар хэлэхэд манайх даатгалтай, гэрийнх нь паар ажиллахгүй хүйтэн байгаа тул гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Маргааш ирээд та үзээд өгөөрэй, манайх ус алдсан гэж би хэлэхэд манайх ипотекийн байр учраас албан журмын даатгалтай гэж утсаар хэлсэн. 7 хоногийн дараа доод айлдаа ороход тавилгуудаа зөөж, засвар хийх гэж байгаа гэж хэлсэн. Дараа нь доод айлын эгч намайг засварын 1,500,000 төгрөгийг, даатгалаас 800,000 төгрөгийг тус тус төлөөрэй гэж утсаар ярьсан. Тухайн үед би сарын 1,500,000 төгрөгийн цалинтай тул яваандаа болох байх гэж хэлсэн. Тухайн үед би хохирол нь 2 сая гаран төгрөг, даатгалаас 800,000 төгрөг, надаас 1,500,000 төгрөг авах юм байна гэж ойлгосон. 2-3 сарын дараа шүүхийн мэдэгдэх хуудас ирсэн. Шүүхийн мэдэгдэх хуудас ирэхэд би доод айлын хүнтэй дахин утсаар ярихад надаас 1,500,000 төгрөг, даатгалаас 800,000 төгрөг авна гэсэн юу болсон юм бэ гэж асуухад даатгалаас 800,000 төгрөг өгсөн, тэрний дараах асуудлыг би мэдэхгүй гээд утсаа тасалсан. Шүүхэд ирээд нэхэмжлэлээ гардаж аваад даатгалын байгууллага надаас 2,309,277.33 төгрөг нэхэмжилсэн талаар мэдэж авсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байгаа. Манайхаас ус алдсаны дараа 4 тоот айлын хүнтэй уулзахад 2,309,277.33 төгрөг гэж хэлсэн. Надаас 1,500,000 төгрөг, үлдэх 800,000 гаран төгрөгийг даатгалын байгууллагаас гаргуулна гэж хэлсэн тул нэхэмжлэлийн шаардлага болох 2,309,277.33 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлнө. Манайх хохиролд 2,300,000 болон амь насны төлбөр 400,000 мянга гаруй төгрөг нийт 2,700,000 төгрөг авсан. 4 тоот айлын хүнтэй утсаар холбогдоход даатгалын байгууллагаас 800,000 төгрөгөөс авсан. Үлдэх 1,500,000 төгрөгийг надаас ав гэж даатгалаас хэлсэн гэсэн Даатгалын компаниас яагаад надаас мөнгө нэхэмжлээд байгааг одоо ч ойлгохгүй байгаа. Даатгалын компаниас 4 тоот айлын хохирол болох 800,000 төгрөг, миний зүгээс үлдэх 1,500,000 орчим төгрөгийг гаргах юм байна гэж ойлгож байгаа гэв.
3.Шүүхэд нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтууд: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Даатгалын тохиолдлын үзлэгийн тэмдэглэл /хх-5-6/, орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ /хх-7-8/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9-10, Эд хөрөнгийн даатгалын тохиолдлын тодорхойлолт/, Техникийн комиссын акт /хх-12/, “Хас үнэлгээ” ХХК хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-13-23/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Мандал даатгал ХХК-ийн төлбөр төлсөн банкны баримт /хх-25/, Мандал даатгал ХХК-ийн итгэмжлэл /хх-26/ зэрэг зэрэг болно.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мандал даатгал” ХК нь хариуцагч Л.П******* холбогдуулан “Гэм хорын хохиролд 2,309,277.33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “Мандал даатгал” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай компанийн Орон сууцны даатгалын №24056280 тоот гэрээний даатгуулагч Ц.Б******* нь Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 56-4 тоот орон сууцанд 2024 оны 02 дугаар 20-ны өдөр дээд айл болох 9 тоот Л.П******* орон сууцны хүйтэн усны уян холбоос цоорч улмаар ус алдаж, даатгуулагчийн орон сууцны ванны өрөө, гал тогоо, коридорын өрөө, жижиг өрөөний цахилгааны утас шатсан, тухайн өрөөнүүдийн замаск, эмульс, обой шарлан ховхорч даатгуулагч Ц.Б*******ын эд хөрөнгөд учирсан 2,309,277.33 төгрөгийн хохирлыг манай компаниас барагдуулсан... Л.Пүрэвцэнд тус хохирлыг барагдуулах үүрэгтэй тул гэм хорын хохирол болох 2,309,277.33 төгрөгийг Л.Пүрэвцэндээс гаргуулж, “Мандал Даатгал” ХК-д олгож өгнө үү гэж шаардсан,
2.Хариуцагч Л.Пүрэвцэндээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч: Гал тогооны крантны хүйтэн усны уян хоолойноос ус алдсан. Доод айлын эгч намайг засварын 1,500,000 төгрөгийг төлөөрэй, даатгалаас 800,000 төгрөгийг авна гэж утсаар ярьсан. Тухайн үед би сарын 1,500,000 төгрөгийн цалинтай тул яваандаа болох байх гэж хэлсэн. Би хохирол нь 2 сая гаран төгрөг болоод даатгалаас 800,000 төгрөг, надаас 1,500,000 төгрөг авах юм байна гэж ойлгосон. 2,309,277.33 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч байгаа. Анхнаасаа 2,309,277.33 төгрөгийн 800,000 даатгалаас, үлдэх 1,500,000 гаруй төгрөгийг би төлөхөөр ойлголцсон тул 1,500,000 төгрөгөө л төлнө гэж маргажээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигч нарын тайлбараар
хариуцагч Л.Пүрэвцэнд нь Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэл гудамж орон сууцанд оршин суудаг өмчлөгч, даатгуулагч Ц.Б******* нь 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэл гудамж 56 дугаар байрны 04 тоот амьдардаг болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд 09 тоот орон сууцыг зарах гэж байсан тул тухайн үед эзэнгүй байсан гэж хариуцагч тайлбарлав.
Тэрээр 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 09 тоот болох хариуцагч Л.П******* гал тогооны хүйтэн усны уян цоорч 04 тоотод оршин суух Ц.Б*******ын орон сууцанд ус алдсаны улмаас ванн гал тогоо, коридор, жижиг өрөөний цахилгааны утас шатсан, монтаж гэмтсэн, тухайн өрөөнүүдийн замаск, эмульс, обой шарлан ховхорсон, том өрөөний хивс, жижиг өрөөний хивс, матраас усанд автан норсон болох нь хэрэгт авагдсан Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-19-аас “Техникийн комиссын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 тоот акт, “Хас үнэлгээ” ХХК-аас эд хөрөнгөд учирсан хохирлын талаарх 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн № 44 тоот үнэлгээ зэргээр нотлогдов./хх 12-25 /
4.Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-19 “ Техникийн комиссын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 тоот акт, “...09 тоот сууцны... 2024 оны 02 сарын 20-ны өдөр гал тогооны хүйтэн усны уян цоорч ус алдсан...04 тоот орон сууцны... зэрэг хохирол учруулсан“ гэсэн ба энэ дүгнэлтэд хариуцагч талаас маргаагүй, шүүхэд болон шүүх хуралдаанд гэмтэл гарсан хэсэгт болон эд хөрөнгөд учирсан хохирлын талаар дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй бөгөөд тухайн гэмтэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй юм.
5.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дах хэсэгт заасны дагуу даатгуулагч Ц.Б******* нь “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-г “Мандал даатгал” ХК-тай байгуулсан ба даатгалаас 2024.03.05-ны өдөр даатгуулагчийн эд хөрөнгөд 09 тоот орон сууцнаас ус алдсаны улмаас учирсан хохирлын төлбөрт 2.309.277.33 төгрөгийг Ц.Б*******ын Хаан банкны 5925...81 тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдов./ хх 25/
6.Хариуцагч талаас Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэл гудамж орон сууцны өмчлөгч мөн эсэх болон доод талын 04 тоот орон сууцанд ус алдсан талаар маргаагүй харин доод айлын / 04 тоот / эгч намайг засварын 1,500,000 төгрөгийг төлөөрэй, даатгалаас 800,000 төгрөгийг авна гэж утсаар ярьсан тул би хохирол нь 2 сая гаран төгрөг, даатгалаас 800,000 төгрөг, надаас 1,500,000 төгрөг авах юм байна гэж ойлгосон. 2,309,277.33 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч байгаа тул 1,500,000 төгрөгөө л төлнө гэж маргажээ.
7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Мандал даатгал” ХК-иас 2024.03.05-ны өдөр даатгуулагч Ц.Б*******ын эд хөрөнгөд учирсан хохирлын төлбөрт 2.309.277.33 төгрөгийг Хаан банкны 5925...81 тоот данс руу 2.309.277.33 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдсон, хариуцагчаас өөрийн орон сууцны гал тогооны хүйтэн усны уян цоорч ус алдсан улмаас өөрт нь учирсан хохиролд даатгалаас 2,300,000 болон амь насны төлбөр 400,000 гаруй төгрөг нийт 2,700,000 төгрөг авсан гэж тайлбарладаг.
8.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д “гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах” талаар,
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д “ өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч Л.Пүрэвцэнд нь өөрийн өмчлөлийн орон сууцны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас гал тогооны хүйтэн усны уян цоорч ус алдсаны улмаас доод айл болох 04 тоот орон сууцанд хохирол учруулсан тул нэхэмжлэгч “Мандал Даатгал” ХК-иас “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-ны дагуу нийт 2.309.277.33 төгрөгийг даатгуулагч Ц.Б******* руу шилжүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9.Нэхэмжлэгч “Мандал Даатгал” ХК нь Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7-т “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...", Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхтэй.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ” Бусдын эрх, амь нас,эрүүл мэнд,нэр төр,алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй “ гэж, 497.2.Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан ба хариуцагч Л.Пүрэвцэнд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ баримтаар нотолж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө “гэж заасан тул хариуцагч Л.Пүрэвцэндээс “2,309,277.33 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч байгаа тул 1,500,000 төгрөг” төлнө гэх тайлбар нь үндэслэлгүй болно.
11.Тиймээс хариуцагч Л.Пүрэвцэнд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хохирлыг төлүүлэхээр тогтов.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт ”нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу шүүх үнэлсэн ба хариуцагч талаас нотлох баримтыг ирүүлээгүй болохыг дурдав.
12. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:
Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд: хохирлыг бүхэлд нь төлүүлэх саналтай дүгнэлт гаргасан үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,899 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Пүрэвцэндээс улсын тэмдэгтийн хураамжид 57,899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мандал даатгал” ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Пүрэвцэндээс 2,309,277.33 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мандал даатгал” ХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,899 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Пүрэвцэндээс улсын тэмдэгтийн хураамжид 51,899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мандал даатгал” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.УРАНЗУЛ
Э.ЦОЛМОН