| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0076/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Д,
Нарийн бичгийн дарга: А.Болор,
Шүүгдэгч Б, Н нар өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б, Н нарт холбогдох эрүүгийн 1709003550325 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, .........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..., . овогт Б.
2. Монгол Улсын иргэн, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..., овогт Н.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Б нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46-77 тоотод яллагдагч Н-тай маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46-77 тоотод яллагдагч Б-ай маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б /хх-ийн 47-48/, хохирогч Н /хх-ийн 11-12/, гэрч Д /хх-ийн 19-20/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 9292 дугаар дүгнэлт /хх-ийн 25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9482 дугаар дүгнэлт /хх-ийн 29/, шүүгдэгч Б, Н /хх-ийн 38/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Б, Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б, Н нар нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46-77 тоотод хоорондоо харилцан маргалдаж, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид хоёр архи уугаад сууж байтал Н миний эхнэртэй унтаж хэвтсэн талаар яриад намайг эхлээд цохисон юм. Тэгээд миний уур хүрээд зөрүүлээд цохисон... Бид хоёр маргалдаад зууралдах үед л байшингийн хананд үрэгдээд Н биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
Хохирогч Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид хоёр ноцолдож дээр доороо гараад унасан. Миний нүүр хавдаж хөхөрсөн. Миний толгойны дээд хэсэгт тэр чигтээ хавантай хүзүү бие зулгарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н манай нөхөрт “чамайг архинд яваад ирэх хооронд би танай эхнэртэй унтаж чадсан” гээд “чи бид хоёрт лай болсон” гээд Н руу дайраад байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад хоорондоо маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 9292 дугаар дүгнэлт: “...Н-н биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал зовхи уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт 2 хөмсөг, зүүн хацар баруун шанаа 2 чихний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9482 дугаар дүгнэлт: “...Н-н биед цээж зүүн тохойн үенд шарх, баруун мөр зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар харилцан маргаагүй тул шүүх энэ талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б, Н нар харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулж, үүний улмаас эрүүл мэндэдээ учруулсан хохирлын хувьд харилцан тохиролцож эвлэрсэн, гомдол саналгүй тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б, Н нарт торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Б, Н нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар /мөн хохирогч/ нь харилцан сайн дураар эвлэрсэн, хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б, Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б, Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Н нарт оногдуулсан 460.000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Н нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдэнд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б, Н нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР