Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/86

 

 

 

 

 

 

2022         12                8                                                 86

 

 

 

 

                                         И.Т нарт холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Цэнгэлбаяр,

Яллагдагч Н.Б,

Яллагдагч И.Т, түүний өмгөөлөгч Д.Гансүх,

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөнгийн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1075 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сонинмөнхийн гаргасан 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 35 дугаар эсэргүүцэлд үндэслэн И.Т, Н.Б нарт холбогдох эрүүгийн 2234004770375 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т нь Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Цаг уурын инженер мэргэжилтэй, Ус цаг уур орчны шинжилгээний төв цаг уурч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Төв аймгийн Зуунмод сум, Баруун Зуунмод 6 дугаар баг 14 гудамж, 400 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Б нь Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Төв аймгийн Зуунмод сум, Баруун Зуунмод 6 дугаар баг 14 гудамж, 400 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Яллагдагч Н.Б нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 14 дүгээр гудамжны 400 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр И.Т-ыг ярихгүй юм бол утсаар яадаг юм гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эзэмшлийн Samsung А-52 маркийн 640 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хана руу шидэж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож эд хөрөнгийг устгасан гэмт хэргийг, маргааш буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед өөрийн гэртээ эхнэр И.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгой руу нь мөргөх, нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч И.Т нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 14 гудамжны 400 тоотод оршин суух өөрийн гэртээ нөхөр Н.Б-тай утас төлж өг гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг ор луу түлхэж, гараараа маажиж, ус шүршдэг цагаан хоолойтой хуванцар хошуугаар дагз хэсэгт гараараа олон удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар, И.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж хуульчилсан байна.

Хавтас хэргийн 10 дугаар талд 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр насанд хүрээгүй гэрч Б.Э мэдүүлэг авахдаа харилцан эсрэг сонирхолтой төрсөн эх буюу яллагдагч И.Т-ыг байлцуулан төрсөн эцэг Н.Б-н эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь хязгаарлаж мэдүүлэг авсан байна. Иймд насанд хүрээгүй гэрч Б.Э мэдүүлэг авахдаа нийгмийн ажилтан эсхүл сурган хүмүүжүүлэгч болох ангийн багшийг нь байлцуулан мэдүүлэг авах зүйтэй байна.

Учир нь насанд хүрээгүй гэрч Б.Э мэдүүлэг нь яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд ач холбогдолтой байна.

2.Хавтас хэргийн 12-13 дугаар талд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 431 дугаартай дүгнэлтээр яллагдагч Н.Б биед зүүн шуу, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хөнгөн зэргийн шинэ гэмтэл гэжээ.

Гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтмол байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно гэсэн байх ба яллагдагч Н.Б биед учирсан зүүн шуу, цээжинд шарх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа нь эргэлзээтэй байх тул дахин өөр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцэлд болон шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Цэнгэлбаяр дүгнэлтдээ: Төв аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Сонинмөнх би, эрүүгийн 2234004770375 дугаартай И.Т нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан атлаа 22 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчийн өмгөөлөгч Д.Гансүхээс гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, улмаар прокурорт буцааж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэхээр байна.

1. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч И.Т нь өмгөөлөх эрхээр хангагдаж улмаар өмгөөлөгч Д.Гансүхийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулсан атал хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагч Н.Баттулгыг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

2.Эрүугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан буюу “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн яллагдагч шүүгдэгч”-ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж,

Мөн хуулийн 2 дахь хэсэгт “...өмгөөлөгч сонгоогүй бол шүүх прокурор томилогдсон өмгөөлөгч оролцуулна...” гэсэн хуулийн заалтыг тус тус хэрэгжүүлээгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

3. И.Т нарт холбогдох хэргийг нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн хэмээн захирамжинд тусгасан атлаа хэргийг “Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах тухай” шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Учир нь Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн...эсвэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 1 удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, дээрх үндэслэлээр гарсан гомдол, хүсэлтэнд дурьдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг шүүхэд олгосон.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй байна.

4.Эрүүгийн 2234004770375 дугаартай хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлээгүй байхад, уг захирамжинд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг зааснаар яллагдагч Н.Б, И.Т нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” хэмээн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэхээр байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1075 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив” гэв.

 

Яллагдагч И.Тын өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Анхан шатны шүүхийн захирамжид гомдол гаргахдаа захирамжид тусгасан өмгөөлөгчөөс тавьсан хүсэлтүүдэд эсэргүүцэл бичээгүй байна. Захирамжийн зарим нэг заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн утгатай эсэргүүцэл байна. Тэгэхээр прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлгүй. Яллагдагч Н.Б өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцууллаа гээд шүүхийг буруутгаад байна. Прокурор, мөрдөн байцаалтын шатанд хэрэг, бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа эсрэг сонирхолтой гэдгийг мэдсээр байж өмгөөлөгчгүй ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын явцад эсрэг сонирхолтой гэж үзэж байгаа бол өмгөөлөгчтэй оролцуулах ёстой байсан. Энэ үндэслэлээр прокурор өөрөө хууль зөрчсөн байна. Иймээс энэ үндэслэлээр мөрдөн байцаалтад хэргийг буцаах нь зүйтэй болж байна. Мөн хэргийг гэм буруутай шүүх хуралдаанаар биш харин урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцаасан. Нөгөөтэйгээр яллагдагч И.Тын хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд өөрийнхөө эрхийг хамгаалуулахаар гомдол гаргасны төлөө эсрэгээрээ өөрөө хэрэгт татагдаад хэрэгтэн болж байна. Үүнийг шүүхээс анхаарч үзэх байх. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Яллагдагч И.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлж оролцоно гээд өмгөөлөгч аваагүй. Прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Яллагдагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Анхан шатны шүүхээс яллагдагч И.Т, Н.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

 

            Гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийх нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн суурь зарчим нь эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгч болзошгүй хүмүүст нэн тэргүүн ээлжид хамаарах асуудал байдаг.

 

            Гэтэл мөрдөн байцаалтын шатанд арван найман насанд хүрээгүй гэрч Б.Э хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх болох тухайн хэргийн холбогдогч И.Т-ыг тогтоон, оролцуулж түүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна...” хэмээн заасныг зөрчсөн байна.

 

            Мөн хавтаст хэргийн 12-13 дугаар талд авагдсан Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 431 тоот “Н.Б биеийн зүүн шуу, цээжинд үүссэн шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасантай нийцсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгон тодорхойгүй, бүрэн биш хийгдсэн байхад мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжээч томилон шинжилгээ хийлгэхгүйгээр яллагдагч И.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үздэг.

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

            Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл зэргийг зайлшгүй нотлох үүрэгтэй байдаг.

 

            Дээрх нөхцөл байдлуудыг үнэн зөв тогтоосны эцэст Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийн зүйлчлэл зөв тогтдог ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1, 6.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасан зорилгыг хангахуйц эрүүгийн хариуцлага гэм буруутай этгээдэд хүлээлгэдэг.

 

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4-т заасан нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байгаа нь шүүхээс яллагдагч нарыг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд хуулийг зөв хэрэглэн хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

 

            Шүүх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй үедээ өөрийн санаачилгаар болон хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товлон хуралдуулж, шүүгчийн захирамж гарган хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах эрхтэй.

 

Мөн яллагдагчийг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн шүүх хуралдааныг хийх явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулдаг учир анхан шатны шүүхийг прокурорын эсэргүүцэлд дурдсанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.    

 

            Түүнчлэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 тоот эсэргүүцэлд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “Тодорхойлох нь” хэсэгт хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр заасан үндэслэлүүдийг эс зөвшөөрсөн талаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Харин шүүх прокуророос ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирсэн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийнхаа “Тодорхойлох нь” хэсэгт хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үед үүссэн нөхцөл байдлын дагуу хэргийг прокурорт буцаахад баримталдаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн талаар дурдан техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд энэ нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Иймд яллагдагч И.Т, Н.Б нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1075 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сонинмөнхийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                     ШҮҮГЧИД                                      М.МӨНХДАВАА  

                                   

 

                                                                                            З.ТҮВШИНТӨГС