Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 76

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Э,

Нарийн бичгийн дарга: Т.Солонго,

            Шүүгдэгч Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 1709008490405 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ..тоотод оршин суух, урьд

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар .., Б.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Б.нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, хүүхдийн 100-д байрлах, “Калифорниа” рестораны орчим хохирогч Э-г “машин бариад хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож улмаар 1 шүдний сулрал, эмтрэл, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн чамархайн зулгаралт, хуйх дух, хамрын нуруу, зүүн хөмсөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э /хх-ийн 13/, яллагдагч Б /хх-ийн 24/ нарын өгсөн мэдүүлэгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10652 дугаар дүгнэлт /хх-ийн 18/, шүүгдэгч Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, хүүхдийн 100-д байрлах, “Калифорниа” рестораны орчим хохирогч Эг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Калифорниа” рестораны урд талын замаар зүүн тийш эргээд явж байтал урд талаас нэг ах ирээд гараа өргөхөөр нь такси авах гэж байна гээд зогссон чинь “эндээс машин бариад 32-ын тойрог хүргээд өг” гэхээр нь явж очоод машинд нь суугаад “ахаа төлбөрөө урьдчилаад авдаг ш дээ” гэсэн чинь нөгөө халзан толгойтой ах хаалган дээр ирээд “чи муу яасан төлбөр нэхдэг юм” гээд толгойны зүүн тал руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд хүргэж “өг ална шүү” гэхээр нь машинаас нь буугаад зугтаагаад өөрийнхөө машин дээр яваад очсон чинь араас ирээд намайг 2 машины голд оруулаад зодсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13/,

 

Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би яг үнэндээ сайн санахгүй байгаа юм. Тэгээд дуудлагын жолооч дуудсан юм. Тэрнээс хойш үнэхээр санахгүй байгаа юм. ...Тухайн өдөр би Н-ын хамт нэг шил архи л уусан байх. Тэгээд ухаангүй согтоод тасарсан байна лээ... Би одоо хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардлыг төлж барагдуулж хохиролгүй болгоно. Гэм буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10652 дугаар дүгнэлт: “...Э-ийн биед нэг шүдний сулрал, эмтрэл, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн чамархайд зулгаралт, хуйх, дух, хамрын нуруу, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Э нь “...Миний бие эмчилгээний зардалд Б-с бэлнээр 300.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 54/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б-д торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.АЛДАР