Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/78

 

 

 

                                         А.Э-д холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Ариунзул

            Хохирогч З.Ж-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр

            Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Б.Баярмагнай

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1018 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ариунзулын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 тоот эсэргүүцлээр, шүүгдэгч А.Э-д холбогдох эрүүгийн 2234000000380 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Э, 1992 оны 6 дугаар сарын 12-нд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Эрдэнэ сумын “Хушинга” 4 дүгээр багт оршин суух,  малчин, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

 

А.Э нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Хушинга” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хөөрөг” гэх газарт иргэн К.Ж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар давсаг тус газарт нь өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хохирогч К.Ж Төв аймгийн цагдаагийн газарт “...миний машины дугуйг хутгаар хагалж явсан байсан..., ...олон хүмүүсийн хажууд танхайрч хутга барьж айлган сүрдүүлсэн..., ...гар нь хүрэхгүйн улмаас миний эмзэг эрхтэн төмсөг рүү өшиглөсний улмаас миний баруун төмсөг хавдаж хөхөрсөн, маш их өвдсөн...” гэх 3 агуулга бүхий өргөдөл гомдлыг гаргасан байна.

 

Гэтэл иргэний бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг дутуу шалгаж, зөвхөн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гэмт хэргийн гомдол мэдээллийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар бүлэгт заасан хийвэл зохих ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй байна.

 

Энэхүү ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотолбол зохих байдал” нотлогдоогүй байна.

 

Үүнээс шалтгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ариунзул 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэрэгт ямар ажиллагаа хийх талаар тодорхой тусгалгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хурлын тов гаргаагүй.

 

Мөн Эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч К.Жын мэдүүлэг, гэрч З.Хаянжамал, Б.Авзаль нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 441 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар яллагдагч А.Э нь хохирогч К.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

 

2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1018 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуульд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй атлаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй болсон. А.Эын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Харин түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн гэж үзвэл энэ талаар тусад нь шалган шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Хохирогч К.Жын өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан асуудлуудын талаар дурдсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар тодруулалгүй орхигдуулсан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Уг хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдаг. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хэлэлцээд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэх ёстой байтал шүүхээс мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Мөн шүүх нь мөрдөн шалгах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага биш, зөвхөн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдэг байгууллага учраас аль нэг талд нь хандаж хавтаст хэрэгт авагдсан ажиллагаануудаас өөр ажиллагаа хийлгэхээр захирамжилж байгаа нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх А.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Г.Ариунзулын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог ба, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох үүрэгтэй.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Хохирогч К.Ж-аас Төв аймгийн цагдаагийн газарт хандан гаргасан “...А.Э нь олон хүмүүсийн хажууд хутга барин танхайрч миний эмзэг эрхтэн рүү нь өшиглөж эрүүл мэндэд хохирол учруулсан, автомашины дугуйг хутгаар хагалсан...” гэх агуулга бүхий гомдол хавтаст хэргийн 1-р талд авагдсан байдаг.

 

Хохирогчийн дээрх гомдол, мэдээлэлд тусгагдсан зарим асуудлуудын талаар мөрдөн шалгах ямар нэгэн ажиллагаа явуулаагүй атлаа прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байх ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд шалгалгүй орхигдуулсан нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлэхээр заасан ба мөн хуулийн 32.3 дугаар зүйлээс 32.10 дугаар зүйл хүртэл прокуророос мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хянавал зохих асуудлууд, гаргах шийдвэрүүдийн талаар хуульчилсан.

 

Гэтэл прокурорын шатанд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан үзэж хохирогчийн гомдол мэдээлэлд тусгагдсан асуудлуудыг бүрэн гүйцэд хянан шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүй байхад хуулийг зөрчин яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь буруу, энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, зөв байна.

 

Түүнчлэн шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хуульд заасан ердийн журмаас гадна хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлах ёстой ба, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг хянан үзэх ба уг нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй байвал шүүхээс хэргийг мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаах эрхтэй.

 

Анхан шатны шүүхээс А.Эад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийнхаа “Захирамжлах  нь” хэсэгт хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг баримтлалгүй орхигдуулсан нь буруу байх боловч хэргийн оролцогч нарын гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг ханган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг баримталсныг буруутгах хууль зүйн боломжгүй юм.  

 

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэхийг тодорхойлсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан хэм хэмжээг хэрэглэх үндэслэл бүрддэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцдог ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” нь хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэхээр заасан бол нөгөө талаасаа нотолж чадаагүй бол “гэм буруугүй” гэх зарчим үйлчилдэг болно.

 

Иймд хяналтын прокурор Г.Ариунзулын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, А.Э-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1018 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ариунзулын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧИД                                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                       М.МӨНХДАВАА