| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0051/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Ц
Нарийн бичгийн дарга: Б.Билгүүн,
Шүүгдэгч Ж /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж-д холбогдох эрүүгийн 1709005430449 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ...тоотод оршин суух, урьд
Баянзүрх дүүргийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 627 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар нийт 04 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3409 дүгээр тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 20 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, регистрийн дугаар ..., Ж.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ж нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг Рашааны 2-188 тоотод Т-тай маргалдаж заамдан авч ноцолдон газар унагааснаас биед нь тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т /хх-ийн 7-8/, гэрч Б /хх-ийн 11-12/, гэрч Н /хх-ийн 13-14/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 9967 дугаар дүгнэлт /хх-ийн 26/, шүүгдэгч Ж урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг Рашааны 2-188 тоотод Т-тай маргалдаж, газар унагааснаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 28-ны үдээс хойш 17 цаг өнгөрч байхад нутгийн танил Бат-ийн гэрт ...бид хамт 3 шил 0.75 граммын архи уусан. 20 цагийн үед урд талын гудамжны Рашааны 1-165 тоотод амьдардаг Ж орж ирж бид нартай хамт архи уусан. 21 цаг 30 минутын үед би нилээн согтсон байсан. Батхишигтэй харьцаа муутай, ойлголцохгүй, тэгээд хоорондоо муудалцаж би зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж Т ахад хандан “та айлд согтуу ирлээ” гэхэд урдаас нь Т ах “би хаана уухаа чамаар заалгахгүй” гээд жоохон маргалдсан. Би тэгээд Эрдэнээг “хоёулаа гаръя ийм хэрүүлтэй газраас” гээд бид хоёр гараад явсан. Бид хоёрыг гарах үед тэр хоёр маргалдаж байсан хоорондоо зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид нар хуваагаад ууж байтал Б-йн танил Д ах буюу Т ах гаднаас нилээн согтуу орж ирж бид нартай хамт архи уусан. Ж Д ах хоёр хоорондоо барилдахаар болоод гарсан. Би гараагүй гэртээ үлдсэн нэг мэдсэн цагдаа ирсэн Т ах нил цус болсон байсан. Ж зүгээр байсан цагдаа аваад явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д ах надаас илүү согтолттой байсан, би халамцуу байсан. Тэгээд заамдалцаж аваад байшингийн урд унаж босоод ноцолдоод ...зууралдаад газар унаад байсан. Тэгээд нэг харахад духнаас нь юмуу толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 9967 дугаар дүгнэлтэд: “...Т биед тархи доргилт духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Т нь “...Миний бие хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг авсан. Дахин гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд ирүүлснийг дурьдах нь зүйтэй.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Ж торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Ж хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж оногдуулсан 460.000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР