| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2116001180141 |
| Дугаар | 2023/ДШМ/07 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Б |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ДШМ/07
Д.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ж.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Б,
Шүүгдэгч Д.М, түүний хууль ёсны төлөөлөгч П.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.М-д холбогдох 2116001180141 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овогтой Д.М нь Монгол Улсын иргэн, халх, 20 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, 18 настай, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд бус боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Говь-Алтай аймгийн .......... сумын ....... - ... тоотод оршин суух хаягтай, Урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн байгууллагад хорих ял оногдуулж уг ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ДЖ.................... регистрийн дугаартай,
Шүүгдэгч Д.М нь Говь-Алтай аймгийн ............ сумын ............. багийн ... - ... тоот хашаанд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Б маргалдаж улмаар Э.Б-ийн нүүрэн тус газарт нь мөргөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт буруутгагджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г ургийн овгийн Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М 2 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.М мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан шүүгдэгч Д.М компьютер томографикын CD 2 ширхэг, хохирогч Э.Б-аас хураан авсан 22 хуудас бүхий дэвтэр 1 ширхэг, CD 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Үндсэн хуулийг зөрчиж иргэний эрх зүйн байдлыг дордуулж байна. Эрүүгийн 2116001180141 дугаартай хэргийн шүүх хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Мөрдөгч, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Нэгдсэн эмнэлгийн эмч, прокурор хэт их нэг талыг барьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна.Э.Б Д.М босож ирсний дараа дахиж цохисон. Дахиж цохих гэж далайхад нь зүүн гараараа 1 цохисон байдаг. Яагаад цохиж болдоггүй юм. Амиа хамгаалж болохгүй юм уу? цохиулаад байж байх юм уу? Нөгөө хүмүүс нь 22, 23 настай цэргийн алба хаасан залуучууд байгаа. Шинжээчийн дүгнэлт гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэлнэ гэж заасан байгаа. CD бэлтгэж явуулсан. Тэр CD нь алдаатай. Шинжээчийн дүгнэлт дээр рентген зургийг үндэслэж гаргасан гэсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Олон нотлох баримт харууллаа. Эргэлзээ гарч байна гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Д.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зодуулж, зодуулж аав намайг босгосон. Тэгээд А-ыг цаашаа авч явахад намайг 1 цохисон. Тэрнээс өмнө намайг зөндөө өшиглөж, цохисон. Хавтаст хэрэгт миний зураг байгаа. Мөрдөгч нь Д.М өөрөө мөргөсөн гэж бичсэн байсан. Босож ирэхэд цохисон. Дахиж цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалж зүүн гараараа цохисон. Ямар ч аюул учрах байсан юм билээ. Би өөрийгөө хамгаалсан гэжээ.
Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.М нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 6- ... тоот хашаанд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22-23 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Б-н нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинжээч эмч нарыг цахимаар, чих хамар хоолойн эмч Х.А-г оролцуулж хэргийг тал бүрээс нь үнэн бодитойгоор хэлэлцсэн. Цохисон үйлдэлдээ шүүгдэгчийн зүгээс маргадаггүй. Аргагүй хамгаалалт байсан гэдэг. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” аргагүй хамгаалалт гэж үзэхээр хуульчилсан. Хохирогч Э.Б-н хувьд Д.М амь насанд аюултай довтолгоо үүсгэсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Тиймээс аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Д.М холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
1. Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар: Шүүгдэгч Д.М нь хохирогч Э.Б-г гараараа цохьсон, толгойгоороо мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эсэх талаар прокурор, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар харилцан эсрэг байр суурийг илэрхийлж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцсэн байна.
1.1. Прокуророос өсвөр насны шүүгдэгч Д.М 2021 оны 08 дугаар сарын 17-ны 22-23 цагийн үед Говь-Алтай аймгийн ............. сумын ............. багийн ... - ...тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Б маргалдаж улмаар нүүрэнд нь мөргөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үзэж шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
1.2. Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Д.М прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Х.А, А.А, Б.Г, Г.Б, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 640, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 724 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
2. Хэргийн үйл баримт, яллах нотлох баримтын талаар.
Өсвөр насны шүүгдэгч Д.М нь Говь-Алтай аймгийн .......... сумын .......... багийн ... - ... тоот хашаанд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22-23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Б маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж, мөргөсөн байна.
Энэ үйл баримт нь гэрч Б.Г-ын: “Б гарч ирээд М-ын нүүрэнд гараараа цохих үед газарт унасан, М-ын аав Д ирж А-ыг боож унагаах хооронд Б-г М нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиод дараа нь мөргөсөн чинь Б-гийн хамраас цус гараад зугтаасан” тухай мэдүүлэг /1 хх 14-15/,
Хохирогч Э.Б-ийн: “2021 оны 08 дугаар сарын 17-ны орой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 6- ... тоот хашаанд нь Д.М түүнийг толгойгоороо хамарлуу нь мөргөөд гараараа хоёр удаа цохьсон” тухай мэдүүлэг /1 хх 31-32/,
Гэрч Г.Б-ын: “Хүү Э.Б эрүүлжүүлэхээс гараад гэртээ ирэхэд хамар нь хавдсан байсан” тухай мэдүүлэг /1 хх 32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрч, хохирогч нарын 2021 оны 08 дугаар сарын 17-ны 22 цагийн үед болсон дээрх үйл явдлын талаарх мэдүүлгүүд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, ноцтой зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн дээрх үйлдлийг нотлож байна.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч Д.М үйлдэлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
3. Цагаатгах нотлох баримт, үндэслэлийн талаар.
3.1. Гэвч шүүгдэгч Д.М хохирогч Э.Б-г цохьсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдэг нь эргэлзээтэй байна.
Шинжээч Д.Д нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Э.Б-н биед шинжилгээ хийхдээ хохирогчийн өөрийнх нь авч ирсэн 22 хуудастай, Berry Yit гэсэн бичиглэлтэй нүдний шилтэй эрэгтэй хүний зурагтай, Б гэж хаягласан, дөрвөлжин шугамтай дэвтэр дээр бичигдсэн “Нүүрний рентген зураг. Хамрын таславч, зүүн тийш бага зэрэг мурийсан. Хамрын салст бага зэрэг хавантай” гэсэн бичилтийг үндэслэн Бн биед хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэжээ.
Э.Б-гийн биед шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолд шинжилгээний албаны мэдэлд Э.Б-г тогтоолын хамт шилжүүлсэн талаар тусгасан.
Хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 24-нд өндөр өртөгт оношилгоо буюу компьютер томограф хийлгэсэн болохыг тодорхойлсон ба Э.Б нь рентген зураг авхуулсан талаар уг албан бичигт тусгагдаагүй байна.
Мөн хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс иргэн П.Д-д 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн 470 дугаар албан бичигт “Иргэн Э.Б нь дүрс оношилгооны тасгаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр компьютер томограф хийлгэхээр бүртгүүлсэн, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр толгойн рентген зураг авхуулсан.” тухай тусгасан байна.
Хэрэгт Э.Б-н толгойн рентген зураг огт авагдаагүй. Тиймээс Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр буюу шинжээч түүний эрүүл мэндэд дүгнэлт гаргах үед толгойн рентген зураг авхуулсан, дүрс оношлогооны эмчээр уншуулж бичилт хийлгэсэн байх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл шинжээч Д.Д шинжилгээ хийхдээ ашигласан Э.Бгийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн бичиг баримт нь эргэлзээтэй байна. Тиймээс хохирогч Э.Бгийн биед шинжилгээ хийсэн шинжээч Д.Д 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 291 дугаар дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн энэ талаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолд: “Шинжээчийн 2021.02.24-ний 292 дугаар дүгнэлт эргэлзээтэй бөгөөд хохирогч Э.Бн рентген зураг, толгойны КТГ зураг компакт диск хэрэгт хавсаргагдаагүй байх тул зохих журмын дагуу хэрэгт хавсаргаж бусад баримтуудыг бүрэн бүрдүүлсний эцэст дахин шинжээч томилох нь зүйтэй гэж дүгнэсэн” нь үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтад нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан.
3.2. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бгийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар прокурорын тогтоолд Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Э.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд чих хамар хоолойн эмч А-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл тусгагдаагүй буюу дүгнэлт бүрэн дүүрэн үндэслэлтэй гарсан болох нь эргэлзээтэй гэж дүгнээд “1. Э.Бгаас хураан авсан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын бичилт бүхий дэвтрийн онош, үзлэгийн тэмдэглэл зэргээр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргах боломжтой эсэх, 2. Иргэн Э.Бн эрүүл мэндэд ямар гэмтэл учирсныг тогтоолгох” зорилгоор дахин шинжилгээ хийлгэхээр заажээ.
Мөн Прокурорын уг тогтоолд “Э.Бгаас хураан авсан 22 хуудастай Berry Yit гэсэн бичиглэлтэй нүдний шилтэй эрэгтэй хүний зурагтай Б гэсэн нэртэй 1 ширхэг дэвтэр, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.08.24-ний өдрийн 291 дүгээр дүгнэлтийг хуулбарлан шилжүүлэхийг хошууч Л.Л-д даалгасны дагуу уг баримтуудыг 2022.08.01-ний өдөр шинжилгээний обьектоор хүлээлгэн өгсөн байдаг.
Прокурорын энэ тогтоолд Э.Бгаас хураан авсан компьютер томограф бүхий компакт дискийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэх талаар огт тусгагдаагүй, хохирогч Э.Бгийн компьютер томографыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хэрхэн хүргүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын дээр дурдсан тогтоол хэрэгт эх хувиар авагдаагүй, хоёр өөр хуулбар тогтоол хэрэгт авагдсан бөгөөд уг тогтоолуудад хохирогч Э.Б, гэрч Д.М гэж тус тус гарын үсэг зурсан /1 хх 211/, нэг тогтоолд нь Э.Б үсэг зураад 2022.07.22 гэж огноо бичсэн байдаг /1 хх 217/.
Прокурорын энэ тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.С, Г.Х, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд урьд гаргасан шинжээч Д.Д дүгнэлтийг болон дүрс оношлогооны их эмч О.О-ийн “2021.08.25-ны гавал тархины компьютер томографаар хамар ясны зүүн хажуу хана хугаралтай, хамрын таславч зүүн тал руу мурий, хамрын жим зүүн талдаа нарийссан, зүүн гайморын хөндий этмойд хөндий зүүн дээд хэсгээр салст зузаарсан” гэснийг тусгаж, “Э.Б-н биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний зулгаралт гэмтлүүд тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 640 дугаар энэхүү дүгнэлт нь дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолд тусгагдаагүй, хэн, хэзээ гаргаж өгсөн нь тодорхойгүй компакт дискэнд буулгасан Э.Б-гийн 2021.08.25-ны гавал тархины компьютер томограф гэх баримтад тулгуурлаж гарчээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолд: “Э.Бгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 640 дугаартай дүгнэлтэд Э.Бгийн компьютер томографикийн сиди-г уншиж гаргасан талаар дурдсан боловч шинжээч томилох тогтоолд уг сиди-г зааж шинжээчид хүргүүлээгүй үндэслэл тогтоогдсон” гэж дүгнэн шинжээчийн дүгнэлийг дахин гаргуулах тухай яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч П.Дгийн гомдлыг хүлээн авч, түүний хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байдаг.
Тиймээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 640 дугаар дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй.
Учир нь энэ шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болсон нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж аваагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй. Анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
3.3. Мөн хохирогч Э.Б нь 2021.12.15-ны өдөр мөрдөн байцаалтад 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө: “Тухайн үед эмчид үзүүлж рентген зураг угаалгаж авсан. Одоо тэр зураг байхгүй байх. Тухайн үед эмчид үзүүлсний дараа хаячихсан” гэж,
2022.06.13-ны өдөр мөрдөн байцаалтад 3 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө: “2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр компьютер томографын зураг авхуулаад шууд надад компакт дискэнд бичиж хуулж өгсөн. Тэрнийгээ би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан. Тухайн үед дүгнэлт гаргуулаад хаячихсан юм. Харин эмчийн үзлэгийн дэвтэр нь байна. Түүнээс рентген зураг огт аваагүй юм. Тухайн үед гэрт байж байгаад сүүлд хэрэг болохгүй гэж бодоод хаячихсан юм.” гэх мэтээр рентген зураг, компьютерийн томограф авхуулсан эсэх талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 24-нд өндөр өртөгт оношилгоо буюу КТГ хийлгэсэн гэсэн бол тус эмнэлгээс иргэн П.Дд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн 470 дугаар албан бичигт Э.Б нь дүрс оношилгооны тасгаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр компьютер томограф хийлгэхээр бүртгүүлсэн, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр толгойн рентген зураг авхуулсан талаар тус тус зөрүүтэй тодорхойлсон.
Гэрч Ж.О мөрдөн байцаалтад 2022.03.15-ны өдөр мэдүүлэхдээ: 2021 оны 09 дүгээр сард мэргэжилтнүүд ирж рентген зураг авдаг төхөөрөмжийг засахдаа ковидын дараах хүндрэлтэй болон хүнд өвчтэй хүмүүсийн гэрэл зураг, компьютер томографын зурагнуудыг үлдээж бусад зургийг устгасан. Э.Бн ямар ч зураг байхгүй.” гэж мэдүүлж байсан байдаг.
Гэтэл хохирогч Э.Б нь хамрын рентген зураг, компакт дискэнд буулгасан компьютер томографыг мөрдөгчид гаргаж өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна.
Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт: “Хохирогчид шинжээч томилсон прокурорын тогтоолыг танилцуулах үед рентген зураг, компьютер томографаа олсон гэж гаргаж өгсөн. Мөрдөгч компьютер томограф нь байхад болно гэж хэлээд авч хэрэгт хавсаргаад, рентген зургийг гаргуулж аваагүй” гэж тайлбарласан байх бөгөөд мөрдөгч хэрэгт чухал ач холбогдолтой, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “Шинжээч рентген зураггүйгээр дүгнэлт гаргасан учраас Э.Бгийн биед хөнгөн гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж гомдол гаргасан, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолд: “Шинжээчийн 2021.02.24-ний 292 дугаар дүгнэлт эргэлзээтэй бөгөөд хохирогч Э.Бн рентген зураг, толгойны КТГ зураг компакт диск хэрэгт хавсаргагдаагүй байх тул зохих журмын дагуу хэрэгт хавсаргаж бусад баримтуудыг бүрэн бүрдүүлсний эцэст дахин шинжээч томилох нь зүйтэй гэж дүгнэсэн” байхад хохирогчийн гаргаж өгсөн хамрын рентген зургийг хэрэгт бэхжүүлж аваагүй гэх байдал нь хохирогч өөрийн рентген зураг, компьютер томографаа 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргаж өгсөн гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
Мөрдөгч нь хохирогч Э.Бгаас 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр компакт дискэнд хуулбарласан компьютер томографыг авсан бол дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолд нэмэлт оруулж, шинжилгээний обьектуудыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгөхдөө уг компакт дискийг хамт гаргаж өгөх цаг хугацааны хувьд боломжтой байжээ.
Түүнчлэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Э.Бгаас компакт дискэнд буулгасан түүний 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн толгойн компьютер томограф гэх нотлох баримтыг хурааж авч тэмдэглэл үйлдэхдээ уг компакт дискэнд үзлэг хийж, тухайн нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үзээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх аргаар бэхжүүлж аваагүй байна.
Хохирогч Э.Б нь өөрийн нүүрний рентген зураг, толгойн компьютер томографыг буулгасан компакт дискийг гаргаж өгсөн тохиолдолд мөрдөгч уг компакт дискэнд хохирогчийг болон хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан үзлэг хийж, боломжгүй бол дуу-дүрсний бичлэгээр үзлэгийн явцыг бэхжүүлж, үзлэгийн явцыг тэмдэглэл үйлдэн баталгаажуулсны дараа уг компакт дискэнд авагдсан мэдээлэл нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байвал хураан авч тэмдэглэлд хохирогчоор гарын үсэг зуруулан устах, гэмтэх эрсдэлээс хамгаалах ажиллагаа хийх байжээ.
Энэ нь нэг талаас хохирогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хэрэгт бэхжүүлж тусгуулах эрхийг нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ гэснийг тус тус зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагчийн эд зүйл хавтаст хэрэгт тусгах тогтоол, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийх зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ гэснийг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тавигдах шаардлагад нийцээгүй байна.
3.4. Мөн уг компакт дискийг дүрс оношлогооны эмч О.О уншаад “Хамар ясны зүүн хажуу хана хугаралтай. Хамрын таславч зүүн тал руу мурий, хамрын жим зүүн талдаа нарийссан” гэж оношилсон.
Харин дүрс оношилгооны эмч С.Ч уншиж “Хамар ясны зүүн хажуу хананд зөрүүгүй сэлтэрсэн хугаралтай. Хамрын таславч дунд хэсгээр зүүн тийш муруйлттай” гэж оношилсон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь дүрс оношлогооны эмч нарын онош, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын бичилт бүхий дэвтрийн онош, үзлэгийн тэмдэглэл, сиди-д буулгасан компьютер томографик зэрэгт тулгуурлан Э.Бн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал баруун мөрний зулгаралт гэмтлүүд учирсан нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэжээ.
Шинжээчийн дүгнэлтэд хохирогч Э.Бгийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байх бөгөөд хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн үү? эсвэл хамрын гэмтэл, мөрний зулгаралт гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн үү гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдаагүй байна.
Мөн учир зүйн хувьд хамар ясны зүүн хажуу хана хугарсан сэлтэрсэн тохиолдолд хамрын таславч баруун тийш муруйсан байх боломжтой өөрөөр хэлбэл хамар ясны зүүн талд хамрын гадна талаас хүч үйлчилсэн тохиолдолд хамрын таславч баруун тийш муруйх магадлалтай байхад яагаад хамрын таславч зүүн тийш муруйсан гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.
3.5. Түүнчлэн гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан байхаас гадна гэрч тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй байгаа эсэх нь уг гэрчийн мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэхэд хамааралтай байдаг.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь гэрч Х.А хохирогч А.Бг группэд ороход тусалдаг, нэг нутгийн хүмүүс учраас хохирогчтой нэгдмэл сонирхолтой байж магадгүй тул гэрч Х.А-ийн үйлдсэн Э.Бгийн эрүүл мэндийн талаарх онош эмнэлгийн бичиг баримт эргэлзээтэй гэж тайлбарлаж байгаа бөгөөд гэрч Х.А нь хохирогч Э.Б-ийн компакт дискэнд буулгасан компьютер томографикын болон гэрэл зураг зэрэг хувийн мэдээллийг өөрийн гар утсанд хадгалж байснаа мөрдөгчид нотлох баримтаар гаргаж өгсөн, прокурор уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн зэрэг нь Х.А-ийн мэдүүлэг, түүний бичсэн Э.Б-н гэмтлийн онош зэргийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэх үндэслэл болохгүй ч тухайн нотлох баримтуудад эргэлзээ үүсгэж нотлох чадварыг сулруулж байгааг дурьдах нь зүйтэй.
3.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсноор “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байсан хүнийг” өсвөр насны хүн гэж үзнэ.
Д.М нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2, 18.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр эсхүл зөвшөөрснөөр сэжигтэн яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн нь өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулахаар заасан байна.
Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой оролцогч болохын хувьд өсвөр насны шүүгдэгчийн мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болох бөгөөд өсвөр насны шүүгдэгчийг оролцуулан явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон нотлох баримт нь түүнийг яллах үндэслэл болохгүй.
3.7. Мөн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох ажиллагааны хүрээнд хохирогчийн биед дахин шинжилгээ хийлгэх, дахин хамрын рентген болон компьютерийн томограф шинжилгээ хийлгэж оношлуулах боломжтой байсан ч ийм ажиллагаа хийгдээгүй байна.
3.8. Хохирогчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн компакт дискэнд буулгасан компьютер томограф нь 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийн гол эх сурвалж болсон байх бөгөөд уг компакт диск нь хэргийг анхан шатны шүүх хүлээн авах үед нээгдэхгүй, ажиллахгүй байсан байна. /2 хх 153/
4. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар.
Хохирогч Э.Бн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх эмнэлгийн бичиг баримтууд түүнд тулгуурлан гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй, анхны шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болсон рентген зураг хэрэгт огт авагдаагүй, хохирогчийн толгой хэсгийн компьютер томографыг буулгасан компакт диск нээгдэхгүйгээс шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй байна.
Уг компакт дискэнд ямар мэдээлэл агуулагдаж байсан нь шүүхэд тодорхойгүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчдийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эх сурвалжийг нь магадлах аргаар шалгах боломжгүй болсон байна. Тиймээс уг компакт дискэнд авагдсан мэдээлэл, түүнийг үндэслэн гаргасан гэх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бөгөөд хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Гэтэл анхан шатны шүүх шинжээчдийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, үнэлээгүй нь анхан шүүхээс үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.
Аливаа нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэх боломжгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан аливаа нотлох баримтад шүүх эргэлзэх эрхтэй бөгөөд эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргахгүй байх үүрэгтэй.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх аливаа этгээдийн гаргаж хэрэгт хавсаргасан баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах эрсдэл дагуулдаг.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах шаардлагыг хангаагүйгээс шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Эдгээр байдлуудыг үндэслэн дүгнэвэл прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгахад өсвөр насны шүүгдэгч Д.М нь хохирогч Э.Бг гараагаа нүүрэнд нь цохиж, толгойгоороо мөргөсөн болох нь тогтоогдож байгаа боловч Д.М уг үйлдлийн улмаас Э.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдэг байдал эргэлзээтэй байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдэг нь эргэлзээтэй, шүүхэд бүрэн дүүрэн итгэл төрөхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үндэслэл бүхий энэхүү эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх шинжийг шаардаж байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэгт хамаарах хохирол учирсан нь тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Тиймээс өсвөр насны шүүгдэгч Д.М хууль ёсны төлөөлөгч П.Дгийн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгуулах агуулга бүхий давж заалдах гомдол, саналыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос өсвөр насны шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч Д.М цагаатгаж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай, хохирогч Э.Б нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдаж, хэрэгт хураагдаж ирсэн 3 ширхэг компакт диск, Э.Бгаас хураан авсан 22 хуудас бүхий дөрвөлжин шугамтай дэвтэр зэргийг хэрэгт хавсаргасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.М холбогдох 2116001180141 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б
ШҮҮГЧИД Ж.Б
Ч.Э