Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                2023/ДШМ/11

 

 

 

          Б.Ө, Б.Өн, Б.М,

          П.У, Г.Ш нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Б.Н

                        Хохирогчийн хууль ёсны

                                               төлөөлөгч                                 Ж.Э 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Г.Э, С.П

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Н-ын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, шүүгдэгч Б.Өн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ө, Б.Өн, Б.М, П.У, Г.Ш нарт холбогдох 1812006500047 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ... тоотод оршин суух, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б.Ө

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, Б.Өн

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, П.У

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Б.М

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Жаргалант суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г.Ш

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Өн, Б.М, П.У нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Б-ийн 1 тооны морь, хохирогч Л.Баын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Р.Жт 13.850.000 төгрөгийн, хохирогч Ч.Бд 700.000 төгрөгийн, хохирогч Л.Баод 700.000 төгрөгийн, нийт бусдад 15.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Г.Ш нь хүү Б.Өн, Б.Ө, охин Б.М, бэр П.У нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, Ч.Б-ийн 1 тооны морь, Л.Баын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд тухайн малыг нядлах газрыг бэлдэж, дэмжиж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Б.Ө, Б.Өн, Б.М, П.У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.Шд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.У, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баянзүрх овогт Гарамын Ш нарт холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.М, П.У, Г.Ш нарыг цагаатгаж; Шүүгдэгч Б.Өг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Өныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Шүүгдэгч Б.Өг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Өныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Өн нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Өнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн сольж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Өн нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хориглож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Өн нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Өнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Өгаас 2.110.833 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын ... тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-д, 350.000 төгрөг гаргуулан Хөвсгөл аймгийн ... багт оршин суух Л.Ба-д, шүүгдэгч Б.Өнаас 2.110.833 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын ... тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-д, 350.000 төгрөг гаргуулан хохирогч Хөвсгөл аймгийн ... багт оршин суух Л.Ба-д тус тус олгож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн П.Уийн эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар хөх өнгийн 40-57 УНТ улсын дугаартай “Тоёота Истима” маркийн автомашиныг эзэмшигч П.Ут буцаан олгож, түүний үнэ 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ө, Б.Өн нараас гаргуулж, дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, хохирогч Л.Ба нарын хохирол нөхөн төлөхөд зарцуулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж; Шүүгдэгч Б.Ө, Б.Өн, Б.М, П.У, Г.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй тус тус дурдаж; Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Б.Өн, Б.М, П.У, Г.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Н-ын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н би эрүүгийн 1812006500047 дугаартай Б.Ө, Б.Өн, Б.М, П.У, Г.Ш нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргасан.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б.М, П.У, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Г.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Б.Ө, Б.Өн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Өн нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч П.У, Б.М, Г.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа “...хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш  нарын гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, тухайн цаг хугацаанд П.У, Б.М нар нь Б.Өны машинд хамт явж Улаанбаатар хот руу ороод буцааж явсан нөхцөл байдал тогтоогдсон ба машинд хамт явсан хүмүүс замд мал хамт туулцсан, малыг алж төхөөрсний дараа гэдэс дотрыг нь арилгахад оролцсон гэх үндэслэлээр гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь нотлогдсон гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм” гэж дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан хохирогч Р.Ж, гэрч Р.Т, М.П, Э.М, М.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ө, Б.Өн, Б.М, П.У нар нь гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогддог.

            Хэдийгээр шүүгдэгч Б.Өг Архангай аймгийн Тариат сумын Бэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч нарын олон тооны малыг ганцаараа хулгайлсан эсэхийг харсан гэрч байхгүй ч, хохирогч нарын мал алдагдсан гэх газраас 50-60 километр орчим зайтай Хөвсгөл аймгийн Жаргалант суманд, цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдэгдсэний маргааш шүүгдэгч Б.Ө, Б.Өн, Б.М, П.У нар нь хар хөх өнгийн Стимо загварын тээврийн хэрэгслээр 10 гаруй тооны үхэр тууж явсныг харсан гэрч Р.Т, Э.А нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг.

            Мөн гэрч Д.Л-ын “...2018 оны 11 дүгээр сард байхаа хэдэн сарын хэднийг нь мэдэхгүй байна, над руу н.Ш утсаар залгаад хүнээс өргөл барьцын идэшний үхэр ирэх юм, Мөрөнд хашаандаа янзлах гэхээр жижигдээд байна, чөлөөтэй ойрхон хөдөө янзалчихмаар байна” гэх мэдүүлэг, гэрч К.А-ийн “...Авсан малаа танай энд гаргахаар аваад ирлээ, Мөрөнд гаргах гэхээр жижигдээд байна” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.Ө, Б.Өн, Б.М нарын ээж Г.Ш нь тэдний хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон малыг нядалж, төхөөрөх газрыг 7 хоногийн өмнөөс буюу гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан бэлтгэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлсэн “...бид нар тэгээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын баруун хойд талын Идэрийн голын гүүрний хойно орой уулзахад н.Ө үхэр тууж явсан...”, “...Идэрийн голын гүүрний дээр н.Өтай уулзаад хамт туулцаад явсан юм...” гэх мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч Б.М, П.У нарыг “Б.Өны машинд хамт явж Улаанбаатар хот руу ороод буцаж явсан нөхцөл байдал тогтоогдсон ба машинд хамт явсан хүмүүс замд хамт мал туулцсан, малыг алж төхөөрсний дараа гэдэс дотрыг нь арилгахад оролцсон гэх үндэслэлээр гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь нотлогдсон гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм” гэж холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа мөн хамт явсан Б.Өныг ямар үндэслэлээр Б.Өтай хамтран гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгч Б.М, П.У нарыг ямар үндэслэлээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй гэж дүгнэсэн талаараа шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл нэг машинд хамт явсан гурван хүний нэг хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж гэм буруутайд тооцоод хоёр хүнийг нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй гэж хэрэгсэхгүй болгож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй шийдвэр болжээ.

            2. Шийтгэх тогтоол нь 28 хуудастай байх бөгөөд 21 дүгээр хуудас бичиглэлгүй /хоосон/, 20, 22 дугаар хуудсанд бичигдсэн зүйлийн агуулгаас харахад 21 дүгээр хуудас нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн хуудас гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын хуудас дутуу байгаа нь дээрх шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн П.Уийн эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар хөх өнгийн 40-57 УНТ улсын дугаартай “Тоёота Истима” маркийн автомашиныг эзэмшигч П.Ут буцаан олгож, түүний үнэ 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ө, Б.Өн нараас гаргуулж дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, хохирогч Л.Ба нарын хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн боловч илүү гарсан мөнгөн дүнг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

            4. Шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгох хуулийн зүйл хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгоогүй байна.

            5. Дээрх хэргийг шүүгдэгч Б.Өг ганцаараа үйлдсэн гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2021/ШЗ/776 дугаартай захирамжаар “Б.Ө нь ...гэмт хэргийг Б.Өн, Б.М, П.У, Г.Ш нартай бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байхад зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь... нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байна” гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж байсан бөгөөд уг захирамжийн дагуу нэмж хийсэн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарыг энэ гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэг нотлох баримтад хоёр өөр дүгнэлт хийж шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно.” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын гаргасан давж заалдах гомдолд: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэргийн холбогдогчид нь шүүх хуралд мэдэгдсэн хугацаандаа хохирол барагдуулаагүй тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Б.Ө, Б.Өн нар нь тогтоогдсон хохирлыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар шүүх хуралд амлалт өгч өргөдөл гаргасан. Гэсэн хэдий ч шүүхэд өгсөн амлалтаасаа няцаж өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр тооцоо хийгээгүй байгаа нь гэм буруугаа ухамсарлаагүй, хохирогчийг үл тоосон үйлдлийн нотолгоо гэж үзэж байна. Иймд ялыг өршөөсөн шийдвэрийг цуцалж, оногдуулсан хорих ялыг хорих байгууллагад биеэр эдлүүлэх шийдвэрийг сэргээж шийдвэрлэж өгнө үү.

2. Миний бие Б.М, П.У нарын унаж явсан Истима маркийн автомашины Хөвсгөл аймгийн Жаргалант сумын шатахуун түгээх газраас бензин авч байх үеийн бичлэгийг хэргийн материалд өгсөн бөгөөд машиныхаа дугаар, харагдах байдлыг илэрхий өөрчилж нууцалсан байдалтай байгаа тухай шүүх хуралд мэдэгдсэн хэдий ч баримт, мэдүүлгийг дэмжсэн болон няцаасан тухай тогтоолд тусгаагүй байна. Энэхүү бичлэгээс машин сумын дэлгүүр рүү хөдөлж байгааг мэдэж, дэлгүүрийн камераас Б.М, П.У нарын царайг таньж олсон. Мөн автомашины харагдах байдал, ноймор дугаарыг хэрхэн өөрчилсөн байгааг нотлох чухал баримт юм. Үүнээс гадна 1 дүгээр хавтаст хэргийн 19, 20 дугаар нүүрт хавсаргасан хэргийн газрын үзлэг хийсэн дүгнэлтээр колонкын камерт бичигдсэн Истима маркийн автомашины ялаа, шумуулын торыг Мөрөнд очсоныхоо дараа машинаас салгаж хаяж, бүтээлгээр хучиж тавьсан байгаа нь нотлогдож байгаа. Мөн машины улсын дугаарын үсэг, зарим тоог уншигдахааргүй болгосон, зарим тоог өөр тоотой андуурахаар өөрчилсөн болох нь бичлэгээс харагдаж байгаа.

Иймд Б.М, П.У нарын машины харагдах байдлыг өөрчилсөн, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нуусан асуудлыг шинжилж тусгалгүйгээр гэмт хэрэг үйлдээгүй гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм. Тиймээс дээрх баримтыг шинжилж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. /Бичлэгээс татсан дүрс болон хэргийн газарт хийсэн үзлэгийн зургийг харьцуулж хавсаргав/” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Өны гаргасан давж заалдах гомдолд: “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22 дугаар хорооны 15-120 тоотод оршин суух Б.Өн намайг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь миний бие 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт оролцоогүй, гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг төгссөний дараа замд таарч туулцсан. Би тухайн үед Улаанбаатар хот орчхоод буцаж явсан. н.Ө нь тухайн малыг худалдаж авсан гэж хэлж байсан. Бид ч гэсэн худалдаж авсан малыг туулцаж, гаргалцаж өгч байна л гэж бодсон. н.Ө хурим найраа хийгээд мөнгөтэй байсан учир түүнийг мал авсан гэж ярихад эргэлзэх зүйл байгаагүй. Гэтэл намайг анхнаасаа н.Өтай тохирч олон тооны мал хулгай хийсэн гэж үзэн ял оногдуулж байгааг зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Өн  намайг цагаатгаж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э-ыг оролцуулна.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22 дугаар хорооны 15-120 тоотод оршин суух А.Өныг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь Б.Өныг н.Өтай бүлэглэн олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж шууд нотолсон нэг ч баримт хэрэгт байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт оролцоогүй, гэмт хэрэг төгссөний дараа буюу н.Ө нь утсаар ярьж Архангай аймгийн Цахир сумаас хүнээс мал авах байснаа аваад явж байна, урдаас тосох боломж байна уу гэж хэлсний дагуу н.Өг тосож уг малыг туулцсан байдаг. Тухайн үед Б.Өн нь гэр бүлийн хүн болон эгчийн хамт Улаанбаатар хот орчхоод буцаж явсан. н.Ө нь тухайн малыг худалдаж авсан гэж Б.Өнд хэлсэн. Гэтэл н.Өныг анхнаасаа н.Өтай тохирч олон тооны мал хулгай хийсэн гэж үзэж ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа тул  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Өныг цагаатгаж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар хийх болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Б.М, П.У, Г.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өмнө хэлсэнчлэн хохирлоо барагдуулах тал дээр гомдолтой байгаа. Хохирлыг барагдуулахгүй хуурсан байдалтай байгаа учраас миний зүгээс эдгээр хүмүүсийг гэм буруугаа ухамсарлахгүй, хууран мэхэлсэн байдалтай байна гэж үзэж байна. Тийм учраас эдгээр хүмүүст өршөөл үзүүлэхгүйгээр биеэр нь эдлүүлэх ажлыг хийх ёстой гэж үзэж байна. Дээрээс нь хуулийн тийм заалт байхгүй гэж өмгөөлөгч нь ярьж байна. Би өөрөө хуулийн хүн биш ч гэсэн Монгол Улсад ажиллаж байгаа хүний хувьд ерөнхийд нь хуулийг гадарлаж байгаа. Гэм буруугаа ухамсарлахгүй байгаа хүнийг өршөөдөг тийм хууль бол манайд байх ёсгүй гэж бодож байна. Тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн барагдуулж, өршөөлд хамрагдуулж өгөх талаар ярьж байхыг би сонссон. Тэгэхээр энэ хоёр асуудлын хооронд зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Мөн машиныхаа ноймор дугаарыг нууцлаад яваад байсан гэдэг чинь эхнээсээ л мэдэж байсан гэж бодож байна. Тэгээд машинаа аваачиж тавиад хучсан байсан. Түүнээс биш гэмт хэрэг хийснийг мэдэхгүй зүгээр явж байсан хүмүүс машиныхаа дүр зургийг өөрчлөхгүй. Тэгэхээр үүнийг хэрэгт заавал тусгаж үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах гомдлын тухайд нэгэнт хэлэлцсэн юм чинь яриад яах вэ. Гэхдээ хохирогчийн хувьд давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрсөн хойно дан ганц хуудас явуулсан байсан. Бид нарын зүгээс давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан талаар хэл ам гаргасны дараа баримтыг явуулсан байх. Гэхдээ одоо гомдлыг нь хэлэлцүүлнэ, хэлэлцүүлэхгүй гээд байх зүйл алга бөгөөд нэгэнт шүүх гомдлыг хэлэлцээд явсан. Саналын хувьд Б.Өныг гэм буруутайд тооцсонд үнэхээр эргэлзээтэй байгаа. Б.Өны хувьд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримтаар эргэлзээгүйгээр хангалттай нотолж чадаагүй гэж үзэж байна. Ер нь бол мөрдөн шалгах ажиллагаа явуулж үзсэн ч гэсэн эргэлзээгүй байдлаар нотлох баримтаар нотолж чадаагүй учраас түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл байна. Б.Өны хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай харагддаггүй. Иймд Б.Өны гаргасан гомдлыг дэмжиж байна. Мөн өөрийнхөө гомдлыг хангуулахыг хүсэж байна. Улсын яллагчийн хүчингүй болгуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өмнө тайлбарласан. Саналын хувьд хэлэхэд шүүх тодорхой хэмжээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад засах хууль зүйн үндэслэл байгаа. Иймд уг хэргийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгнө үү. Харин шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Б.Өгийн хувьд гэмт хэрэг үйлдсэн үеэсээ эхлээд шүүх хуралдааныг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Мөн хохирол төлбөрийг төлөхгүй гэж маргасан зүйл байхгүй. Харин хохирлыг төлнө гэдгээ илэрхийлдэг. Шүүхээс завсарлагаа аваад 5 хоногийн дотор төлж чадахгүй, харин сарын дотор төлөх талаараа тухайн үед хэлж байсан. Б.Ө ганц байгаа шинэ мотоциклоо зараад хохирлыг төлнө гэдгээ хэлж байсан боловч одоогоор тухайн мотоциклоо зарж чадаагүй байдалтай байгаа. Анхан шатны шүүхээс хохирогч Ж.Эод 2.110.833 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх хохирлын 2.000.000 төгрөгийг төлсөн байгаа гэдгийг хэлье. Тухайн мөнгө нь Б.Өгаас гэж төлөгдсөн мөнгө байгаа юм шүү. Б.Өны хувьд өөрөө гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал дээрээ маргаж, мөн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа нөхцөлд хохирол төлөөгүй байгаа нь үндэслэлтэй юм. Г.Ш, Б.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байна, гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн нь хуульд нийцнэ. Энэ нь угаасаа нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдоогүй юм гэдгийг хэлье. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлан гарсан. Ганцхан хэрэгт хавсаргасан сидийг хохирогч талаас гаргаж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар баталгаажаагүй юм. Уг сидиний эх сурвалж нь тухайн үед гарч ирээгүй баримт болоод хувирсан. Яг энэ сидийг нотлох баримт юм гэж үзэх боломж муутай юм. Тэгэхээр давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын Б.Ө, Г.Ш, Б.М нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Тэгээд ч хэргийг шүүхээс хүндрүүлэхээр буцаах хууль зүйн зохицуулалт байхгүй гэдгийг хуульч нарын хувьд бүгд мэднэ. Өмгөөлөгч хүний хувьд Б.Өн, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж хардаг. Тэдний гаргасан гомдлын дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн саналыг гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Н-ын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, шүүгдэгч Б.Өн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ө, Б.Өн, Б.М, П.У нарыг бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Б-ийн 1 тооны морь, хохирогч Л.Баын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч Г.Шг хүү Б.Өн, Б.Ө, охин Б.М, бэр П.У нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, Ч.Б-ийн 1 тооны морь, Л.Баын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд тухайн малыг нядлах газрыг бэлдэж, дэмжиж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогдуулан, шүүгдэгч Б.Ө, Б.Өн, Б.М, П.У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.Шд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө, Б.Өн нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Б-ийн 1 тооны морь, хохирогч Л.Баын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Р.Жт 13.850.000 төгрөгийн, хохирогч Ч.Бд 700.000 төгрөгийн, хохирогч Л.Баод 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Р.Ж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, хохирогч Ч.Б, хохирогч Л.Ба, гэрч Б.Ж, С.Б, Э.М, З.А, М.Д, М.П, Э.А, Д.Л, Б.Д нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Хас үнэлгээ” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 тоот автомашин техникийн үнэлгээ, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн, шүүгдэгч Б.Ө,  Б.Өн нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өн, Б.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

Харин шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарт холбогдох хэргийг “шүүхээс хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нар нь гэм буруутай эсэх нь эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.У, Б.М, Г.Ш нарын гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, тухайн цаг хугацаанд П.У, Б.М нар нь Б.Өны машинд хамт явж Улаанбаатар хот руу ороод буцаж явсан нөхцөл байдал тогтоогдсон ба машинд хамт явсан хүмүүс замд хамт мал туулцсан, малыг алж төхөөрсний дараа гэдэс дотрыг арилгахад оролцсон гэх үндэслэлээр гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь нотлогдсон гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэж дүгнэн, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, “Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр улсын яллагч эсэргүүцэл бичиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, шүүгдэгч Б.Өн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нар давж заалдах гомдол гаргасан байна.

 

Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 сарын 30-ны өдрийн 128 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Б.Өг 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, Ч.Б-ийн 1 тооны морь, Л.Баын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

 Анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 11-ний өдрийн 2021/ШҮ/776 дугаарын шүүгчийн захирамжаар “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байхад зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, тухайн хэргийг Б.Өн, Д.У, Б.М, Г.Ш нартай бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн байж болзошгүй үйлдлийг нарийвчлан шалгах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүхээс буцаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Б.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж, тэмдэглэл үйлдсэн, гэрч Г.Ш, Б.М, П.У, Б.Өн, Э.А нараас дахин мэдүүлэг авч, гэрч Г.Ш, Д.Л нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авч, улмаар Б.Өн, Б.М, П.У, Г.Ш нарыг яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

 

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулсан дээрх нотлох баримтуудаар  анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 11-ний өдрийн 2021/ШҮ/776 дугаарын шүүгчийн захирамжаар дүгнэсэн дүгнэлтийг үгүйсгэхээр нотлох баримт цуглараагүй байхад анхан шатны шүүх өмнөх дүгнэлтээсээ эрс зөрүүтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ө, Б.Өн нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Энэ үндэслэлээр прокурорын “...шүүгдэгч Б.Өныг ямар үндэслэлээр Б.Өтай хамтран гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгч Б.М, П.У нарыг ямар үндэслэлээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй гэж дүгнэсэн талаараа шийтгэх тогтоолд тусгаагүй, өөрөөр хэлбэл нэг машинд хамт явсан гурван хүний нэг хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж гэм буруутайд тооцоод хоёр хүнийг нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй гэж хэрэгсэхгүй болгож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй шийдвэр болсон...шүүгчийн захирамжийн дагуу нэмж хийсэн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарыг энэ гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэг нотлох баримтад хоёр өөр дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй болсон...” гэсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын “...Б.М, П.У нарын унаж явсан Истима маркийн автомашины Хөвсгөл аймгийн Жаргалант сумын шатахуун түгээх газраас бензин авч байх үеийн бичлэгийг хэргийн материалд өгсөн бөгөөд машиныхаа дугаар, харагдах байдлыг илэрхий өөрчилж нууцалсан байдалтай байгаа тухай шүүх хуралд мэдэгдсэн хэдий ч баримт, мэдүүлгийг дэмжсэн болон няцаасан тухай тогтоолд тусгаагүй, машины харагдах байдлыг өөрчилсөн, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нуусан асуудлыг шинжилж тусгалгүйгээр гэмт хэрэг үйлдээгүй гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай...” гэсэн давж заалдах гомдол тус тус үндэслэлтэй болно.

 

Прокурор эсэргүүцэлдээ  “...шийтгэх тогтоол нь 28 хуудастай байх бөгөөд 21 дүгээр хуудас бичиглэлгүй /хоосон/, 20, 22 дугаар хуудсанд бичигдсэн зүйлийн агуулгаас харахад 21 дүгээр хуудас нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн хуудас гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын хуудас дутуу байгаа нь дээрх шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ...” гэсэн боловч хэрэгт үүнийг нотлох баримтыг хавсаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

 

            Мөн давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурорын эсэргүүцлийн 3, 4 дэх хэсэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.Өн, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан гомдлын талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул хэрэг анхан шатны шүүхэд очтол хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг хангах зорилгоор шүүгдэгч Б.Ө, Б.Өн нарт цагдан хорих, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ө, Б.Өн нарт цагдан хорих, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Н.ЭНХМАА