Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Э,

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг,

            Шүүгдэгч П /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П холбогдох эрүүгийн 1709024530304 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.           

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..., П.  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч П нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний доор буюу “Моннис” ХХК-ийн урд талын зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Б “машины толь шүргэлээ” гэх шалтгааны улмаас зодож улмаар хүзүүнд нь цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б /хх-ийн 8/, яллагдагч П /хх-ийн 19/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14492 дугаар дүгнэлт /хх-ийн 14/, шүүгдэгч П урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний доор буюу “Моннис” ХХК-ийн урд талын зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Б “машины толь шүргэлээ” гэх шалтгааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 08 цагаас 08 цаг 30 минутын хооронд Нарны замаас Энхтайваны гүүр тал руу явж байтал цагаан өнгийн 15-67 УБС улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашин миний хажуу талаас шахаад ороод ирсэн. Тэгээд би яах ч арга байхгүй чигээрээ явтал миний машин болон тухайн Приус маркийн машин толь хоорондоо шүргэлцсэн. Тэгээд би чигээрээ яваад “Моннис” ХХК-ийн урд талын гэрлэн дохион дээр зогсож байтал нөгөө Приус маркийн автомашинтай залуу хажууд зогсоод цонхоо онгойлгохоор нь би цонхоо онгойлгож “хөөе малаа чи муу яагаад надад зам тавьж өгдөггүй юм бэ халтар таксины жолоочоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хоёр хөлтэй машин барьдаг мал байдаг бол би чамаас өндөр үнээр худалдаж авъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь бууж ирээд миний машиныг цохиж байснаа миний хаалгыг онгойлгоод намайг боож байгаад машинаас чирээд буулгасан. Тэгээд намайг газар унасан байхад хамт явж байсан ээж нь намайг өшиглөөд байсан. Тэгээд би нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан болохоор хаашаа хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

Яллагдагч П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний Тоёота Приус 20 маркийн цагаан өнгийн автомашины зүүн талын толийг шүргээд хагалчихсан юм. Тэгэхээр нь “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь миний өөдөөс далайгаад юм шидсэн. Хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь бууж очоод заамдаж аваад чирч буулгаад зодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14492 дугаар дүгнэлт: Б-ын биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны болон замын хөдөлгөөнд оролцох соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

           

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх энэ талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч П эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс П торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

Шүүгдэгч П хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б нь /хх-ийн 29/: “...П нэхэмжилсэн 420.000 төгрөгийг хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч П нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.