Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                2023/ДШМ/10

 

 

 

          Э.Шт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           А.А

                        Хохирогч                                                          Э.Э

                        Хохирогчийн өмгөөлөгч                                  Э.М /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  С.П

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Шт холбогдох 2212000000280 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Архангай аймгийн ... ажилтай, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.Ш

 

Шүүгдэгч Э.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14:00 цагийн орчимд Архангай аймгийн ... багийн төвд байдаг Төмөрт гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Э.Эын эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын таславчийн мөгөөрсний зөрсөн хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын элхгийн хөндий тийш цөмөрсөн хугарал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Э.Шт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Э.Шыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдэж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Эын 9.668.777 /есөн сая зургаан зуун жаран найман мянга долоон зуун далан долоо/ төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч нь 4.895.000 /дөрвөн сая найман зуун ерэн таван мянга / төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4.689.275 /дөрвөн сая зургаан наян есөн мянга хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.Эын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Шт холбогдох эрүүгийн 2212000000280 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Э миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гардан авч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Э.Ш нь хохирогч Э.Э миний биеийн эрүүл мэндэд халдашгүй байх эрхийг санаатайгаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Архангай аймгийн ... төвд байдаг Төмөрт гэх газарт архи уулгүй зугтаалаа гэх шалтгаанаар халдаж миний нүүр хэсэг рүү гараараа хүчтэй цохиж, биеийн эрүүл мэндэд хамрын таславчийн мөгөөрсний зөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын элхгийн хөндий тийш цөмөрсөн хугарал бүхий олон тооны гэмтэл учруулж, дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмаараа хүндэвтэр зэргийн хохирлоор тодорхойлогдсон. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хохирогч миний бие дээрх гэмт хэргийн улмаас гурван удаа бүтэн унтуулгатай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамрын хугарал засах, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нүдний ухархайн дотор хана нөхөх, сэргээх, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамрын таславчийн муруйлт засах, амьсгал чөлөөлөх мэс заслуудад орсноос гадна онош тодруулах, товлогдсон мэс засал надаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас хойшилсон зэргээс шалтгаалан Улаанбаатар хот руу ирж, очиж хохирсон дээрээ бүрэн хохирч 10 гаруй сая төгрөгийн эмчилгээ өөртөө хийлгэсэн. Энэ бүх үед би Улаанбаатар хотод газар мэдэхгүй учир эмнэлэг хүргэж өгөх, авахад болон бүтэн унтуулгатай мэс засалд олон удаа орсон учир сахиур зайлшгүйн шаардлагатай улмаас эхнэр н.Б надтай байнга хамт явсан. Одоо миний биеийн эрүүл мэндийн байдлын хувьд нүднээс нулимс гоожих, хамар битүүрэх үлдэц илэрч байгаа.

Хохирогч миний бие анхан шатны шүүх хурал эхлэхийн өмнө шүүхэд өөрийн эрүүл мэнддээ эмчилгээ хийлгэсэн, мэс засалд орсонтой холбоотой болон эм тариа, цацлага, дусаагуур авсан, сүүлийн мэс заслын дараах хамрын гипс, цэвэрлэгээ, боолт, ирж буцсан зардал, идсэн хоол хүнсний баримт зэргээ олон удаагийн хүчтэй унтуулгын тарианы нөлөөгөөр хаана хийснээ мартаж санахгүй байсан тул өмгөөлөгчийн зөвлөсний дагуу төрийн албан ёсны вэб сайт болох “Э-баримт”-д бүртгүүлсэн баримтуудаа өгөхөд шүүх үнэлэлгүй орхигдуулсныг үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь хохирогч миний гаргаж өгсөн тухайн хохирлын баримтууд төрийн албан ёсны вэб сайтад бүртгэгдэж төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, хагалгааны төлбөр, худалдаа хийгдсэн эм тариа, ажил үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ зэрэг мэдээллийг агуулсан тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргаж бичигдсэн үнийн дүнг холбогдох байгууллагуудад төлсөн тохиолдолд л хэвлэгдэж нэг хувь олгогддог, бүртгэгдсэн буюу үүссэн, ямар эх сурвалжаас олж авч гаргаж өгсөн нь тодорхой цахим мэдээлэл байхад нотлох баримтаар үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг болон хохирогч миний эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Уг хохирлын баримтуудыг хохирогч миний бие хуурамчаар үйлдэх, засварлах замаар хууль бус арга хэрэгслээр хохирлын баримтаа бүрдүүлэх ямар ч боломжгүй юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд хохирол, хор уршгийг тодорхойлж анхан шатны шүүхээс хэлэлцэхгүй орхигдсон хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Э надад олгон хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

Хохирогч Э.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хэлэх үг байхгүй.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд шүүх хэргийн хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоож, хэргийн бодит хохирлыг тооцох хууль зүйн зохицуулалттай байгаа. Тийм учраас давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэлэлцэхгүй орхисон хохирлын баримтуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломжтой гэж үзэж байна. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Энд бол хохирогчийн эрх зөрчигдөөгүй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байгаа. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Э.Эын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14:00 цагийн орчимд Архангай аймгийн ... багийн төвд байдаг ... гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Э.Эын эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын таславчийн мөгөөрсний зөрсөн хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын элхгийн хөндий тийш цөмөрсөн хугарал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч  Э.Э /хх-ийн 06-08 хуу/, гэрч Д.М /хх-ийн 11-12 хуу/, гэрч Б.П /хх-ийн 15-16 хуу/, гэрч Т.Э /хх-ийн 19-20 хуу/, гэрч Г.Д /хх-ийн 23-24 хуу/, гэрч Д.Д /хх-ийн 40-41 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Шын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан,  хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Э.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, шүүгдэгч Э.Шын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгч Э.Шын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар,  хувийн байдалд тохирчээ.

 

Хохирогч Э.Э гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт  9668.777 төгрөг нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Э.Ш нь 4.895.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн болохыг дурдаж, 84.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4.689.275 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Э анхан шатны шүүхээс хэлэлцэхгүй орхисон хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх улмаас хохирогч Э.Эт учирсан хохирлын баримтууд болон хохирол төлсөн дүнг зөв үнэлэн, шүүгдэгч Э.Шыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч Э.Эын нэхэмжлэлээс 4.689.275 төгрөгийн баримт нь э-баримтаас өнгөтөөр хэвлэж ирүүлсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр  хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Эын анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, төрийн албан ёсны вэб сайт болох “Э-баримт”-аас хэвлэн авсан баримтууд нь /хх-ийн134-139/ төрийн албан ёсны вэб сайт болох “Э-баримт”-аас хэвлэн авсан нь тодорхой боловч чухам хэний бүртгэлтэй “Э-баримт”-аас хэвлэн авсан нь тодорхойгүй, Э.Эын өөрийнх нь бүртгэлтэй хаягаас хэвлэн авсан нь тогтоогдохгүй байх тул энэ хэрэгт хамааралтай гэж дүгнэх боломжгүй юм.

 

 Анхан шатны шүүхээр хэлэлцэлгүй орхисон, 4.689.275 төгрөгийн хохирлоо хохирогч Э.Э нотлох баримтын бүрдүүлбэрийг ханган, иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй тул хохирогч Э.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, хохирогч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Н.ЭНХМАА