| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/04019/И |
| Дугаар | 184/ШШ2024/05129 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/05129
2024 10 14 184/ШШ2024/05129
Зохигч талуудын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, тоот хаягт оршин суух, Бэсүд овогт *******ын Н******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******гийн Ц******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох
“Эзэмшлийн газраас албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Насанбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам, нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Н******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Н******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүртгэлийн №0044 дугаартай "газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г Нийслэлийн тойргийн нотариатч И.*******аар гэрчлүүлэн байгуулж, Э-22001045756, нэгж талбарын ******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01116-А/207/2022 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон 288 м.кв талбай бүхий Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо тоот “гэр, орон сууцны хашааны газар"-ын зориулалтай газрыг 2,000,000/хоёр сая/ төгрөгөөр худалдаж авсан.Улмаар миний бие Нийслэлийн газрын албанд холбогдох дүрэм журмын хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан юм. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үед над руу хариуцагч Б.Ц******* гэх хүн залгаж энэ газар миний газар тул чамд өгөхгүй гэж залгасан байдаг. Удалгүй Нийслэлийн газрын албанаас захирамжаар олгосон газрын хэмжээ нь кадастрын зурагт зааснаас илүү хэмжээгээр хашаа хороо хийсэн байна. Энэхүү зөрчлийг арилгаж ирэхийг шаардсан. Миний бие өөрийн худалдаж авсан дээрх хаягт байрших газарт очиж хашаа хороог хэмжээ хязгаарын дагуу барьж байгуулахаар очиход хариуцагч Б.Ц******* нь миний эзэмших газарт өөрийн гэр орон /Монгол гэр барьж, хашаа хороог сунгасан байдалтай байж байсан. Миний бие учир байдлыг тайлбарлах гэсэн боловч бид хоорондоо учир зүйгээ олж чадаагүй болно. Иймд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо тоот хаяг байрлах нэгж талбарын ******* дугаартай газарт амьдарч байгаа хариуцагч Б.Ц*******г миний эзэмшил газраас албадан чөлөөлж өгнө үү гэв.
2. Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд нэхэмжлэгдэж байгаа Н.Н*******ын нэхэмжлэлтэй Б.Ц*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний / Гоомаралаас / шилжих эрхээс татгалзаж, тухайн газар болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Алтан овоо тоот 288м2 талбай бүхий Э-******* дугаартай газар эзэмших эрхийг хариуцагч Б.Ц*******д шилжүүлэн өгч, өөрийн төлсөн 3,000,000 төгрөгийг хариуцагчаас авч эрх зүйн маргааныг дуусгавар болгох, хариуцагч нь 3,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н******* нь хариуцагч Б.Ц*******д холбогдуулан “Эзэмшлийн газраас албадан чөлөөлүүлэх ” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 40 минутад хэлэлцүүлэхэд талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан ба тус эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Н.Н*******ын нэхэмжлэлтэй Б.Ц*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаас болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний / Гоомаралаас / шилжих эрхээс тус тус татгалзаж, тухайн газар болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Алтан овоо тоот 288м2 талбай бүхий Э-******* дугаартай газар эзэмших эрхийг хариуцагч Б.Ц*******д шилжүүлэн өгч, өөрийн төлсөн 3,000,000 төгрөгийг хариуцагчаас авч эрх зүйн маргааныг дуусгавар болгох, хариуцагч Б.Ц******* нь газрын үнэд шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг :
2024 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сард 1,000,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг, улсын төсвөөс 35,100 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч М.Н*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Н*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц*******д холбогдох “Эзэмшлийн газраас албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний / Гоомаралаас / шилжих эрхээс тус тус татгалзаж, тухайн газар болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Алтан овоо тоот 288м2 талбай бүхий Э-******* дугаартай газар эзэмших эрхийг хариуцагч Б.Ц*******д шилжүүлэн өгч, хариуцагч Б.Ц******* нь газрын үнэд шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар талууд харилцан тохиролцон байгуулсан тул Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг, улсын төсвөөс 35,100 төгрөг буцаан гаргуулан нэхэмжлэгч М.Н*******т тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н******* болон хариуцагч Б.Ц******* нь гэрээнд заасан үүргээ буюу шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ