| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2023/04069/И |
| Дугаар | 184/ШШ2024/05136 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/05136
2024 10 15 184/ШШ2024/05136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, тоотод оршин суух ******* овогт *******ийн Б*******ын /РД: *******/-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1дүгээр хороолол, тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн Э******* /РД:*******/-т
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-т нарт холбогдох
“Орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б*******, хариуцагч Т.Э*******, нарийн бичгийн даргад Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн Т.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б******* миний бие Н.*******ийн ууган хүү болно. Миний эцэг Н.******* нь сэрүүн тунгалаг байхдаа өөрийн эзэмшдэг орон сууцаа охин Т.Э*******ийн нэр дээр шилжүүлсэн ба миний нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан гэж хэлж байсан, дүү Т.Э******* нь 2024 оны 4 дүгээр сарын 15-нд өвчний учир нас барсан, дүү Т.Э******* хариуцагчийн нэр байрны ордерт хамтран эзэмшигчээр ороогүй болно.Одоогоор эцгийн орон сууцанд тусдаа амьдардаг. Миний бие тусдаа Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, тоот 1 өрөө сууцанд ам бүл 1 амьдардаг, группт байдаг. Ясны хавдрын мэс засал хийлгэн улмаар өвчин нурууны олон үе нугалам бие бусад эрхтэнд илэрч 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 29-нд байнгын асаргаанд байх эмч нарын дүгнэлтээр батлагдсан. Дүү нараас удаа дараа тусламж хүс ч байсан боловч татгалзаж байсан. Өөрийн эзэмшдэг сууцанд 1996 оны 8 дугаар сард орсон ба үүнээс хойш 25 жил болоход дээрх хариуцагч Т.Э******* дүү Т.Э, Т.*******д нар санаачилгаараа ганц удаа ирж байгаагүй ба утсаар холбоотой байгаагүй болно.Сүүлд Т.*******д хэлтэл татгалзлаа бусад дүү нар ч адил татгалзсан гэж үзэхэд хүрч гомдолтой байгаагаа илэрхийлж цаашид хариуцагч Т.Э*******ын амьдарч байгаа төрсөн эцгийн орон сууц Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны тоот орон сууцнаас өөрт ноогдох хувийг яаралтай гаргуулж өгч цаашдын эмчилгээ үйлчилгээ, мэс заслын эмчилгээний төлбөр асаргаа сувилгааны төлбөр, амьдрал ахуйд минь туслалцаа үзүүлнэ үү... Миний бие улсад 22 жил ажилласан. Харин дүү Т.Э******* нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тухай дурдахдаа 56 настай, айлын бага хүү тулай өвчтэй нойр булчирхай ходоод гэдэс байнга өвддөг хоолны дэглэм барьдаг болохоор тодорхой ажил орлогогүй, 1989 оноос хойш аавын байранд амьдарч байгаа бид байраа зарахыг хүсэхгүй байгаа гэжээ. Гэтэл аавын 3 өрөө орон сууцыг хуульч нотариатч баримт бичигтээ: Дундаа хувь тэнцүү өмчлөх эрхтэй гэсэн байдаг. Мөн тодорхой ажил орлогогүй 1989 оноос хойш аавын байранд амьдарч байгаа гэжээ. Аав 1991 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарсан тэр хүртэл ажлаа хийж байсан, дараа нь ч бас өөр ажил хийж байсан. Хамт амьдарч байсан дүү нар бид бүгдээрээ ажил хийж байсан. Дээрх байдлуудаас учир шалтгаан, байдал тодорхой харагдах байх. Тиймээс хуулийн дагуу тогтоож шийдвэрлэсэн өв залгамжлахаар өмчлөх эрхтэй. Өөрийн боломж хүрэхгүй байгаа тул аав *******ээс надад өгсөн өв хөрөнгөөс хуулийн дагуу өөрт ноогдох хувийг гаргуулахаар иргэний шүүхэд хандсан...Аавын маань бичсэн албан ёсны гэрээслэл байдаггүй. Аав маань амьд сэрүүн байхдаа ууган хүүгийн хувьд Т.Б*******аа миний хүү уулзъя, ийм асуудал байна гэж хэлдэг байсан. Тухайн үед аавыг маань өвчтэй, ухаан санаа нь орж гарч байх үеийг далимдуулан хоорондоо үгээ нийлүүлээд намайг тухайн үед дуудаад ирээгүй гэж худлаа яриад байна. Эцэг хүн өмчлөлөөсөө хүүхдийнхээ нэрийг албан ёсоор хасуулна гэсэн бол нотариатаар батлуулсан гэрээслэл байх ёстой. Т.Б******* намайг өвлөх эрхээс хасуулах талаар албан ёсны гэрээслэл байхгүй байна. Тийм учраас аавын маань үлдээсэн Сонгинохайрхан дүүрэг, 11 хорооны тоот орон сууцны 3 өрөө байрнаас өөрт ноогдох хувийг маань гаргуулж өгнө үү. Зах зээлийн үнэ ханшаар уг байрыг үнэлж өгөөч гэх хүсэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр уг байр нь 152-155 сая төгрөг гэж гарсан. 3/1 буюу миний өөрт ноогдох хувь болох 50 сая төгрөгийг хариуцагч Т.Э*******, Т.******* нараас гаргуулж өгнө үү... хариуцагч Т.Э*******ыг өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олж авсан, хууль ёсны өмчлөгч биш гэж үзэж байна гэв.
2.Хариуцагч Т.Э******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Н.******* нь ах Б*******т 1987 онд гэр барьж өгч, хуримыг нь хийж тусад нь гаргасан ба 1998 онд Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 13 дугаар байрны тоот байрыг авч өгсөн. Тухайн үед Б******* нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны байрны өмчлөлөөс нэрээ хасуулахыг зөвшөөрсөн боловч 2017 онд аав, дүү ******* бид 3 нотариат дээр дуудаж байрны өмчлөлөөс нэрийг нь хасуулъя гэхэд уурлаж хараагаад ирээгүй ба түүний хэрцгий авираас айгаад бид юу ч хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн. 2023.08.01-нд 10 сая төгрөг санал болгосон боловч загнаад хүлээж аваагүй, намайг машиндаа амьдар хаана амьдрах чинь хамаагүй гэж загналаа. Миний бие 1987 онд төрсөн 56 настай, айлын бага хүү, тулай өвчтэй, нойр булчирхай ходоод гэдэс байнга өвддөг хоолны дэглэм барьдаг болохоор тодорхой ажил орлогогүй байгаа билээ. Би 1989 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-156 тоот байранд амьдарч байгаа ба эгч Э, дүү ******* бид 3 эцгийнхээ голомтыг зарж үрэхийг хүсэхгүй байгаа болно. Б******* нь 1998 оноос хойш өөрөө аавын өвч өгсөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр байрны тоотод амьдарч байгаа, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр байрны, тоотод 1998 оноос хойш амьдраагүй болно. Дээрх шалтгаануудыг үндэслэн нэхэмжлэгч Т.Б******* нь Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 156 тоот орон сууц өмчлөлд хувь эзэмших эрхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэгч Б*******ын хувь хүссэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр байрны тоот орон сууц нь миний эцэг Н.*******эд 1985 онд ажиллаж байсан байгууллагаас нь өгсөн. Н.*******ийн хувийн өмч байсан. 1997 онд СХД, 12 хорооны 1 дүгээр байрны тоот байрны хувьчлал хийгдэх үед нэхэмжлэгч Т.Б******* нь СХД-ийн 12 хорооны, тоот байранд түр амьдарч байхдаа СХД, 12 хороо1 байрны 1 тоот орон сууцны өмчлөлд ямар нэг байдлаар нэрээ бүртгүүлсэн байдаг...миний эцэг Н.******* нас эцэслэх хүртлээ нэхэмжлэгч Т.Б*******ын амьдарч байгаа СХД, 14 дүгээр хороо, 13 байр тоот орон сууцны сар бүрийн СӨХ, байр, цахилгааны бүх төлбөрийг төлдөг байсан. Хариуцагч Т.Э******* миний бие миний эцэг Н.*******ийн хөрөнгө болох СХД, 12 хороо, 1 дүгээр байрны тоот байрыг 2020 онд хуулийн дагуу өв залгамжлан авсан хууль ёсны өв залгамжлагч билээ. Хариуцагч Т.Э******* миний бие Иргэний хуулийн 515.1-т заасны дагуу өв үлдээгчийн эд хөрөнгө болон эрхийг өвлөсөн болно. Иймээс хариуцагч Т.Э******* миний бие өв залгамжлалын эрхийн хүрээнд нэхэмжлэгч Т.Б*******аас одоо амьдарч байгаа СХД, 14 хороо, 13 дугаар байр, тоот байрыг нэхэмжлэх эрхтэйг сануулъя. Мөн нэхэмжлэгч Т.Б*******ын СХД, 12 хороо, 1 байр, тоот орон сууцны өмчлөлөөс өөрийн хувь авах хүсэлтээс татгалзаж байгаа тул нэхэмжлэгч Т.Б*******ыг ах шиг шударга байж нэхэмжлэлээс болон СХД, 12 хороо, 1 байр тоот орон сууцны өмчлөгчийн өөрийн хувь эзэмшлээс татгалзахыг хүсэж байна...Ааваас маань хууль ёсоор надад өвлөгдсөн ирсэн. Цаашдаа ч уг байранд би амьдарна. Би болон уг байрыг хамтран эзэмшигч дүү *******д маань бас ааваас өвлөгдөн ирсэн байрыг зарахгүй гэх бодолтой байгаа. Тийм учраас нэхэмжлэгч Т.Б*******т хувь оногдох боломжгүй, надад ийм хэмжээний мөнгө байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Үүнээс өмнө 1997 онд аав маань өөрийнхөө мөнгөөр Сонгинохайрхан дүүрэг, 14 хороо, 13 байр, 194 тоот байрыг Т.Б*******т худалдан авч өгсөн. 1 өрөө байрыг худалдан авч өгсөн тул дундын хөрөнгөөс ноогдох хөрөнгийг нь өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Тийм учраас Т.Б******* нь маргаан бүхий 3 өрөө байрнаас хувь эзэмших эрхгүй гэж үзэж байна...Хууль ёсны өвлөгч биш гэж маргаж байна. Т.Б******* нь ааваас дундын хөрөнгөөс хөрөнгө салгаж авсан. Уг хөрөнгийг авахдаа маргаан бүхий байрнаас өөрт ногдох хувийг авахгүй, нэрээ хасуулна гэж хэлж байсан тул хууль ёсны өвлөгч биш гэв.
3. Хамтран хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Т.Б*******ын нэхэмжлэлтэй "Орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах" тухай иргэний хэргийн шүүх хуралд тухайн хөрөнгийн хувь эзэмшигчийн хувьд холбогдогчоор дуудагдсан Т.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбар гаргаж байна. Миний аав Н. ******* нь өөрийн өмч болох СХД-ийн 12-р хороонд орших 1-р байрны 5-р орцны тоот орон сууцаа зарж борлуулж болохгүй гэж надад захиж байсан ба хэн нэг нь зарж борлуулахаас хамгаалах зорилгоор тухайн үед хамт амьдарч байсан том хүү болох Т.Б******* болон бага охин Т.******* миний нэрийг дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн юм. Миний бие дээрх хөрөнгөөс хууль ёсоор хувь өмчлөгчийн хувьд аавынхаа захиасыг хүндэтгэн цаашид зарж худалдахыг зөвшөөрөхгүй болно. Тухайн байранд аав ******* маань үр ач зээ нар болох Т. Б******* болон түүний эхнэр хүү Т. Э*******, Т. Э******* түүний охин болон миний бие Т.******* бид хамтдаа амьдрах болсон ба хэт олуулаа хамт амьдрахад хүндрэлтэй байсан тул аав минь өөрөө 100% бүх төлбөрийг төлж СХД-ийн 14-р хороонд орших 13-р байрны тоот 1 өрөө орон сууцыг худалдан авч ax Т. Б*******ыг эхнэр хүүхдийн хамт тусад нь гаргасан тул ax Т. Б******* нь СХД-ийн 12-р хорооны 1-р байрны тоот орон сууцнаас хувь эзэмших эрх нь дуусгавар болсон ба айлын том хүүгийн хувьд дүү нартайгаа уг хөрөнгөөс хуваалцана гэж шүүхдэж байгаа явдал нь шударга ёсонд нийцэхгүй байна. Миний бие 2024 оны 10 сарын 15-ны өдрийн шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул дээрх тайлбарыг хүлээн авна уу гэжээ.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны засаг даргын тодорхойлолт /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-5/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-6/, Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт /хх-7-9/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-27/, Өвлөх эрхийн гэрчилгээ, хавсралт /хх-28-31/, Т.Б*******ын паспорт /хх-35/, Баянгол дүүргийн нотариатч Х.Хосжаргалын хүсэлтэд өгсөн хариу /хх-37/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-74/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-75/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-76/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-77/, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт /хх-78/, Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-79/, Тэтгэвэр тогтоосон лавлагаа, тодорхойлолт /хх-80/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, тогтоосон акт /хх-81/,
4.1 Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт /хх-42/, Н.*******ээс Н.*******д олгосон итгэмжлэл /хх-43/,
4.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Файн эстимейт ХХК-ийн албан тоот /хх-55/, нотариатч Х.Хосжаргалын тайлбар, хавсралтууд /хх-/ хх 48-69/ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-87/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-91-114/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, шинжээчийн зардлын нэхэмжлэх, шүүхийн тамгын газраас шинжээчийн зардал төлсөн баримтууд /хх-85-86/, 127-135,114-115 / зэрэг болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б******* нь хариуцагч Т.Э*******, Т.******* нарт холбогдуулан “ Орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ./ хх 1,118-121/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Т.Б*******аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Өөрийн боломж хүрэхгүй байгаа тул аав *******ээс үлдээсэн Сонгинохайрхан дүүрэг, 11 хорооны 1 байрны тоот 3 өрөө орон сууцыг шинжээчийн дүгнэлтээр 152-155 сая төгрөг гэж гарсан тул 3/1 хувь буюу миний өөрт ноогдох хувь болох 50 сая төгрөгийг хариуцагч Т.Э*******, Т.******* нараас гаргуулна хэмээн шаардсан,
2.ХариуцагчТ.Э*******аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Т.Э******* миний бие миний эцэг Н.*******ийн хөрөнгө болох СХД, 12 хороо, 1 дүгээр байрны тоот байрыг 2020 онд хуулийн дагуу өв залгамжлан авсан хууль ёсны өв залгамжлагч. Би эцэг *******тэй уг байранд 1991 оноос хойш тасралтгүй 35 жил хамт амьдарсан. Ааваас маань хууль ёсоор надад өвлөгдсөн ирсэн. Цаашдаа ч уг байранд би амьдарна. Би болон уг байрыг хамтран эзэмшигч дүү *******д маань бас ааваас өвлөгдөн ирсэн байрыг зарахгүй гэх бодолтой байгаа. Миний эцэг Н.******* нь ах Б*******т 1987 онд гэр барьж өгч, хуримыг нь хийж тусад нь гаргасан ба 1998 онд Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 13 дугаар байрны тоот байрыг авч өгсөн. Тухайн үед Б******* нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр байрны тоот байрны өмчлөлөөс нэрээ хасуулахыг зөвшөөрсөн боловч 2017 онд аав, дүү ******* бид 3 нотариат дээр дуудаж байрны өмчлөлөөс нэрийг нь хасуулъя гэхэд ирээгүй. Тийм учраас нэхэмжлэгч Т.Б*******т хувь оногдох боломжгүй, надад ийм хэмжээний мөнгө байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
3.Хамтран хариуцагч Т.*******аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Миний аав Н. ******* нь өөрийн өмч болох СХД-ийн 12-р хороонд орших 1-р байрны 5-р орцны тоот орон сууцаа зарж борлуулж болохгүй гэж надад захиж байсан ба хэн нэг нь зарж борлуулахаас хамгаалах зорилгоор тухайн үед хамт амьдарч байсан том хүү болох Т.Б******* болон бага охин Т.******* миний нэрийг дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Аав минь өөрөө 100% бүх төлбөрийг төлж СХД-ийн 14-р хороонд орших 13-р байрны тоот 1 өрөө орон сууцыг худалдан авч ax Т. Б*******ыг эхнэр хүүхдийн хамт тусад нь гаргасан тул ax Т. Б******* нь СХД-ийн 12-р хорооны 1-р байрны тоот орон сууцнаас хувь эзэмших эрх нь дуусгавар болсон ба айлын том хүүгийн хувьд дүү нартайгаа уг хөрөнгөөс хуваалцана гэж шүүхдэж байгаа явдал нь шударга ёсонд нийцэхгүй гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар: Орон сууц нийтийн үйлчилгээний газраас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 байрны 5 орц тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг АА-ийн 021 дүгээр ангийн захирагч Намсрай овогтой *******эд 1985 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эзэмшүүлэн ОСА 6 дугаар контортой гэрээ байгуулахыг зөвшөөрч №852427 тоот эрхийн гэрчилгээ олгосон ба тэрээр Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд 1997 оны 05 сарын 23-нд өргөдөл гарган тоот 3 өрөө орон сууцыг хувьчлан авах, уг орон сууцны хамтран өмчлөх гишүүдэд Н.*******, Т.*******, Т.Б******* нарыг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байна.
4.1. Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 05 сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор ...156 тоот 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт Н.*******ээс хувьчлан авсан тул Улсын бүртгэлийн 1201000111-рт бүртгэн 1997 оны 05 сарын 26-ны өдрөөс эхлэн өмчлүүлэн 0000421 тоот гэрчилгээг олгосон үйл баримтууд нотлогдов. / хх 125-135/
4.2.Түүнчлэн Н.*******ийн төрсөн хүүхдүүд нь Т.Б*******, Т.Э*******, Т.*******, Т.Э*******, Т.Э нар бөгөөд төрөөс 156 тоот орон сууцыг хувьчлахад эцэг Н.*******ээс хүү Т.Б*******, охин Т.******* нарыг хамтран өмчлөгчөөр 1997.07.30-нд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт мэдүүлсний дагуу нэхэмжлэгч, хариуцагч Т.******* нь тус орон сууцны хамтран өмчлөгч болсон ба эцэг Н.******* нь 2018.05.17-нд нас баржээ. / хх 5-6,31,64, 66, 74, 128/
5. Эцэг Н.******* нь нас барсан тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д “Өвлүүлэгч нас барсан өдрөөс,түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ” гэж зааснаар өв нээгдсэн тул түүний хүү Т.Б*******, хүү Т.Э*******, охин Т.*******, охин Т.Э*******, охин Т.Э нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “ Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж, 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасны дагуу хууль ёсны өвлөгчид байна.
6.Хариуцагч Т.Э*******аас 2020 оны 02 сарын 01-ны өдөр эцэг Н.*******ийн... тоот орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсгийг өвлөх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн нотариатч Х.Хосжаргалд гаргажээ./ хх 63/
6.1.Үүний дагуу нотариатч ажиллагаа хийхэд өвлөгч Т.Э******* Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өөрт оногдох хэсгээс татгалзаж, ах Т.Э*******т өвлүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг гэрчилж нотариатч Х.Хосжаргал нотариатын үйлдэл хийсэн болох нь Монголын Нотариатчдын танхимын өв залгамжлалын бүртгэлийн №1 гэсэн БД-01-44 тоот дэвтэрт үйлдэл хийсэн тухай тэмдэглэл , гарын үсгийн бүртгэлийн №01 гэсэн БД:01-139 тоот дэвтэрт Т.Э******* гарын үсэг зурсан талаарх үйлдлийг тус тус гэрчилсэн болох нь нотлогдов. / хх 60-69 /
6.2.Тэрээр нотариатч Х.Хосжаргал өв залгамжлалын бүртгэлийн дэвтэрт...хууль ёсны өвлөгч Т.Э******* авлах эрхээс нэр заан татгалзсан. Хамтран өмчлөгч Т.*******, Т.Б******* нар өөрт ногдох хэсэгт өмчлөгч хэвээр үлдэнэ гэж тэмдэглэл үйлдсэн бөгөөд Т.Э*******т өвлөх эрхийн 001 дугаартай гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 01-нд олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. / хх 62/
7.Нэхэмжлэгч Т.Б******* нь эцэг Н.*******ээс өвлөгдөн үлдсэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 байрны 5 орц тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч, мөн хамтран өмчлөгчөөр 1997.07.30-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн тул түүний өмчлөлийн орон сууц юм.
7.1.Тиймээс хариуцагч Т.Э*******ын “1997 онд аав маань өөрийнхөө мөнгөөр Сонгинохайрхан дүүрэг,14 хороо, 13 байр, тоот байрыг Т.Б*******т худалдан авч өгсөн.1 өрөө байрыг худалдан авч өгсөн тул дундын хөрөнгөөс ноогдох хөрөнгийг нь өгсөн гэж үзнэ. Тийм учраас Т.Б******* нь маргаан бүхий 3 өрөө байрнаас хувь эзэмших эрхгүй. Тухайн байрыг авахдаа Сонгинохайрхан дүүрэг, 12 хорооны 1 байрны тоот орон сууцнаас өөрт ноогдох хөрөнгө авахгүй гэх нөхцөлтэй байсан. Т.Б******* нь ааваас дундын хөрөнгөөс хөрөнгө салгаж авсан. Уг хөрөнгийг авахдаа маргаан бүхий байрнаас өөрт ногдох хувийг авахгүй, нэрээ хасуулна гэж хэлж байсан тул хууль ёсны өвлөгч биш гэх тайлбар,
хариуцагч Т.*******ын “аав минь өөрөө 100% бүх төлбөрийг төлж СХД-ийн 14-р хороонд орших 13-р байрны *** тоот 1 өрөө орон сууцыг худалдан авч ax Т. Б*******ыг эхнэр хүүхдийн хамт тусад нь гаргасан тул ax Т. Б******* нь СХД-ийн 12-р хорооны 1-р байрны *** тоот орон сууцнаас хувь эзэмших эрх нь дуусгавар болсон” гэх тайлбарууд үгүйсгэгдэв.
8.Нэхэмжлэгч Т.Б******* нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 байрны 5 орц *** тоот хаягт байрлах гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгч боловч шаардлагын үндэслэл нь “эцэг *******ээс өвлөгдсөн 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хувийг өвлөгч Т.Э*******, Т.******* нараас шаардаж байгаа тул шүүхээс хэргийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “ Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасан эд хөрөнгөд хамааралтай гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Т.Б******* нь өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй.
8.1.Нэхэмжлэгч талаас өвлөгдөх эд хөрөнгө болох гурван өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2023/21480 дугаар захирамжаар ханган “Файн эстимейт ХХК-ийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн ч татгалзсан албан бичиг ирүүлсэн тул нэхэмжлэгчээс дахин үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан тул шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 184/2024/ШЗ12890 дугаар захирамжаар “Ашид билгүүн” ХХК-ийг томилон үнэлгээ гаргуулахад ...*** тоот орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 151.378.439 төгрөгөөр тогтоосон ба энэ үнэлгээний талаар зохигчид маргаагүй./хх-55, 85-115/
8.2. Тэрээр нэхэмжлэгч Т.Б*******аас “хариуцагч Т.Э*******ыг өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олж авсан, хууль ёсны өмчлөгч биш ” гэж тайлбарладаг.
8.3. Хавтаст хэргийн 66-р талд авагдсан ... 156 тоот орон сууцыг хувьчилсан гэрчилгээнд “ хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэсэн хэсэгт “ *******ийн *******, *******ийн Б*******, *******ийн Э*******,*******ийн Э*******, *******ийн Э гэж регистрийн дугаар бичигдэж тэмдэглэсэн байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хариуцагч Т.Э*******, Т.******* нар хууль ёсны өвлөгчид байх тул нэхэмжлэгч Т.Б*******ын дээрх тайлбар үндэслэлгүй.
8.4. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ ” гэж заасан ба өвлөгч болох Т.Э нь хуульд заасан хугацаанд өв хүлээн авахаар хүсэлт, өргөдөл гаргаагүй, зохих байгууллагад хандаж байсантай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.
8.5.Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Эг хамтран нэхэмжлэгч, хариуцагчаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах болон түүнээс шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
9.Нэхэмжлэгч Т.Б*******аас нотариатч Х.Хосжаргалын Нотариатын тухай хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул түүний “ Т.Эрдэнэбаатар нь хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ авахад оролцсон тул өвлөх эрхээс Т.Э*******ыг хасуулах, хариуцагч Т.Э*******, хамтран хариуцагч дүү ******* нар нь хоорондоо үгсэн тохиролцож хууль бусаар бичиг баримт үйлдсэн, өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар эзэмшиж өмчлөгчөөр орсон бол нэрийг нь хасуулж болно гэх хуулийн заалт байгаа учраас тус хуулийн заалтын дагуу хариуцагч Т.Э*******ын нэрийг байрны өмчлөлөөс хасуулж өгнө үү “ гэх тайлбар нь боломжгүй юм.
9.1.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас нотариатчийн үйлдэлтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул Т.Б*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
10. Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 184/2024/ШЗ12890 дугаар захирамжаар “Ашид билгүүн” ХХК-ийг томилон Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 байрны * орц **** тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны үнэлгээ гаргуулахад орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 151.378.439 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээний талаар зохигчид маргаагүй байна./хх-55, 85-115/
10.1.“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъян нь шүүгчийн захирамжийн дагуу ... *** тоот орон сууцанд өнөөгийн зах зээлийн үнэ цэнийн талаар үнэлгээ тогтоохдоо зах зээлийн харьцуулан жиших аргыг сонгож авахдаа ижил төсөөтэй хөрөнгө, эд зүйлс худалдаалах тухай мэдээллийг ашигласан, тоо, баримт, мэдээнд нарийвчлан судалгаа хийж зах зээлийн үнэ ханш, үнэлж буй газартай ойр байршилд байрлах объектын мэдээллийг сонгон авсан болох нь үнэлгээний тайлан, тайланд хавсаргасан баримтууд зэргээр нотлогдож байх тул шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтүүд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шүүх үнэлээд хэргийг хянан шийдвэрлэв.
10.2.Нэхэмжлэгч Т.Б*******аас орон сууцыг зах зээлийн үнээр 151.378.439 төгрөгөөр үнэлсэн тул тус үнэлгээний 3/1 хувиар тооцож өөрт ногдох хэсгийг шаардсан үндэслэлтэй байна.
10.3.Хариуцагч Т.Э*******, Т.******* нар өөрсдийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.
10.4. Иймд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 байрны 5 орц *** тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны үнэлгээ гаргуулахад орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 151.378.439 төгрөгөөр үнэлсэн байх тул нэхэмжлэгч Т.Б*******, хариуцагч Т.Э*******, Т.******* нарт ногдох хэсгийг тодорхойлоход 1 хүнд 50.459.479 / тавин сая дөрвөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун далан ес / төгрөг байна.
Иймээс хариуцагч Т.Э*******, Т.******* нараас нийт 50.459.479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б*******т олгохоор тогтов.
11. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт ”нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу шүүх үнэлэхдээ хэргийн 7-9, 20-26,77-81-р талд авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн тул үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
1. Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 184/2024/ШЗ12890 дугаар захирамжаар “Ашид билгүүн” ХХК-ийг томилон дүгнэлт гаргуулахдаа шинжилгээ хийлгэхэд гарах зардал хөлсийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраар урьдчилан төлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шүүхээс төлсөн хэмжээгээр нэхэмжлэгч Б*******, хариуцагч Э******* нараар хуваан төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шинжээчийн зардалд 300.000 төгрөгийг 2024.07.30-нд шилжүүлсэн тул тус зардлыг нэхэмжлэгч, хариуцагчаар төлүүлэхээр тогтов. / хх 114-115/
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Т.Б*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргахад нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 410.248 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 байрны 5 орц *** тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, гурван өрөө, улсын бүртгэлийн Ү-2201000111 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнэ болох 151.378.438 /нэг зуун тавин нэгэн сая гурван зуун далан найман мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгөөс ногдох хэсэг 50.459.479 / тавин сая дөрвөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун далан ес / төгрөгийг хариуцагч Т.Э*******, Т.******* нараас гаргуулан нэхэмжлэгч Т.Б*******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд хариуцагч Т.Э*******аас 150.000 төгрөг, нэхэмжлэгч Т.Б*******аас 150,000 төгрөг нийт 300,000 төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 410.248 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ