Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                2023/ДШМ/09

 

 

 

          Ц.Лд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 В.У

Шүүгдэгч                                                         Ц.Л

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Лд холбогдох 2212000090206 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ... тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц.Л

 

Шүүгдэгч Ц.Л нь А газрын захирлаар ажиллаж байхдаа А худалдааны төвийн 2 давхрын 52.35 м2 талбайг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Т.Дд түрээсийн гэрээгүйгээр түрээслүүлж, түрээсийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Хд шилжүүлж, түүнд давуу байдал бий болгон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2.780.820 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц.Л-г нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж; Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Лгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Лгийн гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ц.Л миний бие өөрийн холбогдсон хэргийн гэм буруу, зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Би хууль эрх зүйн мэдлэг дутуу дулимаг байдлаасаа болж уг гэмт хэрэгт холбогдсон. Миний үйлдлийн улмаас төрд хохирол учраагүй. Учир нь миний төрсөн эгч н.Х нь тухайн талбай дээр өөрийн хөрөнгөөр хаалт, хана хийсэн. Энэ нь манай байгууллагын хөрөнгө болсон. Уг хийсэн ажил, эд хөрөнгийнхөө үнийг түрээсийн төлбөрөөс авч байсан. Иргэн Т.Д нь надад манай эгчээс өмнө тухайн талбайг түрээсэлье гэсэн санал бол тавьж байгаагүй байдаг. Надад өс хонзон санаж, өргөдөл гомдол гаргаж, намайг ажилгүй болгоно гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж, худлаа мэдүүлгүүд өгсөн байна. Миний холбогдсон хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, миний сэдэл, санаа зорилго зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж, ялаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Ц.Лгийн холбогдсон хэрэг дээр гэмт хэргийн бүрэлдэхүүн буюу субъектив, объектив талын шинж үгүйсгэгдэж байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ц.Лгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан А орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа А худалдааны төвийн 2 давхрын 52.35 м2 талбайг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Т.Дд түрээсийн гэрээгүйгээр түрээслүүлж, түрээсийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Хд шилжүүлж, түүнд давуу байдал бий болгон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт 2.780.820 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Т, гэрч Т.Д,  Ц.Х, Т.Г,  Б.Э, Д.Б,  А.Б нарын мэдүүлэг, Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17/02/17/04/19 дугаартай улсын ахлах байцаагчийн акт, хавсралт, Ц.Хгээс төлбөр төлсөн баримт, бичиг, баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай А орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай” тэргүүлэгчдийн тогтоол, дүрэм”, “Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга  зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон, эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой  гэж  дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Ц.Л нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б/17 дугаартай захирамжаар А орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаа нь ажилд томилсон захирамж, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болж байгаа, тэрээр  А орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа А худалдааны төвийн 2 давхрын 52.35 м2 талбайг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Т.Дд түрээсийн гэрээгүйгээр түрээслүүлж, түрээсийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Хд шилжүүлж, түүнд давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байгаа талаар үндэслэлтэй дүгнэжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Л “...миний бие өөрийн холбогдсон хэргийн гэм буруу, зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Миний холбогдсон хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, миний сэдэл, санаа зорилго зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж, ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Лгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг  шийдвэрлэсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Лд оногдуулсан ял түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Н.ЭНХМАА