Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 111/ШШ2024/0061

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч *******д холбогдох “2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуй газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч ******* би 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор *******гийн гаргасан шийтгэл оногдуулах шийдвэрийг хүчингүй болгуулахаар 15 дугаар бүхий прокурорын дүгнэлт, гомдолтой 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр танилцсан.

Тус дүгнэлтэд “Баянхонгор аймгийн Баянговь сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” талх нарийн боовны цехийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх зөрчлийн талаарх бүртгэлийн ******* дугаартай гомдол мэдээллийг шалгаж холбогдогч ******* дугаартай шийтгэлийн хуудсаар *******д холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгасан байна.

Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийн буюу эрх бүхий албан тушаалтан ******* нь дээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийдвэрлэхдээ *******д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй, эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг бодит байдалд нийцүүлэн бүрэн гүйцэт, хүрэлцээтэй цуглуулсны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргах зохицуулалттай байдаг.

Эрх бүхий албан тушаалтан ******* нь бүртгэлийн ******* дугаартай зөрчлийн материалд зөрчлийн шинжтэй үйлдэл, эх үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтыг цуглуулснаас өөр зөрчил шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, нотлох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй гэж үзэж, “*******” талх нарийн боовны цехийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх эсэх, хэдэн оноос хойш энэ төрлийн чиглэлээр аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг баримт бичгийг материалд хавсаргаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч хуулийн этгээд, хувь хүн болохыг хангалттай нотлон тогтоогоогүйн улмаас хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах боломжтой байхад, тухайн зөрчлийг хувь хүн гаргасан мэтээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй, мөн зөрчлийг илрүүлсэн тухайгаа прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүйгээр прокурорын хяналтгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсны дараа Прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн буюу хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй, нотлох баримтуудыг хууль ёсны гэж үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтын объектын байдалд 08-00-02/13 удирдамжийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар “байгууллага, аж ахуй нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана” гэх заалтаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шийтгэл оногдуулсан болно. Иймд холбогдогчийг хэзээ, хаана, хэрхэн, ямар зөрчил үйлдсэн болохыг албан бичигт тодорхой бүрэн гүйцэт оруулж, холбогдогчоос авсан мэдүүлэг болон бусад материалд оруулсан болно.

Хяналт шалгалтын хэлбэр төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэл гэсэн байдлаар хийгддэг боловч тэр бүр хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийг Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэлд бүртгүүлэх талаар ойлголтгүй байсан, зөвхөн хүний амь нас эрсдэлд орсон хоол, хүнсний хордлогын шинжтэй иргэд болон хуулийн этгээдээс өргөдөл, гомдол ирсэн даруйд Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэлд бүртгүүлж зөрчлийн хэргийн материалтай ажилладаг гэсэн ойлголттой байсан болно.

Дээрх ******* дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал нь хэзээ, хаана, хэрхэн, ямар зөрчил үйлдсэн болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай явуулаагүй боловч, зөрчлийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоон, нотлох баримт цуглуулаагүй, зөрчлийн материалд авагдсан баримтуудаар холбогдогчид шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзсэн прокурорын гаргасан дүгнэлт, гомдлыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ. 

Хариуцагч ******* өөрийн үйлдсэн “2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч *******д холбогдох “2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.САЙНБИЛЭГ