| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/04791/И |
| Дугаар | 184/ШШ2024/05399 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/05399
2024 10 29 184/ШШ2024/05399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол, *** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын Д******* /регистрийн дугаар:*******/,
Хамтран нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Хүннүгийн гудамж, Олимп оффис төв ,**** тоот хаягт байрлах “******* *******” ХХК /регистрийн дугаар:*******/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ТЭЦ * байр,** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын Бат- /регистрийн дугаар:/-д холбогдох
“Бараа бүтээгдэхүүний төлбөрт 90,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батнайрамдал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, нарийн бичгийн даргад Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Э.Д*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батнайрамдалын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Тухайн үед би “******* *******” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд уг компани маань Унгар улсаас ундаа, пиво, энержи дринк зэргийг оруулж ирж, Монгол Улсад худалдан борлуулж байсан. Бид оруулж ирсэн бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр болон бартерын нөхцөлтэйгөөр худалдан борлуулж байсан бөгөөд миний бие компаниасаа 90,000,000 /ерэн сая төгрөг/-ийн бүтээгдэхүүнийг авч, тухайн бүтээгдэхүүнийг Б.Бат-т өгч, Б.Бат- нь бүтээгдэхүүний төлбөрт Хөвсгөл аймаг, Хатгал сум талдаа Хөвсгөл нуурын эрэг дагуу 2 га газрыг надад шилжүүлэн өгөхөөр амаар харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсоны дагуу 2020.01.10 наас 2020.10.06-ны өдрийн хооронд нийт 90,000,000 сая төгрөгийн ундаа, пиво, энержи дринк зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүнийг Б.Бат-т нийлүүлсэн. Ингээд Б.Бат- нь бүтээгдэхүүнээ авснаас хойш газраа шилжүүлэн өгөхгүй байсан бөгөөд би удаа дараа шаардсан ч шилжүүлж өгнө л гээд байсан. Б.Бат- нь 90 сая төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрийн үүрэг болох 2 га газраа шилжүүлэн өгөх үүргээ өөрчилж буюу бэлэн мөнгөөр төлөх болж үүргийг өөрчилсөн. Тодруулбал, бэлэн мөнгөний үүргийг баталгаажуулах зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нотариатаар 90 сая төгрөгийн Зээлийн гэрээг байгуулсан. Ингэж төлбөрийн үүргийг зээлийн гэрээгээр баталгаажуулсан ч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Э.Д******* миний бие 90 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг өөрөө зээлээр авч, зээлээр авсан бүтээгдэхүүнээ Б.Бат-т худалдсан тул өнөөдрийг хүртэл миний бие компанидаа өртэй байгаа. Иймд иргэн Б.Бат-оос бүтээгдэхүүний төлбөр 90,000,000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Э.Д******* нь Б.Бат-той нийт 120,000,000 төгрөгийн тохиролцоо хийсэн байдаг. 20,000,000 сая төгрөгт 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй Хөвсгөл нуурын эрэг дагуу аялал жуулчлалын зориулалттай 2 га газар олж өгье, 100,000,000 төгрөгт бараа бүтээгдэхүүн авах, үүний 20,000,000 төгрөгийг бэлэн өгөх саналыг Б.Бат- гаргаж, Э.Д******* нь хүлээн зөвшөөрч амаар тохиролцсон тул Э.Д******* нь “******* ******* “ХХК-аас бараа бүтээгдэхүүнийг авч Б.Бат-т 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ны хооронд нийлүүлж хүлээлгэн өгч байсан. Нэг жилийн дараа Э.Д******* нь Б.Бат-т хандан газраа хэзээ шилжүүлж өгөх юм бэ гэхэд Б.Бат- нь ахаа удахгүй газраа өгнө, хайж байгаа гэж хэлдэг байсан. Бүтээгдэхүүний төлбөрт газар өгөхгүй, төлбөрөө төлөхгүй байсан тул Э.Д******* бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоосон...Э.Д******* нь Б.Бат-оос бараа бүтээгдэхүүний төлбөрийг шаардаж байгаа.”******* ******* “ХХК нь Э.Д*******т дараа төлөлт үүсгэн Э.Д*******ын зөвшөөрлийн дагуу компаниас ундаа, ус, энержи дринкийг Б.Бат-т өгүүлсэн, компани зарлагын баримтыг Б.Бат-т хүлээлгэн өгсөн ч компани Э.Д*******аас авах авлагаар бүртгэсэн тул энэ төлбөрийг Э.Д*******аас авна.Тийм учраас Б.Бат-оос бараа бүтээгдэхүүний үнийн дүн болох 90,000,000 төгрөгийг гаргуулж, Э.Д*******т олгож өгнө үү гэх шаардлага маань хэвээрээ. Б.Бат- нь бараа бүтээгдэхүүнийг Э.Д*******ын нэрээр “******* *******” ХХК-аас авсан нь үнэн. Энэ зээлийн гэрээ нь Б.Бат- нь бараа бүтээгдэхүүний үнэ болох 90,000,000 төгрөгийг Э.Д*******т төлөх ёстой юм шүү гэдгийг баталсан гэрээ...Э.Д*******т бараа бүтээгдэхүүний төлбөрийг Б.Бат-оос гаргуулж олгосноор, “******* *******” ХХК-ийн зөрчигдсөн эрх нь сэргээгдэнэ гэж хэн аль нь үзэж байгаа учраас Б.Бат-оос бараа бүтээгдэхүүний төлбөр 90,000,000 төгрөгийг гаргуулж, Э.Д*******т олгож нэхэмжлэлийг маань хангаж өгнө үү гэв.
2. Хамтран нэхэмжлэгч “******* Мазала” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Манай “******* Мазала” ХХК нь 2020 онд Унгар улсаас ундаа, пиво, энержи дринк зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирж, бөөний үнээр бусдад бэлэн мөнгөөр болон бартерын нөхцөлтэйгөөр худалдан борлуулсан юм. Тухайн үед ажиллаж байсан Б.Д******* нь өөрийн нэр дээр дараа төлөлт үүсгэн компаниас ундаа, пиво, энержи дринкийг өөрийн төрсөн дүүгийн найз Б.Бат-т өгүүлсэн нь үнэн бөгөөд Б.Д******* Б.Бат-т бүтээгдэхүүнийг өг гэсэн тул компани зарлагын баримт үйлдэн Б.Бат-т бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн болно. Компани дээрх бүтээгдэхүүнийг Б.Д*******ын зөвшөөрлийн дагуу Б.Бат-т өгсөн ч компани Б.Д*******аас авах авлагаар бүртгэсэн тул Б.Д*******ыг Б.Бат-оос бүтээгдэхүүний төлбөрийг авсны дараа Б.Д*******аас авна. Иймд дээр бүтээгдэхүүнийг төлбөрийг Б.Бат-оос гаргуулан Б.Д*******т олгож өгнө үү гэжээ. / хх 67/
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компани мөнгө нэхээд байгаа юу? Э.Д******* мөнгө нэхээд байна уу? гэдгийг сайн ойлгохгүй байгаа. “******* *******” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг борлуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байсан. Э.Д******* нь 2022 онд “******* *******” ХХК-ийн захирал байсан гэх боловч шүүхэд ирсэн баримтаар 2019 оноос хойш Э.Д******* нь “******* *******” ХХК-тай хамааралгүй болсон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Нэхэмжлэлийн шаардлагад Э.Д******* миний бие 90,000,000 төгрөгийг өөрөө зээлээр авч, зээлээр авсан бүтээгдэхүүнээ Б.Бат-т худалдсан гэх тайлбар бичигдсэн байдаг. Э.Д******* нь ямар бүтээгдэхүүнийг яаж зээлээр аваад байгаа баримт нь байхгүй байна. Компанийн санхүүгийн баримтад Б.Бат- гэх гарын үсэг байдаг. Энэ асуудлаар компани Б.Бат-оос мөнгө нэхэх асуудал болохоос биш, Э.Д******* нь Б.Бат-оос мөнгө нэхэх асуудал биш. Э.Д******* нь Б.Бат-оос мөнгө нэхэмжлэх эрх нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Компанийн бараа бүтээгдэхүүнийг зарж байгаа бол яагаад дур мэдэн 90,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн гаргаад төлбөрийг нь газраар авна эсхүл бүтээгдэхүүнийг мөнгөөр авна гээд байдаг юм бэ? Э.Д******* нь “******* ******* “ХХК-д ямар нэгэн албан тушаал хашдаггүй. Тэгсэн мөртлөө Э.Д******* нь “******* ******* “ХХК-ийн өмнөөс Б.Бат-оос бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжлээд байгаа тул Э.Д*******ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. “******* *******” ХХК нь үнэхээр бараа бүтээгдэхүүн бусдаар дамжуулан худалдан борлуулсан бол эхлээд Э.Д******* гэх хүнээс төлбөрийг нэхэмжлээд, дараа нь Э.Д******* нь Б.Бат- гэх хүнтэй газартай холбоотой тооцоог хийх боломжтой байсан. Өнөөдрийн байдлаар “******* *******” ХХК-аас Б.Бат-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй байна. “******* *******” ХХК-аас Батнайрамдалд олгосон итгэмжлэлээр нэхэмжлэх гаргах эрх олгоогүй байна Тийм учраас “******* *******” ХХК-аас нэхэмжлэгчийн статустай оролцож байгаа ч Э.Д******* нь Б.Бат-оос бараа бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэх эрх байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд:нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, итгэмжлэл, 2022.06.28-ны өдрийн 1108 дугаартай Зээлийн гэрээ, зарлагын баримт /хх 5-23, 27-30/, тооцооны дэлгэрэнгүй /хх 31/, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-56/, итгэмжлэл /хх 66/, хариу тайлбар /хх-67/,
4.1 Хариуцагчаас: итгэмжлэл /хх 41/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 42/,
4.2 шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: 2024.10.10-ны өдрийн 184/АБ2024/04146 дугаартай албан бичгийн хариуг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9/12769 тоот Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, хавсралт /хх 61-63/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Д******* нь хариуцагч Б.Бат-т холбогдуулан “Бараа бүтээгдэхүүний төлбөрт 90,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр “******* *******” ХХК оролцсон байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... миний бие компаниасаа 90,000,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг авч, Б.Бат-т 2020 оны 01 сарын 10-аас 2020 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл ундаа, пиво, энержи дринк зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Э.Д******* миний бие 90 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг өөрөө зээлээр авч, зээлээр авсан бүтээгдэхүүнээ Б.Бат-т худалдсан. Өнөөдрийг хүртэл миний бие компанидаа өртэй байгаа тул Б.Бат-оос бүтээгдэхүүний төлбөр 90,000,000 сая төгрөгийг гаргуулна гэж шаардсан,
2.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Э.Д******* нь 2022 онд “******* *******” ХХК-ийн захирал байсан гэх боловч шүүхэд ирсэн баримтаар 2019 оноос хойш Э.Д******* нь “******* *******” ХХК-тай хамааралгүй болсон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Нэхэмжлэлийн шаардлагад Э.Д******* миний бие 90,000,000 төгрөгийг өөрөө зээлээр авч, зээлээр авсан бүтээгдэхүүнээ Б.Бат-т худалдсан гэх тайлбар бичигдсэн байдаг. Э.Д******* нь ямар бүтээгдэхүүнийг яаж зээлээр аваад байгаа баримт нь байхгүй байна. Компанийн санхүүгийн баримтад Б.Бат- гэх гарын үсэг байдаг. Энэ асуудлаар компани Б.Бат-оос мөнгө нэхэх асуудал болохоос биш, Э.Д******* нь Б.Бат-оос мөнгө нэхэх асуудал биш юм. Э.Д******* “******* *******” ХХК-д ямар нэгэн албан тушаал хашдаггүй, мөртлөө “******* *******” ХХК-ийн өмнөөс бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжлээд байгаа тул Э.Д*******ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар “******* *******” ХХК-аас Б.Бат-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй байна. “******* *******” ХХК-аас Батнайрамдалд олгосон итгэмжлэлээр нэхэмжлэх гаргах эрх олгоогүй байна. Тийм учраас “******* ******* “ХХК-аас нэхэмжлэгчийн статустай оролцож байгаа ч Э.Д******* нь Б.Бат-оос бараа бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэх эрх байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
3.Хамтран нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.Бат-т холбогдуулан “Бараа бүтээгдэхүүний төлбөрт 90.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тухайн үед ажиллаж байсан Б.Д******* нь өөрийн нэр дээр дараа төлөлт үүсгэн компаниас ундаа, пиво, энержи дринкийг өөрийн төрсөн дүүгийн найз Б.Бат-т бүтээгдэхүүнийг өг гэсэн тул компани зарлагын баримт үйлдэн Б.Бат-т бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн. Компани дээрх бүтээгдэхүүнийг Б.Д*******ын зөвшөөрлийн дагуу Б.Бат-т өгсөн ч компани Б.Д*******аас авах авлагаар бүртгэсэн тул Б.Д*******ыг Б.Бат-оос бүтээгдэхүүний төлбөрийг авсны дараа Б.Д*******аас авна. Иймд дээр бүтээгдэхүүнийг төлбөрийг Б.Бат-оос гаргуулан Б.Д*******т олгож өгнө үү гэжээ. / хх 67/
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар: “******* *******” ХХК нь 2018 оны 03 сарын 05-нд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан, нэхэмжлэгч Э.Д******* нь 2018 оны 03 сарын 07-нд гүйцэтгэх захирлаар томилогдон бүртгэгдсэн ба 2019 оны 08 сарын 29-нд гүйцэтгэх захирлаар Б.Баясгалан, 2019 оны 08 сарын 29-нд гүйцэтгэх захирлаар Ж.Алтангадас нар томилогдон бүртгэгдсэн болох нь тогтоогдов. / хх 56 /
Тэрээр нэхэмжлэгч Э.Д*******аас миний бие 90 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг өөрөө зээлээр авч, зээлээр авсан бүтээгдэхүүнээ Б.Бат-т худалдсан тул өнөөдрийг хүртэл миний бие компанидаа өртэй байгаа гэж Б.Бат-оос бүтээгдэхүүний төлбөр 90,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
5.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулжээ.
Худалдагч “******* *******” ХХК нь ундаа, пиво, энержи дринк зэрэг 90,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч болох Бат-т үнийг нь төлөхөөс өмнө шилжүүлсний дагуу хариуцагч хүлээн авч захиран зарцуулсан ба энэ тухайд талууд маргаагүй.
Хариуцагч талаас нэхэмжлэгч Э.Д*******аас Бат- 90,000,000 төгрөгийн үнэ бүхий барааг аваагүй, ”******* *******” ХХК-иас авсан, Э.Д******* “******* *******” ХХК-д ямар нэгэн албан тушаал хашдаггүй мөртлөө “******* *******” ХХК-ийн өмнөөс бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжлээд байгаа тул Э.Д******* нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хэмээн маргадаг.
6.Хавтас хэрэгт “******* *******” ХХК-ийн 2020 оны 01 сарын 10-наас 2020 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны зарлагын баримт, нэхэмжлэхэд худалдан авагч нь Б.Бат-очир байх бөгөөд компанийн санхүүгийн тамга дарагдсан нийт 18 хуудас баримтууд авагджээ. / хх 5-23 /
Дээрх хэрэгт авагдсан 2020 оны 01 сарын 10-наас 2020 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны зарлагын баримт, нэхэмжлэхээр бол 90,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “******* *******” ХХК нь хариуцагч Б.Бат-очирт зээлээр худалдсан үйл баримт тогтоогдов гэж шүүх үзэв.
Иймд хариуцагч талын Бат- 90,000,000 төгрөгийн үнэ бүхий барааг нэхэмжлэгч Э.Д*******аас аваагүй, ”******* *******” ХХК-иас авсан гэх тайлбар үндэслэлтэй.
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК нь хамтран нэхэмжлэгчээр оролцжээ./ хх 57-59/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч гэдгийг хуульд зааснаар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхыг ойлгоно.
Тэрээр нэхэмжлэгч өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдаар төлөөлүүлэн нэхэмжлэл гаргуулж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсхүл өөрөө нэхэмжлэл гаргаж, өөр этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан зөрчигдсөн эрхээ хамгаалуулах байна.
Гэвч “******* *******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцсоноос хойш хэнээс юу шаардаж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин нэхэмжлэгч Э.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар шүүхэд ирүүлжээ.
Түүнчлэн “******* *******” ХХК нь Э.Д*******т өөрийгөө төлөөлүүлэн нэхэмжлэл гаргуулж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар итгэмжлэл олгосон эсхүл шаардах эрхээ шилжүүлсэн болон хамтран нэхэмжлэл гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Мөн хамтран нэхэмжлэгчийн хувьд Н.Батнайрамдалд итгэмжлэл олгосон боловч өөрөө нэхэмжлэл гаргаагүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гаргах эрх олгоогүй болно.
Тиймээс хамтран нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “Компани дээрх бүтээгдэхүүнийг Б.Д*******ын зөвшөөрлийн дагуу Б.Бат-т өгсөн ч компани Б.Д*******аас авах авлагаар бүртгэсэн тул Б.Д*******ыг Б.Бат-оос бүтээгдэхүүний төлбөрийг авсны дараа Б.Д*******аас авна. Иймд дээр бүтээгдэхүүнийг төлбөрийг Б.Бат-оос гаргуулан Б.Д*******т олгож өгнө үү гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
8.Хэдийгээр нэхэмжлэгч нь хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэх эрхтэй ч хариуцагч Б.Бат-т шилжүүлсэн бараа бүтээгдэхүүн нь иргэн Н.Д*******ынх биш хуулийн этгээдийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй мөн хамтран нэхэмжлэгчийн хувьд өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, Э.Д*******т өөрийгөө төлөөлүүлэн нэхэмжлэл гаргуулж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар итгэмжлэл олгосон эсхүл шаардах эрхээ шилжүүлсэн болон хамтран нэхэмжлэл гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.
Иймээс нэхэмжлэгч Э.Д*******ын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломгүй юм.
Шүүхээс нэхэмжлэгчээс Э.Д*******аас хууль ёсны эрх зөрчигдөж байна гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1д зааснаар нотолж чадаагүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Э.Д******* нь “******* *******” ХХК-иас хариуцагч Б.Бат-т шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 90,000,000 төгрөгийг түүний өмнөөс шаардах эрхгүй гэж шүүх үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч солих хүсэлт гаргаагүй болохыг дурдав.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт ”нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу шүүх үнэлэв.
Хуульд зааснаар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Д******* нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 609,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Д*******, хамтран нэхэмжлэгч “******* *******” ХХК нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бат-т холбогдох “Бараа бүтээгдэхүүний төлбөрт 90,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Д*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ