Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч Д.Отгон,

Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.П-т холбогдох эрүүгийн 1838000000008 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.П, 

Шүүгдэгч Г.П нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ноёд бааранд Д.О-той маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд няцралт болон шарх, нэг шүдэнд ганхалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.П нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ноёд бааранд Д.О-той маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд няцралт болон шарх, нэг шүдэнд ганхалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Мөрөн сумын 7-р хороонд байрлах Ноёд бааранд найз Хандаа, түүний найз хүүхэн, дүү Оюунчулуун нарын хамтаар орсон. Тэнд ороод пиво захиалаад бүжиглээд байж байтал Отгон найзуудтайгаа орж ирсэн. Тэгтэл Отгон намайг ганцаараа ширээн дээр сууж байхад хүрч ирээд надтай маргалдсан. Би архи их уусан болохоор яагаад маргалдсан гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан Отгон бид хоёр маргалдаад Отгон намайг хэл амаар дайрч доромжлоод байхаар нь би Отгоны уруул руу түлхээд хальт цохисон. Би их согтсон байсан болохоор архиныхаа халуунд Отгонд гар хүрчихсэн юм. Тэгтэл намайг цагдаад өгсөн байсан. Цохисон нь миний буруу би хохирлыг нь барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Хохирогч Д.О-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ноёд бааранд өөрийн найзууд болох Лхагвасүрэн, Баасанмөнх, дүү Даваахүү, Лхагва-Отгон нарын хамтаар орсон юм. Бид нар бааранд ороод сууж байтал Г.П гээд залуу, Хандаа гээд эмэгтэйтэй сууж байхаар нь сайн уу гээд өнгөрсөн. Тэгтэл бид нарыг ширээн дээр сууж байхад Г.П гээд залуу хүүе Отгоо гээд хуруугаараа надруу заахаар нь манай найзууд цаашаа ширээндээ суу гэж хэлсэн. Намайг нойл орох гээд явж байтал миний урд Г.П зогсож байхаар нь чи ахиж надруу утасдаж янз бүрийн мэссэж бичээд байвал эхнэрт чинь хэлнэ шүү, олон удаа чамайг өнгөрөөсөн гэхэд миний уруул руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд хутга авч бүгдийг нь хутгална гэж хамт явсан залуутайгаа яриад гал тогооноос нь хутга авах гээд байхаар нь зөөгч охин урдуур нь орж болиулсан. Урьд нь Г.П гээд залуу миний утас руу согтуу залгаад би нэг найзтайгаа ууж байна хэлэх юм байна гэхээр нь би юу хэлэх гэсэн юм гэхэд би амаараа хэлж чадахгүй юм байна, утсаар мессэж бичье гэсэн. Тэгснээ надруу манай найз мөнгө төгрөгтэй залуу байгаа, манай найзтай ганцхан удаа унтчих чамд 50000 төгрөг өгнө. Чиний амьдралд хэрэгтэй нэг удаа тавиулчих гэсэн мессэж явуулсан байсан. Тэгэхээр нь би дуртай юм бол чи эхнэрээ унтуулчих тэгээд мөнгөө ав гэсэн мессэжний хариу бичсэн. Тэгээд би мессэжнүүдээ устгаад хаячихсан. Түүнээс хойш надруу согтуу яриад тийм буудалд байна хүрээд ир гэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч С.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 23 цаг 40 минутын орчимд Ноёд баарлуу найз Отгон, Лхагвасүрэн, дүү Лхагва-Отгон, нөхөр нь болох Даваахүү нарын хамт орсон. Тэнд Пүрэв-Очир гээд залуу Отгонтой гар барих гээд хүрээд ирэхээр нь Отгон чи цаашаа бай би найзуудтайгаа явж байна гэхэд Пүрэв-Очир уурлаад цаашаа яваад өгсөн. Бид нар ширээн дээр хэсэг сууж байтал Отгон нойл орж бие засаад ирье гээд ширээнээс босоод явсан. Нэг хартал Пүрэв-Очир манай найз Отгоныг цохиод унагаачихсан байсан. Очоод харахад өөрийнхөө ширээний урд манай найз Отгоныг цохиод унагаачихсан, уруулаас нь цус гараад шалаар дүүрэн цус болсон байсан. Харин Пүрэв-Очир зугтаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 23 цаг 40 минутанд Ноёд бааранд найз Баасанмөнх, Лхагва-Отгон, Даваахүү, Отгон нарын хамтаар орсон. Тэнд Пүрэв-Очир гээд залуу хэдэн хүмүүстэй архи ууж суусан. Тэгтэл Пүрэв-Очир гээд залуу их согтуу Отгон дээр хүрч ирээд гараас нь барих гэтэл цаашаа бай гээд Отгон түлхсэн. Бид нар ширээн дээр хэсэг сууж байтал Отгон бие засаад ирье гээд нойл руу явсан. Тэгсэн нойлын хажуу талын ширээн дээр Пүрэв-Очир ганцаараа сууж байтал Отгон хажуугаар нь гарах гэхэд Отгонтой маргалдаад байсан. Намайг араас нь очиж байтал Отгоныг Пүрэв-Очир цохиод унагаачихсан. Би очоод хартал Отгоны уруулаас их хэмжээний цус гараад уруул нь язарсан байсан. Би цагдаа дуудах гэтэл Пүрэв-Очир зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай:

  1. Д.О-ы биед дээд уруулд няцралт болон шарх, 1 ширхэг шүдэнд ганхалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Д.О-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Г.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.П-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.П нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Д.О- нь хохирол төлбөр нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн 1838000000008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.П-т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Эрүүгийн 1838000000008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМСҮРЭН