| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2226000000135 |
| Дугаар | 2022/ДШМ/66 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/66
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Нэргүй
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжин
/цахимаар/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч
Б.Батсайхан
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч
Ж.Эрдэнэбаатар /цахимаар/,
Орчуулагч Ц.Өлзийбат
Шүүгдэгч Хоу Жунлинг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав
Нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжингийн гомдлыг үндэслэн Хоу Жунлингт холбогдох эрүүгийн 2226000000135 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Хоу Жунлинг /Hou Junling/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 50 минутын үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шинэ цагаан хаалганы хажуу талын шороон зам дээр иргэн Б.Гансүхийн эзэмшлийн 90-17 ӨВР улсын дугаартай “Гранд марк-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Мөнхцэцэгийн амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Хоу Жунлингийн /Hou Junling/ үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/-т оногдуулсан нэг жил найман сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/-т оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор, шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжинд 130.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Гансүхэд 7.000.000 төгрөг тус тус төлсөн, Эйч ки би интернэшнэл ХХК-ны зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжинд 10.000.000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Хоу Жунлинг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 300.000 төгрөгийг шинжээч З.Дагвасүрэнд төлсөн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжингийн нэхэмжилсэн оршуулгын зардал 28.016.666 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хоу Жунлингт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Хоу Жунлингт мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хоу Жунлингт авсан монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралд "НКВ" интернешнл холдинг компанид ээж минь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хятад хүний буруугаас амь насаараа хохирсон байхад компанийг иргэний хариуцагчаар татаагүй явдал нь маш шударга бус явдал тул гомдолтой байна. Бүгд найрамдах Хятад Ард улсын иргэн Хоу Жунлинг нь хохирол мөнгө надаас гарсан юунд зориулж өгснөө сайн мэдэхгүй. Сэтгэл санааны хохиролд өгсөн байх гэж өөрөө анхан шатны шүүх дээр ч хэлсэн тогтоол дээр байгаа. Энэ нь төв компани ямар ч хариуцлага хүлээхгүй байгааг батална. Мөн сүүлд Батсайхан мөрдөгч дээр тогтоогдсон хэрэгт энэ компаниас ээжийг минь дуудаж ажиллуулсан, сарын цалин 5-н сая төгрөг байсан нь ч тогтоогдсон баримтууд гэрчүүд байгаа. Компанийг зайлшгүй иргэний хариуцагчаар татах ёстой. Мөн энэ хэрэгт гаргасан шүүхийн шийдвэр нь хятадын иргэн 5-н жил Монгол улсад жолоо барих эрхийг хасна гэдэг нь ямар ч авцалдаагүй шийдвэр гэж үзэж байна. Энэ хэдий болгоомжгүй гэж байгаа ч ээж минь зүгээр ч зовохгүй өнгөрөөгүй, дэндүү хэрцгий харж сонсоход ч хэцүү маш их бэртлүүдийг авсан. Үүнд 1 жил 8 сарын хорих ялын хугацаа нь богино хугацаа гэж үзэж байна гэжээ.
Прокурор Ц.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хохирогч "НКВ" интернешнл холдинг компанийг иргэний хариуцагчаар татаагүй явдалд гомдолтой байна гэсэн. Шүүхээс хавтас хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайханаас энэ талаар прокурорын шатанд гомдол гаргасан байдаг. Прокуророос 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 31 тоот прокурорын тогтоолоор үндэслэл бүхий хариу өгсөн. Тухайн үед Хоу Жунлинг болон амь хохирогч нар ажил үүргээ гүйцэтгэж яваагүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Прокурорын зүгээс үндэслэл бүхий хариуг Б.Батсайхан өмгөөлөгчид өгсөн. Б.Батсайхан өмгөөлөгч нь дээд шатны прокурорт гомдол гаргаад явах боломж нь мөн бүрэн байсан. Хохирогч М.Мөнхжингийн хувьд хоёр өмгөөлөгчтэй. Хоёр өмгөөлөгч нь хоёулаа гомдлын хариутай танилцсан. Тухайн үед гомдол гаргаж яваагүй. Тухайн үед компанийн кемп дээр хурал цуглаан болсон боловч амь хохирогчийн хувьд компанитай холбоотой тушаал шийдвэр гарсан зүйл байхгүй байдаг. Компанийн хувьд ч гарсан тушаал, шийдвэр байхгүй байдаг. М.Мөнхжингийн хувьд прокурорын шатанд хяналт тавьж байх үед прокурортой ирж уулзсан байдаг. Хохиролд 130 сая төгрөгийг авахаар тохиролцсон. Энэ мөнгөө өгчихвөл гомдол саналгүй. 130 сая төгрөгний 30 сая төгрөгийг өмгөөлөгч нарт өмгөөллийн хөлс гэж өгсөн талаараа яриад дахиж нэмж мөнгө гаргуулж авах талаар ярьсан байдаг. Прокурорын шатанд хохирлоо барагдуулмаар байна, хохирлоо барагдуулж өгөх ёстой гэх зүйл ярьж байсан. Шүүгдэгчид 5-н жилээр эрх хасах шийтгэл оногдуулсан нь хэргийн шийдвэртэй авцалдаагүй байна гэх зүйл хохирогч ярьж байна. Эрүүгийн хуульд нэмэгдэл ялын талаар заасан. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг дахиж үйлдэж болзошгүй гэж урьдчилсан сэргийлэх байдлаар өгсөн гэж дүгнэж байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ял хөнгөн байна, хүнд ял оногдуулж өгнө үү гэсэн утгатай гомдол гаргасан. Ямар ял шийтгэл оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх ял оногдуулсан гэсэн дүгнэлт гаргаж байна. Хар тамхины хэрэгтэй холбоотой байсан талаар ярьж байгаа ч хавтас хэрэгт авагдсан баримт байхгүй. Анхан шатны шүүх хурал дээр огт яригдаагүй. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байна гэж дүгнэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжингөөс гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны М.Мөнхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж ажил үүргээ гүйцэтгэж яваад ажлын байран дээрээ амь насаа алдсан гэдэг нь тогтоогдсон ч компанид ямар ч хариуцлага тооцоогүй. Иргэний хариуцагчаар татаагүй байгаад нь гайхаж байна. Анхан шатны шүүх хурал дээр эсрэг талын өмгөөлөгч болон Хоу Жунлинг нар ар гэрээс нь уучлалт гуйж түүнийгээ илэрхийлсэн гэсэн гэж хэлж түүнийгээ харгалзуулж үзүүлэх талаар ярьж байсан. Тийм зүйл өдийг хүртэл болоогүй. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэвтэж байгаа эмнэлэг рүү нь ороход утсан дээрээ “we chat“-аар бичлэг үзээд орчуулагчаараа өрөөнд тамхи татаж болох юм уу гээд намайг ороод ирчихсэн байхад тэгж хэлж байсан. Намайг байхад ямар ч эмээсэн гэмшсэн шинжгүй. Өөдөөс хараад л байсан. Адилхан мах цуснаас бүрдсэн хүн шүү дээ. Надтай хэд хэд таарахдаа нэг ч удаа уучлалт гуйж гэмшсэн зүйлээ хэлж үзэж байгаагүй. Сэтгэл гаргаад утсаар залгаж болно. Анхан шатны шүүх хурал дээр ёс зүйтэй оролц гэж хоёр удаа сануулсан. Байгаа байдлаа харуулж байна. Сэтгэлээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Хэд хэдэн удаагийн уулзалтнаас харахад мэдрэгдэж байна. Дахиад нэг гайхаж байгаа зүйл нь Батсайхан байцаагч дээр хэрэгтэй танилц гээд дуудаж байсан. Хэрэгтэй танилцах гээд очиход энэ хүнийг өөр хар тамхины хэргээр Хятадад 2, 3 жил шоронд сууж ял авч байсан гэж байсан. Анхан шатны шүүх хурал дээр гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэж худлаа мэдээлэл мэдүүлэг өгч байгаад гайхлаа. Осол болж байх үед тамхи татах гээд ээжийг гал аваад өг гэж хэлсэн байгаа юм. Манай ээж гал авах хооронд нь осол болсон. Анхан шатны шүүх хурал дээр надаас нэг юм асуухаар нь би тэрийг нь ойлгоогүй. Тэгээд нэг мэдсэн машин ингэчихсэн байсан гэж ярьсан. Яагаад ингээд мэдүүлгээ өөрчлөөд яриад байгаа юм. Анх ярьснаараа байх хэрэгтэй. Баримт нь байгаа. Энэ хэрэг санаандгүй болсон гэж өөрийгөө хамгаалж байгаа ч гэсэн гэр бүлийг маань авч явж байсан хамгийн чухал үнэ цэнэтэй нандин хүнийг хэнэггүй тэнэг дураараа зангаасаа болж алчихаад нэг жил найман сар хориход сууна гэхэд надад шударга бус санагдаж байна. Мөн 5-н жил жолоо барих эрхгүй гэдэг нь ямар ч шийтгэл юм. Энэ хүн Монгол улсын иргэн биш. Монгол улсад жолоо барих эрх ч байхгүй. Энэ хүн шоронд сууж дуусаад буцаад нутаг руугаа буцна. Гарч ирэхэд нь хамт ажиллаж байсан хүн нь ажлаа дуусгачихсан харьчихсан байна. Монголд хүн алчихаад жолоо барих эрхийг нь хасна гэхээр энэ хүн угаасаа энд үлдэхгүй. Хууль нь авцалдаагүй, утгагүй байна гэж ойлгож байна. Үүний оронд хорих ялыг нь ядаж нэмсэн бол арай сэтгэлд зүгээр байх байсан. Энэ хүн 4, 5-н жил шоронд суусан ч гарч ирээд эхнэр хүүхэд дээрээ очоод амьдарна. Хамгийн гол нь хүнээ алдаж хохирсон бид нар болон миний жаахан охин дүү амьдарч дуустлаа цаашдаа харамссан, өгүүлсэн гомдолтой жилүүдийг туулна. Ээжийгээ арай эрт хэрцгийгээр алдчихлаа. 130 сая төгрөгийг анх бидний сэтгэл санааны хохирол, охин дүүгийн сургалтын төлбөр, эдэлж хэрэглэх зүйлүүд болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тооцож өгч авсан тийм төлбөр. Оршуулгын зардлыг тусад нь өгнө. Эхний ээлжинд 10 сая төгрөгийн урьдчилгаа дараа нь баримт бичгээ цуглуулаад өмгөөлөгчтөйгөө уулзсаны дараа сүүлд нь гаргая гэж тохирсон. Одоо гэнэт шүүх дээр үгүйсгээд яриад байх юм. Би бүх баримт бичгээ цуглуулаад Б.Батсайхан өмгөөлөгчид өгсөн. Анхан шатны шүүх хурал дээр хохирол оршуулгын зардал гүйцээж өгөөд гомдол саналгүй больё гэсэн байр суурьтай оролцож байсан ...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжин болон өмгөөлөгч Эрдэнэбаатарын гаргасан гомдол тайлбарыг бүрэн дэмжиж байна. Нэгдүгээрт "НКВ" интернешнл компанийг иргэний хариуцагчаар татах ёстой байсан гэсэн саналаа мөрдөн байцаалтын шатнаас анхан шатны шүүхийн шийдвэр гартал хүсэлт гомдлуудаа гаргаж явсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-т зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татна гэсэн заалтыг хэрэгжүүлэх ёстой. Гэмт хэрэг компаний туслах зам дээр болсон осол учир энэ компани иргэний хариуцагчийн үүргийг бүрэн хүлээх ёстой байсан. Энэ үүргийг нь хэрэгжүүлэх тал дээр хуулийн байгууллага тодорхой арга хэмжээ аваагүй гэж дүгнээд байна. Хоёрдугаарт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд яллагдагчийн хувийн байдлыг тогтоох гэсэн заалт байгаа. Энэ талаар хохирогч дурдаж байна. Холбогдогч нь урьд өмнө тодорхой гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж Батсайхан мөрдөгч мэдээлэл өгсөн гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл хар тамхины хэрэгт холбогдсон байж болзошгүй. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад хүний хувийн байдлыг тогтоож харгалздаг учраас хувийн байдлыг нь бүрэн тогтоогоогүй байна гэж дүгнэсэн. Нэмж хэлэхэд компанаас болон шүүгдэгч Хоу Жунлингаас өгсөн 130 сая төгрөгний зориулалтыг тодорхой болгох тал дээр саналын зөрүүтэй байгаа. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сэтгэл санааны хохирлыг барагдуулах, тэжээгчээ алдсан хүүхдийн ирээдүйд зориулсан гэсэн хэлбэрээр гэж анх яригдаж байсан. Хэргийн материалд хавсаргасан байгаа 198 ширхэг баримтаар ажил явдал буюу оршуулгын зардалтай холбоотой баримтыг нэхэмжилнэ гэсэн анх тохиролцоотой байсан гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олон дахин тайлбарлаж байгаа. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол тайлбарт заасан байдлаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон асуудлын дагуу хэргийг мөрдсөн. Учруулсан хохирлыг хохирогч талд урьдчилан тодорхой хэмжээгээр барагдуулсан. Тийм учраас хохирогч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн нэмэлт шаардлага гаргаж байгаагүй. Шүүгдэгч хохирлоо бүрэн хэмжээгээр барагдуулаагүй гэдгээ тайлбарладаг. Шүүгдэгчээс хохирол барагдуулах хэмжээг бодитой хуульчилж заах ёстой байсан боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт заагаагүй. Шүүгдэгчийн гэм хорын улмаас учирсан хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөх нь зүйтэй. Тийм учраас хохирогч талын гаргасан бүрдүүлж өгсөн нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдвэртээ тусгаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцэл, гомдол бичигдсэн эсэхийг харгалзалгүйгээр хэргийг бүхэлд нь хянахаар хуульчилсан. Уг гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-т заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь анхан шатны шүүхээр тогтоогдсон.Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн амь хохирогчийн ар гэрт 130 сая төгрөгийг хохиролд төлсөн байдаг. Энэ хохирлыг анх төлөх үед амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлж энэ мөнгийг авсан байдаг. Хоу Жунлингийн хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон байдаг. Тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан. Гэмшиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд энэ хүн тухайн үед орон нутагт бүтээн байгуулалтын ажил хийж байсан. Энэ хэрэг үнэхээр болгоомжгүй үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас хохирсон нь үнэн. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж байгаа. Хоу Жунлинг нь өндөр настай эцэг эхийн хамт амьдардаг. БНХАУ-д өөрийн амьдардаг орон сууцаа зарж амь хохирогчийн ар гэрт учирсан хохирлыг барагдуулахад өөрийн зүгээс хүчин зүтгэл гаргасан. Өөрийн орон гэрээ хүртэл зарсан. Хөгшин эцэг эхтэй, өсвөр насны хүүхэдтэй. Монгол улсын бүтээн байгуулалтад оролцож явсан хүн. Харамсалтайгаар болгоомжгүйгээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Анхан шатны шүүхээс 5-н жилийн хугацаатайгаар эрх хасах шийтгэл оногдуулсан нь авцалдаагүй байна гэж хохирогч ярьж байсан. Үүнтэй санал нийлэхгүй байна. Монгол улсад дагаж мөрдөж байгаа хуулийг хүн болгон дагаж мөрдөх ёстой. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ нь хуульд заагдсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд эрх хасах ял гэж байгаа. Уг заалтад зааснаар үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан бол заавал оногдуулна гэж заасан байгаа. Үүний хүрээнд анхан шатны шүүх ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ авах тухай заасан байдаг. Хуульд зааснаар шүүх тухайн хүний хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тусгайлан заасан. Тийм учраас Хоу Жунлигт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна гэв.
Шүүгдэгч Хоу Жунлинг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүмүүсийн хэлж буй зүйл дээр нэмж хэлэх тайлбар байхгүй. Харин Монгол улсын шүүхийн байгууллага, шүүгч нар олон улсын түвшинд эрхийг хангаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжингийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хоу Жунлинг /HOU JUNLING/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 50 минутын үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шинэ цагаан хаалганы хажуу талын шороон зам дээр иргэн Б.Гансүхийн эзэмшлийн 90-17 ӨВР улсын дугаартай “Гранд марк-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Мөнхцэцэгийн амь нас хохирсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжингийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Манай ээж Мөнхцэцэг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос наашаа Өвөрхангай аймаг руу У Пин Ан гэж хятад хүнтэй явсан. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би ажилтай ээлжинд гарч байсан. Тэр өдөр манай эхнэрийн утас руу хүн залгаад Өвөрхангайд нэг осол гарсан гэж хэлсэн гэсэн. Манай эхнэр ямар осол, яасан осол гэсэн чинь “мэдэхгүй тэгээд хэлчих” гэсэн гээд утсаа тасалсан байна лээ. Тэгэхээр нь би гайхаад ажил дээр байхдаа Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын утсыг хайж олоод лавлах руу нь залгаад “наана чинь янз бүрийн осол гарсан юм уу” гэсэн чинь та хэн билээ гэхээр нь манай ээж наана чинь ажилладаг юм огт танихгүй хүн залгаад байсан юм гэсэн чинь нэг тийм осол болох нь болсон шүү гээд надад ерөөсөө мэдэгдээгүй. Өглөөний 06-07 цагт болсон зүйлийг би үдээс хойш 15 цаг өнгөрөөгөөд 16 цаг болж байхад би өөрөө залгаж мэдсэн. Их харамсалтай. Тэгж сонсчихоод би Өвөрхангай руу гарсан. Одоо энэ талаар юу гэж ч ярих билээ хэцүү байна. 2022 оны 05 дугаар сарын 05-наас хойш манай гэр бүлийн амьдрал, бид нарын сэтгэл санааны байдал үнэхээр хэцүү байна. Би эхлээд өгсөн 130.000.000 төгрөгийг амь насны буюу гэм хор учруулсан хохирол, мөн 14 настай дүүгийн минь халамжилж өгсөн төлбөр гэж ойлгож байгаа. Тэр мөнгийг өгснөөс хойш би наашаа ирж очсон зардал, оршуулгын зардал болох цөөн хэдэн баримтуудыг өгсөн...” гэсэн мэдүүлэг,
гэрч Зханг Вангуогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Арвайхээр сумаас Хүйтний хөндийн чиглэлийн авто замын их засварын төслийн менежер, энэ зам засварын төслийн ажлыг удирдан явуулдаг. Хоу Жунлинг нь манай төслийн хангамж, аж ахуй хариуцсан ахлагчийн ажил хийдэг. Төв кемпийн хурал өглөө бүр 06 цаг 20 минутад эхэлдэг ба тус өдөр хурал эхлээд дууссаны дараахан Пинган Ву 95875583 дугаарын утас руу залгаж машин эвдэрчихлээ гэж дуудахаар нь би ажлын цагаан өнгийн приүс загварын машинтай машин эвдэрсэн газар нь очсон. Тэнд 2 машин байсан 1 нь хөх, нөгөө нь цагаан жижиг машин надтай зөрөөд явж байсан. Би буцаж эргээд цагаан машины урд нь гараад зогссон. Цагаан машин гэрлээрээ дохисон юм. Пинган Ву, Жан Жен Жун хоёрыг авсан. Тэр хоёр цагаан өнгийн жижиг машинаас бууж ирээд миний машинд суусан. Тэгээд суулгангуутаа кемп дээр хүрээд ирсэн. Тухайн үед 2 монгол жолооч үлдсэн ба өөр хэн байсныг би мэдэхгүй байна. Жижиг цагаан машинаас бууж ирсэн аль хаалгаар буусныг анзаараагүй” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 52 дугаар хуудас/,
гэрч 3ханг Зхенгжуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монголд ирж, ирэнгүүтээ л Өвөрхангай аймгийн Тарагт сумын зам засвар дээр ирсэн. Хоу Жунлигтай сая ажил дээр ирээд танилцсан, өмнө нь таньдаггүй байсан. Осолд орсон гэдгийг хүнээс сонссон харсан зүйл байхгүй. Гүүр хоолойн кемпээс төв кемп рүү цэнхэр машинтай явж байгаад дугуй нь хагарсан. Тэгээд цагаан өнгийн машинтай ирсэн. Цагаан машины жолооч харалдаа хойд талд жолоон дээр Хоу Жунлинг жолоочийн хажуу талд орчуулагч хүүхэн хойд суудал дээр миний хажууд Ву Пинган суусан. Тэгээд хөдлөөд холдоогүй дөнгөж хөдөлж байтал Зханг Вангуо машинтай ирж авсач Ву Пинган бид хоёр суугаад кемп дээр ирсэн. Манай кемп дээр сүлжээ барьдаггүй хүмүүстэй утсаар ярина гэж ирсэн. Б.Мөнхцэцэгийг орчуулагч гэж мэддэг байсан. Надад орчуулга хийж өгч байгаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54 дүгээр хуудас/,
гэрч Ж.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 6 цаг 50 минутын үед Өвөрхангай аймгийн зүүн талын том шинэ хаалганы тэнд хөрсөн түр зам дээр явж байтал миний өөдөөс ирж байсан цагаан өнгийн марк-2 загварын машин явж байгаад ертөнцийн зүгээр зүүн тал руугаа онхолдоод зам дагуудаа өнхөрчихсөн. 3 өнхрөөд 1 хүн, 4 өнхрөөд 1 хүн машинаас цуваад унасан. Машин 5 удаа өнхрөөд дугуйн дээрээ зогссон. Зам дагуудаа Өвөрхангай талдаа өнхөрсөн. Би хажууд нь очиж зогсоод буугаад очсон. Тэр 4 өнхрөөд унасан нь хар шаахайтай сааралдуу хувцастай хятад эрэгтэй хүн босоод ирсэн. Тэр бэртэл гайгүй юм шиг гаран дээрээ жаахан цустай байсан. Нөгөө эмэгтэй хүн нь ухаангүй хэвтэж байсан. Би утсаараа 1900-1950 руу залгаад Өвөрхангай аймгийн 7032102 дугаарын утсыг авч, ослын талаар цагдаад дуудлага өгсөн. Тэр машинд өөр хүн байгаагүй, хоёр хүн байсан юм билээ. Би холоос харсан болохоор харагдаагүй, тэр эрэгтэй хятад хүнийг барьж явсан болов уу гэж бодсон. Яагаад гэхээр сүүлд нь шидэгдэж машинаас унасан. Энэ онхолдсон машины өмнө их ойрхон цагаан өнгийн жижиг тэрэг яваад өгсөн ба тэр машин зогсолгүй чигээрээ явчихсан. Хурдыг нь сайн мэдэхгүй байна, гэхдээ их хурдтай орж ирээд л онхолдчихсон. Тухайн шороон зам дээр тойрогдуу зам байх шиг байсан, тэр дээр хурдтай орж ирээд уначихлаа гэж харсан. Марк-2 загварын машин ганцаараа явж байгаад л уначихсан. Тухайн үед гэгээтэй бороо ороогүй, үзэгдэх орчин хэвийн байсан. Тэр эрэгтэй хүн хятадаар мэдэхгүй, мэдэхгүй гээд хэлээд байсан. Тэгээд эмнэлгийнхэн ирээд тэр хүнийг аваад явсан. Эмнэлэг ирээд нөгөө эмэгтэй хүнийг нас барчихсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...90-17 ӨВР улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгсэл миний өмчлөл, эзэмшлийн машин байгаа юм. ... Миний машиныг 2 дахь хятад дарга нь унаж явсан юм шиг байна лээ. Би бол машинаа зөвшөөрч өгч явуулаагүй. Би Стана загварын машины дугуй сольж байсан болохоор хэн нь унаж явсныг анзаараагүй. Би Гранд марк-2 загварын машинаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 58 дугаар хуудас/,
гэрч М.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өглөөний 06 цагийн үед Арвайхээр сумаас зүүн тийш 28 км зайд байрлах хятад компани нэрийг нь сайн мэдэхгүй байна, наахан талд уулзсан. ... Гансүх бид хоёр хагарсан дугуйг сольж байх үед цэнхэр машинд байсан 3 хятад иргэн болон Б.Мөнхцэцэг нар Б.Гансүхийн 90-17 ӨВР улсын дугаартай автомашинд ороод суучихсан. Тэгээд нэг их удалгүй хөдлөөд аймгийн төв тал руу давхиад явчихсан. Б.Гансүх бид хоёрыг дугуй сольж байхад Б.Гансүхийн машиныг Хоу Жунлинг гэдэг хятад иргэн унаад хажууд нь орчуулагч Б.Мөнхцэцэг суугаад ард нь 2 хятад нь суугаад хөдөлсөн. ... Бид хоёр кемп дээрээ ирээд удаагүй байж байтал ард нь сууж явсан 2 хятад иргэн бас өөр нэг хятад хүнтэй хар машинаар хүрээд ирсэн. Харин Б.Мөнхцэцэг болон жолоо бариад явсан хятад хоёр эргэж ирээгүй” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 2-12 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-21 дүгээр хуудас/, хохирогчийн эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1хх-ийн 31-35 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 326 дугаартай шүүгдэгч Хоу Жунлинг /НОU JUNLING/-ийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79-82 дугаар хуудас/,
Техникийн шинжээч Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Авто механикийн багш, мэргэшсэн инженер Ц.Болдбаатарын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай: 1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг,
2. Хэргийн газрын гэрэл зураг, Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, схем зураг зэргээс 90-17 ӨВР Улсын дугаартай Марк-2 маркын тээврийн хэрэгсэл жолоодож явсан БНХАУ-ын иргэн Хоу Жунлинг /НОU JUNLING/-ийн нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
I. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
II. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-н б-д жолоочид дараах зүйлийг хориглоно. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
III. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй,
4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна.
Жолооч БНХАУ-ын иргэн Хоу Жунлинг /НОU JUNLING/ нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох дадлага, туршлага, ур чадвар муу, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй мөн хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /1хх-ийн 86-87 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №059 дугаартай “...Талийгаач Б.Мөнхцэцэгийн цогцост хийсэн Шүүх Эмнэлгийн задлан шинжилгээгээр зүрхний ар хананы урагдал, Зүүн уушгины урагдал, шарх, элэгний эдийн урагдал, дэлүүний урагдал, олон хавирганы хугарал, нурууны Тh 8 дугаар нугалмын бяцарсан хугарал, хэвлий, цээжний хөндийн хурц цус алдалт, зүүн дунд чөмөг, зүүн шаант яс, зүүн тойг ясны бяцарсан хугарал, зүүн шаант яс, зүүн шаант ясны гадна хавчаар, зүүн гадна шагай ясны хугарал. Голтын эрхтнүүдийн цус хуралт, зүүн гуя, шилбэ, тавхай хэсгийн шарх, баруун дээд доод зовхи, зүүн хөлийн гуя хэсэгт цус хуралт, зүүн суганы ар хэсэг, зүүн дал, хэвлий, зүүн ташаа, бүсэлхий нуруу, зүүн гуя, нуруу, зүүн өгзөг хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой болно. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Авто ослын хавсарсан хүнд гэмтлүүд нь амь насанд шууд аюул учруулах боломжтой. Талийгаач Б.Мөнхцэцэгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Нас барсан хугацаа 25-30 цаг болсон байх боломжтой. Талийгаач Б.Мөнхцэцэгийн цусанд спиртийн агууламж илрээгүй, ходоодны шингэнд 6.4 промилли спиртийн агууламж илэрсэн болно. Согтолтын зэргийг цусанд дахь спиртийн хэмжээгээр тогтооно. Амь хохирогч Б.Мөнхцэцэг нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох зүрхний ар хананы урагдал, зүүн уушгины урагдал, шарх, элэгний эдийн урагдал, дэлүүний урагдал, олон хавирганы хугарал, нурууны Тh 8 дугаар нугалмын бяцарсан хугарал, хэвлий, цээжний хөндийд хурц цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт /1хх-ийн 70-75 дугаар хуудас/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжин нь давж заалдах шатны шүүхэд ... Хэрэгт "НКВ" интернешнл холдинг компанийг иргэний хариуцагчаар татаагүй. Ээж минь ажил үүргээ гүйцэтгэж явсан учир компанийг иргэний хариуцагчаар татах байсан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөн байна гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил найман сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн.
Амь хохирогч Б.Мөнхцэцэг нь "НКВ" интернешнл холдинг компанид хөдөлмөрийн болон холбогдох гэрээгээр ажиллаж байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй, мөн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан нь тогтоогдохгүй байгаа учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжингийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжингийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хоу Жунлинг /HOU JUNLING/-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.