Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0478/З |
Дугаар | 128/ШШ2024/0598 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2024/0598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** ХХК,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Б***,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.С***,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э***,
Гуравдагч этгээд: Л*** ХХК,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: М.Н***,
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот мэдэгдлээр ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э***, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Н***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас *** дугаар бүхий *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендер шалгаруулалт зарласан.
2. Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ***, 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот албан бичгээр ... эрэмбийн гуравдугаарт эрэмбэлэгдсэн болно ... тендерт шалгарсан Л*** ХХК-тай дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон гэх мэдэгдлийг хүргүүлсэн.
3. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч *** ХХК-иас Сангийн яаманд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ***, 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу тус яамны 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот албан бичгээр ... захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ***, *** тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн, 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/***5 тоот албан бичгээр ... хариуг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот албан бичгээр хүргүүлсэн байх тул дээрх хууль, журамд заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариуг өгчээ.
4.*** ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот мэдэгдлээр ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан.
5. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
6. Нэхэмжлэгч *** ХХК-ийн төлөөлөгч С.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан цахим хэлбэрээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын тендерт 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр оролцсон. Тус тендерийн үр дүнгийн талаар Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авсан. Мэдэгдэлд танай ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн гуравдугаарт эрэмблэгдсэн тул шалгараагүй болно гэсэн хариу мэдэгдэл ирүүлсэн. Бид тус хуулийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу тус тендерт оролцож шалгарсан Л*** ХХК-ийн тендерт ирүүлсэн материалтай танилцахад тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан бичиг баримтын бүрдэл хангалтгүй, зөрчилтэй, материал дутуу ирүүлсэн байсан тул захиалагчийн гаргасан шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт гомдол гаргасан. Сангийн яамнаас манай гаргасан гомдлыг хянасан тухай 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай албан бичгээр хариу мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлд манай байгууллагаас гаргасан гомдлыг хянаж үзээд захиалагчийн гаргасан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ***, *** тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн захиалагчийг тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Захиалагч Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот мэдэгдлийг манайд ирүүлсэн. Тус мэдэгдэлд танай ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн гуравдугаарт эрэмблэгдсэн тул шалгараагүй болно гэсэн өмнөх шийдвэрээ дахин гаргасан. Иймд захиалагч Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас гаргасан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлаагүй, мөн Сангийн яамнаас гомдлыг хянасан тухай шийдвэрийг захиалагч баримталж шийдвэрлээгүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-д заасанчлан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал байдаг. Сайдын тушаалаар сургалтын үйл ажиллагааг эрхлэх байгууллагад зөвшөөрөл байдаг, цаг хугацаатай байна. Тусгай зөвшөөрөл авсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгосон. Хөдөлмөр хамгааллын харья ажилтны сертификатын хугацаа дууссан буюу хүчинтэй эсэх эргэлзээтэй гэдэгт бид сайтаас үзэхэд байдаг, тухайн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа байгуулаад. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага өнөөдөр байхгүй. Иймд хугацаа нь дууссан сертификаттай байсан гэж ойлгож байна. Тендерийн бичиг баримтаар заасан байгаа тухайн байгууллагад хэрэгжүүлэхээр эрх авсан, хэрэгжүүлж байгаа ажлын мэдээллийг заавал ирүүлнэ. Ирүүлээгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно гэж тендерийн бичигт заасан, бүх тендер тийм байгаа. Иймд Л*** ХХК он дамжсан буюу өмнөх оны ажил байсан, мөн энэхүү тендерт орж байхад шинээр гэрээ байгуулсан ажилтай байсан байна. Эдгээр ажлын мэдээллийг оруулаагүй учраас тухайн тендерийн шалгуур нөхцөлийг хангаагүй байна гэж гомдол гаргаж байгаа.
Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны газар ийм шаардлага хангасан байна гэж их зүйл шаарддаг. Үүний дагуу шаардлагыг хангаад байдаг. Анхнаасаа яах гэж шаардсан бэ гэдэг зүйлийг үргэлж асуугаад байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Манай албанд дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжих *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил *** дугаартай ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын үнэлгээний хороо байгуулах тухай 2024 оны А/22 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын үнэлэх үнэлгээний хороо байгуулах тухай 2024 оны *** дугаар захирамж тус тус ирсэн. *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил *** дугаартай ажлын төсөвт өртөг *** төгрөг. Тус тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр www.tender.gov.mn сайтаар нээлттэй зарлаж, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 10 минутад нээлт хийсэн. Нээлт хийхэд 3 компани тендерийн материал ирүүлж оролцсон. Үүнд: Х******* ХХК *** төгрөг, Л*** ХХК *** төгрөг, *** ХХК *** төгрөгийн үнийн санал, тендерийн материал тус тус ирүүлсэн. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1-т заасны дагуу шаардлагад нийцсэн тендерүүдийг харьцуулах үнээр эрэмбэлэн хянан үзээд хуулийн 28.1.1-д заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн Л*** ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж үнэлгээний хорооны зөвлөмжийг, холбогдох материалын хамт 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр захиалагчид хүргүүлсэн ба захиалагч Л*** ХХК-д гэрээ байгуулах эрх олгох олгосон. Тус ажилд *** ХХК Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг ирсэн. Гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай тендер шалгаруулалттай холбоотой бүх баримт бичгийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 202 тоот албан бичгээр хүргүүлсэн. Сангийн яамнаас гомдол хянасан тухай албан бичиг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот албан бичгээр ирсэн. Гомдол хянасан албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин үнэлэхийг мэдэгдсэн.
Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийн дагуу үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин хуралдаж хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1-д заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн Л*** ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн ба захиалагч Л*** ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. *** ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т заасны дагуу захиалагчид ирүүлсэн үнийн санал нь нийт оролцогчдын тендерийн үнийн гуравдугаарт дугаарт эрэмбэлэгдсэн тул шалгараагүй тухай албан мэдэгдлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлаагүй гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сангийн яам гомдлыг хянасан шийдвэртээ хуулийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ***, *** тоот шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин үнэлэхийг мэдэгдэж, захиалагч хуульд заасны дагуу тендерийн үнэлгээг дахин хийж, шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн Сангийн яамны гомдлыг хянасан тухай шийдвэрийг захиалагч баримталж, шийдвэрлээгүй гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус алба нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үндсэн чиг үүрэгтэй болно гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** ХХК Сангийн яаманд 5 зүйлд гомдол гаргасан байдаг. Тус ажлыг гүйцэтгэж шалгарсан Л*** ХХК-ийн ХАБЭА-ийн ажилтан М.Н*** өөрийгөө томилон ажиллуулах тушаал гаргасан нь зөрчилтэй байна. Үүнийг Сангийн яам үндэслэлтэй, зөрчилгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж гарсан.
Тендерийн баримт бичгийн 19.2-т эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй хүлэмжийн хийн ялгарал болон албан мэдэгдэл Тендерийн үнэлгээний хороо шаардсан. Манай Тендерийн үнэлгээний хороо 5 гишүүнтэй байгуулагддаг. Тендерийн үнэлгээний хорооны гишүүнд би байхгүй, нарийн бичиг нь ажлаасаа гарсан. Уншиж танилцсанаар тус мэдэгдэл нь Л*** ХХК-д ирүүлээгүй, захиалагчийн шийдвэр буруу гэж Сангийн яамнаас гарсан.
ХАБЭА-ын сертификат нь гарч ирээгүй, үндэслэлгүй гээд Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас үүнийг тодруулж үзэхийг шаардсан. Үүний дагуу үнэлгээний хороо тодруулж үзээд сертификат нь хүчин төгөлдөр, хуурамч биш байна гэж тухайн газраас тодруулж үзээд үнэлгээний хороо шийдсэн.
Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх шаардлага шаардана гэж бичсэн байна. Л*** ХХК нь маягтын дагуу ирүүлээгүй учраас үнэлгээний хороо хэрэгжүүлж байгаа ажил байхгүй гэж үзээд үнэлгээ хийсэн. Сангийн яам тус 5 шаардлагаас 2 шаардлага нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, нэг шаардлагыг тодруулж үзэх зүйтэй, 2 нь үндэслэлгүй гэж гарсан. Иймд Сангийн яамнаас дахин үнэлгээ хий гэж шийдвэр гаргасан. Үүний дагуу үнэлгээний хороо дахин шийдэж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр Л*** ХХК-ийг шалгаруулсан. Сангийн яамны гаргасан шийдвэр хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан байгаа. Иймд гэрээ олгох мэдэгдэл гараад, үүний дагуу гэрээ байгуулагдаад, авсан ажил нь хийгдэж дуусгавар болох гээд явж байна. Тухайн ажил 98 хувийн гүйцэтгэлтэй улсын комисс хүлээж авах хугацаа нь товлогдсон байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.
9. Гуравдагч этгээд Л*** ХХК-ийн төлөөлөгч М.Н*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын гэрээ дугаар *** дугаартай тендерт шалгарч, шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг Худалдаа хөгжлийн банканд байршуулан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээт ажлыг гүйцэтгэж байна. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гүйцэтгэл 60% орчим байгаа бөгөөд ажил хэвийн үргэлжилж гэрээний хугацаанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *** ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай нэхэмжлэлд 29,2 дахь хэсэгт заагдсаны дагуу Л*** ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг танилцахад тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан бичиг баримтын бүрдэл хангалтгүй, зөрчилтэй, материал дутуу ирүүлсэн гэж тусган нэхэмжлэл гаргасан юм байна. Манай компанийн зүгээс тендерийн захиалагчийн шаардсан материалуудыг тендерт хавсарган илгээсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан зүйлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Захиалагчийн үнэлгээний хороо манай материалыг хянан үзэж шийдвэрээ гаргасан бөгөөд манай компанийн зүгээс ямар нэгэн холбоо, нөлөөлөл байгаагүй болно.
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын 3 дахь заалтад хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж болно гэсэн өгүүлбэрийг бид харсан. Бид хэрэгжүүлж байгаа ажлын зургийг оролцуулаагүй. Учир нь оруулсан ч байж болно, оруулаагүй ч байж болно гэсэн заалт байсан. Фото зураг гэсэн байсан, үүнийг бид оруулаагүй. Миний сертификатын тодруулга авахад бүх зүйлээр таарч хуурамч биш байсан. Анх barilga.mn-ийн 2 давхарт манайх сертификатаа сунгаж байсан, сунгуулахад хугацаа нь Кю Ар кодтой гарсан. Үүний талаар мэдэж байна. Хариуцагч талтай ижил дүгнэлттэй байна. Ажил дуусаж байхад энэхүү асуудал гарсан учраас шүүх хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *** ХХК-ийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот мэдэгдлээр ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.*** ХХК нь *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалтад оролцож, *** ХХК-ийг шалгараагүй болохыг мэдэгдсэн захиалагчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн *** дүгээр мэдэгдлийг эс зөвшөөрч, гомдол гаргаснаар Сангийн яамны 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичгээр захиалагчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ***, *** тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан.
3. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, тус тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн /*** дүгээр тэмдэглэл/ хурлаар гишүүдийн 100 хувийн саналаар Л*** ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн *** дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.
Уг шийдвэрийг *** ХХК-иас эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргахад тус яамны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 03/***5 дугаар албан бичгээр ...хариуг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот албан бичгээр хүргүүлсэн байх тул дээрх хууль, журамд заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу өгчээ.
4.Тендерийн баримт бичгийн ТШЗ 2.1-д Нийт төсөвт өртөг: *** төгрөг гэж заасан.
5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжаар *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулж, тендер шалгаруулалтад нийт нэр бүхий 3 хуулийн этгээд тендерийн баримт бичиг ирүүлснээс гуравдагч этгээд Л*** ХХК нь төсөвт өртөг *** төгрөг, нэхэмжлэгч *** ХХК нь төсөвт өртөг *** төгрөгийн санал ирүүлжээ.
6.Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн *** дүгээр албан бичгээр *** ХХК-д ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн гуравдугаарт эрэмбэлэгдсэн болно. Тус *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил *** дугаартай тендерт шалгарсан Л*** ХХК-тай дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон гэж,
7.Л*** ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны *** дүгээр албан бичгээр ... танай тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож буйг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг хүргүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Л*** ХХК нарын хооронд *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын гэрээ байгуулагдсан.
8.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана:, 11.4.1-д харьцуулах үнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ, 51 дүгээр зүйлийн 51.7-д Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
9. Хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерт оролцсон 3 хуулийн этгээдийн үнийн саналыг эрэмбэлэн харьцуулж, *** төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн Л*** ХХК-ийг *** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5-д тус тус заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
10.Тодруулбал, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ ХАБЭА ажилтнаар захирал М.Н*** өөрийгөө томилон ажиллуулах тушаал гаргасан зөрчилтэй, тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-ын 6-д заасан баримтыг ирүүлээгүй, М.Н***гийн сертификатад огноо зөрүүтэй, хүчинтэй эсэх нь тодорхойгүй, гүйцэтгэж байсан ажлуудын гүйцэтгэлийн явц, ажлын гэрээ, явцын талаар захиалагчийн тодорхойлолт, ажлын явцыг баталгаажуулсан фото зураг, бусад мэдээллийг ирүүлээгүй, санал болгосон автомашины мэдээлэл зөрүүтэй гэжээ.
11. *** ХХК-ийн гомдлыг хянасан Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичигт:
11.1.тендер шалгаруулалтын баримт бичигт санал болгож буй ажилтнуудыг томилсон тушаалыг ирүүлэх талаар шалгуур, шаардлагыг тусгаагүй байх тул Л*** ХХК-ийн захирал М.Н*** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар өөрийгөө томилон ажиллуулах тушаал гаргасан нь зөрчилтэй тухай гомдол үндэслэлгүй байна,
11.2.автомашин нь өөрийн эзэмшлийнх байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийг дээрх шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж тус тус дүгнэсэн.
12. Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлд:
12.1.Хэрэгжүүлж байгаа ажлын захиалагчийн тодорхойлолт, фото зураг шаардаагүй учраас өгөгдлийн хүснэгтээс өөр нэмэлт материал шаардаж болохгүй. Маягт 5 ирүүлнэ гэсний дагуу тухайн шалгарсан оролцогч Л*** ХХК маягтын дагуу ирүүлсэн байгаа нь шаардлагад нийцэж байна,
12.2.ТШЗ 19.2-ын 6-д заасан мэдэгдлийг ирүүлээгүй нь тендер шалгаруулалтаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна,
12.3.М.Н*** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан бэлтгэх сургалтад 40 цаг суралцаж *** дугаартай гэрчилгээг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны хооронд нэмэлт сургалтад хамрагдан хугацаагаагүйгээр сунгалт хийлгэсэн нь үнэн болохыг тодорхойлсон албан бичиг сертификатын хамт ирүүлсэн байна. Л*** ХХК шалгахыг дэмжиж байна гэж тус тус дүгнэжээ.
13. Нэхэмжлэгч *** ХХК нь хамгийн их үнийн саналтай тендер ирүүлсэн нь тогтоогдсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу Үнэлгээний хороо нь хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг шалгаруулсан нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
15.Мөн тендерт шалгарсан Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн алба ОНӨААТҮГ-ийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 434 дүгээр албан бичгээр ...*** дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэгчээр Л*** ХХК шалгаран ...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар уг төсөл арга хэмжээний ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй, ажлын үе шатны явцад зохиогч, захиалагчийн төлөөлөгч байгууллагууд хяналтаа тавин ажилласан.
Гүйцэтгэгчийн зүгээс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу манай байгууллага хуваарийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14.00-15.00 цагт ажиллах Ажил хүлээн авах комиссыг хуваарь оруулсан гэснийг дурдах нь зүйтэй.
16.Иймд *** ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** дүгээр мэдэгдлээр ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 51 дүгээр зүйлийн 51.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** дүгээр мэдэгдлээр ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН