Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0615/З |
Дугаар | 128/ШШ2024/0603 |
Огноо | 2024-07-30 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б***
Хариуцагч: Сонгино хайрхан дүүргийн Засаг дарга тамгын газар
Хариуцагч: *** дүүргийн Худалдан авах ажиллагааны алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Т***
*** дүүргийн Худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 0*** сарын 05-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгаж, дахин шинээр 2024 оны 0*** сарын 27-ны өдөр зарласан *** дугаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т***, Д.Ц*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.*** дүүргийн Худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 0*** сарын 05-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгаж, дахин шинээр 2024 оны 0*** сарын 27-ны өдөр зарласан *** дугаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/5903 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
*** ХХК нь *** дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зарласан "Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга (*** дүүрэг, *** хороо)-ын ажил гүйцэтгэх *** дугаар тендер шалгаруулалтад тендерийн бүх болзол, шаардлагыг хангаж тендерийн материалаа хүргүүлсэн. Гэвч тус албаны үнэлгээний хорооноос манай компанийг шаардсан инженер техникийн ажилтны материал ирүүлээгүй гэх үндэслэлээр тендерт шалгараагүй тухай 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *** дугаар албан бичиг ирүүлсэн.
Манай компани тус тендерийн ТШЗ 19.1-т Усан хангамж ариутгах татуурга инженер 1 хүн байна, үндсэн ажилтан байна, иргэний үнэмлэх, дипломын хуулбар, нийгмийн даатгалыг 36 сар төлсөн байх ТҮЦ машины лавлагаа-г ирүүлэх гэж заасныг хангаж тендер шалгаруулалтад өөрийн үндсэн ажилтан болох Усан хангамж, ариутгах татуургын инженер албан тушаалтай ***гийн *** /***/-ийн материалыг хүргүүлсэн. Ё.*** нь ШУТИС-ийг 2012 онд Сантехник, инженерийн байгууламж мэргэжлээр төгссөн, ус хангамж, ариутгах татуурга нь сантехникийн мэргэжил дотор байх нэг мэргэжлийн чиглэл ба суралцах хугацаандаа ус авах байгууламж, бохир зайлуулах сүлжээ, ус хангамж ариутгах татуурга, ус хангамж ус цэвэрлэгээний ашиглалтын засвар зэрэг ус хангамж, ариутгах татуургын хичээлүүдийг бүрэн судалсан, манай компанийн хийж гүйцэтгэж байсан барилга угсралтын ажлууд дээр ус хангамж, ариутгах татуургын чиглэлийн ажлуудыг гардан гүйцэтгэж ирсэн туршлагатай инженер тул захиалагчийн тавьсан шаардлага, шалгуурыг бүрэн хангасан болно. Энэхүү захиалагчийн гаргасан шийдвэрийг Сангийн яаманд гомдол аргасан. Сангийн яам тус гомдлыг тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын дагуу хянан үзээд захиалагчийн зүгээс *** ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж дүгнэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *** дугаартай албан бичгээр *** дүүргийн худалдан авах ажиллагааны албанд мэдэгдсэн болно.
Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дахин хуралдаж тус тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн боловч өөр үндэслэл зааж манай компанийн тендерээс *** дугаар албан бичгээр дахин татгалзахдаа захиалагчийн тавьсан ТШЗ 19.1-т "Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл-ийн шаардлагыг хангаагүй гэж, санал болгож буй тоног төхөөрөмжүүдээс авто кран болох *** УНМ-ийн ирүүлсэн зураг улсын дугаар байхгүй тул нотлох боломжгүй ба даацын мэдээлэл гэрчилгээнд тусгагдаагүй *** УНМ авто кран нь техникийн бүрэн магадлалд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр орох байсан ба ороогүй тул шаардлага хангаагүй гэжээ.
Тендерийн бичиг баримтад тавьсан ТШЗ 19.1-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл-ийн шаардлага хэсгийг манай компани бүрэн хангасан тендер хүргүүлсэн. Тодруулбал, манай компанийн зүгээс тус тендерт санал болгож буй *** УНМ улсын дугаартай авто кран нь 25 тонны даацтай, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, *** марктай, манай компанийн өөрийн эзэмшлийн техник хэрэгсэл бөгөөд энэ нь гэрчилгээний хуулбар болон авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар бүрэн нотлогдож байгаа /тендерийн материалд хавсарган өгсөн/ тул фото зураг дээр *** УНМ автомашины улсын дугаар байхгүй байна гэх ямар ч эрх зүйн үр дагаваргүй үндэслэлээр манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй болно.
Мөн *** УНМ улсын дугаартай авто кран даацын мэдээлэл гэрчилгээнд тусгагдаагүй байна гэх захиалагчийн татгалзал мөн ямар ч үндэслэлгүй юм. Учир нь тус гэрчилгээн дээр даацын мэдээллийг тусгаагүй нь манай компаниас үл шалтгаалах бөгөөд хариуцсан төрийн байгууллагын хийх ёстой асуудал юм, нөгөөтээгүүр хэдийгээр даацын мэдээлэл гэрчилгээ нь дээр тусгагдаагүй ч Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар 25 тонны даацтай болох нь бүрэн нотлогдоно. Бид энэ асуудлаар 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *** дугаар албан бичгээр Сангийн яаманд хандан дахин гомдол гаргасан. Сангийн яам тус гомдлыг хянан үзээд захиалагчийн зүгээс *** ХХК-ийн тендерээс татгалзсан нь мөн л үндэслэлгүй байна гэж үзээд захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэн.
Энэ тухай *** дүүргийн Засаг даргын тамгын газарт 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээний хороо дахин 2024 оны 0*** сарын 05-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл-ийн шаардлага хэсгийг хангахгүй байна хэмээн манай тендерээс татгалзсан. Өөрөөр хэлбэл 2 удаа 1 үндэслэлээр татгалзсан. Энэ тухай манай компанид 2024 оны 0*** сарын 11- ний өдрийн *** дугаартай албан бичиг ирүүлсэн. Манай компанийн зүгээс 2024 оны 0*** сарын 13-ны өдрийн *** дугаартай албан бичгээр Сангийн яаманд дахин гомдол гаргасан. Сангийн яам 2024 оны 0*** сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр ...шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлсэн.
Ийнхүү хариуцагчийн зүгээс манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа үндэслэлгүйгээр зөрчиж, улмаар тухайн тендер шалгаруулалтыг 2024 оны 0*** сарын 27-ны өдөр дахин шинээр зарласан байна.
Иймд *** дүүргийн Худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 0*** сарын 05-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгаж, дахин шинээр 2024 оны 0*** сарын 27-ны өдөр зарласан *** дугаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Захиалагч 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай компанийн тендерээс татгалзсан албан мэдэгдлийг ирүүлсэн байгаа. Тухайн мэдэгдлийн шалгараагүй талаарх тайлбар дээр санал болгож буй төхөөрөмжүүдээс авто кран болох *** УНМ ирүүлсэн зураг улсын дугаар байхгүй тул нотлох боломжгүй ба даацын мэдээлэл гэрчилгээнд тусгагдаагүй байна *** УНМ улсын дугаартай авто кран нь техникийн бүрэн магадлалд ороогүй тул шаардлага хангахгүй байна гэсэн хариу ирсэн. Тендерийн бичиг баримтад 1 авто кран байхыг шаардсан учраас бид *** УНМ улсын дугаартай авто кран яагаад шаардлага хангаагүй гэдэг тайлбар өгөхийг хүсэж байна. Тендер хүргүүлсэн зураг дээр улсын дугаар харагдахгүй байгаа нь үнэн гэхдээ тендерийн бичиг баримт дээр төсөлд ашиглах машин механизм, шалгаруулалтын өгөгдлийн зөвлөмж, төсөлд ашиглах машин механизм, багаж хэрэгслийн фото зураг, гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ. Хуулбар тод гаргацтай байна гэж байгаа юм. Заавал улсын дугаар харуулсан фото зураг шаардлагатай гэсэн зүйл байхгүй. Манай компанийн тендерээс татгалзаж байгаа шалтгаан дээр улсын дугаар харагдахгүй байна гэж байгаа нь үндэслэлгүй юм. Даацын мэдээллийн тухай бол улсын бүртгэлийн гэрчилгээ дээр даацын мэдээллийг тэмдэглээгүй байсан. Энэ тэмдэглээгүй шалтгаан нь манай компаниас хамаарах зүйл биш. Хариуцсан төрийн байгууллагын хийх ёстой ажил байсан. Нөгөөтээгүүр даацын мэдээлэл гэрчилгээ дээр байхгүй тусгагдаагүй ч Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар 25 тонны даацтай болох нь бүрэн нотлогдоно. Эсвэл *** маркаар интернэтээс хайж үзвэл 25 тонны даацтай гэсэн мэдээлэл гарч ирнэ. Үндсэндээ энэ 2 шалтгаанаар манай компанийн тендерээс татгалзсан юм. Сангийн яамны шийдвэр дээр тодорхой бичсэн байгаа. 0*** сарын 11-ны өдрийн *** дүүргийн Тамгын газарт хүргүүлсэн 05 дугаар сарын 02-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичиг дээр түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг улсын дугаарыг харуулсан фото зургийн хамт ирүүлнэ гэсэн шаардлага байгаа. Энэ *** УНМ авто кран нь өөрийн эзэмшлийн учир тул улсын дугаарыг харуулсан фото зургийг заавал ирүүлэх шаардлагагүй гэж үзсэн байгаа. Мөн машин механизмын техникийн үзлэгийн талаар захиалагчийн шийдвэр дээр дурдсан байдаг. Сангийн яам хянаж үзээд машин механизмын техникийн хяналтын үзлэгийн талаар тендер шалгаруулалтын бичиг баримт ямар нэгэн шаардлага заагаагүй тул *** ХХК-ийн тендерт санал болгосон кран шаардлага хангаж байна гэсэн хариуг захиалагчид хүргүүлсэн байгаа. Тийм учраас үнэлгээний хороог ажлаа дутуу буюу ямар нэгэн өөр ашиг сонирхлын үүднээс ажиллаж байна гэж үзэж бид шүүхэд хандаж байгаа. Энэ хүрээнд төрийн дээд байгууллага болох Сангийн яамны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Сангийн яамнаас өгсөн мэдэгдэл шийдвэрийг дагахгүй байгаа тул шүүхээс тендерийн хорооны үйл ажиллагааг үнэн зөв бодитой явуулах, манай компанийн явуулсан материал хамгийн сайн үнэлэгдсэн тендер буюу захиалагч талын шаардсан шаардлага бол үндэслэлгүй гэдгийг тогтоож манай компанийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг олгож өгөхийг хүсэж шүүхийн байгууллагад шүүхэд хандаж байгаа юм.
Сангийн яаманд манайх 3-4 удаа хандаж, Сангийн яам хянаад захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна дахиж үнэл гэдэг хариу өгөөд байгаа юм. Гэтэл захиалагч нь үүнийг үл тоомсорлож өөрийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа юм. Эсвэл өөр шалтгаан гаргаж бичээд байгаа юм. Хамгийн эхлээд боловсролын шаардлага үзсэн, дараа нь краны зураг таарахгүй гэж үзсэн, дараа нь бас өөр зүйл гаргаж ирсэн. Үнэлгээний хороонд үл итгэж байна. Шүүхээс хэрэв дахиж үнэл гэдэг шийдвэр гарвал үнэн зөв шийдвэр гарна гэдэгт би эргэлзэж байна. Сангийн яамны хариуг захиалагч тал эсэргүүцэхгүй хүлээн зөвшөөрч байна гэж бодож байна. Сангийн яамны хариуг хүлээн зөвшөөрсөн хэр нь яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм. Хэрэгжүүлэх хүсэл, сонирхол байхгүй байна гэж үзэж байна. Шүүхээс юу хүсэж байна гэхээр шударга үнэн зүйл л хүсээд байгаа юм. Үнэхээр манайх асар том алдаатай байсан уу. *** ХХК бол асар их алдаатай байсан шүү дээ. Энэ компанийн алдааг олж харахгүй хэр нь шалгаруулаад манай компанийг зураг, оношилгоо гэсэн сонин, сонин шалтгаан бичээд байгаа нь төрийн байгууллагын шударга үнэн, хууль журмын дагуу ажиллах зарчим нь эргэлзээтэй байна. Үүний дагуу бид төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг утгаар нь Засаг дарга, Засаг даргын үйл ажиллагааг хянадаг гэдэг утгаар нь Иргэдийн хурлын даргад 3-4 удаа бичиг өгсөн. Та бүхэн үүнийг хянаж үзээч, ийм шалтгаан гэж тайлбарлаад бичсэн. Үнэлгээний хорооны хурал дээрээс харахад эдгээр бичгүүдийг танилцуулсан байгаа юм. Танилцсан хэр нь дотор агуулга нь юу юм бэ, бид нарын үйл ажиллагаа зөв явж байгаа юм уу, буруу явж байгаа юм уу гэдгийг огт хэлэлцээгүй байгаа юм. Сангийн яамны шийдвэрийг ч огт хэлэлцэхгүйгээр шууд өмнөх шийдвэрээ хуулаад бичдэг асуудал гараад байгаа учир бид нар энэ асуудлыг шүүх эцэслэн шийдэж өгөөч гэдэг хүсэлт тавьж байгаа юм.
5. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус албанд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024 онд *** (***) төгрөгөөр санхүүжих дүнтэй Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга (Улаанбаатар, *** дүүрэг, *** хороо) төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын 2023 оны *** дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2024 оны *** захирамж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын тоо хэмжээ зураг төсөв, холбогдох материалыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн. Тус тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах хурлыг дүүргийн Засаг даргын *** дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо 100 хувийн ирцтэй хуралдан хэлэлцэж, Захиалагчаар батлуулан тендерийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр www.tender.gov.mn сайтаар нээлттэй зарлаж 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 10 минутад нээлт хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.8, 50.9 дэх заалтын дагуу захиалагч дүүргийн Засаг дарга үнэлэх үнэлгээний хороо байгуулсан ***, *** дугаар захирамжийг тус тус ирүүлсэн. Тус тендерийн нээлт хийхэд 6 компани үнийн санал ирүүлсэн. Дүүргийн Засаг даргын 2024 оны *** дугаар захирамжаар байгуулсан үнэлэх үнэлгээний хороо тендерийг хянан үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1 дахь заалтын дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр *** ХХК-ийг шалгаруулсан. Уг тендер шалгаруулалтад ТБОНӨХБАҮХАТ хуулийн 59 дүгээр зүйлийн дагуу Сангийн яаманд оролцогч байгууллагуудаас гомдол гаргасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сангийн яамнаас тендер шалгаруулалт түдгэлзүүлэх тухай *** дугаартай албан бичиг ирүүлсэн. Манай албанаас холбогдох материалыг хүргүүлсэн бөгөөд гомдол хянасан тухай албан тоотыг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн. Сангийн яамны гомдол хянасан албан тоот мэдэгдлийн дагуу холбогдох заалт тус бүрийг үнэлгээний хороо дахин нягталж үзээд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй байна гэж үнэлээд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн оролцогч нарт нэгэн зэрэг мэдэгдэл хүргүүлсэн.
Тус мэдэгдэл гарсантай холбогдуулан Сангийн яаманд оролцогч *** ХХК-аас гомдол гаргаж 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн Сангийн яамны тендер шалгаруулалт түдгэлзүүлэх тухай *** албан бичиг ирүүлсэн. Сангийн яаманд тухайн гомдолтой холбоотой тендер шалгаруулалтын холбогдох бүх материалыг хүргүүлсэн бөгөөд Сангийн яамнаас гомдол хянасан тухай 2024 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай албан бичгээр мэдэгдэл ирүүлсэн. Тус мэдэгдлийн дагуу үнэлгээний хороо дахин оролцогчийн ирүүлсэн тендерийн материалыг нягталж үзээд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу тус оролцогчийн тендерээс татгалзаж 2024 оны 0*** сарын 11-ний өдрийн *** тоот мэдэгдэл хүргүүлэн үр дүнг www.tender.gov.mn цахим хуудсанд байршуулсан.
Хуулийн 59 дүгээр зүйлийн дагуу гомдол гаргах хугацаа дууссанаас хойш буюу 2024 оны 0*** сарын 27-ний өдөр тендерийг зарласан. Манай албаны зүгээс ТБОНӨХБАҮХАТ хуулийн 60 дугаар зүйлд заасан нөхцөл үүсээгүй гэж үзэн тус нэхэмжлэхээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Уг тендер шалгаруулалт 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлт хийх бөгөөд тендер зарлагдаад ажлын 13 хоног өнгөрсөн энэ хугацаанд тухайн тендерийн сонирхогч хэдэн оролцогч материал ирүүлж тооцоо судалгаагаа хийж байхыг мэдэх боломжгүй тул нэг оролцогчийн эрх ашгаар олон оролцогчийн эрх ашиг хохирох ёсгүй бөгөөд тухайн гомдол гаргасан оролцогч шалгараагүй үндэслэлээ залруулан дахин оролцох эрх нь нээлттэй байгаа болно.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тендер бол 03 дугаар сарын 19-ний өдөр нээгдсэн тендер байгаа. 2 дахь Сангийн яаманд гомдол гарсны дараагаар 04 дүгээр сарын 29-ны өдөр Үнэлгээний хорооны нарийн бичгээр томилогдож ажилласан байгаа. Түрээсийн гэрээгүй ч тухайн байгууллага, оролцогч нь тухайн тендерт оролцсон тохиолдолд машин механизм, тоног төхөөрөмжид шаардагдах зургийг ирүүлэх шаардлагатай. Хэрэв зураг гэрчилгээ зөрсөн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан байгаа. Тухайн нэхэмжлэгч нь Тендер шалгаруулалтын зөвлөмжийн 19.3-ыг л яриад байна 19.3.4 дээр нь тодорхой заасан байгаа. Хоёрдугаарт, *** УНМ улсын дугаартай кран бол ойлгомжтой 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр магадланд орох ёстой гэтэл ороогүй байсан. *** УНМ улсын дугаартай краныг смарт.кар.мн-ээс хайхад 03 дугаар сарын 25-ны өдөр оношилгоонд орсон. Тендер нь өөрөө 03 дугаар сарын 19-ний өдөр нээгдсэн тендер байгаа. Гэрчилгээ дээр мэдээлэл дутуу байсан. Оношилгооны мэдээлэл бол тендер.гөөв.мн-ээс гарч ирдэг байгаа. Тухайн үед гарч ирэхгүй байсан учраас өмнөх үнэлгээний хороо нь ингэж шалгасан байсан. Тендер нээсэн өдрийн байдлаар тухайн оршин суугаа улсын татвар хураамж, төлбөр бүрэн төлөөгүй гэдэг шаардлагын дагуу *** УНМ улсын дугаартай краныг дүгнэсэн байгаа. Зургийн мэдээлэл бол зөрсөн. Гэрчилгээний мэдээлэл зөрсөн. Ийм шалтгааны улмаас үнэлгээний хороо 3 удаагийн хуралдааны шийдвэрээр өмнөх зөрчлүүд ялгаагүй дахин давтагдсан учраас *** ХХК-ийн тендерийн материалаас татгалзсан.
Хоёрдох тендер шалгаруулалтын тухайд бол *** УНМ улсын дугаартай кран фото зураг дээр утасны дугаар байсан. Энэ утасны дугаар луу залгаж үзсэн. Залгаад ярихад би түрээсээр ажиллуулдаг, миний нэр дээр байдаг гэж хэлсэн. Краны гэрчилгээ дээр 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *** ХХК-ийн нэр дээр байсан. Үүнээс хойш гэрчилгээ дээрх нэр солигдоогүй. *** УНМ улсын дугаартай кран тендерийн нээлт хийсний дараа 6 хонгийн дараа магадлалд орсон байсан. Гуравдах тендер шалгаруулалтын тухайд бол Сангийн яам бидний шийдвэрийг хянаад гомдлын дагуу шийдвэрлэсэн. Үүнд дэр нэмэгдээд Тамгын газар, Иргэдийн хурлын даргын албан бичгүүд ирсэн. Тухайн компани гомдол гаргасан гомдлын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн албан бичгийг ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо хуралдаад Сангийн яамны шийдвэр өмнөх бидний шийдвэртэй санал нэг байна. Тухайн компанийн материалыг үзэхэд зөрчил арилгаж өөрчлөгдсөн зүйл байхгүй. Мөн хөндлөнгөөс ирсэн албан бичгүүд Үнэлгээний хороонд нөлөөлж байгаа тул татгалзсан юм.
Үнэлгээний хороо 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байгаа. Техникийн өгөгдлийн хүснэгт боловсруулах үнэлгээний хороо тусдаа, үнэлэх үнэлгээний хороо бас тусдаа байгуулагдсан. Эхний *** ХХК-ийн шалгарсан шийдвэрийг бол Сангийн яамны дагуу шийдвэрлэсэн. Үүний дараа үнэлгээний хороо *** ХХК-ийн фото зураг, материалыг үзсэн. Үзэхэд яг адилхан байсан учраас өмнөх шийдвэрээ дагасан байгаа гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тендер нь өөрөө 03 дугаар сарын 19-ны өдөр нээгдээд эхний үнэлгээг хийсэн. Эхний үнэлгээнд 6 компани тендерт материал ирүүлсэн. *** ХХК-ийн эхний тендерээс татгалзах үндэслэл нь ус хангамж, ариутгах татуургын инженер байхгүй гэдэг шалтгаанаар татгалзсан. Тендерийн өгөгдлийн маягт дээр заахдаа сан техникийн инженерийг халаалт, агаар сэлгэлтийн инженер нь сантехникийн буюу дулааны инженер байх боломжтой гэж зааж өгсөн учраас ус хангамж, ариутгах татуургын инженер дээр мэдээлэл ирүүлээгүй. Мөн сантехникийн инженер, ус хангамж, ариутгах татуургын инженер дээр оруулж байна гэсэн хүснэгт маягт дээр мөн ирүүлээгүй учраас инженер, техникийн ажилтан ус хангамж, ариутгах татуургын инженер байхгүй гэдэг шалтгаанаар татгалзсан байгаа. Эхний тендерт шалгараагүй мэдэгдэл өгсний дараа Сангийн яаманд 3 компани гомдол гаргасны дагуу бид тендерийг дахин үнэлсэн. Дахин үнэлэхдээ бүх компаниудын тендерээс татгалзсан. Яг тендерийн шаардлага хангасан материал ирүүлсэн компани байхгүй гэдэг шалтгаанаар татгалзсан. *** ХХК-ийн машин, техникийн шаардлага хангаагүй, гэрчилгээ дээр даацын мэдээлэл байхгүй байгаа нь *** ХХК өөрсдөө Авто тээврийн үндэсний төв дээр манай техник 25 тонны даацтай үүнийг тусгаж өгөөч гэдэг зүйлийг хэлж тендерт оролцохоос өмнө материалаа бүрдүүлсэн байх ёстой гэж үзэж байна. Компани өөрийн ашиглаж байгаа машин, техникийн бүрэн бүтэн байдал болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр тавигдах мэдээллүүдийг төрийн байгууллагаас шаардах бүрэн эрхтэй. Эдгээрийг бүрдүүлж тендерт оролцох боломжтой гэж үзэж байна.
Үнэлгээний хороо 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралддаг байгаа. Үнэлгээний хорооны гишүүд бүгд саналын тэгш эрхтэйгээр оролцдог. Гишүүдийн саналаар бид үнэлгээний хороонд ангилан тэмдэглэл хийж шалгаагүй мэдэгдлийг бас өгдөг. Түүнээс биш хэн нэгэн хүний ашиг сонирхлын асуудал байхгүй. Үнэлгээний хорооны гишүүдийн саналд хэн нэгэн этгээд нөлөөлөх боломжгүй гэж заасан байгаа. Ямар нэгэн ашиг сонирхлын асуудал байхгүй. Үнэлгээний хорооны гишүүд бүрэн ирцтэй оролцож шийдвэр гаргаж хариу хариу хүргүүлсэн байгаа.
*** ХХК-ийн гаргасан гомдол болгоны тухайд бид үнэлгээ хийсэн. Хэн нэгэн хүний ашиг сонирхлын улмаас үнэлгээний хорооны гишүүдэд нөөлүүлэх эрхгүй. Гэхдээ *** ХХК нь манай хурлын дарга, Засаг дарга тамгын газрын даргад албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу бид бүх үнэлгээг хийсэн. Гишүүдийн гаргасан санал саналын тэгш эрхтэйгээ бүгд адил байсан тул ямар нэгэн өөрчлөлтгүй шийдвэр гаргасан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.*** дүүргийн Засаг даргын 2024 оны *** дугаар захирамжаар байгуулагдсан *** дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга (*** дүүрэг, *** хороо)-ын ажил гүйцэтгэх *** дугаар тендерийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр www.tender.gov.mn сайтаар нээлттэй зарлаж, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 10 минутад нээхэд 6 компани үнийн санал ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерийг хянан үзэж *** ХХК-ийг шалгаруулсан.
3.Тендерт оролцогч *** ХХК-д тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар албан бичгээр тендерт шалгараагүй тухай мэдэгдсэний дагуу Сангийн яаманд гомдол гаргасны дагуу хянан үзээд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *** дугаар албан бичгээр захиалагчаас *** ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж дүгнэн *** дүүргийн худалдан авах ажиллагааны албанд хүргүүлсэн.
4.Тодруулбал, Сангийн яамнаас тус компани тендерийн ТШЗ 19.1-т "Усан хангамж ариутгах татуурга инженер 1 хүн байна, үндсэн ажилтан байна, иргэний үнэмлэх, дипломын хуулбар, нийгмийн даатгалыг 36 сар төлсөн байх ТҮЦ машины лавлагаа"-г ирүүлэх гэж заасны дагуу Усан хангамж, ариутгах татуургын инженер Ё.***гийн материалыг хүргүүлсэн нь захиалагчийн тавьсан шаардлага, шалгуурыг бүрэн хангасан гэж дүгнэсэн байна.
5.Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, *** ХХК-ийн тендерээс дахин татгалзахдаа ТШЗ 19.1-т "Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл-ийн шаардлагыг хангаагүй гэж, санал болгож буй тоног төхөөрөмжүүдээс авто кран болох *** УНМ-ийн ирүүлсэн зураг улсын дугаар байхгүй, тул нотлох боломжгүй, даацын мэдээлэл гэрчилгээнд тусгагдаагүй *** УНМ авто кран нь техникийн бүрэн магадлалд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр орох байсан ба ороогүй тул шаардлага хангаагүй гэж дүгнэжээ.
6.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яаманд дахин гомдол гаргасны дагуу гомдлыг хянан үзээд *** ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэн захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэн.
7.Үнэлгээний хороо 2024 оны 0*** сарын 05-ны өдөр дахин хуралдаж тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-т "Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл-ийн шаардлага хэсгийг хангахгүй гэх үндэслэлээр дахин *** ХХК-ийн тендерээс татгалзаж, 2024 оны 0*** сарын 11-ний өдрийн *** дугаар албан бичгээр мэдэгдсэн.
8.Уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2024 оны 0*** сарын 2-ны өдрийн *** дүгээр албан бичгээр гомдолд дурдсан асуудлыг хянан үзэж 2024 оны 05 дугаар сарын 20-н өдрийн *** дугаар албан бичгээр хүргүүлсэн гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, гомдолд дурдсан асуудлыг өмнө шийдвэрлэж тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон талаар дурджээ.
9.*** ХХК-иас Тендерийн жишиг бичиг баримтын ТШЗ-т заасан шаардлагад нийцүүлэн ирүүлсэн *** УНМ улсын дугаартай авто кран нь 25 тонны даацтай, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, *** марктай, өөрийн эзэмшлийн техник хэрэгсэл болохыг нотолсон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа ирүүлсэн тээврийн хэрэгслийн фото зураг дээр автомашины улсын дугаар байхгүй, даацын мэдээлэл гэрчилгээнд тусгагдаагүй, оношилгооны мэдээлэл байхгүй гэх үндэслэлээр тендерээс 2 удаа татгалзсан байна.
10.Тендер шалгаруулалтын зөвлөмжийн 19.1 дүгээр зүйлийн 2-т ...тээврийн хэрэгслийн дугаар, холбогдох мэдээллийг ... санал болгоно, мөн зүйлийн 3-т түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг улсын дугаарыг харуулсан фото зургийн хамт ирүүлнэ..., 4-т төсөлд ашиглах машин механизм, багаж хэрэгсэл нь фото зураг, гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ... гэж заасан. Гэтэл *** ХХК-ийн санал болгосон *** УНМ улсын дугаартай авто кран нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *** ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ ирүүлсэн байхад түрээсээр ашиглахад тавигдах шаардлагын дагуу фото зурагт улсын дугаар ороогүй, утасны дугаарт залгахад түрээсийнх гэж хэлсэн гэх үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй.
11.Мөн *** УНМ улсын дугаартай авто краныг оношилгоонд ороогүй, гэрчилгээнд даацын мэдээлэл дутуу, *** УНМ улсын дугаартай авто кран нь техникийн бүрэн магадлалд ороогүй тул шаардлага хангахгүй гэж дүгнэсэн боловч Тендерийн бичиг баримтад 1 авто кран байхыг шаардсан учраас *** УНМ улсын дугаартай авто краны талаар үнэлэх шаардлагагүй, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн талаар тендер шалгаруулалтын бичиг баримтад ямар нэгэн шаардлага заагаагүй, мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд даацын мэдээллийг тэмдэглээгүй боловч Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар 25 тонны даацтай болох нь нотлогдож байна.
12.Сангийн яамны 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр *** ХХК-ийн гомдлыг хянаад захиалагчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ***, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан байхад хариуцагчаас Сангийн яамны гомдол хянаад гаргасан шийдвэрт дүгнэсэн асуудлыг дахин хянахдаа Сангийн яамнаас үндэслэлгүй гэж дүгнэснийг харгалзан үзэлгүй дахин татгалзаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2*** зүйлийн 26.1.Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ., 26.2.Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ., 27 дугаар зүйлийн 27.1-т Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ. гэж заасныг зөрчсөн.
Түүнчлэн мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т Захиалагч бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор дахин тендер шалгаруулалт зарлах тохиолдолд энэ хуулийн 59.1-д зааснаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дараагийн тендер нээхийг хориглоно. гэж заасныг зөрчиж *** ХХК-ийн гомдлоор шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад 2024 оны 0*** сарын 27-ны өдөр *** дугаар тендер шалгаруулалт дахин зарласан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
13.Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *** дүүргийн Худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 0*** сарын 05-ны өдрийн шийдвэр болон 2024 оны 0*** сарын 27-ны өдөр *** дугаар тендер шалгаруулалт дахин зарласныг хүчингүй болгож, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч *** дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10*** зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2*** зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.5-д заасны дагуу нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *** дүүргийн Худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 0*** сарын 05-ны өдрийн шийдвэр болон 2024 оны 0*** сарын 27-ны өдөр дахин зарласан *** дугаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч *** дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн үнэлгээний хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН