Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/268

 

 

 

 

 

    2023           03            09                                        2023/ДШМ/268                                  

 

З.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Аянагүл,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Г.Ичинхорол, Б.Чулуунгэрэл, 

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч М.Билгүтэй, Г.Ичинхорол, Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Б-т холбогдох 2207000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Шүүгдэгч З.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *******тоотод өөрийн төрсөн охин, бага насны хүүхэд болох Н.У-ийг 9 нас 5 сартай байхад нь 1 удаа, мөн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Партизаны сангийн аж ахуйн “Ногоон толгой” гэх газарт Н.У-ийг 10 нас 1 сартай байхад нь 3 удаа хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн буюу нийт 4 удаагийн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: З.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 (арван тав) жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 110 (нэг зуун арав) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н- нь хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч З.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч М.Билгүтэй давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч З.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо нотлох баримтын шаардлагад нийцээгүй баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тодруулбал; Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Н- /1хх-ийн 21- 23, 25/, гэрч З.И- /1хх-ийн 48/, гэрч А.Б- /1хх-ийн 91, 92/, гэрч А.Нэ /1хх-ийн 50, 51/, гэрч З.О- /1хх-ийн 62-64/, гэрч А.Т- /1хх-ийн 67, 68/, гэрч Д.З- /1хх-ийн 55-57/, гэрч З.Г- /1хх-ийн 78/ нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хуулийг тайлбарлаж гарын үсэг зуруулахдаа Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 гэсэн заалтуудыг тайлбарлаагүй ямар хуулийн заалт тайлбарласан нь тодорхойгүй, гэрч нар нь худал мэдүүлэг өгсөн бол ямар нэгэн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 15.7 зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, хохирогч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”, хуулийн 2-т “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг тайлбарлаагүй ямар хуулийн заалтыг тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй ба хуулийг бүрэн тайлбарлаагүй, хуулийн үг үсгийг гээж агуулгыг тус тус өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6-т “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэсэн заалтыг зөрчиж мэдүүлэг авсан. Мөн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа мэдүүлэг авах нийтлэг журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 7, мөн хуулийн 25.3 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн нотлох баримтууд хуульд заасны дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан гэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасан үндэслэл бий болж байх тул эдгээр нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэж заасантай нийцэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх” гэж хуульчилсан бөгөөд мөрдөгч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна.” гэж заасан. Энэ хуулиар мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх, үүрэг үүсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах”, мөн 1.3-т “Шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх”, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-с 10 дахь заалтад “энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг мөрдөгчид олгох” гэж зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор, эсхүл прокурорын зөвшөөрөл, даалгавраар мөрдөгч хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэг үүснэ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан үндэслэлүүдээр эрх, үүрэг үүсээгүй мөрдөгчид тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Нотлох баримт гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж тодорхойлсон. Энэ хуульд тодорхойлж өгсөн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан, үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж тус тус заасан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 6.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэг үүсээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар заримыг нотлох баримтаар тооцохгүй юм. Үүнээс гадна хяналтын прокурор 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр З.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар татаж /1хх 01/ улмаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулахдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэж нэмэлт, өөрчлөлт оруулж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй ” гэж яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоол нь зөрүүтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдана” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөгч Д.Д-, Д.Б-, Н.Т-, А.Б-, Ч.А-, М.С-э нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэснийг зөрчсөн. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын даалгавар, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолгүйгээр мөрдөгч Д.Д-, Д.Б-, Н.Т-, А.Б-, Ч.А-, М.С-э нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь шүүгдэгч З.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хангалттай бус, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Г.Ичинхорол нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт 2021 оны 12 дугаар сард анх хүчирхийлүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд тухайн үед З.Б-тэй хамт байсан гэж мэдүүлсэн байдаг. Чухамдаа тухайн цаг хугацаанд З.Б- нь самранд яваад 2023 оны 01 дүгээр сард ирсэн талаараа мэдүүлдэг бөгөөд үүнийг нь тодорхой хүмүүс гэрчлэх боломжтой талаар тайлбарладаг. Үүнийг мөн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс ч тайлбарласан байдаг зэргээс үзвэл гэмт хэрэг анх хаана үүссэн, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг, орон зай, цаг хугацааны хувьд шалган тогтоогоогүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс уг цаг хугацаанд охинд ямар нэгэн шинж тэмдэг гарсан эсэхэд тайлбар өгөөгүй байдал нь хэргийн хувьд зайлшгүй тодруулах шаардлагатай үйл баримтыг шалган тогтоогоогүй гэж үзэхээр нөхцөл байдлыг бий болгосон.

Шинжээчийн дүгнэлтийн 5 дахь заалтад “Үзүүлэгчийн охин хальс хуучин урагдалтай байна. Хуучин урагдал нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн байх бөгөөд тус урагдлын хугацааг тоолох, тооцоолох үндэслэлийг ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй. Нөгөөтээгүүр хохирогч 2022 оны 7 дугаар сар болон 2021 оны 12 дугаар сард тус тус хүчиндүүлсэн гэж тайлбар хэсэгт тусгагдсан байх бөгөөд тус хугацаанд охин хальс урагдсан байх боломжтой эсэх дээр дүгнэлт хийлгүйгээр дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар охины онгон хальс 18 цагийн харалдаа хуучин урагдалтай гэж дүгнэсэн байх бөгөөд яллагдагчийн бэлэг эрхтний хэмжээ болон тус цагийн байрлалд урагдал үүсгэхүйц хэлбэртэй эсэхийг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай. Шинжээчийн дүгнэлтэд хуучин урагдалтай гэж тусгасан бөгөөд чухамдаа хүний бие физиологийн үүднээс эмэгтэй хүн эрт бэлгийн чадавхитай болох, төрөлхийн онгон хальсны урагдалтай байх шинж тэмдгүүдтэй байж болдог. Хэрэгт бага насны хохирогчийн хальс төрөлхийн урагдалтай байсан эсэхийг дахин тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул дахин шинжээч томилж эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгаж шийдвэр гаргах ёстой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хувьд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анхны мэдүүлгээ өгсөн бөгөөд тус мэдүүлгээ миний үйлчлүүлэгчийг холбогдох хэргийг удаа дараа үйлдсэн. Согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ үйлддэг гэх мэтчилэн үйл явдлыг нэгд нэгэнгүй тайлбарласан бөгөөд тус мэдүүлэг өгөх үйл явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байлцсан байдаг. Иймд хохирогчийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх, хууль ёсны төлөөлөгчийн нөлөөн дор мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах зайлшгүй шаардлага үүсэж байна. Чухамдаа хууль ёсны төлөөлөгчийн буюу өөрийн ээжийн хэлсэн зүйлсийг нэгд нэгэнгүй тайлбарласан бол тус мэдүүлгийг үнэн гэж үзэхэд эргэлзээтэй. Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хооронд бичилцсэн чатуудад хоорондоо хүүхдийн талаарх асуудал, шүүгдэгчийн зүгээс гаргаж байгаа санаа, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал байсаар атал мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувийн байдлыг шалган тогтоогоогүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг асуудалд тайлбар гаргахдаа Н-гийн эгчийн нөхөр болон хүүг бага насны хохирогчид бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн, хүчирхийлсэн байх боломжтой талаарх дүгнэлтдээ хэрэгт хамааралгүй байдлаар тайлбарласан, мөн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт ээж, эгчтэйгээ хамт амьдардаг талаар мэдүүлсэн мэдүүлгээр дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийгдсэн гэж үзнэ. Учир нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эгчийн хувьд мэдүүлэхдээ нөхөр, хүүхдүүд болон Н-, түүний охинтой амьдардаг талаар дурдсан. Хохирогч, гэрчүүдийн байлцсан, хамт амьдардаг хүмүүсийн мэдүүлэгт зөрүү үүсэж байхад мөрдөн шалгах ажиллагаанд мухарлан тогтоогоогүй байхад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна. Мөн шийтгэх тогтоолд иргэдийн төлөөлөгчийн зүгээс гэм буруутай эсэхийг дүгнэхдээ шалгах ёстой ажиллагаанууд байгаа юм байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээрэй, 2021 оны 11-12 сард өөр газарт байхад түүнийг нь шалгаагүй зэрэг шаардлагатай тогтоох үйл явдлуудыг тогтоогоогүй байхад шийдэж болохгүй гэж тайлбарласан байхад шүүх шийтгэх тогтоолдоо гэм буруутай гэж дүгнэсэн гэж зөрүүтэй тусгасан байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч Г.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Б.Чулуунгэрэлтэй хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч З.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна. Гэм буруутай үйлдэл хийгээгүй байж ял авсандаа гомдолтой байна. ...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Б- нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, хүчирхийллээс ангид байлгах үүрэг бүхий этгээд байтал энэ үүргээ биелүүлэлгүйгээр хохирогчийн сэтгэхүйн хөгжил бүрэн төлөвшөөгүй, бэлгийн харьцааны учир холбогдол, үр дагаврыг ухаарч ойлгоогүй, өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чадваргүй, эмзэг байдлыг нь далимдуулж  бэлгийн харьцаанд удаа дараа орсон болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдагдсан нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Давж заалдах гомдолд “хууль ёсны төлөөлөгч үг зааж өгсөн, хамтран амьдардаг залуу, эрэгтэй хүүхдийг хэрэгт холбогдуулан шалгаагүй” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тайлбарласан. Мөн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг буруу бичсэн гэсэн байна. Иргэдийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт хэлсэн. Өмгөөлөгч М.Билгүтэй давж заалдах гомдолдоо гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн байна. Гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу эрх, үүрэг тайлбарлаж, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг байлцуулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг тогтвортой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдолдоо шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн онгон хальс хуучин урагдалтай байсан, үүнийг хэзээ, хэрхэн үүсгэгдсэнийг тогтоогоогүй гэжээ. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулсан бөгөөд шинжээч эмч дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн хохирогчийн анх өгсөн мэдүүлэг нөлөөнд автсан байсан учир хууль бус гэж тайлбарлаж байна. Прокурорын зүгээс насанд хүрээгүй хохирогчийн анх өгсөн мэдүүлэг нь хуулийн хүрээнд авагдсан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувийн байдлыг ар гэрийнх нь амьдарч байгаа нөхцөл байдлын хүрээнд тогтоосон. Мөн өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн газрыг тогтоогоогүй гэж байна. Гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ах, дүү, төрөл садны хүмүүсээс тодруулж, гэмт хэрэг гарсан газрын хаягийг дэлгэрэнгүй байдлаар тогтоосон. Өмгөөлөгч М.Билгүтэйн давж заалдах гомдолд хариу хэлэхэд хэрэгт мөрдөгч А.Б- мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад албаны даргын цохолтоор мөрдөгч Д.Б- хэргийг хүлээн авсан бөгөөд Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоож мөрдөгч М.С-ийг цохолтоор томилсон. Өөрөөр хэлбэл, хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан талаар давж заалдах гомдолд дурдсан байна. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа яллагдагч, гэрч, хохирогч нарын мэдүүлэгт үндэслэн гэмт хэрэг хэзээ, хаана гарсан талаар дэлгэрэнгүйгээр тогтоож өөрчлөлт оруулахдаа техникийн алдаа гаргаж Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 гэхийг 12.1 дүгээр зүйлийн 1 гэж бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч З.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч З.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *******тоотод өөрийн төрсөн охин, бага насны хүүхэд болох Н.У-ийг 9 нас 5 сартай байхад нь 1 удаа,  мөн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Партизаны сангийн аж ахуйн “Ногоон толгой” гэх газарт Н.У-ийг 10 нас 1 сартай байхад нь 3 удаа хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн буюу нийт 4 удаагийн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Н.У-ийн “...2021 оны 12 дугаар сард шинэ жил болохын өмнөхөн эмээ О- над руу утсаар яриад манайд ирээч гэсэн юм. ... Маргааш нь аав ирээд намайг дагуулан очихдоо замдаа дэлгүүр орэ өөртөө нэг шил архи, надад ундаа авсан. ... Тэр оройноо бид хоёр хамт хоносон бөгөөд аав бид хоёр нэг хөнжилд өвөртөө ороод унтсан. Тэгтэл шөнө дунд гэнэт миний давсаг хэсэгт өвдөлт мэдрэгдэж би сэрсэн. Тэгэхэд аав миний хажуу тал араас өөрийнхөө боожгойг гаргаад миний боожгой руу хийчихсэн хөдөлж байсан. 10-20 орчим минут ийм зүйл болж дуусаад аав унтаад өгсөн. ... Миний турсик цус болчихсон байсан. ... Дараа нь 2022 оны 8 сарын эхээр эмээ над руу яриад “аав чинь хөдөө ганцаараа байгаа, ханьтай байж бай” гэхээр нь би ээж З.Н-д дургүй байгаагаа хэлсэн ч эмээ “аав дээрээ оч” гээд байсан болохоор аргагүй явахаар болсон. ...би О- ахын машинд суугаад хөдөө гэрт нь очсон. ...О- ахынх том, жижиг хоёр гэртэй жижиг гэрт аав бид хоёр хоёулахнаа хоносон. Аав хаана архи уусныг бүү мэд, бас л согтуу байсан. Тэр шөнө аав миний турсикийг тайлаад өөрийнхийгөө бас тайлаад шууд миний дээр гараад миний хоёр хөлийг алцайлгаад өмнөх шигээ миний боожгой руу өөрийнхөө боожгойг хийгээд хөдлөөд эхэлсэн, 10 орчим минут болоод дууссан гэж бодож байна. ...” /1хх 30-31, 37-40/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-гийн “...Б- 2021 оноос эхлэн охиноо гэр лүүгээ авч явдаг, нааш, цааш хүргэж өгдөг болсон. ...Доошоо юм гараад зогсохгүй байна гэхээр нь 2022 оны 9 сарын эхээр Налайх дүүргийн эмнэлэгт А.Нэ гэдэг эмчид охин Н.У-ийг үзүүлэхэд “охин чинь хүнд хүчиндүүлээд удчихсан байна, саяхан хүчиндүүлсэн шинжтэй үрэвсэл ихтэй байна, охин хальс нь цоороод удсан байна” гэж хэлсэн. Тэгээд би гараад охиноосоо “юу болсон, хэн яасан, үнэнээр нь хэл” гэхэд “аав шөнө унтаж байхад хүчиндсэн, нийт 3-4 удаа хүчиндсэн” гэж ярьсан. ...” /1хх 21-23/,

гэрч З.И-ын “...2022 оны 8 сарын дундуур Н.У- төрсөн эцэг З.Б-тэйгээ уулзахаар Улаанбаатар хот руу явж 7 билүү 8 хоночихоод буцаж Налайхад гэртээ ирээд ганц хоёр хоногийн дараагаас надад “Хорлоо эгчээ миний дотуур хувцас цус болчихсон байна” гэж хэлэхээр нь би биений юм нь ирчихсэн юм байх гэж бодоод ариун цэврийн хэрэглэл өгөөд өнгөрсөн. ...Тэгтэл маргааш нь дахиад над дээр хүрч ирээд “доошоо шар ногоон өнгийн үнэртэй юм гараад байна” гэж хэлэхээр нь би гайхаад Налайхын эмэгтэйчүүдийн эмч дээр дагуулж очиж үзүүлэхэд Нэ гэх эмч  “танай дүү чинь бэлгийн харьцаанд орсон шинж тэмдэг байна, энэ нь нэлээн хуучных байна, сүүлд бас шинэ урагдал цоорол үүссэн байна, бэлэг эрхтэн нь хавдчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь З.Н- бид хоёр Н.У-ээс “миний дүүг хэн ингэчих вэ, чи эгчдээ үнэнээ хэлчих” гэж аргадаж гуйж байгаад яриулахад “өвөл сурагчдын амралтаар өвөө эмээгийнд очиход аав, эмээ, өвөөг байхгүйд хаалгаа цоожилж байгаад намайг ингэчихсэн, сүүлд бас аав намайг хөдөө дагуулж яваад тэндээ бас намайг оролдож миний дээр гарчихаад өвдөөд байна гэхэд тоохгүй ийм зүйл хийчихсэн” гэж хэлсэн. ...” /1хх 48/,

гэрч А.Нийн “...түүний бэлэг эрхтэнд үзлэг хийхэд ...охины умдагт үс ургаагүй, хөх ургаагүй, гадна бэлэг эрхтний хөгжил зөв, бэлгийн хоёрдогч шинж тэмдэг эхлээгүй, гадна бэлэг эрхтний орчмоор үрэвслийн шинжтэй, цайвар шаргал өнгийн өнгөртэй байсан. Үзлэгийг цааш үргэлжлүүлж умдагны бага уруулыг хоёр тийш нь тэлж харахад охин хальс нь бүтэн бус шинжтэй, үтрээний үүдэвчинд идээрхэг ногоон өнгөтэй ялгадас ихтэй харагдсан. Энэ байдал нь охиныг бусадтай бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн ойлголтыг төрүүлсэн. Ингээд би үзлэгийг дуусгаж охины ээжийг нь дуудаж уулзахдаа охины онгон хальс бүтэн биш байгааг хэлээгүй. ...Тэгэхээр нь “миний охиныг хэн оролдсон юм бэ?” гэхэд надад “би хааяа аав дээрээ очдог, аавтайгаа хамт унтдаг, өглөө сэрэхэд миний дотуур хувцас тайлагдчихсан, би өөрөө шалдан хэвтэж байдаг” гэж хэлсэн. ...Тэр хоёрыг явсны дараа манай эх баригч эмч Нарантогтох манай өрөөнд орж ирээд “эмчээ таны мазокын /үтрээний наалдцын шинжилгээ/-д явуулсан охин бэлгийн харьцаанд орчихсон хүүхэд байна, та үүнийг нь цагдаад мэдээлэх ёстой” гэж хэлэхээр нь би уг асуудлыг Цагдаагийн байгууллага руу уламжлуулж мэдэгдсэн юм. Охиныг анх үзэхэд охин хальс бүтэн биш, байгаа урагдал гэмтэл нь шинэ биш, хуучин үүссэн шинжтэй байсан, яг хэзээ гэмтсэн талаар нарийн цаг хугацааг нь тогтоох боломжгүй. ...”/1хх 50-51/,

гэрч Д.З-ын “...нэг ирэхдээ 7-8 хоноод буцдаг байсан. Хөгшин бид хоёрын түр амьдарч байсан подвальд ч, Толгойтод дахь гэрт аавтайгаа ч, ганцаараа ч У- бидэнтэй хонож өнжих тохиолдол олон байсан. Хамгийн сүүлд У- аав дээрээ 2022 оны 8 дугаар сарын 10-ны үед очоод аавыгаа хуриманд оролцохоор ирэхэд хотод хамт ирсэн. ...” /1хх 56-57/,

гэрч А.Т-гийн “...найрнаас өмнөхөн манайд нөхрийн дүү Г-ын хоёр охин, Б-ийн охин У- ирж 5-6 хоносон. Хуримын мах шөл гаргаад Г- 2022 оны 8 дугаар сарын 13 өдөр хүүхдүүдээ аваад буцахад нь У- суугаад явсан. ...” /1хх 67-69/,

гэрч З.Г-ын “...Хорлоогийн хэлснээр бол “2021 оны 12 дугаар сард танайд очихдоо У- нь аавдаа хүчиндүүлсэн байна” гэсэн. Тэр үед би Н.У-ийг аавынд ирсэн гэж мэдээгүй, тэд нар Толгойтод ирсэн эсэхийг үнэхээр санахгүй байна. Харин 2022 оны 6 сард хүүхдийн баяраар ирээд буцсан санагдаж байна. Үүний дараа 2022 оны 8 дугаар сарын 07, 08-ны үед манай ах З.О- манай хоёр охин болон Н.У-ийг аваад гэртээ очсон. Би араас нь 13-ны өдөр очоод 2 хүүхдээ авахад Н.У- бидэнтэй хамт хотод ирсэн. Тухайн үед ахынх 61-ийн гарам орчимд хөдөө ганц гэрээрээ зусаж байсан юм...” /1хх 78/,

гэрч П.О-ы “...Ууганаа 2022 оны 8 дугаар сарын 08-ны орчим том хүү О-тэй маань хамт хөдөө гэр лүү нь аав дээрээ очих гээд явсан. Тэнд байж байгаад найрны урд 13-нд байх Г- хөдөөнөөс өөрийнхөө охидуудтай хамт Ууганааг аваад ирсэн. ...” /1хх 83/,

гэрч Х.О-ы “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр Б- охин У-ийг 13 дугаар хороололд байх подвалийн гэртээ анх авчирч надтай танилцуулсан. Охин нь ирээд 5-6 хоносон. Тэр хугацаанд подваль болон Толгойт дахь гэрт ээлжлэн очиж бид гурав хонож байсан. ...Нэг оронд бид гурав хамт ороод Б- бид хоёр тусдаа хөнжилтэй, Ууганаа тусдаа хөнжилтэй аавынхаа цаагуур унтдаг байсан. ...2022 оны 8 дугаар сарын 09-ний үед Б- над руу яриад охин ирсэн гэж хэлж байсан. ...” /1хх 72-74/,

гэрч Н.Г-ын “...миний санаж байгаагаар 2022 оны 9 дүгээр сарын 10-ны орчим Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Нэ эмчийн туслах Нараа гэдэг эмэгтэй над руу утасдаж “манай эмнэлэг дээр насанд хүрээгүй хүүхэд бэлгийн харьцаанд орсон байдалтай ирсэн байна. Энэ тохиолдолд бид яах ёстой вэ гэж асуусан. Тэгэхээр нь би учрыг нь олж өгье гээд Эрүүгийн тасгийн дарга хошууч Батмөнхөд энэ асуудлыг танилцуулж, ЦБҮАЖ-307- д заасны дагуу гэмт хэргийн шинжтэй мэдээллийг санд шивж оруулсан. Үүний дагуу эрүүгийн мөрдөгч Б- уг мэдээллийн дагуу ажиллагаа явуулсан. ...” /1хх 87-88/,

шинжээч эмч С.Төгсбуяны “...үзүүлэгчийн охин хальс ердийн бүтэцтэй, 18 цагийн чиглэлд сууриа хүрээгүй хуучин урагдалтай байсан. Шинэ, хуучин урагдлыг хараад ялгах боломжтой. 21 хоногоос дээш хоног өнгөрсөн бол хуучин урагдал гэж үзэж байгаа. Энэ хохирогчийн хувьд охин хальс гэмтээхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй. Үзүүлэгчийн охин хальс төрөлхийн урагдалтай биш, тийм бүтэцтэй байгаагүй. ...” /2хх 133-134/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Н.У-ийн бэлгийн бойжилт насандаа тохирсон байх бөгөөд бэлгийн бойжилт гүйцээгүй байна. Үзүүлэгчийн нас нь төрсний гэрчилгээн дээрх бичигдсэн настай тохирч байна. ...Үзүүлэгчийн охин хальс хуучин урагдалтай байна. Хуучин урагдал нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний 413 дугаар дүгнэлт /1хх 95-96/,

“...Н.У- нь өөрийн насны түвшинд болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.У- нь гэмт хэрэгт өртсөний улмаас одоогоор Айдас түгшүүрийн хам шинжтэй болохыг тогтоосон. ...” Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1042 дугаар дүгнэлт /1хх 113-115/,

насанд хүрээгүй хохирогч Н.У-ийн нас тоолсон тэмдэглэл /1хх 188/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч З.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч З.Б-ийн өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй Н.У-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Б-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 15 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч М.Билгүтэй “...насанд хүрээгүй хохирогч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг авсан, ...мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын даалгавар, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолгүйгээр мөрдөгч Д.Д-, Д.Б-, Н.Т-, А.Б-, Ч.А-, М.С-э нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, ... яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зөрүүтэй, ...мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь шүүгдэгч З.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хангалттай бус, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол, Б.Чулуунгэрэл нар “...З.Б- 2021 оны 12 дугаар сард өөр газарт байсан байхад түүнийг нь шалгаагүй, ... хохирогчийн охин хальсны хуучин урагдал хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй гэсэн нь ойлгомжгүй, ...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг буруу бичсэн, ... хууль ёсны төлөөлөгч үг зааж өгсөн, хамтран амьдардаг залуу, эрэгтэй хүүхдийг хэрэгт холбогдуулан шалгаагүй, ... дээрх гэмт хэргийг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бага насны хүүхдийг бие хамгаалж чадахгүй болон тэрхүү үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан шүүгдэгч З.Б- нь түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан бөгөөд шүүгдэгч нь өөр өөр цаг хугацаанд, хэд хэдэн удаа бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн талаар бага насны хохирогч Н.У-ийн тогтвортой дүрслэн мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сард шинэ жил болохын өмнөхөн ...шөнө дунд гэнэт миний давсаг хэсэгт өвдөлт мэдрэгдэж би сэрсэн. Тэгэхэд аав миний хажуу тал араас өөрийнхөө боожгойг гаргаад миний боожгой руу хийчихсэн хөдөлж байсан. 10-20 орчим минут ийм зүйл болоод дуусаад аав унтаад өгсөн. ... Миний турсик цус болчихсон байсан. ... Дараа нь 2022 оны 8 сарын эхээр... Аав хаана архи уусныг бүү мэд, бас л согтуу байсан. Тэр шөнө аав миний турсикийг тайлаад өөрийнхийгөө бас тайлаад шууд миний дээр гараад миний хоёр хөлийг алцайлгаад өмнөх шигээ миний боожгой руу өөрийнхөө боожгойг хийгээд хөдлөөд эхэлсэн, 10 орчим минут болоод дууссан гэж бодож байна. ...” гэх мэдүүлгүүдийн агуулга өөрчлөгдөөгүй, түүнийг дамжмал байдлаар нотолсон бусад гэрчүүдийн мэдүүлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “...Н.У- нь өөрийн насны түвшинд болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан дүгнэж, шүүгдэгч З.Б-ийг өөрийн дур хүслээ хангахыг эрмэлзэж, бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр уг гэмт хэргийг З.Б-ээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын даалгавар, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолгүйгээр мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэх гомдлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

 

Насанд хүрээгүй хохирогч Н.У- бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч А.Нэ 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар /1хх-5/ Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Б- хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах саналтайгаар /1хх 5/, тус дүүрэг дэх цагдаагийн хэлстийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Баяржаргал хийвэл зохих хойшлуулшгүй ажиллагааг нэн даруй хийж танилцуулахаар мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Б-т цохолт /1хх 5/ хийж тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Т- гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийн дагуу уг хэрэгт сэжиглэгдэж байгаа З.Б-ийг цагдаагийн байгууллагын холбогдох ажилтны хамт дайчлан баривчилсан талаараа тус тус илтгэх хуудас бичжээ.  /1хх 6/.

 

 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Б- хэргийн харьяаллыг тогтоолгох санал гаргасныг /1хх 7/, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/852 дугаар прокурорын тогтоолоор хэргийн харьяаллыг өөрчлөн, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг тогтоож /1хх 10-11/, тус хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Нямрагчаагийн цохолтоор /1хх 13 хуудасны ар талд/ тус хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.С-эд хуваарилжээ.

 

Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Нямрагчаагийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай” тогтоолоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.С-э нь Мөрдөн байцаах албан даргын тушаалаар эрүүгийн 2238000491078 дугаартай хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллах болсон шалтгаанаар эрүүгийн 22070000200196 дугаартай хэргийг мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Д-д шилжүүлсэн байх бөгөөд /1хх 14/ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, нотолж чадсан, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг мөрдөгч хуульд заасан арга, хэрэгслээр мөрдөн шалгаж, гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэлд үндэслэн нягтлан тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

З.Б-ийг 2021 оны 12 дугаар сард байгаагүй гэх асуудлын тухайд, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг болон гэрч Х.О-ы “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр Б- охин У-ийг 13 дугаар хороололд байх подвалийн гэртээ анх авчирч надтай танилцуулсан. Охин нь ирээд 5-6 хоносон. ...”, гэрч Д.З-ын “...эхнэр бид хоёр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байрны үйлчлэгчээр ажиллаж тэндээ байрлаж гэртээ ирэн очин байсан. Тэр хооронд Б- гэртээ болон манай подвальд хааяа ирж очин байдаг байсан. Энэ хугацаанд О- гэдэг эмэгтэйтэй үерхэж хэдэн сар болсон. ...” гэрч П.О-ы “...О- гэдэг эмэгтэй 2021 оны 9 дүгээр сараас хойш уулзаад байгаа. ...” гэсэн мэдүүлгээр дээрх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна.

 

Насанд хүрээгүй хохирогч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг авсан гэх асуудлын тухайд, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 04, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Н.У-ээс мэдүүлэг авахын өмнө мөрдөгч түүнд хохирогчийн эрх, үүргийг нь танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөхийн чухлыг тайлбарлаж мэдүүлэг авсан нь /1хх 27-28, 35-36/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх бөгөөд мөн зүйлийн 7 дахь заалтад зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхээс өмнө оролцох хүнд энэ хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрхээ эдлэх боломжоор хангах үүрэг хүлээхээр, мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэмдэглэл үйлдэж түүнд оролцсон хүнд эрх, үүргийг танилцуулсан тухай бичиж тусгахаар тус тус заасан байна.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч нараас мэдүүлэг авахдаа тэдэнд эрх, үүргийг нь танилцуулж, Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дэх заасныг тайлбарлан хууль сануулсан баталгаан дээр гарын үсэг зуруулжээ. /1хх 47, 53-54, 60-61, 65-66, 70-71, 75-76, 80-81, /

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зөрүүтэй бичигдсэн гэх асуудлын тухайд, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд иргэдийн төлөөлөгч шүүгдэгч З.Б-ийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаж байна  /2хх 129/ гэж тусгагдсан нь шийтгэх тогтоолд бичигдсэнтэй агуулгын хувьд зөрүүгүй байна.

 

Шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй гэх асуудлын тухайд, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг, ялангуяа хүчиндэх, түүн дотор бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад охин хальсны байдал ба хурьцал үйлдэгдсэн эсэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй өөр үйлдэл хийсэн эсэхийг шинжээч томилон заавал магадлуулах шаардлагатай.

 

Учир нь, тусгай мэдлэг бүхий, хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчийн дүгнэлт нотлох баримтын эх сурвалж болдог бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

 

Шинжээчийн дүгнэлтэд Н.У-ийн охин хальс хуучин урагдалтай. Хуучин урагдал нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй талаар тусгасан бөгөөд шинжээч эмч С.Төгсбуяны “...Үзүүлэгчийн охин хальс ердийн бүтэцтэй, 18 цагийн чиглэлд сууриа хүрээгүй хуучин урагдалтай байсан. Шинэ, хуучин урагдлыг хараад ялгах боломжтой. 21 хоногоос дээш хоног өнгөрсөн бол хуучин урагдал гэж үзэж байгаа. Энэ хохирогчийн хувьд охин хальс гэмтээхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй. Үзүүлэгчийн охин хальс төрөлхийн урагдалтай биш, тийм бүтэцтэй байгаагүй. ...” гэж тодорхой мэдүүлжээ.

 

Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зөрүүтэй гэх гомдлын тухайд, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн прокурорын тогтоолоор З.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж /1хх 1-3/ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 51 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /1хх 237-241/ гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасан талаар прокурор тайлбар гаргаж байх бөгөөд прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 216 дугаар яллах дүгнэлтэд З.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж /2хх 1-8/ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч М.Билгүтэй, Г.Ичинхорол, Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч З.Б-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 45 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч М.Билгүтэй, Г.Ичинхорол, Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 45 /дөчин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН