| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 109/2017/0030/З |
| Дугаар | 0457 |
| Огноо | 2018-11-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 0457
Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай
аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Х.Батсүрэн,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал.
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “Ар ус ундарга” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”,
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 109/ШШ2018/0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.А, Б.Э, В.Г, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, өмгөөлөгч Э.Н, Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б нар.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр: “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаарын захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “Ар Ус Ундарга” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 109/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Бийг орон нутгийн өмчит “Ар Ус Ундарга” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Б.Бийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга даргад даалгаж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчаас: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 109/ШШ2018/0009 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд; Нэг. Маргаан бүхий захиргааны актын талаар:
4. Иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг нь 2 хавтастай бөгөөд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримтыг эрх бүхий байгууллагаас хангалттай бүрдүүлсэн. Нэхэмжлэгч Б.Б-ийг үүрэгт ажлаас нь хариуцагч чөлөөлөхдөө Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр албан бичгийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар Ундарга ОНӨ ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас нь халсан.
5. Тодруулбал, маргаан бүхий актын үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасныг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг баримталсан.
6. Иргэн Б.Б-ийн гаргасан зөрчил нь эрх бүхий байгууллагын албан ёсны баримтаар тогтоогдсон байдаг. Гэтэл урьд нь Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс уг хэргийг хянан үзээд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2 захиргааны актын үндэслэлийг тогтоох зорилгоор анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий актын үндэслэлээс хальж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
7. Иргэн Б.Б-ийг аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжаар, мөн аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар ажлаас халсан үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар цуглуулсан мэдэгдлээс үзвэл огт өөр болох нь тогтоогддог. Уг мэдэгдлүүдэд дурдсан зөрчил нь өөр өөр төдийгүй цаг хугацааны хувьд харилцан адилгүй байгаа нь илэрхий байна.
8. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэл болгодог. Гэтэл энэ нь үйл баримтаар тогтоогдсон нотлох баримт биш юм. Шүүхээс эргэлзээтэй хэн нэгний амаар хэлсэн тайлбар биш, нэхэмжлэгчид маргаан бүхий актыг гаргахын өмнө гардуулж өгсөн мэдэгдэлд л дүгнэлт хийх учиртай.
9. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б-ийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас халсан шийдвэр нь мөн аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийн үндэслэлийг хамгаалж шүүхэд гаргасан тайлбаруудаас үзэхэд ижил үндэслэлээр маргаан бүхий захирамжийг гаргасан гэсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.
10. Учир нь анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээн бүрт дээрх 2 захиргааны акт нь огт хамааралгүй гэсэн тайлбаруудыг өнөөдрийг хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдээс өгсөөр ирсэн. Энэ мэтчилэн Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс тухайн этгээдийн гаргасан зөрчил, хэрэгт авагдсан 400 гаруй хуудас баримтыг бүрэн судлалгүйгээр шударга ёсны зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан.
11. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтад дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дугаар магадлалыг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх Б.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн гэж үзэн хяналтын гомдол гаргах нь,
13. Давж заалдах шатны шүүх “Архангай аймгийн Засаг даргын өмнө Б.Бийг ажил, албан тушаалтаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамж, сүүлд гарсан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийн үндэслэлийг хамгаалж шүүхэд гаргасан тайлбаруудаас үзэхэд ижил үндэслэлээр маргаан бүхий захирамжийг гаргасан болох нь тогтоогдож байна... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
14. Учир нь нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “Ундарга” ХХК-ийн захирал Б.Б-т “Ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардуулж өгсөн бөгөөд энэ мэдэгдэлдээ ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ маш тодорхой гаргаж өгсөн төдийгүй энэ мэдэгдэлд заасан үндэслэлээрээ 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дугаар Б/148 захирамж гаргаж Б.Б-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.
15. Харин 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаартай захирамж нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” 05/3689 дүгээр албан бичигт үндэслэн гарсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б энэ зөрчилтэй болон Авлигатай тэмцэх газрын албан бичигтэй маргадаггүй 100 хувь хүлээн зөвшөөрдөг юм.
16. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамж, сүүлд гарсан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжууд нь ижил үндэслэлтэй биш юм. Мөн давж заалдах шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасан хуулийн аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх тохиолдол тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч бүрэн нотлолгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан гэсэн нь туйлын хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.
17. Хавтаст хэрэг ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдол хангалттай тогтоогдсон төдийгүй орон нутгийн өмчит “Ундрага” ХХК-ийн захирал Б.Б нь өмнө нь өөрөө удирдаж байсан, дараа нь өөрийн нөхөр болох Э.Д-ийн “Цогт-Өнжүүл” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 20,909,800 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн маш тодорхой байгаа. Мөн хариуцагч энэ талаар бүрэн нотолсон төдийгүй нэхэмжлэгч ч энэ тал дээр хүлээн зөвшөөрдөг юм.
18. Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар “Б.Б-ийг ажлаас халах тухай” захирамжийг гаргахдаа Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг үндэслэсэн, нэхэмжлэгч Б.Б нь өөрийн гаргасан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрдөг төдийгүй энэ үйл явдлууд дээр болон эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрүүд дээр маргадаггүй хүлээн зөвшөөрдөг, эдгээрт холбогдох дээд шатны байгууллага буюу шүүхэд гомдол гаргах хугацаа нь дууссан байдаг юм. Мөн Засаг дарга тушаал гаргаагүй захирамж гаргасан. Иймд Захиргаан хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
19. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
20. Нэхэмжлэгч Б.Б нь “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “Ар ус ундарга” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, “...хариуцагч нь өмнө ярьж байсан зүйлүүдээ ярьж, дахин Б/70 дугаар захирамжаар намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Миний бие ажлаас чөлөөлөгдөх алдаа зөрчил дутагдал гаргаагүй. ...маргаан бүхий захиргааны актад уг актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй. ...Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг зөрчсөн...” гэж маргасан байна.
21. Хариуцагчаас “...Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 тоот албан бичиг, уг албан бичигт “Ундарга” ОНӨҮГ-ын захирал Б.Б нь өөрт хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан, тодорхой эд хөрөнгийг хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлээгүй гэдэг 2 үндэслэлийг тусгасан байдаг. Энэ албан бичгийг үндэслэн аймгийн Засаг дарга Б/70 дугаар захирамжаар Б.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн...” гэсэн тайлбарыг гаргажээ.
22. Давж заалдах шатны шүүхээс, маргаан бүхий захиргааны актын үндэслэл тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.
23. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн Б.Б-ийг “Ундарга” ОНӨ ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас халжээ.
24. Хариуцагчаас дээрх, Б/70 дугаар захирамжийг гаргах болсон үндэслэлээ Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 тоот албан бичгийг үндэслэсэн гэж шүүхэд тайлбарлах боловч тухайн захиргааны актад Авлигатай тэмцэх газрын 05/3689 тоот албан бичиг, түүнд заасан үндэслэлийн талаар дурдаагүй, мөн нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан ямар зөрчил гаргасан талаар тодорхой заагаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б-ийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байна.
25. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм.
26. Хуулийн дээрх зүйл, заалтуудад, бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг тодорхойлж, захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах болсон шаардлага, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заахаар зохицуулжээ. Гэтэл маргаан бүхий Б/70 дугаар захирамжид нэхэмжлэгч Б.Б-ийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн буюу ажлаас чөлөөлөх хуульд заасан ямар шаардлага, нөхцөл байдал бий болсон талаар тодорхой заагаагүй нь тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхийн “...Авлигатай тэмцэх газрын 2017 оны ...05/3689 тоот албан бичгийг үндэслэл болгосон гэж шүүхэд тайлбарлах боловч маргаан бүхий тушаалд үндэслэл болгоогүй, тушаалын эрх зүйн үндэслэлийг тодорхой гаргаагүй атлаа шүүхэд дараа нь маргаан бүхий тушаалын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь уг тушаалыг үндэслэл бүхий гаргасан гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
27. Мөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Б.Б-ийг аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжаар, мөн аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар ажлаас халсан үндэслэл огт өөр болох нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.
28. Учир нь, хариуцагчаас маргаан бүхий Б/70 дугаар захирамжийн үндэслэлийг дээрх байдлаар тайлбарласан, харин өмнөх, Б/148 дугаар захирамжийн үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр “...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 80 сая төгрөг зээлээд яаж зарцуулсан талаарх нотлох баримт байхгүй, тухайн мөнгийг өөрийн эзэмшлийн “Цогт өнжүүл” ХХК-д эксковаторын түрээс 20,900,000 төгрөг, гэрээ хийсэн компанид 50 сая төгрөг шилжүүлсэн гэх хувийн ашиг сонирхол маш их байгаа. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа” гэж тайлбарласнаас үзэхэд давж заалдах шатны шүүхийн “...хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбаруудаас үзэхэд Б.Бийг ажлаас чөлөөлсөн 2016 оны Б/148 дугаар захирамж, сүүлд гарсан 2017 оны Б/70 дугаар захирамж ижил үндэслэлээр маргаан бүхий захирамжийг гаргасан нь тогтоогдсон” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
29. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА