Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 29

 

        Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Б.Оюун  даргалж,  шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

     Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чулуунхороот сумын Дэлгэр багт оршин суух, Хөгдүүд овгийн Дашнамжилын Наранбаатарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Дорнод аймгийн Чулуунхороот сумын Сонгуулийн  хороонд холбогдох,

         Нэхэмжлэлийн шаардлага: “Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны 2016 оны  09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын, хавсралтын Д.Наранбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд  нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Д.Урансувд хариуцагч сумын Сонгуулийн хорооны дарга Б.Золгэрэл, нарийн бичгийн дарга Г.Намуунзул  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.Наранбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Чулуунхороот сумын Монгол Ардын намын хорооноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болж, сумын Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд холбогдох баримтаа өгсөн. Мөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ  2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан боловч Засаг дарга байгаагүй, тул орлогч даргад  өгсөн юм. Тухайн үед сумын 60 жилийн ойн арга хэмжээ 2016 оны     7  дугаар сарын 15-17-ны  өдрүүдэд  болж  өнгөрсөн  үе байсан. Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа ирж, ажлаас чөлөөлсөн 07 тоот захирамжийг гаргасан байгаа юм. Гэтэл сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр намайг бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргахад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тоот хариугаар сумын Сонгуулийн хороонд нэр дэвшигч Д.Наранбаатарыг бүртгэх нь зүйтэй гэсэн саналыг хүргүүлсэн. Гэвч сумын Сонгуулийн хороо нь дээд шатны Сонгуулийн хорооны саналыг хүлээж авахгүй тухайгаа амаар мэдэгдсэн. Иймд сумын Сонгуулийн хороо нь  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан эрхийг хязгаарласан.  Төрийн албаны тухай хуульд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж ...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс 3 сарын өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна  гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ дагуу миний хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ санал авах өдрөөс 3 сарын өмнө өгч  ажлаас бүрэн чөлөөлөгдсөн юм.  Иймд Чулуунхороот сумын  Сонгуулийн хорооны  9 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын Д.Наранбаатар миний биед холбогдох нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан юм гэв.       

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чулуунхороот сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 4 дэхь хэсэгт  Чулуунхороот сумын 1 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа Д.Наранбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад Чулуунхороот сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Д.Наранбаатар бол Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар Чулуунхороот сумын Монгол Ардын намын хорооноос нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг хүргүүлсэн байдаг юм. Харин энэ тал дээр маргаан гараагүй бөгөөд ямар асуудалд маргаж байгаа вэ гэхээр, Чулуунхороот сумын Сонгуулийн хороо  Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дүгээр зүйлийг зөрчсөн байна гэж үзсэн. Д.Наранбаатар өмнө нь Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан учраас Төрийн албаны тухай хуулийн  23 дугаар зүйлийн  23.2-т заасныг үндэслэж,  2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  сонгууль явагдах тул 2016 оны 07 дугаар сарын 19-ний  өдөр Орон нутгийн  сонгуульд оролцох болсон тухай  ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сумынхаа Засаг даргад гаргасан байдаг. Харин Д.Наранбаатарыг ажлаас чөлөөлөх тухай захирамж 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байх нь Сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчөөгүй юм. Сонгуулийн тухай хуулийн  157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулж авна гэж заасан байдаг. Д.Наранбаатар нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тул аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргасны дагуу, аймгийн Сонгуулийн хороо нь Чулуунхороот сумын Сонгуулийн хороо Д.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэж авах нь зүйтэй гэсэн хариуг өгсөн боловч, сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэж авахаас татгалзсан байгаа юм. Нэхэмжлэгч Д.Наранбаатар нь  Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар сонгох, сонгогдох эрхийн шалгуурыг хангасан. Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэж авах нь зүйтэй гэж үзэж байхад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж шүүхэд хандсан. Иймд Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн  02 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт байгаа Д.Наранбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.                                                 

      Хариуцагч Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны дарга Б.Золгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын сонгуулийн хороо нь 2016 оны  09 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагт хуралдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчдийн материалыг хянах үйл ажиллагааг явуулсан. Нэр дэвшигч Д.Наранбаатар нь  ‘Ажлаас чөлөөлөгдсөн тухай”  сумын Засаг даргын захирамжийг нэр дэвшигчийн материалдаа ирүүлсэн байна.  Уг захирамжид 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтад заагдсаны дагуу төрийн  жинхэнэ албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 4 дүгээр сарын  01-ний  өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх гэсний дагуу сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан болно.

         Мөн аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар албан тоотод Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 3 сарын өмнө өгсөн байх гэж заасан байна. Үүний дагуу сумын Сонгуулийн хороо эрх бүхий албан тушаалтнаас тодруулга авахад нэр дэвшигч Д.Наранбаатар нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ  2016 оны 7 дугаар сарын 26-нд  сумын Засаг даргад өгсөн байна. Д.Наранбаатар нь нэхэмжлэлэдээ 3 сарын өмнө ажлаас бүрмөсөн чөлөөлөгдсөн тухай дурьдсан байна. Харин эрх бүхий албан тушаалтанд гаргасан ажлаас чөлөөлөх хүсэлтдээ  “Сонгуульд нэр дэвших болсон ажлаас чөлөөлж өгнө үү” гэж  бичсэн байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154. 4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтуудтай хамааралтай хуулийн хугацаанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй. Мөн Монгол Ардын намын хорооноос нэр дэвшигч Д.Наранбаатар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд  ажилгүй иргэний журмаар, сонгогдох эрхээ эдлэн оролцож байгаа гэсэн тайлбар өгч байсан юм.

        Аймгийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигч Д.Наранбаатарын гомдлыг хэлэлцсэн тухай албан бичиг ирсэн байдлыг үндэслэж, сумын Сонгуулийн хороо  энэ асуудлыг дахин хэлэлцээд  нэр дэвшигч  Д.Наранбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл төрийн  албан хаагч хэвээр байсан учраас бүртгэхээс татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээх шийдвэр  дахин гаргасан юм гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч  Д.Наранбаатар нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

        Дорнод аймгийн Чулуунхороот сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 02 дугаар тогтоолоор,  нэр дэвшигч Д.Наранбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргажээ.[1]

           Нэхэмжлэгч Д.Наранбаатар нь Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан  бөгөөд,  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулж, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх  өргөдлөө сумын Засаг даргад өгөх гэтэл Засаг дарга ажилдаа ирээгүй байсан,  ...сумын 60 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрсөн үе байсан бөгөөд Засаг даргын орлогчид  танилцуулан өгч, улмаар сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн  Б/07 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн талаар тайлбарлаж  байгаа  бөгөөд,  хариуцагч сумын Сонгуулийн хорооны дарга нь нэр дэвшигч Д.Наранбаатар нь  2016  оны 07 дугаар сарын 26-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4  дэх заалтыг зөрчсөн гэжээ.

       Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, “...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тусын төрийн  албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын  эрх бүхий албан тушаалтанд гаргана, Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэсний дагуу  нэхэмжлэгч  Д.Наранбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн огноо бүхий  “Сумын Засаг дарга  З.Гэрэлт-Од танаа” гэсэн өргөдлийг[2] сумын Засаг даргын орлогч даргад өгч танилцуулсан байгаа бөгөөд тухайн хугацаанд ажилдаа ирээгүй байсан Чулуунхороот сумын Засаг даргын үйл ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

     Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-рт  “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан  байгаа бөгөөд, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэжээ.

      Иймд Чулуунхороот сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигч Д.Наранбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байх тул  2016 оны 09 дүгээр сарын  04-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн нэрсийн жагсаалт”-ын Д.Наранбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг Чулуунхороот сумын Сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй  гэж шүүх дүгнэж байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь  хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

        1.Сонгуулийн тухай хуулийн  154 дүгээр зүйлийн 154.4,  157 дугаар зүйлийн 157.2, 157.9 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Чулуунхороот сумын Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч Дашнамжилын Наранбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ”Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 2016 оны 09 дүгээр сарын 04-ний  өдрийн 02 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын Д.Наранбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд  Монгол Ардын намаас нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргахыг  Чулуунхороот сумын Сонгуулийн хороонд даалгасугай

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чулуунхороот сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Наранбаатарт олгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт  зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас  хойш  5 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 


[1] Хавтас хэргийн 7,8,9-р хуудас

[2] Хавтас хэргийн 13-р хуудас