Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/269

 

 

 

 

 

2023                03            09                                     2023/ДШМ/269                        

 

Ж.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Б-, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Х- /**/-н өмгөөлөгч Д.Март,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/04 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Х- /**/-н өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Х- /**/холбогдох 2307000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж.Х- /**/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-н ажилчдын амралтын байранд Э.Н-тэй маргалдаж, улмаар түүний баруун гарын булчингийн ар хэсэг, баруун хөлний булчингийн хэсэгт хутгаар зоож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ж.Х- /**/-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н-гийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор өгсөн “...Х- бор өнгийн иштэй мөнгөлөг цагаан иштэй хутга гаргаж ирээд чамайг ална гээд эхлээд миний баруун талын гарын булчингийн ар хэсэгт зоосон. Би зүүн хөлөөрөө жийгээд хойшоо орон дээр нь унасан миний дээрээс дахиад хутгаараа хэд хэд дайрч чичихэд миний баруун хөлийн булчин хэсэгт зоогдсон. Тэр үед хажуу өрөөний Б- ах орж ирээд салгасан. Б- ах тухайн үед Х-ын гарт байсан хутгийг гараас нь бариад алдуулсан. Тэр үед би хутгийг нь шүүрээд авсан над руу дахиад дайрч магадгүй гэж айсан. Тэгсэн Б- ах миний гараас нөгөө хутгыг нь аваад өрөөнөөс гарсан. Тэр үед Х- ална гэж орилоод дахиад өөр хутга хөргөгчний дээд талаас гаргаж ирсэн. Энэ үед би шууд гараад зугтсан. ...” гэх мэдүүлэг /хх 13, 93/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №453 дугаартай дүгнэлт:

“1.Э.Н-гийн биед баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч А.Айланаш 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №08/002 дугаартай дүгнэлт:

“2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцны баруун ханцуйны тохой хэсэгт 2.3x0.2 см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, ...улаан өнгийн өмдний гадна хэсэгт ...зүүн хөлийн урд доод хэсэгт 1.1x0.1 см, 2.5x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлтүүд, өмдний баруун шуумагны ар доод хэсэгт 3x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, улаан өнгийн дотор хөвөнтэй, зузаан өмдөнд-өмдний зүүн шуумагны доод хэсэгт 11x0.1 см, 2.5x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлтүүд, дотор өмдний баруун хөлийн ар доод хэсэгт 3x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, эсгий түрийтэй гутлын баруун хөлийн түрийний баруун хажуу хэсэгт 4x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлт зэрэг гэмтлүүд үүссэн байна.

3. Шинжилсэн хувцаснуудад зүсэгдэлт, цооролт, урагдалт гэмтлүүд тогтоогдлоо. уг гэмтлүүд нь зүсэгдэлтүүд нь иртэй зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр, ...үүссэн байна” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б-ы өгсөн: “...Х-ын амралтын өрөөнд хоёр муудалцаад байхаар яваад орсон чинь Х- хутга барьчихсан Н- хажууд байж байхаар нь би ороод шууд очоод Х-ын хутгыг булаагаад авсан...” гэх мэдүүлэг /хх 23/.

Дээрх хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хүний биед болон хувцсанд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн бие махбодид олон удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр олон тооны гэмтэл, шарх учирсан, хохирогчийн хувцсанд олон тооны шинэ зүсэгдэлтүүд иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн нөхцөл байдал дурдагдсан зэргээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоогоогүй, тэдгээрийг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заажээ. ...Тус хэрэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн холбогдсон. Гэтэл тус хэрэгт Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс хэргийг шалгах ажиллагаа явуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” тус зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогч, гэрч, хохирогчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болно.”гэж заасан. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаар “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” тушаал, түүнд өөрчлөлт оруулсан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаартай “Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тушаалын хавсралтын 3-ийн 3.6-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын иргэний үйлдсэн Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба болон Хар тамхитай тэмцэх газарт харьяалуулснаас бусад гэмт хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага байхаар харьяалуулсан байна. Цаашид тус хэргийг харьяаллын дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэсэн үндэслэлүүд зааж Ж.Х- /**/-т холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ж.Х- /**/-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх Ж.Х- /**/-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-ээс 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэж байгаа үндэслэлээ шийдвэрт тусгаагүй, хэрэгт дахин ямар мөрдөн шалгах ажиллагаа хийхийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэл болно. Гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилгын хувьд Ж.Х- /**/ нь “Х” ХХК-д орчуулагч ажилтай, урьд нь бусадтай болон Э.Н-тэй маргалдаж биед нь халдаж байгаагүй, өш хонзон, өр авлагагүй, харин хохирогч Э.Н- нь 2021 оны 5 дугаар сард Ж.Х- /**/-аас “I phone Х” загварын гар утсыг худалдан авсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тухайн гар утас эвдэрсэн тул засаж өг гэсэн шаардлага тавьсан гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ж.Х- /**/ нь хохирогчийн биед халдсан. Иймд Ж.Х- /**/-т холбогдох хэргийн зүйлчлэл нь үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинжид тохирсон, хүндрүүлэх нөхцөл байдал болон бусад гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна” гэж заасны дагуу Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй. Мөн захирамжид дурдсан Улсын ерөнхий прокурорын А/33 дугаартай “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” тушаал нь прокурорын байгууллагын дотооддоо дагаж мөрддөг удирдамжийн баримт бичиг байтал хуулийн хүчинтэй акт мэт заалт болгож бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалттай нийцэхгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсан байхад прокуророос бусад оролцогч нарын гомдол гаргах эрхийг захирамжид дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Х- /**/-н өмгөөлөгч Д.Март давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ямар сэдэлт, санаа зорилгоор үйлдсэн, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүнд хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоож, хэргийг зөв зүйлчлэх, мөн хэргийг харьяаллын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хохирогч Н- нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед 2021 оны 05 сард худалдан борлуулсан гар утасны эвдрэл, гэмтлийн засварын талаар шүүгдэгч Ж.Х-ын гэрт орж ирэн Ж.Х-тай “утас янзалж өг” хэмээн хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, үүний улмаас Ж.Х- нь Н-г хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийг үйлдсэн. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Ж.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж уг маргаан үүссэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, хор уршигт 13.522.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг нэмж хийлгүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” мөн хуулийн 4 дэх хэсэгт "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай бүрэн гүйцэт явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн, оролцогч, гэрч, хохирогчийн олонх байгаа газарт эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болно” гэж заасан байна. Гэтэл Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гадаадын иргэдийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн алба заавал шалгана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, мөн тухайн гэмт хэрэг нь хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэг биш тул харьяаллын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хуулийн шаардлагыг бүрэн хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлсэн байтал шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоо гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Завдалт гэдэг нь тодорхой гэмт хэргийг үйлдэх замаар ямар нэгэн урьдаас төлөвлөсөн үр дагаврыг бий болгоход чиглэсэн тодорхой зорилго бүхий идэвхтэй гэмт үйлдэл байхыг хэлдэг. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахаас гадна, мөн хуулийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байтал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг прокурорт буцааж байгаа нь энэ хуулийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд Ж.Х-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй хэмээн магадлалын тодорхойлох хэсэгт тусгаж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Х- /**/-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Прокуророос Ж.Х- /**/-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Н-тэй маргалдаж, улмаар түүний баруун гарын булчингийн ар хэсэг, баруун хөлний булчингийн хэсэгт хутгаар зоож, эрүүл мэндэд нь баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ж.Х-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...гэмт хэргийг ямар сэдэлт, санаа зорилгоор үйлдсэн, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоож, хэргийг зөв зүйлчлэх, мөн хэрэгт харьяаллын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. ...” гэх үндэслэл зааж хэргийг прокурорт буцаажээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Хэрэгт гэрч Г.Б-ы “...Х- хутга барьчихсан Н- хажууд нь байж байхаар нь би ороод шууд очоод Х-ын хутгыг булаагаад авсан. ...” /хх 23/, Ж.Х- /**/-н яллагдагчаар өгсөн “...би бор өнгийн модон иштэй хутгаар баруун гарын булчингийн ар хэсэгт нэг удаа, баруун хөлний булчингийн ар хэсэгт нэг удаа хутгалсан. ...” /хх 79-80/, хохирогч Э.Н-гийн “...намайг зүүн талын хацар луу гараараа цохисон. Би буцаагаад Х-ын мөр лүү нь цохисон. Тэгсэн Х- бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд “ална чамайг” гээд эхлээд миний баруун талын гарын булчингийн ар хэсэгт зоохоор нь би зүүн хөлөөрөө жийгээд хойшоо орон дээр нь унасан. Миний дээрээс дахиад хутгаараа хэд хэд дайрч чичихэд миний баруун хөлний булчингийн хэсэгт зоогдсон. Тэр үед хажуу өрөөний Б- ах орж ирээд салгасан. Б- ах тухайн үед Х-ын гарт байсан хутгийг гарнаас бариад алдуулсан. ...” /хх 93/ гэсэн мэдүүлгүүд, “...Э.Н-гийн биед баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 453 дугаар дүгнэлт /хх 29-30/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, гэрч Г.Б- орж ирэн Ж.Х- /**/-н гараас хутгыг булаан авснаар буюу хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөгөөр уг маргаан таслан зогсоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин шүүгчийн захирамжид заасан хэрэгт харьяаллын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэх асуудлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна.” гэж, 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно.” гэж, 4 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогч, гэрч, хохирогчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болно.” гэж заасныг тус тус үндэслэн хэргийг тухайн дүүргийн мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж, тус дүүргийн прокурор хяналт тавьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, дээд шатны прокурорын зүгээс хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоосон нөхцөл байдал авагдаагүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Х- /**/-н өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/04 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Х- /**/-н өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол .Х- /**/-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                       Н.Б-

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН