Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/1071/З |
Дугаар | 128/ШШ2024/0594 |
Огноо | 2024-07-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0594
2024 07 23 | 128/ШШ2024/0594 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/843 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, баталгаажуулах тухай 275 дугаар захирамж[1]-ийн хавсралт 9-д С******* ХХК-д Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм газарт 40000 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 0231224 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[2]-г олгожээ.
2.2. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай А/22 дугаар захирамжаараа С******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[3] байгуулсан.
2.3 С******* ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/101 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгээр[4] Нийслэлийн Засаг даргад хандан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг өөрчлөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.
2.4. Нийслэлийн Засаг дарга тус компанийн хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/1283 дугаар захирамж[5] гарган, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт С******* ХХК-д 40000 м.кв газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/110-2019/03249 дугаар газар эзэмшүүлэх гэрээ[6] байгуулсан байна.
2.5. Гэвч Нийслэлийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/843 тоот захирамж гарган, нэхэмжлэгч С******* ХХК-д газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.
2.6. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2023/4490 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах замаар нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
2.7. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааны хүрээнд С******* ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 52,800,000 төгрөгийг Б******* ХХК гэсэн данснаас шилжүүлсэн холбогдох баримтын хамт 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17/23 дугаар албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/26 дугаар албан бичгүүдээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандсан боловч хариу өгөөгүй тул 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
2.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрэн хэлэлцэх боломжтой, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх талаар тайлбар[7], энэ тухай захирамжийн төслийг[8] ирүүлсэн хэдий ч бодитоор асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Тус компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас 2023 оны 02 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2023 оны 05 сарын 25-ны өдөр 128/Ш32023/4490 тоот захирамж гарч, хариуцагч нэхэмжлэгчийг газрын төлбөр болон Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөх нэхэмжлэл үүсээгүй шалтгааныг тодруулах, хариуцагчаас сонсох ажиллагааг хийсэн гэж байгаа боловч энэ нь хэрэгт баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийж, бодит байдлыг тодруулах шаардлагатай, хэргийн оролцогчид хэн аль нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх боломжтой гэж шүүх үзээд Захиргааны Ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийж, бодит нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, хэргийн оролцогчид хэн аль нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх боломжтой гэж шүүхээс үзлээ. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүлийн 54.1.3-т: Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хэргийг хянаад шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасны дагуу С*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.
Ингээд манай компанийн зүгээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хуулийн хэлтсийн 2023 оны 06 сарын 10-ны өдрийн Дуудлага худалдааны анхны үнэ болох 52,800,000 төгрөг төлөх урьдчилсан хуралдааны шийдвэрийн дагуу 52,800,000 төгрөгийг тус газрын шаардсаны дагуу Төрийн банкны 100200000967 тоот дансанд тушаасан юм.
Үүний дараа газар зохион байгуулалтын албаны хуулийн хэлтсээс Нийслэлийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэст 2 ч удаа Нийслэлийн засаг даргын захирамжийн төслийг шинээр боловсруулан хүргүүлсэн гэх боловч өнөөг хүртэл манай газрын эрхийг цуцалсан А/843 тоог захирамж хүчинтэй төлөвтэй хэвээр байна.
Яагаад өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрт заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 92-94 заасан ажиллагааг хийсээр байтал Нийслэлийн засаг дарга нь 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/843 тоот захирамжаар манай газрын эрхийг хууль бусаар хүчингүй болгосон захирамжийг Нийслэлийн Засаг дарга нь хүчингүй болгохгүй байгааг лавлахад ерөөсөө мэдэхгүй байна, яагаад нийслэлийн тамгын газарт удаад байгааг ч мэдэхгүй байна, танайх дараагийн шатандаа ханд гэсэн хариуг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалт албаныхан 2023 оны 10 сарын 17-ны өдөр очиж лавлахад хэлсэн.
Үүний өмнө Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон хууль эрх зүйн хэлтсийн хамтарсан хурлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 128/Ш32023/4490 тоот шүүгчийн захирамжийн дагуу сонсох ажиллагааг хийж манай компанийг дуудлага худалдааны анхны үнийг төлөх шийдвэрийг гаргаснаар манайх уг төлбөрийг шаардсан өдөр нь төлж барагдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан ажиллагааг хийж, газрын эрхийг хүчингүй болгосон гэх үндэслэл арилсан байхад манай газрын эрхийг цуцалсан захирамжаа өнөөдрийг хүртэл хүчингүй болгохгүй байна. Мөн өнөөг хүртэл манай компанийн газар эзэмших эрхийн захирамж хүчингүй хэвээр байх ба Нийслэлийн Засаг дарга нь өнөөдрийг хүртэл энэхүү хууль бусаар гаргасан захирамжаа хүчингүй болгохгүй байгаа нь манай эзэмших эрхийг ноцтой зөрчиж, манай компанийн хэвийн үйл ажиллагаа явагдах боломжгүй болж, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн ихээхэн хохиролд оруулж байна.
Үүнээс гадна манай компани нь дээрх газартаа гэрээнд заагдсан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж амины хотхонуудыг барьж байсан ба захиалагч иргэдээс захиалга авч гэрээ байгуулсан тул дээрх захиалагч иргэд биднээс гэрээнийхээ үүргийг нэн даруй биелүүлэхийг шаардаж манай компанийн хэвийн үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх боломжгүй болоод байна. Мөн уг газрын эрхийг хууль бусаар цуцалсан захирамжийг хүчингүй болгуулахгүй л бол манай компанийн үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах боломжгүй болж нийслэлийн газар зохион байгуулалтын албатай газрын эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээгээ байгуулах гэтэл газрын эрхийг цуцалсан А/843 тоот захирамж хүчинтэй хэвээр байгаа учраас гэрээ байгуулж болохгүй, мөн энэхүү захирамжаар манай газрын эрхийн гэрчилгээ мөн хүчингүй болсон зэрэг хүнд нөхцөл байдалд байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг Дээд шатны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж зааснаар тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийнхээ дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/843 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хянан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/843 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар 1998 оноос хойш маргаан бүхий газрыг хашаалан ашиглаж байсан талаар тайлбарладаг. Анх 2006 онд газар эзэмших эрхийг олсон. Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2010 оноос эзэмших эрхийг олж авч, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 онд нэгж талбарын дугаараа 3 удаа өөрчлүүлж эзэмшиж эхэлсэн. Зориулалтын дагуу үйл ажиллагааг явуулж байгаа. Нийслэлийн Засга даргын захирамжаар эзэмших эрхтэй болох шалтгаан нь хавтаст хэрэгт авагдсан. Шалтгаан нь цахилгаан татан үйл ажиллагаа явуулах зорилготой байсан. Үйл ажиллагааг явуулж байхад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийг цуцалсан талаарх захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр 2 жилийн дараа мэдэгдсэн. Мэдэгдэхээс өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газрын мэдээллийн санд манай газар нь хүчин төгөлдөр харагдаж байсан. 2022 оны 01 дүгээр сард газрын төлбөрийн нэхэмжлэл ирсэн. Үүний дагуу газрын төлбөрийг бүрэн төлсөн. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдэж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хариуцагч талаас газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ төлөөгүй тул хүчингүй болгосон гэсэн. Харин сонсох ажиллагаа хийгээгүй гэдэгт талууд маргаагүй. Шүүхээс хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхий болсон үйл баримтад үндэслэн сонсох ажиллагаа хийгээгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна. Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрөө төлж барагдуулсан нь нотлох баримтаар авагдсан байгаа учир урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, сонсох ажиллагааг дахин хийхийг хариуцагч талд даалгаж, захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш нэхэмжлэгч нь газрын албанд удаа дараа хандаж дуудлага худалдааны анхны үнэ төлөх талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хүсэлт гаргасан. 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдааны анхны үнэ болох 52 800 000 төгрөг төлөх талаар шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдааны анхны үнийг төлсөн. Газрын төлбөр төлсөн, дуудлага худалдааны үнэ төлөгдсөн. Газрын албатай харилцахад газрын эрхийг сэргээсэн захирамжийн төсөл бэлтгэгдэж байгаа. Хүлээж бай гэдэг асуудлыг өнөөдрийг хүртэл ярьж манай захирамжийг гаргаж өгөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь тус газрыг 1998 оноос хойш ашиглаж эхэлсэн. 2003 оноос газрын тухай хууль батлагдсанаар газрын хэмжээний дагуу дуудлага худалдааны үнэ төлөх зохицуулалт орсон. Тэгэхээр анх тухайн газраа цагаан хуудсаар олж авсан тул 2006 оны үнэлгээгээр 52 800 000 төгрөгийн нэхэмжлэх ирсний дагуу төлсөн. Төлөхгүй удсан шалтгаан нь дуудлага худалдааны анхны үнэ нь татварын нэхэмжлэхээс үнийн дүн зөрүүтэй гэх мэт зүйлсээс болж удааширсан. Түүнээс дуудлага худалдааны журмаар тухайн газраа аваад төлөхгүй явсан зүйл байхгүй. Өмнөх шүүгчийн татгалзаж шийдвэрлэгдсэн хэрэгт хариуцагч талаас шийдвэрийг гаргахдаа эрх, ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох С******* ХХК-ийг оролцуулаагүй гэх асуудалд маргаан байгаагүй учир сонсох ажиллагааны журмаар асуудлыг шийдвэрлээгүй тул тухайн захиргааны үйл ажиллагаа нь хууль бус болсон байна гэж үзэх үндэслэл болж байгаа. Захиргааны актын үндэслэлд Монгол улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 гэж заасан. Энэ зохицуулалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг иргэд өөрөө сонгох талаар зохицуулалт болохоос Засаг даргад ямар нэгэн эрх хэмжээ олгоогүй зохицуулалт. Мөн хуулийн буруу үндэслэлийг үндэслэл болгосон гэж харж болно. Захирамжаа гаргаад 2 жилийн дараа нэхэмжлэгч талд мэдэгддэг. Захиргааны байгууллагын өөр хоорондын уялдаа холбоо алдагдсанаас болж хууль ёсны байх, үндэслэл бүхий байх зарчим нь алдагдсан байна. Нэхэмжлэгч нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж, барилга барин, иргэдээс захилга авч эхэлсэн. Улсын комисст тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдээ хүлээлгэн өгье гэхээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр дээрх асуудлуудыг анхааран маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С******* ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/843 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
С******* ХХК-ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн хүсэлтийг судлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4490 дүгээр захирамжийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/843 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.
С******* ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 52,800,000 төгрөгийг Б******* ХХК гэсэн данснаас шилжуүлсэн.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх захирамжийн төслийг бэлтгэн хянуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүргүүлсэн бөгөөд хараахан захирамж баталгаажиж гараагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зуйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны тэлаар эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хучин төгөлдөр шуүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа, гэж заасны дагуу нэхэмжлэлийг хулээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь газрын гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн Газрын тухай хуулийн гэж эзэмших эрхийг хүчингүй болгосон. Монгол улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалтын тухайд бичигдлийн алдаа гарсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/843 тоот захирамж[9]-аар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтыг заалтыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээ, амины сууцны зориулалтаар 40000 м.кв газрыг эзэмшигч С******* ХХК нь газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн.
4.2. Нэхэмжлэгч С******* ХХК нь шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/843 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...дуудлага худалдааны анхны үнийг төлсөн, газраа зориулалтын дагуу ашигласаар ирсэн, мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй... гэж тодорхойлон маргасан.
4.3.Хэргийн материалаас үзвэл хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/09/6542 дугаар албан бичиг[10], 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03/06/251 дугаар албан бичиг[11], 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02/06/4448 дугаар албан бичиг[12] зэргээр сонсох ажиллагааг хийсэн гэх боловч албан бичгийг нэхэмжлэгчид ямар хаягаар хүргүүлсэн болохыг баримтаар нотолж чадаагүй.
4.4.Маргаан бүхий актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг баримталсан байх боловч энэхүү хуулийн зүйл хэсэг маргааны үйл баримтад огт хамааралгүй Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй холбоотой зохицуулалт байна.
4.5. Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно, 49.3.1-д цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол тус тус заасан.
4.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бусад үндэслэлээс өөр байдлаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол тус хуулийн 40.1.1 дэх хэсгийг хэрэглэх бөгөөд ноцтой зөрчил гэдэг нь газар эзэмших гэрээний талууд харилцан тохиролцож, нэрлэн заасан байхыг шаардана.
4.7.Нэхэмжлэгчийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
4.8. Харин захирамжид дурдсан дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь дээрх хуульд нийцсэнгүй.
4.9.Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгохоор заасан.
4.10.Ингэхдээ хэн нэгний эзэмшил ашиглалтад олгогдоогүй газрыг анх бусдад эзэмшүүлэхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан байх урьдчилсан нөхцөлийг уг хуулиар зохицуулжээ.
4.11.Гэтэл хариуцагч өөрөө С******* ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/101 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг өөрчлөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т газар эзэмших эрхийг шилжүүлэхэд тодруулах зүйлсийг тодруулсныг үндсэн дээр 38.4-т заасны дагуу Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана заасан хуулийн хугацаанд одоо маргаж буй үйл баримттай холбогдох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1283 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгожээ.
4.12.Гэвч нэхэмжлэгч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2023/4490 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид[13] дурдсан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх хугацаанд нэхэмжлэгчээс газрын дуудлага худалдааны анхны үнэ 52,800,000 төгрөгийг төлсөн нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б******* ХХК-иас 100200000967 тоот дансанд 52,800,000 төгрөгийг газрын дуудлага худалдааны анхны үнэ гүйлгээний утгатай шилжүүлсэн талаарх Орлогын дэлгэрэнгүй баримт[14], нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон 52,800,000 төгрөгийг газрын дуудлага худалдааны анхны үнэ С******* ХХК гэсэн гүйлгээний утгатайгаар НТГ.Газрын дуудлага худалдааны орлого гэсэн нэртэй 100200000967 тоот дансанд шилжүүлсэн мемориалын баримт[15] зэргээр дуудлага худалдааны анхны үнийг төлж, энэ талаарх тайлбарыг хариуцагчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
4.13. Дээрх нэхэмжлэгчийн дуудлага худалдааны газрын үнэд төлсөн 52,800,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан атлаа нэхэмжлэгчид буцаан олгоогүй болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/05/683 дугаар Чиглэл авах тухай албан бичиг, түүнд хавсаргасан захирамжийн төсөл зэрэг баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн энэхүү үйлдэл нь С******* ХХК-ийг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн болохыг үйлдлээрээ хүлээн зөвшөөрч байна.
4.14. Хариуцагч маргаан өөрийн гаргасан шийдвэрээ хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэсэн хуулийн шаардлагыг хэрэгжүүлэлгүй орхигдуулсан байх тул шүүхээс нэхэмжлэгч газрын дуудлага худалдааны анхны үнийг төлснөөр захирамжид дурдсан үндэслэл бодитоор арилсан, газар дээрээ үл хөдлөх хөрөнгө бүхий бүтээн байгуулалтыг хийчихсэн[16] зэргийг харгалзан үзээд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/843 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/843 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР