| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2023/04267/И |
| Дугаар | 184/ШШ2024/05689 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/05689
2024 11 15 184/ШШ2024/05689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Дэнж **-*** тоот хаягт оршин суух, Их ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: ******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Баянгол *-* тоот хаягт байрлах “Од” авто угаалгын газар,
Хариуцагч: Завхан аймаг, Отгон * дугаар баг, онц оршин суух, ******* овогт*******гийн *******-Аюуш /регистрийн дугаар:*******/,
Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Баянгол ,*-* тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ******* овогт /РД:/-д холбогдох
“Гэм хорын хохиролд 20,390,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, иргэдийн төлөөлөгч А.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргад Т.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Б.******* миний бие 2023 оны 03 сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 24-22 УНЧ улсын дугаартай LEXUS GS-450 маркийн автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 5 хороо Баянгол 6-1 тоот хаягт байрлах “Од” авто угаалгын газраар угаалгахаар өгөхөд угаагч Цогтоо гэх залуу хүлээн авсан. Тэгээд намайг түр гарах хооронд Р.*******-Аюуш хэмээх угаагч залуу туслах нэрээр миний машиныг дур мэдэн асааж, хөдөлгөн машины хойд болон урд талаар хана, паар мөргөж их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргахад гэмт хэргийн шинжгүй иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болно. Улмаар би холбогдох дээд шатны байгууллага болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гомдолд гаргахад тогтоолыг хүчингүй болгож, гомдолд нэмэлт ажиллагааг хийлгэхээр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт буцаан хүргүүлсэн. Тэгээд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хяналтын прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд би нийслэлийн прокурорын газарт дахин гомдол мэдүүлэхэд прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Иймд миний бие өөрийн хохирлыг барагдуулахаар иргэний шүүхэд хандаж байна. Хариуцагч “Од” авто угаалгын газар болон хамтран хариуцагч Р.*******-Аюуш нараас гэм хорын хохирол болох 20,390,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 22-24 УНЧ улсын дугаартай Тоёото лексус GS-450 маркийн автомашинаа угаалгахаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 6 гудамж, 1 тоот хаягт байрлах авто угаалгын газарт очсон. Ингэхэд Цогтоо гэгч залуу *******ийн машиныг хүлээж аваад угааж эхлэхэд нь ******* “түр ойрхон гараад ирье гэхэд Цогтоо машинаа онголчхоорой шалавчийг нь авч угааж байя гэсэн тул ******* машины цоожоо тайлаад түлхүүрээ урд талын суудлын дунд байрлах тагтай хайрцагт хийгээд үлдээсэн. Учир нь машин нь түлхүүрээ аваад явсан тохиолдолд автоматаар цоожлогддог. Ингээд Б.*******ийг түр гарах хооронд тус угаалгын газар угаагчаар ажилладаг *******-Аюуш ирсэн бөгөөд Цогтоод туслан автомашины салон цэвэрлэх явцдаа машиныг дур мэдэн асааж хөдөлгөн урд талаар нь угаалгын газрын хана паар мөргөж их хэмжээний хохирол учруулсан. ******* нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар Р.*******-Аюушид холбогдуулан гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу ажиллагаа хийгдэж улмаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 32/95 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Тус тогтоолд *******-Аюуш нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар утгах, гэмтээх санаа зорилго тогтоогдохгүй бөгөөд болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгийг гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын эд хөрөнгийн шинжтэй асуудал байгаа бол иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.Уг тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан хэдий ч гомдлыг хүлээн авахаас татгалзсан. *******-Аюуш нь болгоомжгүйгээр *******ийн автомашиныг мөргүүлж их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэсэн хэдий ч Б.******* нь Од авто угаалгын газраар машинаа угаалгах үйлчилгээ авч байх үед нь тус газрын ажилтан хохирол учруулсан учраас гэм хор учруулснаас үүсэх үүргийн нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар ажилтан *******-Аюушийн бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч буюу Од авто угаалгын газрын үйлчилгээ эрхлэгч С. хүлээхээр байна. Харин мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар С. нь өөрт учирсан хохирлоо Р.*******-Аюушаас шаардах эрх нээлттэй. Иймд эвдэрсэн машины ачилтын төлбөр 180,000 төгрөг, эд ангийн оношилгооны төлбөр 134,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 956,000 төгрөг, автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ болох 19,120,000 төгрөг нийт гэм хорын хохирол нийт 20,390,000 төгрөгийг хариуцагч Од авто угаалгын эрхлэгч С.өөс гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч “Од” авто угаалгын газрыг төлөөлөх эрх бүхий этгээд С.ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Од авто угаалгын газрын хууль ёсны өмчлөгч овогтой миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийг хүлээн авлаа. Тус шүүхийн мэдэгдэх хуудсанд Б.*******ийн нэхэмжлэлтэй, Од авто угаалга, Р.*******-Аюуш нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар дуудан ирүүлэх тухай гэсэн байна... Гэтэл би тус иргэн Б.******* гэх хүнийг танихгүй бөгөөд түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тухайн хэрэг 2023 оны 3 дугаар сард гарсан бөгөөд манай ажилтан тухайн автомашины эзэмшигчийн үлдээсэн түлхүүрийг нь ашиглан тухайн автомашиныг гадна утаалгаас дотор угаалга руу шилжүүлэх зорилгоор хөдөлгөхдөө угаалгын доторх багана болон ханыг мөргөсөн байсан. Би өөрийн биеэр хэрэг болсон газар байгаагүй бөгөөд түүнд хохирол учруулахаар үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй. Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойргийн цагдаагийн газраас болон тухайн үед угаагч хийж байсан Цогтоо гэх ажилтан надад мэдэгдэхэд би очсон. Тэр үед нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо надаар төлүүлнэ гэж дайрахад нь би хохирол учруулаагүй тул түүнд учирсан хохирлыг барагдуулах үндэслэлгүй тул зохих газарт нь буюу хууль шүүхийн байгууллагад нь хандахыг зөвлөсөн. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойргийн цагдаагийн газарт хандсан байсан бөгөөд тухай үед нь би холбогдох тайлбар, мэдүүлгээ гаргаж өгсөн. Авто угаалгын газрууд дийлэнхдээ зарын дагуу машин угаагч ажиллуулж, орлогоосоо хувь тохирч цалинжих зарчмаар ажилладаг бөгөөд манай авто угаалгын газар тус тогтсон жишгийн дагуу хувь тохирч тохиролцсоны үндсэн дээр ажилладаг. Аливаа үйлчилгээ үзүүлж байгаа газрууд бүгд өөрсдийн гэсэн дотоод дүрэм, журамтай байдаг. Үүний адилаар манай угаалгын газар бусад ижил төрлийн үйлчилгээ явуулдаг буюу авто угаалгын газруудын нийтлэг ашигладаг дотоод дүрэм, журамтай байдаг. Мөн машин угаагч нартаа анх дотоод дүрэм, журмынхаа талаар танилцуулсан бөгөөд байнгын сануулдаг байсан. Үүгээр зогсохгүй авто угаалгын газрын мэдээллийн самбар зэрэгт ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД! Жолооч ТА автомашинаа угаалгах явцдаа бусдад /машин угаагч/ машины түлхүүрийг шилжүүлэх, бусдаар /машин угаагч/ машин байршуулах үйлдлийг хийлгэхгүй байхыг анхааруулж байна. Дээрх санамжийг зөрчсөний ухмаас гарах үр дагаврыг “OD Car wash” автомашин угаалгын газар хариуцахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд жолооч ТА өөрийн автомашиныг өөрөө хариуцна уу” гэх санамж бичгийг байршуулсан байдаг. Ажилтан алдаа гаргаж, үүргээ зөрчсөн тохиолдолд манайх ажилтандаа хариуцлага тооцох ёстой болохоос биш, би үүргээ зөрчсөн ажилтны өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгч өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийн харж хандах ёстой байтал хэдий хугацаанд, ямар зорилгоор өөрийн автомашин болох эд хөрөнгөө бусдын эзэмшилд үлдээснийг мэдэхгүй. Магадгүй нэхэмжлэгч өөрөө өөрийн автомашиныг машин угаагчид ашиглах эрх (машиныг асаалттай үлдээх, түлхүүрээ өгсөн, машиныг байсан байршлаас нь өөрчлөх зэрэг) өгсөн байх ч боломжтой байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.”, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан байх тул тус хэрэг нь нэхэмжлэгч болон Р.*******-Аюуш нарын хооронд үүссэн асуудал юм. Мөн зөвхөн нэхэмжлэгчийн хувьд хохиролтой байгаа ч бөгөөд манай авто угаалгын багана муруйн, хана цөмөрч би өөрөө сэргээн засварласан, миний хувьд мөн адил хохиролтой хоцорсон. Иймд С. миний бие нь уг иргэний хэрэгт ямар нэгэн хамааралгүй болох, нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргийн дагуу энэхүү тайлбарыг гаргаж байна гэжээ./ хх 29/
4.Хариуцагч С.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг гаргахдаа Од авто угаалга гэж гаргасан. Мөн иргэн Р.*******-Аюуш гэж гаргасан. Одоо Од авто угаалгын газрын эрхлэгч С.өөс гаргуулж өгнө үү гээд байна. Тэгэхээр хариуцагч солигдсон юм уу гэж харагдаад байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан. Од авто угаалгын газар иргэн Р.*******-Аюуш нараас татгалзсан юм уу. Хэрвээ татгалзсан бол дахиад С. гэсэн нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т шүүх хариуцагчийг сольж болохгүй гэсэн байгаа. 28.4-т хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхэлж явуулна гэж заасан. Иймэрхүү процессын алдаа яваад байна. Би С.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. Нэхэмжлэл дээр хариуцагч Од авто угаалгын газар, Р.*******-Аюуш гэж байна учраас нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. С. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С. ажил олгогч биш. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Од авто угаалгын газар нэртэй аж ахуй нэгж бүртгэгдээгүй байна гэсэн лавлагаа ирсэн. Нэхэмжлэгч тал 498 дугаар зүйлийн 498.1-ээр шаардаад байна. 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Гэтэл Од авто угаалга гэсэн аж ахуй нэгж байхгүй, С.ийн ажилтан Р.*******-Аюуш биш, хөдөлмөрийн гэрээ байхгүй, ажил олгогч нь биш. Харин ч нэхэмжлэгч Б.******* тухайн үед энэ авто угаалгын хүмүүст мөнгөө төлөөд, хөлслөөд машинаа угаалгасан. С. нэхэмжлэгчээс ямар ч ажлын хөлс аваагүй. Угаалгын газрын хана дээр санамж бичиг байгаа. Санамж бичигт “машин хөдөлгөх тохиолдолд жолооч өөрөө хөдөлгөх” гэж бичсэн байгаа. Энэ санамж бичгийг зөрчсөний улмаас гарах үр дагаврыг Од угаалгын газар хариуцахгүй гэсэн бичигтэй. Гэтэл Б.******* машины түлхүүрээ үлдээгээд гараад явсан. Угааж байсан хүмүүс нь машиныг мөргүүлсэн. Тийм учраас хариуцахгүй гэх үндэслэлийн нэг нь энэ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Өөрөө төлөх үүрэгтэй байна. С. энэ машиныг жолоодоогүй, тухайн үед байгаагүй. Жишээ нь хавтаст хэргийн 17-р хуудаст эрх бүхий албан тушаалтны 2023.04.07-ны өдрийн магадалгааны 2.1-д Тоёото лексус маркийн 24-22 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Р.*******-Аюуш нь замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 12.3 гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж. Энд Р.*******-Аюуш зөрчсөн байна гэж бичсэн байна. дараагийн дугаарт Тоёото лексус маркийн 24-22 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Р.*******-Аюуш замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дах заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Уг магадлалаас харахад замын тээврийн ослын акт байна. Үүнээс харахад С.т ямар ч хамаарал алга. Хавтаст хэргийн 21-р хуудаст Нийслэлийн Прокурорын газрын 2023.07.05-ны өдрийн гомдлын хариу байна. Од авто угаалгын газрыг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, учирсан хохирлыг Р.*******-Аюушаас гаргуулахаар иргэний шүүхэд хандах нь зүйтэй гэж. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2024.11.04-ний хариу болгож Од авто угаалгын газрын нэрээр бүртгэгдээгүй, тус хуулийн этгээд эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл авто угаалгын газар үйлчилгээ бүртгэлгүй байна. Тиймээс Од авто угаалгын газар гэсэн аж ахуй нэгж байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 498.3-т үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2023.03.19-ний өдрийн Тээврийн цагдаагийн алба “Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, тэмдэглэл , магадалгаа /хх 6-7/, Мастер авто сүлжээ авто оношилгоо, төлбөрийн баримт /хх 8-12/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 13/, фото зураг /хх 14-16/, 2023.04.07-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа /хх 17-18/, 2023.04.20-ны өдрийн 299 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас /хх 19-21/, итгэмжлэл /хх 65/, 2023.05.12-ны өдрийн 3295 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /хх 79-80/,
5.1.Хариуцагч талаас: Хариу тайлбар /хх 29-30/, итгэмжлэл /хх 107/, фото зураг /120-121/,
5.2.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.07.22-ны өдрийн 03/2123 дугаартай албан бичиг /хх 104-105/, 2024.11.04-ний өдрийн 9/13767 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг /хх 136/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “Од” авто угаалгын газар, Р. *******-Аюуш, С. нарт холбогдуулан “ Гэм хорын хохиролд 20,390,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 оны 03 сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 24-22 УНЧ улсын дугаартай LEXUS GS-450 маркийн автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 5 хороо Баянгол 6-1 тоот хаягт байрлах “Од” авто угаалгын газраар угаалгахаар өгөхөд угаагч Цогтоо гэх залуу хүлээн авсан. Тэгээд намайг түр гарах хооронд Р.*******-Аюуш хэмээх угаагч залуу туслах нэрээр миний машиныг дур мэдэн асааж, хөдөлгөн машины хойд болон урд талаар хана, паар мөргөж их хэмжээний хохирол учруулсан. Цогтоо гэгч залуу машиныг хүлээж аваад угааж эхлэхэд “түр ойрхон гараад ирье гэхэд Цогтоо машинаа онголчхоорой шалавчийг нь авч угааж байя гэхээр машины цоожоо тайлаад түлхүүрээ урд талын суудлын дунд байрлах тагтай хайрцагт хийгээд үлдээсэн. Учир нь машин түлхүүрээ аваад явсан тохиолдолд автоматаар цоожлогддог. Бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж хуульд зааснаар ажилтан Р.*******-Аюушийн бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч буюу “Од” авто угаалгын газрын үйлчилгээ эрхлэгч С. хүлээх тул Р.*******-Аюушаас татгалзаж байна. С. нь өөрт учирсан хохирлоо Р.*******-Аюушаас шаардах эрх нээлттэй тул эвдэрсэн машины ачилтын төлбөр 180,000 төгрөг, эд ангийн оношилгооны төлбөр 134,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 956,000 төгрөг, автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ болох 19,120,000 төгрөг нийт гэм хорын хохиролд 20,390,000 төгрөгийг хариуцагч “Од” авто угаалгын эрхлэгч С.өөс гаргуулна гэж шаардсан,
2.Хариуцагч талаас эс зөвшөөрч: “Од” авто угаалгын газрын хууль ёсны өмчлөгч овогтой миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийг хүлээн авлаа. Тухайн хэрэг 2023 оны 3 дугаар сард гарсан бөгөөд манай ажилтан тухайн автомашины эзэмшигчийн үлдээсэн түлхүүрийг нь ашиглан тухайн автомашиныг гадна утаалгаас дотор угаалга руу шилжүүлэх зорилгоор хөдөлгөхдөө угаалгын доторх багана болон ханыг мөргөсөн байсан. Би өөрийн биеэр хэрэг болсон газар байгаагүй бөгөөд түүнд хохирол учруулахаар үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй. Ажилтан алдаа гаргаж, үүргээ зөрчсөн тохиолдолд манайх ажилтандаа хариуцлага тооцох ёстой болохоос биш, би үүргээ зөрчсөн ажилтны өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. С. ажил олгогч биш. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Од авто угаалгын газар нэртэй аж ахуй нэгж бүртгэгдээгүй байна гэсэн лавлагаа ирсэн. С.ийн ажилтан Р.*******-Аюуш биш, хөдөлмөрийн гэрээ байхгүй, ажил олгогч нь биш. Харин ч нэхэмжлэгч Б.******* тухайн үед энэ авто угаалгын хүмүүст мөнгөө төлөөд, хөлслөөд машинаа угаалгасан. С. нэхэмжлэгчээс ямар ч ажлын хөлс аваагүй. Угаалгын газрын хана дээр санамж бичиг байгаа. Санамж бичигт “машин хөдөлгөх тохиолдолд жолооч өөрөө хөдөлгөх” гэж бичсэн байгаа. Энэ санамж бичгийг зөрчсөний улмаас гарах үр дагаврыг Од угаалгын газар хариуцахгүй гэсэн бичигтэй. Гэтэл Б.******* машины түлхүүрээ үлдээгээд гараад явсан.Угааж байсан хүмүүс нь машиныг мөргүүлсэн. Магадалгаанаас харахад замын тээврийн ослын акт байна. Р.*******-Аюуш нь замын хөдөлгөөний дүрмийн 3.1,12.3 гэсэн заалтуудыг зөрчсөн. С.т ямар ч хамаарал алга.Нийслэлийн Прокурорын газрын 2023.07.05-ны өдрийн гомдлын хариуд Од авто угаалгын газрыг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, учирсан хохирлыг Р.*******-Аюушаас гаргуулахаар иргэний шүүхэд хандах нь зүйтэй гэсэн. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Од авто угаалгын газрын нэрээр хуулийн этгээд эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл авто угаалгын газар үйлчилгээ бүртгэлгүй байна. Тиймээс Од авто угаалгын газар гэсэн аж ахуй нэгж байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 498.3-т үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигч нарын тайлбараар: нэхэмжлэгч Б.******* нь 24-22 УНЧ улсын дугаартай LEXUS GS-450 маркийн автомашины эзэмшигч байх бөгөөд тэрээр 2023 оны 03 сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 хороо Баянгол 6-1 тоот хаягт байрлах “Од” авто угаалгын газраар машинаа угаалгахаар өгөхөд угаагч Цогтбаатар /ганцаар байсан гэх / хүлээн авч гадна талын угаалга, угаагч *******-Аюушаар дотор салон угаалгасан болох нь тогтоогдов./ хх 5/
4.Угаагч Г.Цогтбаатарыг машинаа онгорхой үлдээ гэсний дагуу Б.******* түлхүүрийг урд талын суудлын дунд байрлах тагтай хайрцагт үлдээсэн ба угаагч *******-Аюуш жолооч талын суудалд суун салон угааж байх явцдаа санамсар болгоомгүй үйлдэл хийж хаазанд дээр гишгэхэд машин хөдөлж угаалгын газрын урд хана дагуу байсан төмөр паар, шон мөн ухрахад нь ард талд байсан төмөр шон мөргөсний улмаас нэхэмжлэгч Б. Наранцэцэгийн эд хөрөнгөд хохирол учирсан байна.
Дээрх үйл баримтын талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт угаагч Цогтбаатар, *******-Аюуш нараас мэдүүлэг өгсөн болох нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3295 дугаар тогтоол, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдов. / хх 6- 16, 29-30, 79-80 /
5.Хариуцагч Р.*******-Аюушийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.*******ийн 24-22 УНЧ улсын дугаартай LEXUS GS-450 маркийн автомашинд...эд ангийн эвдрэл гэмтэл учирсан талаар “ Нимонс” ХХК-ийн Мастер авто сүлжээ газрын 2023.03.21-ны өдрийн оношилгоо, 2023.03.21-ны өдрийн “ Тэнцвэр Эстимэйт “ ХХК-ийн эд хөрөнгөд 19.120.000 төгрөгийн хохирол учруулсан тухай үнэлгээ, эвдрэл гэмтлийн гэрэл зургууд бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан, хариуцагч талаас оношилгоо, үнэлгээний талаар маргаагүй.
Тиймээс оношилгоо болон үнэлгээг гаргасан баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.
6.Нэхэмжлэгч талаас: хариуцагч *******-Аюушаас татгалзсан байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар ажилтан *******-Аюушийн бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч буюу Од авто угаалгын газрын үйлчилгээ эрхлэгч С. хүлээх тул эвдэрсэн машины ачилтын төлбөр 180,000 төгрөг, эд ангийн оношилгооны төлбөр 134,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 956,000 төгрөг, автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ болох 19,120,000 төгрөг нийт 20,390,000 төгрөгийг хариуцагч Од авто угаалгын эрхлэгч С.өөс гаргуулна гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ээс эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй.
7.Хариуцагч С. болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат нараас ...хэрэг маргаан 2023 оны 03 сард гарсан бөгөөд манай ажилтан тухайн автомашины эзэмшигчийн үлдээсэн түлхүүрийг нь ашиглан автомашины гадна угаалгаас дотор угаалга руу шилжүүлэх зорилгоор хөдөлгөхдөө угаалгын доторх багана болон ханыг мөргөсөн байна. Авто угаалгын газрууд дийлэнхдээ зарын дагуу машин угаагч ажиллуулж орлогоосоо хувь тохирч цалинжих зарчмаар ажилладаг, манай авто угаалгын газар тус тогтоосон жишгийн дагуу хувь тохирч тохиролцсоны үндсэн дээр ажилладаг, ажилтан алдаа гаргаж, үүргээ зөрчсөн тохиолдолд манайх ажилтандаа хариуцлага тооцох ёстой болохоос биш, би үүргээ зөрчсөн ажилтны өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэгч өөрөө өөрийн эзэмшлийн автомашиныг угаагчид ашиглах эрх өгсөн байх боломжтой, нэхэмжлэгч болон Р.*******-Аюуш нарын хооронд үүссэн асуудал, нэхэмжлэгчийн хувьд хохиролтой байгаагүй бөгөөд манай авто угаалгын багана муруйн, хана цөмөрч би өөрөө сэргээн засварлаж, миний хувьд мөн адил хохиролтой хоцорсон,
Од авто угаалга гэсэн аж ахуй нэгж байхгүй, С.ийн ажилтан Р.*******-Аюуш биш, хөдөлмөрийн гэрээ байхгүй, ажил олгогч нь биш. Харин ч нэхэмжлэгч Б.******* тухайн үед энэ авто угаалгын хүмүүст мөнгөө төлөөд, хөлслөөд машинаа угаалгасан. С. нэхэмжлэгчээс ямар ч ажлын хөлс аваагүй. Угаалгын газрын хана дээр машин хөдөлгөх тохиолдолд жолооч өөрөө хөдөлгөнө, САНАМЖ бичгийг зөрчсөний улмаас гарах үр дагаврыг Од угаалгын газар хариуцахгүй гэсэн бичигтэй. Гэтэл Б.******* машины түлхүүрээ үлдээгээд гараад явсан. Угааж байсан хүмүүс нь машиныг мөргүүлсэн тул хариуцахгүй. С. энэ машиныг жолоодоогүй, тухайн үед байгаагүй, замын тээврийн ослын акт / магадалгаа/ Од авто угаалгын газрыг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, учирсан хохирлыг Р.*******-Аюушаас гаргуулахаар иргэний шүүхэд ханд гэсэн, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Од авто угаалгын газрын нэр бүртгэгдээгүй, тус хуулийн этгээд эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл авто угаалгын газар үйлчилгээ бүртгэлгүй гэсэн тул Од авто угаалгын газар гэсэн аж ахуй нэгж байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 498.3-д үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
8.Хариуцагч *******-Аюуш, угаагч Цогтбаатар нарын автомашин угааж байсан “Од” нэртэй автомашины угаалгын газрыг хариуцагч С. эрхлэн ажиллуулж, үйл ажиллагаа явуулж байсан болох нь:
түүний 2023.08.20-нд шүүхэд ирүүлсэн “хэрэг маргаан 2023 оны 03 сард гарсан бөгөөд манай ажилтан тухайн автомашины эзэмшигчийн үлдээсэн түлхүүрийг нь ашиглан автомашины гадна угаалгаас дотор угаалга руу шилжүүлэх зорилгоор хөдөлгөхдөө угаалгын доторх багана болон ханыг мөргөсөн байна. Авто угаалгын газрууд дийлэнхдээ зарын дагуу машин угаагч ажиллуулж орлогоосоо хувь тохирч цалинжих зарчмаар ажилладаг, манай авто угаалгын газар тус тогтоосон жишгийн дагуу хувь тохирч тохиролцсоны үндсэн дээр ажилладаг, ажилтан алдаа гаргаж, үүргээ зөрчсөн тохиолдолд манайх ажилтандаа хариуцлага тооцох ёстой болохоос биш, би үүргээ зөрчсөн ажилтны өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэгчийн хувьд хохиролтой байгаа ч манай авто угаалгын багана муруйн, хана цөмөрч би өөрөө сэргээн засварласан миний хувьд мөн адил хохиролтой хоцорсон гэсэн хариу тайлбар ,
Цагдаагийн байгууллагад угаагч Г.Цогтбаатараас гэрчээр өгсөн...гаднаас хар саарал өнгийн 24-22 УНЧ улсын дугаартай LEXUS GS-450 маркийн автомашин угаалгахаар орж ирсэн, эмэгтэй хүн машинаас бууж ирсэн, машинаа үлдээгээд түр гарсан, би машинаа онгорхой үлдээгээрээ гэж хэлэхэд онгорхой үлдээгээд явсан байсан,салоныг *******-Аюушийг угаачих арай хурдан гэж бодоод хамт угаасан...би хаалгыг нь хаагаад машины гадна талыг нь өнгөлөх гэж байтал гэнэт машиныг нь *******-Аюуш асаагаад хойш хурдтай хөдөлж угаалгын газрын төмөр паарыг купер хэсгээр нь мөргүүлж мөн урд хэсэгт байсан төмөр баганыг нэлээн хурдтай мөргөн тухайн машины урд хэсгийг эвдэлж зогссон... гэх мэдүүлэг ,
Цагдаагийн байгууллагад угаагч / хариуцагч/ Р.*******-Аюушийн гэрчээр өгсөн” Би Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” гэх авто угаалгын газарт 2022 оны 12 сарын сүүлээс хойш өнөөдрийг хүртэл угаагчаар ажиллаж байгаа. 2023.03.19-ний өдөр угаалгын газарт байхад угаагч Цогтоо ах дуудахаар нь очсон чинь хар өнгийн LEXUS GS-450 маркийн машин угаагаад байж байсан.Цогтоо ах миний дүү энэ машины салоныг өнгөлөөд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд тухайн машин дотор ороод салоныг нь өнгөлж байгаад машиныг сонирхож асааж үзсэн чинь машины руль нь автоматаар хөдлөөд, жолооч талын суудал нь урагшилсан... ингээд үргэлжлүүлээд жолооч талын суудал дээр суугаад салоныг өнгөлж байхад машины суудал урагшилсан байсан болохоор миний хөл тулаад санамсаргүй хаазанд дээр нь тултал нь гишгэчихсэн, усны гуталтай байсан болохоор сайн мэдрээгүй байх, тэгтэл гэнэт машин хөдлөөд угаалгын газрын урд хана дагуу байсан паар, шон мөргөчихсөн, тэгээд буцаж ухраад ард байсан шонг бас мөргөчихсөн.Тэгээд сандарч гүйгээд угаалгын газрын руугаа яриад би санаандгүй хүний машин мөргүүлчихлээ гэж хэлтэл захирал за одоо очлоо гэж хэлсэн.Тэгтэл удалгүй машины эзэн эмэгтэй орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Би тухайн машиныг жолоодоогүй, жолоонд ч гар хүрээгүй, санамсаргүй хаазанд дээр нь гишгэчихсэн чинь гэнэт хөдлөөд урагшаа, хойшоо паар, шон мөргөчихсөн , надад тухайн машиныг эвдэж гэмтээх санаа бодол байгаагүй, гэнэт л яах, ийхийн зуургүй ийм асуудал болчихсон.Би жолоо барьж чаддаггүй, сайн мэддэггүй,автомат машин гэдгийг нь ч мэдээгүй,би маш их айж сандарсан, ямар ч гэсэн тухайн хүний машиных нь хохирлыг барагдуулна“ гэх мэдүүлэг,
Хавтаст хэргийн 22-23-р талд авагдсан хариуцагч С.ийн өмчлөлийн /1 хүн/ Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 6-р гудамж 01 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 364,21 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байрлах С.ийн өмчлөлийн /1 хүн/ 407 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр тогтоогдов./ хх 79-80/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 184/ШТ2024/00247 дугаар тогтоолоор хамтран хариуцагчаар С.ийг татан оролцуулжээ. /хх 95-96/
9.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан ба “Од” авто угаалгын газрыг эрхлэн үйл ажиллагаа явуулж байсан хариуцагч С. нь угаагч *******-Аюуш, Цогтбаатар нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч түүний “Авто угаалгын газрууд дийлэнхдээ зарын дагуу машин угаагч ажиллуулж орлогоосоо хувь тохирч цалинжих зарчмаар ажилладаг, манай авто угаалгын газар тус тогтоосон жишгийн дагуу хувь тохирч тохиролцсоны үндсэн дээр ажилладаг, нэхэмжлэгчийн хувьд хохиролтой байгаа ч манай авто угаалгын багана муруйн, хана цөмөрч би өөрөө сэргээн засварласан, миний хувьд мөн адил хохиролтой хоцорсон” гэх тайлбараар эдгээр ажилтан нарыг хөлсөөр ажиллуулдаг байсан гэх үндэслэлтэй.
10.Хөлсөөр ажиллах гэрээний хувьд хэлбэрийн тусгай шаардлага тавигдаагүй тул “Од” авто угаалгын газрыг эрхлэн үйл ажиллагаа явуулж байсан хариуцагч С. болон угаагч Р.*******-Аюуш нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдан Р.*******-Аюушаас автомашин угаах ажил хийж гүйцэтгэх, С.өөс машин угааж оруулсан орлогоос нь хувь тохирч хөлс төлөхөөр тохиролцжээ.
Тиймээс угаагч Р.*******-Аюушаас хүлээсэн үүргийн дагуу автомашин угааж байх явцдаа санамсар болгоомжгүйгээр нэхэмжлэгч Б.*******ийн эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул гэм хорын хариуцлагыг “Од” авто угаалгын газрыг эрхлэн үйл ажиллагаа явуулж байсан ажил олгогч С. хүлээх байна.
Иймд хариуцагч С. нь уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
11.Түүнчлэн хариуцагч С. нь “Од” авто угаалгын газар ажиллуулж байсан ч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт Од авто угаалгын газрын нэрээр хуулийн этгээд бүртгэгдээгүй, мөн хуулийн этгээд эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл авто угаалгын газар бүртгэлгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч “Од” авто угаалгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3295 дугаар тогтоол нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул хуульд зааснаар бичмэл нотлох баримтад тооцож шүүх үнэлэв.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3295 дугаар тогтоолыг хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үнэлсэн тул уг тогтоолд авагдсан гэрч Цогтбаатар, *******-Аюуш нарын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгийг мөн адил хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.
12.Нэхэмжлэгч талаас 2024 оны 06 сарын 24-нд болон шүүх хуралдаанд хариуцагч Р.*******-Аюушид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй. / хх 81/
13.Хавтаст хэргийн 17-р талд авагдсан “Эрх бүхий албан тушаалтны 2023.04.07-ны өдрийн магадалгааны 2-р зүйлийн 2.2-д “Toyota lexus gs-450 маркийн 24-22УНЧ улсын дугаартай автомашины эзэмшигч *******ын ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д “ Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. / хх 17/
Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу гэм хорын хохирлын зарим хэсгийг нэхэмжлэгч Б.*******ийн өөрийнх нь эрсдэлд хамааруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь Хавтаст хэргийн 17-р талд авагдсан “Эрх бүхий албан тушаалтны 2023.04.07-ны өдрийн магадалгааны 2-р зүйлийн 2.2-д... автомашины эзэмшигч болох нэхэмжлэгч Б.*******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтэд нэхэмжлэгч маргаагүй байна.
14. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-иас гаргасан нэхэмжлэгч Б.*******ийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас шүүх үнэлээд дүгнэлтэд үндэслэн хохирол тооцов. /хх 13-16/
Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болон эвдэрсэн машины ачилтын төлбөр 180,000 төгрөг, эд ангийн оношилгооны төлбөр 134,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 956,000 төгрөгийн зардлыг тооцоод нийт 20,390,000 төгрөгийг 50 хувиар багасган хариуцагч С.өөр төлүүлэхээр тогтов.
15. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: Ажил олгогч авто угаалгын газар тухайн үедээ үйл ажиллагаа явуулж байсан бол машин хөдөлгөсөн хариуцлагыг угаагч залуутай тооцох ёстой. Дураараа хөдөлгөж, дураараа мөргүүлэх ёсгүй тиймээс Б.******* машиныг угаалгахаар үлдээгээд гарсан хойгуур ийм хэрэг гарсан учраас угаалгын газрыг ажиллуулж байгаа хариуцаж байгаа хүн хариуцах ёстой.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг төлөх ёстой гэжээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэж, бичгийн нотлох баримтуудыг энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар бичмэл нотлох баримтад тооцож мөн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж Х.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
16.Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.өөс нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжид 178,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.өөс 10,195,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,195,000 төгрөгийг, хариуцагч “Од” авто угаалгын газарт холбогдох “гэм хорын хохиролд 20,390,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.*******-Аюушид холбогдох “Гэм хорын хохиролд 20,390,000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.өөс улсын тэмдэгтийн хураамжид 178,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ
Т.БАТСҮХ