Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1036

 

 

 

 

 

   2022             10            27                                     2022/ДШМ/1036                                                                                                                      

 

 

Ч.А-ад холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Ч.Батзориг,

хохирогч Ч.Н-, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

шүүгдэгч Ч.А-, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ1201 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Н-, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.А-ад холбогдох 2206018062256 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Ч-ын А-, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1996 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 000 дүгээр байрны 000 тоотод оршин суух  бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД:000000000/

Ч.А- нь 2022 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, --- авто зогсоол дээр үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар иргэн Ч.Н-ай барьцалдах явцдаа түлхэж, хавирч унагасны улмаас зүүн шагайн үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ч.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD”-г хэрэгт хавсарган хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-аас нийт 1,749,700 төгрөг гаргуулан хохирогч Ч.Н-ад олгож, хохирогч Ч.Н- нь цаашид гэм хор, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Н-ын өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3 дахь заалтад заасан Дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Тухайлбал,

Шүүхээс шүүгдэгч Ч.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2022 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах -ын авто зогсоол дээр үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж улмаар иргэн Ч.Н-ын эрх чөлөөнд халдан довтолж түлхэж хавирч унагаасан идэвхитэй үйлдлийн улмаас Ч.Н-ын эрүүл мэндэд зүүн шагай үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Би хохирогч Ч.Н-ын өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас оролцож байгаа бөгөөд Ч.А-ын үйлдлийн улмаас хохирогч Ч.Н-ын биенд асар их бие махбод, сэтгэл санааны зовиур шаналал үүссэн учраас зүйлчлэлийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэх талаар хүсэлт прокурорт гаргасан боловч хүлээж аваагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хүндрүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй юм. Хохирогч Ч.Н- нь Ч.А-ын учруулсан гэмтлийн улмаас зүүн талын хөл нь шагайны үеэрээ бүтэн эргэж улмаар Гэмтэл, Согог судлалын үндэсний төвд хагалгаанд орж 8 хадаас хадуулсан бөгөөд 1 сар хэвтрийн байдалтай, 3 сар ажил хөдөлмөр хийх боломжгүй асаргаанд байсан юм. Энэ нөхцөл байдал нь түүнд маш их бие сэтгэлийн зовиур шаналгаа үүсгэсэн билээ. Ч.Н- нь барилгын нарын мужааны ажил хийж гэр бүлээ тэжээдэг бөгөөд түүнийг ажилгүй байх хугацаанд гэр бүл нь ямар ч орлогогүй орон сууцны зээлээ төлж чадахгүй, амьжиргааны ч мөнгөгүй 4 сар болсон.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ч.Н- нь ажиллаж байсан байгууллагаасаа цалингийн тодорхойлолт, цалингаа авч байсан дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн байтал шүүх ямар учраас нэхэмжлэлийг хангалгүй шийдвэрлэснээ шийтгэх тогтоолд дурьдаагүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг шийтгэх тогтоолд дурьдсан атлаа ямар учраас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгдэгч Ч.А- нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын АСАП санд авагдсан мэдээллээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн газар танхайрсан, бусдын биед халдсан зэрэг зөрчил удаа дараа буюу 14 удаа гаргаж Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан байх тул оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогч Ч.Н-ын нэхэмжлэлийг бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэнд гомдолтой байна. Үүнээс үүдэж миний биеийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн шаналал зовиур ихтэй, мөн гэр бүл минь сэтгэл санааны дарамтанд байна. Энэ цагаас хойш хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан. Шүүгдэгч Ч.А-ын учруулсан гэмтлээс болж Гэмтэл, Согог судлалын үндэсний төвд хагалгаанд орж 8 хадаас хадуулсан. 1 жилийн дараа дахин энэ хагалгаанд орно. Дараагийн хагалгаанд ороход ямар зовиур шаналал, хэдий хугацаанд асаргаанд байж ажил хөдөлмөрөө алдахыг мэдэхгүй байна. Энэ үед дахин шаналал зовиур өвдөлт мэдэрнэ. Би 1 сар хэвтрийн байдалтай бүтэн асаргаанд байж 3 сар суга таягтай байсан. Би барилгын ахлах мужааны ажил эрхэлж гэр бүлээ тэжээдэг бөгөөд намайг өвчтэй байх хугацаанд манай гэр бүл орлого санхүүгийн эх үүсвэргүй болсон. Энэ хооронд банкны зээл, цалингийн зээл, орон сууцны зээлээ төлж чадаагүй байна. Би албан байгуулагадаа ахлах мужаан хийхдээ 1 өдрийн 110,000 төгрөг, сард 930,000 төгрөгийн цалин авдаг байсан. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ажил эрхэлж байсан байгууллагаасаа цалингийн тодорхойлолт, ажиллаж байсан нь үнэн гэсэн тодорхойлолт, хөл хугарсан шалтгаанаар ажиллаагүй нь үнэн гэсэн тодорхойлолт, цалингаа авч байсан дансны хуулга зэрэг нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн байтал ямар учраас шүүх нэхэмжлэлийг минь хангалтгүй гэж шийдвэрлэснийг ойлгохгүй, гомдолтой байна. Энэ бүх хугацаанд шүүгдэгч Ч.А- нь нэг ч удаа уучлалт гуйгаагүй миний эрүүл мэндийн байдлыг асуугаагүйд маш их гомдолтой байна. Миний хүсэлт гомдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.А-ын өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэдэгт хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүний дэргэд хүндэвтэр хохирол учруулж, тэднийг шаналгасан зэрэг аргыг хамруулж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.А-ын зүгээс хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байх боловч дээрх бие махбодын сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэх зэрэг аргаар үйлдээгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт мөн дурдсан байдаг. Мөн хохирогчийн өмгөөлөгч А.Ариунаа нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Н-ын ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, цалин авч байсан дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн гэх боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна. Үүнд: өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” гэж зааснаар хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нотлох чухал баримт болох нийгмийн даатгалын тодорхойлолтоо гаргаж өгөөгүй. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар ажилтан хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд ажлын эхний 5 хоногийн тэтгэмжийг ажил олгогч, 6 дахь хоногоос хөдөлмөрийн чадвар сэргэгдэх хүртэл тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангаас олгохоор зохицуулсан бөгөөд нийгмийн даатгал төлсөн хугацаанаас хамааран хувь хэмжээ өөр өөр байхаар заажээ. Хэрэгт авагдсан ажил олгогчийн тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хохирогч дээрх тэтгэмжийг хэрхэн авсан, ажил олгогч дээрх хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, мөн хохирогчийн ажилгүй байснаас шалтгаалан дутуу авсан цалин хөлсний хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй, энэ талаарх нотлох баримтаа хохирогчоос бүрэн гаргаж өгөөгүй байдаг. Түүнчлэн хохирогчийн зүгээс шүүхэд өгсөн материалууд нь дараах байдлаар нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Үүнд:

“-” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч болон ажилтан аль аль нь баталгаажуулаагүй;

Ч.Н-ын Хаан банкны 00000000000000  дугаар бүхий дансны хуулгаар цалин, цалин - гэх мэт сар тутам ажил олгогч компаниас 3,000,000 төгрөгийн цалин орж байсан гэдэг нь нотлогддоггүй;

“-” эмнэлгийн 600,000 төгрөгийн төлбөрийн баримт байх боловч мөн л хэн хэзээ тус эмнэлэгт хэвтсэн, ямар өвчинд зориулж ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байдаг.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Хохирогч Ч.Н- нь цаашид гэм хор, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж заасан байх тул хохирогчийн зүгээс баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандах бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Н-ын өмгөөлөгч А.Ариунаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчийн хохирол, төлбөрийг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.А-ад холбогдох Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирол болон хор уршгийн талаар тодорхой дурдсан. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг дүгнэж, бодит хохирол болох 1,749,000 төгрөгийг Ч.А-аас гаргуулж Ч.Н-ад олгож шийдвэрлэсэн. Бусад цалин, хөлстэй холбоотой асуудлын тухайд хохирогч Ч.Н-ын цалин хөлс, ажиллаж байсан байгууллагатай холбоотой баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн тул уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж, хохирол, төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.А-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.А- нь 2022 оны 03 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, -ын авто зогсоол дээр Ч.Н-тай маргалдах явцдаа түлхэж, хавирч, дарж унасны улмаас зүүн шагайн үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал гэмтэл учруулсан болох нь:

хохирогч Ч.Н-ын “... 104 дүгээр байрны зам дээр нэг тээврийн хэрэгсэл зам зогсоод түгжрэл үүсгэсэн ... настай хүн ирж уучлал гуйгаад автомашинаа холдуулж байх хооронд цаанаас үл таних залуу “Наад сэгээ аваад холд” гэхээр нь би тоогоогүй. Хажууд ирээд “Наад сэгээ холдуул, зайл, гөлөгнүүдээ” гэх мэтээр доромжлон заамдалцсан... хойшоо тэнцвэр алдаад намайг дараад унагаасан. Тэр үед миний хөл эргэсэн байсан...” /хх 24-25/,

гэрч А.Т-ийн “... байр руу орох замыг цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл хаагаад зогссон байсан... Тэгсэн байрны зүүн талаас хар куртиктай 20-25 орчим насны залуу гарч ирээд “Наад яамбийгаа аваад зайл” гэх зэргээр хэл амаар доромжилсон... тэр хоёр барьцалдаж аваад, тэр залуу манай нөхрийг түлхээд газар унагаад, унахдаа дээр нь унасан...” /хх 30-31/,

гэрч С.Э-ийн “... миний ойлгосноор зам хааж зогссон машинаар хүргүүлсэн согтуу залуу миний урд зогсож байсан машины жолоочтой маргалдаад хэрүүл хийгээд байсан. Согтуу залуу жолоочийг баруун хөлөөрөө хавирах маягтай болоод жолоочийн дээрээс дараад унасан...” /хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ч.Н-ын биед шагайн үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4801 тоот шинжээчийн дүгнэлт /хх 39-40/, хэргийн газрын бичлэг бүхий “CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Ч.А- нь хохирогчийн хөл рүү хавирч, дарж унасан шууд санаатай, идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн,  оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзлээ.

            Хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөрийн асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамтатгаж шийдээгүй, хохирлын асуудлыг баримтын хэмжээнд шийдвэрлээгүй, хэргийн зүйлчлэл тохироогүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн 68-82 хуудаст хохирлын баримтуудыг тооцож үзэхэд шүүгдэгч Ч.А-аас 1,749,700 төгрөг гаргуулж хохирогч Ч.Н-ад олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарчээ.

“-“ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 тоот нэг ижил огноо, дугаартай хоёр өөр тодорхойлолтыг хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан бус хүний нөөцийн ажилтан гаргасан, “-” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй, “-” ХХК-ийн 600,000 төгрөгийн санхүүгийн баримтаар хэн эмчилгээ хийлгэсэн нь тодорхой бус, Ч.Н-ын цалин авсан дансны хуулгад “ цалин”, “ цалин”, “”, “” гэх зэргээр өөр гүйлгээний утгаар орлого орсон нөхцөл байдал тогтоогдов.

Иймд хохирогч Ч.Н-ын ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилснаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх явцдаа бие махбодын, эсхүл сэтгэл санаанай шаналал, зовиур үүсгэх зорилгоор өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон шинжтэй үйлдэл хийсэн байхыг ойлгоно. Харин хүндэвтэр гэмтлийн улмаас ажил, хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжгүй байдал хүрэх, учирсан гэмтлийг илааршуулах, эмчлэх явцад сэтгэл санааны хохирол амссан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасны дагуу хор уршигт тооцогдохоор байх тул гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12ы өдрийн 2022/ШЦТ/1201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Н-, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН