Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0614

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Ү******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай ******* дугаар тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Газар ашиглах гэрээ байгуулах тухай ******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******гаас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Ү******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох" тухай ******* дугаар тушаал болон "Газар ашиглах гэрээ байгуулах тухай" ******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 12 сарын 28-ний өдрийн 01/1555 тоот сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу Улаанбаатар хотын нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ү******* к******* ХХК-ийн ашиглах эрхтэй Зга газраас 1 га газрыг хэсэгчлэн цуцлах тухай мэдэгдсэн. Улмаар газар цуцлах болсонтой холбоотойгоор асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх талаар талууд зөвшилцөж Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, тэдгээрийн төлөөлөгч нарын оролцоотой хамтарсан уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтаар Ү******* к******* ХХК-ийн ашиглах эрхтэй газраас 1га талбай бүхий газрыг нийслэлийн хэрэгцээнд зориулан цуцалж, эргээд нийслэлээс дүйцэх газар олгохоор харилцан тохиролцсон. Гэвч өнөөг хүртэл хугацаанд тохиролцооны дагуу шийдвэр гараагүй тул Ү******* к******* ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан боловч Нийслэлийн засаг дарга 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/848 дугаартай Газар эзэмших эрх олгох тухай" захирамжаар Хан- Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий З га газрыг Үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг "Ү******* к*******" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Уг захирамжид үндэслэн ******* дугаартай Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2024 оны 07 сарын 30- ны өдөр гарсан болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс анхны зөвшилцлийн дагуу цуцлагдсан газартаа дүйцүүлсэн газрын асуудлыг шийдвэрлүүлсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ү******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай ******* дугаар тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Газар ашиглах гэрээ байгуулах тухай ******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай ******* дугаар тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Газар ашиглах гэрээ байгуулах тухай ******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ